Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 103

 

А.Солдатхан нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Сарбас овогт Амиралын Солдатханы нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Үенч сум дахь Хилийн 0130 дугаар ангид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ойнбаяр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 104.684.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “ Миний төрсөн хүү С.Ахжархын нь Ховд аймгийн Үенч сумын хилийн цэргийн 0130 дугаар ангид нэг сар, Байтагийн заставт гурван сар алба хааж “Улиаст”-ын хилийн харуулд албан үүргээ гүйцэтгэж яваад 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өөрөө өөрийгөө боомилсон байдалтай нас барсан билээ.  Миний хүү хар багаасаа хилийн заставт өсөж хүмүүжсэн болохоор цэргийн амьдралыг сайн мэддэг, сэргэлэн цовоо, бие бялдар сайтай, элдэв зуршилгүй цагаан цайлган хүү байсан. Алба хаах дөрвөн сарын хугацаанд нэг сар болоод ахлах байлдагч хоёр сарын дараа түрүүч цол хүртэж бусад цэргүүдээс ялгарч чадсан юм. Бид хүүгээ амьд мэнд, эрүүл саруул өсгөн хүмүүжүүлсэн боловч маш хариуцлагагүй хүмүүсээс болж алтан амиа алдсан явдалд туйлын их гомдолтой байна. Тухайн үед заставд ажиллаж байсан албан тушаалтнууд болон хилийн харуул удирдаж байсан харуулын дарга дэд ахлагч Баасанхүү нарт гомдолтой бөгөөд тэдний бидэнд учруулсан сэтгэл санааны болон эд материалын хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д заасны дагуу хилийн цэргийн 0130 дугаар анги хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж уг байгууллагыг хариуцагчаар татаж байгаа болно.

 Амиа хорлосон бол амиа хорлохоос өөр аргагүй байдалд хүргэсэн нууцлагдмал хүчин зүйл байж таарна. Бид энэ гэмт хэргийн улмаас 4.684.000 төгрөгийн бодит хохирол хүлээсэн.

Мөн бид бусдын гэм буруугийн улмаас хүүгээ алдаж сэтгэл санааны гүнзгий хямралд өртөж байгаа тул санаа сэтгэлийн хохиролд 1.000.000.000 /нэг зуу сая/ төгрөг нэхэмжилж байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан эд материалын болон эдийн бус сэтгэл санааны хохирол 10.684.000 / нэг зуун сая зургаан зуун наян дөрвөн мянга / төгрөг мөн цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг хүүгийн ажиллаж байсан байгууллага болох Үенч сум дахь хилийн цэргийн 0130 дугаар ангийн санхүүгээс, байцаан шийтгэх ажиллагааны зардал 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг төрийн сангаас тус тус шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн хариу тайлбар: “Солдатханы Ахжархын нь хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийн амиа егүүтгэсэн. Тус хэргийг шалгаж тогтоохоор ажлын хэсэг томилогдон цогцосд үзлэг хийж, мөн хамт алба хааж байсан цэргүүдээс тайлбар авч, мөн холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон. Талийгаач дэд түрүүч С.Ахжархын амиа егүүтгэсэн байдал нь бусдын ямар нэгэн дарамт шахалт, зүй бус харьцаанаас болоогүй, гадны нөлөөлөл байгаагүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Хилийн 0130 дугаар анги нь Солдатханы гэр бүлд 1.912.400 төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн. Уг хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж үзээд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын тогтоол гарч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хилийн 0130 дугаар анги нь иргэн Солдатханы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан эд материалын болон эдийн бус сэтгэл санааны хохирол 104684000 төгрөг мөн цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг Хилийн 0130 дугаар ангийн санхүүгээс, байцаан шийтгэх ажиллагааны зардал 120000 төгрөгийг төрийн сангаас гаргуулах тухай нэхэмжлэгч А.Солдатханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д, зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай” гэж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: “  Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Монгол улсын иргэн бүр цэргийн алба хаах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хүндэтгэн биелүүлж, цэргийн алба хааж байгаа цэргийн албан хаагчийн амь нас, эрүүл мэндийн болон эд хөрөнгийн байдлыг төр хариуцан хамгаалах учиртай. Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр талийгаач боомилолтын улмаас нас барсан болохыг тогтоосон болохоос биш ямар шалтгаанаар боомилогдсон эсэхийг тогтоогоогүй ба үүнийг шинжлэх ухааны аргаар тогтоох боломжгүй юм. Гэтэл шүүх хариуцагчийн нотлогдоогүй тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлж, миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх нэг талыг барьж хэргийг шйидвэрлэсэн нь гэж үзэх үндэслэлтэй байна.  Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Цэргийн албан хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно. Бид хүүгээ эх орноо хамгаалуулахаар, эрүүл саруул, амьд мэнд төрд хүлээлгэн өгсөн боловч хүү маань эргэж ирээгүй, хүүгээ алдсан эцэг эхийн зовлонг бид хоёр бодитоор эдэлж зовж байгаа сэтгэл санааны хохиролд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрх бүхий байгууллага болох шүүх ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй, энэ тухай хэрэглэвэл зохих хууль тогтоомжуудыг хэрэглээгүй болохыг анхаарч үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нь эд материалын болон эдийн бус сэтгэл санааны хохиролд 104.684.000 төгрөг, цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18,19 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийн мөнгө, байцаан шийтгэх ажиллагааны зардал 120.000 төгрөгийг тус тус  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг   Хилийн цэргийн 130 дугаар ангид  холбогдуулан  гаргажээ.  

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш  гэм хорын хохирол нэхэмжилжээ.  Нэхэмжлэгч  анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  улсын  тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсарган ирүүлэх   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан шаардлагыг зөрчсөн байна.

            Шүүх нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 18-нд хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 22-нд иргэний хэрэг үүсгэж, 2016 оны 04 дүгээр сарын 29-нд нэхэмжлэлийг хувийг хариуцагч Хилийн цэргийн 130 дугаар ангийн дотоод хяналт шалгалтын албаны дарга Д.Ойнбаярт гардуулан өгчээ.Тухайн  үед тус ангийн захирагчаас Хилийн цэргийн 130 дугаар ангийг төлөөлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг Д.Ойнбаярт олгоогүй байна. Тус ангийн захирагч нь нэхэмжлэлийн хувийг гардуулснаас хойш  буюу 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар тушаалаар Д.Ойнбаярыг иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилжээ./хх-ийн 68 дугаар тал/  Шүүх тус ангийг төлөөлөх эрхгүй этгээдэд нэхэмжлэлийн хувь гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчжээ. 

 

              Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримтууд нь өөрийнх нь  “хуулбар үнэн” гэсэн дардастай  байх бөгөөд уг баримтууд нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй”   гэсэн  шаардлагыг хангаагүй  байна. /хэргийн 34-67 дугаар тал/   

 

              Шүүх  2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх тухай захирамж гаргасан байна. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаагүй байхад буюу  2016 оны 6 дугаар сарын 06,13-ны өдрүүдэд    хэргийн  оролцогч нарт хэргийн  материал  танилцуулсан    нь   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан   хэргийг   шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай  танилцах эрхийг шүүхээс  хангаагүйг тэмдэглэх нь зүйтэй./хх-ийн 75-77,79,80 дугаар тал/

 

             Шүүх хуралдааны тэмдэглэл болон шийдвэрийн удиртгал хэсэгт    шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж, ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл, шүүгч Ц.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааныг хийсэн байх бөгөөд  тогтоох хэсэгт даргалагч ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл, шүүгч Ц.Энхжаргал, шүүгч Л.Түвшинжаргал нар шийдвэрт   гарын үсэг зурж, тамга дарж албажуулсан  нь  шүүх хуралдааныг хууль бус бүрэлдэхүүнээр явуулсан гэж үзэхээр байна. /хх-ийн 92, 97,103 дугаар тал/

 

Шүүх хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн атлаа   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.4,78 дугаар зүйлийн 78.1,78.4, Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар    шүүх хуралдаан даргалагч,шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулахдаа шүүгч дангаар шийдвэрлэхээр шүүх хуралдаан даргалагчаар ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэлийг томилсон шийдвэрийг албажуулж хууль зөрчжээ. /хх-ийн 78 дугаар тал/

 

Анхан шатны шүүх дээрх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар  зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.2, 118.5 –д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх хуулийн  шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3,168.1.4-т зааснаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчид эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй байхаас гадна   хэрэг  хянан шийдвэрлэсэн шүүхийн нэрийг  “Ховд аймгийн Булган сум  дахь сум дундын  иргэний хэргийн шүүх” гэж буруу бичсэн зэргийг анхаарвал зохино. /хх-ийн 92,97,103 дугаар тал/

 

Нэхэжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа хуульд зааснаар  улсын тэмдэгтийн хураамж төлөх байсан боловч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                         Н.ТУЯА