Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0232

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Т.Б-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.О, ахлах аудитор Б.Т нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, 15.2.2, 18 дугаар зүйлийн 18.5, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8, Захиргааны ерөнхий хуулийн 103.1, 103.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ийн Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.О, ахлах аудитор Б.Т нарт холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ХӨА-2019/13/ТА-ОНӨААН-01/13 тоот төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч Т.Б давж заалдах гомдолдоо: “...Захиргааны шүүх нь 01/03 тоот актыг хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа боловч дээрх акт нь гарын үсэггүй, надад танилцуулж, нотлох баримт дахин гаргаж өгөх боломжийг хангаагүй, төлбөрийг төлүүлэх эсэх талаар надаас санал асуугаагүй байхад захиргааны хэргийн шүүх шүүхийн шатанд хариуцагч алдаагаа зассан гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Актыг гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр акт болох бөгөөд хүчин төгөлдөр бус актаар надад төлбөр төлүүлэх шаардлага тавьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

          “Б а” ХХК нь манай байгууллагын санхүүд аудит хийсэн нь үнэн ба надад төлбөр тавих талаар мэдэгдээгүй бөгөөд дараа дүгнэлтийн хавтас ирүүлэхэд дотор нь төрийн аудитын байгууллагаас тавьсан акттай адил ноорог байсан ба түүн дээр “Г д” ХХК, замын зардалд олгосон төлбөр гэх мэт манайд хамааралгүй асуудал байсанд тайлбар өгч байсныг төрийн аудитад тайлбар өгсөн мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

          Байгууллагад учирсан хохирлын хэн нэгэн буруутай этгээд төлөх нь зайлшгүй боловч хэнээр төлүүлэхийг шалгах ёстой. Мөн гэм буруугийн асуудлыг харгалзан үзэх ёстой байхад санхүүгийн хулгай хийдэг нягтлангийн цалинг надаар төлүүлж байгааг би буруу гэж үзэж байна. Би ажил олгогчийн хувьд гаргасан шийдвэр дээрээ хууль буруу хэрэглэж алдаа гаргасан нь үнэн ба харин агуулгын хувьд түүнийг гаргасан алдаанаас нь үндэслэн ажлаас халсан шийдвэр гаргаж байсан.

          Гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх нь аудитын байгууллагын үүрэг гэдгийг мэдэж байгаа боловч хяналт шалгалт хийж байгаа байгууллага шалгуулагчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэг хүлээж, би зохих эрхээ эдлэх байсан гэж бодож байна.

          Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлснийг харгалзан үзэж Б.У-ын цалингийн төлбөрийг надаар төлүүлсэн асуудлыг хянаж, би төлөх бол 2016 оны 7, 8, 9 дүгээр сарын цалинг төлөх нь зүйтэй байх гэж үзэж байгаа зэргийг харгалзан Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хянаж, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч Т.Б-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.О, ахлах аудитор Б.Т нар нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 тоот “Төлбөр барагдуулах тухай” актаар нэхэмжлэгч Т.Б-д 4,849,200 төгрөг нөхөн төлүүлэхийг хариуцуулжээ.

Энэхүү захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн “Захиргааны байгууллага хохирлоо барагдуулах” гэсэн 103 дугаар зүйлийн 103.3-д “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж заасны дагуу гарсан байна. Гэхдээ ийнхүү гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхийн өмнө мөн зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасныг анхаарах шаардлагатай байна.

Тодруулбал уг хэсэгт “Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн тухайд “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг”-ийг тайлбарлан хэрэглэх шаардлага үүсэж байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заажээ.

Энэ тохиолдолд “шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл” байсан эсэхийг тогтоох нь чухал байна. Үүний тулд өмнө нь болсон үйл баримтыг он дарааллын хувьд нэгтгэн дүгнэх шаардлагатай.

Т.Б нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар нягтлан бодогч Б.Ууганжаргалыг ажлаас чөлөөлсөн. Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 99 дүгээр шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай магадлалаар Б.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, Б/09 дүгээр тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож, нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,162,182 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

Б.У нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон байх бөгөөд энэ хүртэлх хугацааны цалинг нэхэмжлэн шүүхэд хандсаны дагуу 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр түүнд 4,704,070 төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Б.У-ыг ажилд нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эгүүлэн тогтоосон тушаалыг гаргасан боловч тэрээр дахиж ажиллаагүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд Б.У-ыг ажлаас чөлөөлсөн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/09 дүгээр тушаалыг гаргасан нь “шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл” байсан эсэхийг харгалзах ёстой.

Хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 125 дугаар тогтоолд “Яллагдагч Б.У нь Хөвсгөл аймгийн Их-уул сумын “И-У д” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллахдаа “И-У д” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эд хөрөнгөөс 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 09 сар хүртэлх хугацаанд 1,490,000 /нэг сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Б-ийн мэдүүлэг /хх-63-66 дугаар хуудас/, гэрч Б.Б, Д.Б, Д.Н нарын мэдүүлэг /хх-67-73 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Яллагдагч Б.У-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.У-ыг эрүүгийн хариуцлагад татах хугацаа дууссан үндэслэл тогтоогдож байх тул гэж үзэж ... хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрхээс үзэхэд хэдийгээр нэхэмжлэгч Т.Б нь нягтлан бодогч Б.У-ыг чөлөөлсөн тушаалыг гаргахдаа хууль хэрэглээний алдаа гаргасан байж болох боловч энэ нь байгууллагадаа хохирол учруулах шууд санаатай үйлдэл байсан, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм.

Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.О, ахлах аудитор Б.Т нар нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 тоот төлбөр барагдуулах тухай актыг гаргахдаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасныг анхаараагүй, энэхүү нөхцөл байдал тогтоогдохгүй байхад актыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон