| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00422/И |
| Дугаар | 546 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 546
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг Охиндий бүүргийн 1 гудамж 1-09 тоотод оршин суух, эрэгтэй, 25 настай, одоо Шаамар сумын Засаг даргын тамгын газарт хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн ажилтай Боржигон овогт Батмягмарын Гантөмөр /ВЮ-91082011/ /Шаамар сумын ЗДТГ-ын/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг Дэлгэрхааны царам гудамж 2-01 тоотод оршин суух, эрэгтэй, 52 настай, одоо “Ундрагч” ХХК-ний захирал Боржигон овогт Дамбын Соёлбаатарт /МА-63122018/ холбогдох “Сум хөгжүүлэх сангийн зээл 10.802.412 төгрөг гаргуулах тухай” хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч Д.Соёлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д.Соёлбаатар нь Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу “Сум хөгжүүлэх сан”-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сумын засаг даргатай гэрээ хийж 10.000.000 төгрөгийг 1 жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар авч зээлийн гэрээ 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Уг зээлээс 1.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх үндсэн зээл 9.000.000 төгрөг, зээлийн хүү 1.802.412 төгрөг нийт 10.802.412 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.
Хариуцагч Д.Соёлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би энэ зээлийг авсан нь үнэн боловч төлөхгүй. Учир нь: Би “Хувийн эздийн холбооны дарга”-аар ажилладаг бөгөөд энэ зээлийг тус холбооны нэр дээр авч Шаамар сумын балгас болсон нурах шахсан байрыг засаж янзлан үсчин, халуун ус, саун болгон тохижуулж сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн. Үсчиний багаж хэрэгслийг нь бүгдийг нь авч өгсөн. Сум авчихаад намайг “түрээслэн ажиллуул” гэхээр нь нэг сар хувь хүмүүст түрээслэсэн боловч цахилгааны үнээ төлж чадахгүй байсан учраас гаргаж дахин үйл ажиллагаа явуулаагүй хаасан. Энэ байр нь миний хувийн эд хөрөнгө биш сумын мэдлийн хөрөнгө юм. Үүнийг тохижуулахад би өөрөөсөө 3.864.000 төгрөг гаргасан. Би энэ зээлийг төлөхгүй.
Сум хөгжүүлэх сангаас би ганцаараа зээл аваагүй өөр бусад хүмүүс авсан боловч бүгд гэрээнд заасан үйл ажиллагаа явуулалгүй хувьдаа хэрэглээд алга болцгоосон. Сонгууль явагдах болохоор намайг шүүхэд өгдөг нь цэвэр улс төржилт гэж үзэж байна. “Барс” хувийн эздийн холбооны эзэн нь би учраас энд түүнийг нотолсон баримт гаргаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Би энэ зээлийг авч хувьдаа ашиглаагүй учраас төлөхгүй гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Соёлбаатарт холбогдох “Сум хөгжүүлэх сан”-аас авсан зээл 10.802.412 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир нь:
2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Шаамар сумын Засаг дарга, Д.Соёлбаатар /Хувийн эздийн холбооны дарга/ нарын хооронд 10.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, 1 жилийн 3.0 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцохоор Шаамар сумын халуун усны байр засварлах зориулалттайгаар, эргэн буцаан төлөх нөхцөлтэйгөөр “Зээлийн гэрээ” хийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн байна.
Хариуцагч Д.Соёлбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шаамар сумын балгас болсон нурах шахсан байрыг засаж янзлан үсчин, халуун ус, саун болгон тохижуулж сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн... Энэ байр нь миний хувийн эд хөрөнгө биш сумын мэдлийн хөрөнгө юм...” гэж байгаа хэдий ч халуун ус, үсчин, зурагчин ажиллуулах зориулалттай байр засварлан Шаамар сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн гэх нотлох баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй байгаа нь сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Д.Соёлбаатараас 10.802.412 төгрөг гаргуулан Шаамар сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Д.Соёлбаатар нь дээрх зээлийг хувьдаа аваагүй “Барс” хувийн эздийн холбооны нэр дээр авсан гэх боловч тус холбооны дарга болохоо нотолсон нотлох баримт гаргаж ирүүлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зйүлийн 41.1.3-т зааснаар Шаамар сумын Засаг даргын тамгын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 160.012 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зйүлийн 282.1-д тус тус зааснаар Д.Соёлбаатараас 10.802.412 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зйүлийн 41.1.3-т зааснаар Шаамар сумын Засаг даргын тамгын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зйүлийн 57.1-д зааснаар Д.Соёлбаатараас 160.012 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА