Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 549

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгон Бумцэнд гудамж 1-43 тоотод оршин суух, 50 настай, эрэгтэй, одоо группт байдаг Асгал овогт Мишкагийн Ганбаатарын /МД-66042571/ хүсэлттэй

“Ж.Пэлжидийг нас барсан болохыг зарлуулах тухай”  хүсэлтийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагаанд уншин сонсгосон нэхэмжлэгч М.Ганбаатарын шүүхэд гаргасан тайлбараас:

2011 оны 08 дугаар сарын 21-нд миний ээж Жавдал овогтой Пэлжид усанд эндэж нас барсан байж болзошгүй нөхцөлд алга болсон. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албаас хүмүүс ирж 7-8 хоног хайсан боловч огт сураг гараагүй. Одоогоор 5 жил өнгөрч байна. Тухайн үед харсан хүн байхгүй. Иймд миний ээж Ж.Пэлжидийг нас барсанд тооцуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 31/180 дугаартай тодорхойлолтоос:

Сэлэнгэ аймаг Шаамар сум Дулаанхаан тосгон 1 дүгээр хорооны 1 дүгээр хэсгийн 43 тоотод оршин суугч иргэн Ж.Пэлжид нь 2011 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ерөө гол эмнэлгийн гарам гэх газар усанд осолдсон гэх дуудлагаар эрэн хайх, аврах салбарын ахмад Ж.Энхболдоор ахлуулан 7 хоногийн хугацаанд зохион байгуулж, уг осолдсон гэх иргэний ар гэрийн хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоосон байна...гэжээ.     

                                                                                                                                      

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 Хүсэлт гаргагч М.Ганбаатар  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “2011 оны 08 дугаар сарын 21-нд миний ээж Жавдал овогтой Пэлжид усанд эндэж нас барсан байж болзошгүй нөхцөлд алга болсон. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албаас хүмүүс ирж 7-8 хоног хайсан боловч огт сураг гараагүй. Одоогоор 5 жил өнгөрч байна. Тухайн үед харсан хүн байхгүй. Иймд миний ээж Ж.Пэлжидийг нас барсанд тооцуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Ж.Пэлжид нь 2011 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ерөө голын эмнэлгийн гарам гэх газарт усанд осолдсон байж болзошгүй нөхцөл байдлаар алга болон 5 жил гаруй жил болсон болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 31/180 дугаартай тодорхойлолт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 405 дугаартай “Ж.Пэлжидийг сураггүй алга болсонд тооцсон” шийдвэр, нэхэмжлэгч М.Ганбаатарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд 1942 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 1 дүгээр хороо 1 дүгээр хэсэг 43 тоотод оршин сууж байсан иргэн Жавдалын Пэлжидийг нас барсанд тооцож, зарлуулах нь үндэслэлтэй  гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зйүлийн 58.3-т зааснаар шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1933 дугаартай захирамжаар  70200 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 133 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-д зааснаар 1942 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Жавдалын Пэлжидийг 2011 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болохыг зарласугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1933 дугаартай захирамжаар 70200 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.  

3.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар Ж.Пэлжидийг 2011 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барсныг бүртгэхийг улсын бүртгэгчид даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйболохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА