Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2026/0011

 

 

А.Х***-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий

аймгийн Цэнгэл сумын Засаг даргад

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ

Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа                       

                                                 Г.Банзрагч

                                                   Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                         М.Батсуурь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2025/0065 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2025/0682 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШХТ2026/0027 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч А.Х***, түүний өмгөөлөгч Д.Айбек (№1539), хариуцагч Б.А***, гуравдагч этгээд Ш.А***, түүний өмгөөлөгч А.Серикжан (№1946) нарыг (цахимаар) оролцуулан, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.А.Х***-аас Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргад холбогдуулан “... тус Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн А.Х***-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх тухай” А/*** дугаар захирамжаар: Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай “А”-бүсээс үйлчилгээний зориулалтаар хавсралтад заасан 10 иргэнд 672 м.кв газрыг дуудлага худалдааны анхны үнээр эзэмшүүлэхээр шийдвэрлэж, захирамжийн (хавсралтын 8 дугаарт) А.Х***-д “ахлах сургуулийн стадионы хойд талын байршилд 64 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай” эзэмшүүлжээ.

2.1.Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/*** дүгээр захирамжаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг зөрчиж байгаа тул иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх тухай 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/118 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

3.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Захирамж хүчингүй болох тухай” А/*** дүгээр захирамжийн А.Х***-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2025/0065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ш.А***, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

5.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Серикжаны хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШХТ2026/0027 дугаар хэлэлцүүлэх тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Серикжан шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

6.1.Нэхэмжлэгч А.Х*** нь өөрийнх нь оршин сууж буй газрыг (маргаан бүхий) эрх бүхий байгууллагаас “газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа”-нд оруулж байгааг олж мэдээд уг дуудлага худалдаанд оролцохоор холбогдох материалуудаа бүрдүүлсэн боловч тодорхой шалтгаанаар хасагдсан байдаг. Энэ тухай нэхэмжлэгч маргаан гаргаагүй байна.

6.1.1.Нэхэмжлэгч нь маргаан бүхий Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар 8 жилийн дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дээд шатны Засаг даргад хандаж өргөдөл гаргасан, Баян-Өлгий аймгийн Засаг даргын ажлын албанаас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 360 дугаар албан бичгээр нэхэмжлэгч А.Х*** өргөдлийг шийдвэрлэсэн тухай хариуг түүний өмгөөлөгч Д.Айбекээр дамжуулж гардуулж өгсөн болох нь нэхэмжлэгч А.Х*** 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хандаж гаргасан өөрийнх нь тайлбараар нотлогдож байна.

6.1.2.Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д тус тус заасан. Гэвч А.Х*** нь дээд шатны захиргааны байгууллагад хандаж гаргасан өргөдлийн хариуг нэгдмэл сонирхолтой өмгөөлөгч Д.Айбекээр дамжуулан гардаж авсан атлаа шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 110/ШШ2025/0065 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 221/МА2025/0682 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

6.2.Хэрэгт авагдсан нотлох баримт Цэнгэл сумын Засаг дарга асан Т.Т***-ий  2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/118 дугаар захирамжаар тухайн үеийн байдлаар сумын ерөнхий төлөвлөгөө бөгөөд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг шууд нэхэмжлэгч А.Х***-д дуудлага худалдааны анхны үнээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн аж. Гэвч 2016 оны ээлжит орон нутгийн сонгуулийн үр дүнгээр томилогдсон Цэнгэл сумын Засаг дарга (асан) Х.М*** нь өмнөх Засаг даргын үед гарсан захирамж холбогдох хуульд нийцээгүй буюу сумын ерөнхий төлөвлөгөө бөгөөд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрын бусдад хууль бусаар олгосон болохыг олж тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг баримталж эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг маргаан бүхий актаар хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдсон.

6.2.1.Энэхүү байдлыг Цэнгэл сумын газрын даамал асан Т.Н***, одоогийн газрын даамал Б.Б***, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн асан (одоо даргаар нь ажилладаг) Ж.Е*** нар гэрчилж мэдүүлснээс гадна хэрэгт цугларсан Цэнгэл сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/***, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/***, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/*** дугаар захирамжууд, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр Газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдааны явцын тэмдэглэл, газрын бирж дэх дуудлага худалдаа явуулсан талаарх баримтууд, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас олон нийтийн цахим сүлжээ фейсбүүк платформд 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нийтэлсэн зар, дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ, Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 03/103, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03/105 дугаар албан бичиг, Баян-Өлгийн аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3-02/704 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар маргаан бүхий газрыг дуудлага худалдаанд оруулсныг нэхэмжлэгч А.Х*** нь лавтай сайн мэдэж байсан бөгөөд тэрээр уг дуудлага худалдаанд оролцохоор материал бүрдүүлсэн боловч тодорхой шалтгаанаар хасагдсан болох нь тогтоогджээ.

6.2.2.Түүнчлэн хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 350 дугаар албан бичгийн хавсралт иргэн А.Х***-н ашиглаж буй 64 м.кв газар болон ойр орчмын сансрын зургийг Google earth программаар 2019, 2021, 2024 онуудын байдлаар харуулсан байна. Үүнээс үзэхэд, 2019 оны байдлаар маргаан бүхий газар ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө байхгүй хоосон газар байжээ.

6.2.3.Нэхэмжлэгч А.Х*** болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Цэнгэл сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/***, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/***, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/*** дугаар захирамжууд, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр Газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдааны явцын тэмдэглэл, дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ, ***** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гараа зэрэг акттай холбоотой ямар нэгэн маргаан гаргаагүй, зөвхөн маргаан бүхий актын тухайн үед гарсан байсныг мэдээгүй гэж маргадаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн маргаан бүхий акт хүчингүй болсноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргээгдэх боломжгүй юм.

6.2.4.Үүнээс дүгнэвэл, шүүх холбогдох хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хуулийг зорилго, агуулгад нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс хууль бус эрх ашиг хамгаалагдах ёсгүй.

6.2.5.Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 110/ШШ2025/0065 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 221/МА2025/0682 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Х***-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Нэхэмжлэгч, хариуцагчаас гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

9.Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дугаар захирамжаар нэхэмжлэгч А.Х***-д үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай 64 м.кв газрыг эзэмшүүлсэн, тус захирамжийг мөн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэжээ.

10.Нэг.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” (өмнөх агуулгаар) гэж тус тус заасан.

11.Хэдийгээр хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дугаар захирамжаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаа явуулалгүйгээр нэхэмжлэгчид эзэмших эрх олгогдсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч аливаа захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгох, мөн захиргааны актыг гаргасны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага хуулиар хүлээсэн.

12.Өөрөөр хэлбэл, А/*** дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон А/151 дүгээр захирамжийг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.Х***-д сонсох ажиллагаа явуулах, мөн захирамж гарсны дараа хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж тус тус заасны дагуу түүнд мэдэгдэн баримтжуулах ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй.

13.Гэтэл хариуцагч Цэнгэл сумын Засаг дарга сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулсан гэж маргаагүй буюу сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгдээгүйг хүлээн зөвшөөрсөн, мөн маргаан бүхий А/*** дүгээр захирамжийг гаргахаас өмнө нэхэмжлэгч А.Х***-д сонсох ажиллагаа явуулсан, захирамж гарсны дараа түүнд мэдэгдсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. 

14.Ийнхүү нэхэмжлэгч А.Х***-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжийг түүнд хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүйн улмаас нэхэмжлэгч тухайн газар дээр 2017 оны 6 дугаар сараас эхлэн 2 давхар байшин барьж эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим хэрэглэгдэх үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

15.Энэ талаар анхан шатны шүүх “… Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргахад шаардлагатай үйл ажиллагаа болох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах ажиллагааг огт хэрэгжүүлэхгүйгээр гаргасан маргаан бүхий захиргааны акт нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн оролцоог хангаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасантай нийцээгүй, хууль бус захиргааны акт байна...” гэж, давж заалдах шатны шүүх “… Нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх олгосон дээрх захирамжийг хүчингүй болгосон одоогийн маргаан бүхий захирамжийг тухайн үед А.Х***-д огт мэдэгдэж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон гэрч Цэнгэл сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Н***-ийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон талаар шийдвэрт хангалттай зөв дүгнэжээ ...” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлтэй.

16.Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан “... зөвхөн маргаан бүхий акт хүчингүй болсноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх боломжгүй юм” гэх гомдол үндэслэлгүй байна.

17.Гэсэн хэдий ч талуудын хооронд газар ашиглах, эзэмших гэрээ байгуулагдаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, 2016 оноос хойш уг газрыг бодитой эзэмшиж, ашигласны төлбөр төлөгдөөгүй, энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь газрын төлбөр төлж байгаагүй болохоо шүүх хуралдааны явцад өөрөө хүлээн зөвшөөрсөн байхад эдгээр нөхцөл байдлыг шүүхүүд анхаарч үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ...үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасанд нийцээгүй байна.  

18.Хоёр.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “… А.Х***н нь дээд шатны захиргааны байгууллагад хандаж гаргасан өргөдлийн хариуг нэгдмэл сонирхолтой өмгөөлөгч Д.А***-ээр дамжуулан гардаж авсан атлаа шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна ... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэж маргасан.

19.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.Х***-аас Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Засаг даргад гаргасан гомдлын хариу албан бичгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А***-т гардуулж өгөхдөө өмгөөлөгчийн “Итгэмжлэл”-ийг шалгасан тухай үйл баримт тогтоогдоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т “Гомдлыг шийдвэрлэсэн захиргааны актыг мэдэгдэхэд энэ хуулийн 43 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчид өөрт нь мэдэгдээгүй, харин 2025 оны 03 дугаар сард нэхэмжлэгч А.Х*** нь өмгөөлөгч Д.А***-ээс уг хариу албан бичгийн тухай мэдэж, улмаар 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул түүнийг нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй.

20.Дээрх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн холбогдох зөрчлийг арилгаж, дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

21.Хариуцагч нь маргаан бүхий актад заасан газрын хүрээнд нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээг байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу олгосны үндсэн дээр газрын дуудлага худалдааны анхны үнэ болон 2016 оноос хойших хугацаанд тухайн газрыг бодитоор эзэмшиж, ашигласантай холбогдох газрын төлбөрийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

22.Нэхэмжлэгч дээр дурдсан зөрчлийг арилгах үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч хууль тогтоомжид заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох арга хэмжээ авахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2025/0065 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2025/0682 дугаар магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/*** дүгээр захирамжийн А.Х***-д холбогдох хэсгийг 3 (гурван) сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай.” гэж, 2 дахь заалтыг “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн нэхэмжлэгч А.Х***-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэж, ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3” гэж, 3 дахь заалтыг “4” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

                  ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

            Ц.ЦОГТ

                                                                                             М.БАТСУУРЬ