| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2023/04786/И |
| Дугаар | 210/МА2025/01715 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01715
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК, *******, ******* нарт холбогдох,
******* ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээнээс татгалзаж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн ******* дүүрэг, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 226 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч , хариуцагч *******ын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Манай компани хариуцагч ******* ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 6700 м.куб хэмжээтэй 1,100,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг өөрийн барьж буй барилгуудад нийлүүлэн авахаар тохиролцсон.
Гэрээний төлбөрт 220,000,000 төгрөгт ланд круйзер 200 маркийн автомашин, ******* дүүрэг, *******, *******анд байрлах 226 м.кв талбай бүхий сингл хаусыг 880,000,000 төгрөгт тус тус тооцож шилжүүлэхээр тохирсон. Гэрээ байгуулагдмагц автомашиныг шилжүүлж өгсөн бөгөөд бетон нийлүүлэлт бүрэн хийгдээгүй, бодитоор 330,000,000 төгрөгийн бетоныг нийлүүлсэн.
Гэрээгээр тохирсон чанарын буюу эд хөрөнгийн тоо хэмжээндээ хүрээгүй учраас худалдах, худалдан авах гэрээг цуцлах эрх үүссэн. Ингээд талууд харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах бөгөөд 880,000,000 төгрөгийн 230 м.кв хаусын хэмжээнд бетон бэлтгэн нийлүүлэлт хийгээгүй тул хариуцагчаас буцаан шаардсан боловч бусдад шилжүүлсэн байсныг хожим мэдсэн.
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр иргэн *******т 30,000,000 төгрөгөөр, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр ******* нь т 30,000,000 төгрөгөөр, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр ээс *******т тус тус шилжүүлсэн байна.
"*******" ХХК-ийн захирал ын хүсэлтийн дагуу ХХК-ийн захирал нь тус объекттой холбоотой нэхэмжлэгчийн өмнөөс эдлэх бүрэн эрхийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3 сарын хугацаатай итгэмжлэл олгосон.
Гэтэл итгэмжлэлийн хугацаа дууссанаас хойш 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн *******тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан "...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийн" шинжид хамаарч байх тул , ******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
..., ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх тул тус гэрээнд үндэслэж цаашид байгуулсан гэрээнүүд Иргэний хуулийнх 56 дугаар зүйлийн 56.1.10-д "дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл" гэж зааснаар мөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.
Иймд, *******, нарын хооронд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, болон Батбаатар нарын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул ******* дүүрэг, *******, *******, ******* тоот хаягт байрлах 226 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
2.1. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
Нэгдүгээрт, хариуцагч *******ын хувьд 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тэй байгуулсан ба бэлэглэх үндэслэл нь бэлэглэгчийн нөхрийнх нь төрсөн дүү юм. Тус бэлэглэлийн гэрээний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон. Энэ баримт нь дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бодит байдлаар, албан ёсны дагуу хариуцагч ******* мөн гэдгийг нотолно. Гэтэл нэхэмжлэгч ******* ХХК-ийн хувьд дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш гэж маргаж буй нь үндэслэлгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5.7-д Мөн зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж ямар хэлцлийг ойлгох талаар тусгасан.
Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хэлэх юм. Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалт үүсгэхгүй гэж тодорхой тайлбарласан.
Хоёрдугаарт, хариуцагч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч болсон. Учир нь, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 тус тус зааснаар шударгаар хөрөнгийг олж авсан. болон ******* нар шударгаар өмчлөгч болсон. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т "Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийг бүртгүүлнэ", мөн энэхүү хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно" гэж заасан. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаж байгаагаар өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан үйлдэл байхгүй тул хариуцагч ******* нь хууль ёсны дагуу өмчлөх эрхийг олж авсан шударга өмчлөгч гэж үзэж байна.
Гуравдугаарт, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******тай гэрээний эрх зүйн харилцаанд оролцож байгаагүй тул тухайн үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулахаар маргах эрхтэй этгээд биш. Энэ нь гэрээний чөлөөт байдлын зарчимд харшилна. Гэрээнээс татгалзсан боловч тухайн эд хөрөнгийг хүлээн авсан тал нь маргаан бүхий хөрөнгийг бусдад худалдсан нөхцөлд тухайн хөрөнгийн үнэлгээгээр тооцож мөнгөөр шаардах тухай Иргэний хуульд заасан байна. Иймд нэхэмжлэгч нь шударга өмчлөгч болох хариуцагч *******аас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан шаардаж буй нь үндэслэлгүй. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагч ******* ХХК-иас тухайн хөрөнгийн үнийг мөнгөн хэлбэрээр шаардах зохицуулалтыг хуульд тусгасан.
...Маргаан бүхий хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй өмчлөгчийг хууль ёсны гэж итгэж гэрээ байгуулсан хэнийг ч буруутгах боломжгүй. Учир нь, жинхэнэ өмчлөгч биш гэж маргах үндэслэл байхгүй тул хариуцагч нь *******тай, нь *******тай гэрээ байгуулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхүүдийг олж авсан байна. ХХК-ийн үндэслэл нь 3 сарын хугацаатай итгэмжлэл өгчхөөд байхад 1 сар илүү хэтрүүлээд итгэмжлэл дууссаны дараагаар улсын бүртгэлд шилжүүлэг хийгдсэн байна гэж маргадаг. Улсын бүртгэлээс ирсэн баримтад итгэмжлэл дээр 4 сар гэдгийг үзгээр засаад, нотариатын дардас дарагдсан байна. Нэхэмжлэгчийн талаас нотариатын үйлдэл дээр маргасан зүйл байдаггүй.
Иймд, хариуцагч ******* нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан учраас нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.2. Хариуцагч Авазагмээрэн ХХК-ийн тайлбарын агуулга:
...Нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өдрийн бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна гэж тайлбарласан. Үүнийг манай компанийн зүгээс зөвшөөрөөд 2025 оны 02 дугаар сард тооцоо нийлсэн. Гэрээнээс татгалзаж байгаатай холбоотой талуудын өглөг, авлага хэдэн төгрөг вэ гэдэг дээр тооцоо нийлж чадахгүй явж байсаар өнөөдрийн нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн тооцоо нийлсэн актыг талуудын зүгээс үйлдсэн ийм л зүйл байна.
Гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг дэмжиж байна. *******т тодорхой барилгын бараа материал нийлүүлэх, худалдах тодорхой хөрөнгө оруулалтыг буцааж ******* ХХК-ийн орон сууцанд бетон зуурмагийн хөрөнгө оруулалтыг босгох зорилгоор үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлж авсан юм байна. *******т 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр түр шилжүүлсэн. Тэрээр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж авчихаад огт сураггүй алга болчихсон. Нэг ч төгрөг төлөөгүй, хариу төлөлт төлөөгүй.
******* ХХК-ийн захирал хугацаа нь дууссан итгэмжлэлээр ******* руу шилжүүлсэн гэдэг нь тогтоогдож байгаа хэдий ч *******ыг шударга эзэмшигч, шударга өмчлөгч гэж үзэхгүй байна. Хариуцагч нарын хэн аль нь үл хөдлөх хөрөнгийг ямар нэгэн байдлаар бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа зүйл огт байдаггүй. Гэрчилгээ шилжилтийн асуудал байдаг боловч бодитоор эд хөрөнгийг эзэмшиж ашигласан зүйлүүд байдаггүй учир шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Тус компанийн өөрийн хөрөнгөөр барьсан төслийн нэг учраас зүй ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* ХХК-ийг гэж үзэж байна гэжээ.
2.3. Хариуцагч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбар гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр / ХХК-ийн гүйцэтгэх захирал ийг төлөөлж/, ******* нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр *******, нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2021.12.28-ны өдөр /түүнийг төлөөлж / ******* нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож,
ХХК, Авзага мээрэн ХХК нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ээс татгалзсаны үр дагавар, гэрээний зүйл ******* дүүрэг, *******, *******/17080/ гудамж, ******* тоот хаягт байрлах, 226 м.кв талбай бүхий, ******* дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ХХК-д шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК болон ******* нарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,831,800 /1,657,950+ 4,557,950+307,950+307,950/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас мөн дүнгээр гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн:
A/ Итгэмжлэл нь хуульд нийцсэн атал шүүх энэ талаар буруу дүгнэсэн:
...Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5/122 тоот албан бичгээр ирүүлсэн баримтад ******* ХХК-г төлөөлж , т итгэмжлэлээр маргаан бүхий орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах гэх мэт эрхийг 4 сарын хугацаатайгаар олгосон итгэмжлэл ирсэн. Энэ итгэмжлэлд 3 cap гэдгийг гараар 4 cap гэж зассан байх боловч тухайн гар засварт нотариатч тэмдэг дарсан байсан. Тэмдэг дарснаар тухайн засварыг талууд хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд, засварласан хугацаатай итгэмжлэл нь хуульд нийцсэн байхад шүүхээс буруу дүгнэлт өгсөн.
Б/ болон ******* нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ нь бусад гэрээнээс тусдаа бие даасан гэрээ болох тухай:
...Шүүх аксессор шинжтэй хэлцэлтэй адилтган бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн хийгдсэн хэлцэл гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Учир нь, аксессор шинжтэй хэлцэл гэдэг нь тухайн хэлхээ бүхий хэлцлүүд нь бие биедээ шууд хамааралтай, нөхцөлдүүлж байдаг хэлцлийг хэлдэг. Энэ маргааны хувьд бэлэглэлийн гэрээ нь анх байгуулсан хэлцлээс тусдаа хийгдсэн гэрээ бөгөөд харилцан нөхцөлдсөн, бие биеэсээ хамаарал бүхий хэлцэл биш юм.
Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22 өдрийн 17 дугаар Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5.7-д Мөн зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж ямар хэлцлийг ойлгох талаар тодорхой тайлбарласан.
Иймээс нэхэмжлэгч талын гаргасан үндэслэл, тайлбаруудыг үндэслэн анхан шатны шүүхээс бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь дээрх тайлбартай зөрчилдөж байгаа юм. болон ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ нь , ******* нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 10 өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ******* болон нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийн үндсэн дээр хийгдсэн гэрээ биш юм.
В/ Хариуцагч ******* нь шударга өмчлөгч болох тухай;
...Иргэний хуулийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж зохицуулсан.
Хариуцагч *******ын хувьд итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэдэг талаар огт мэдээгүй бөгөөд өгсөн итгэмжлэл нь хугацаандаа байсан, нотариатч тус итгэмжлэлд дурдсан этгээдийг төлөөлөх зохих этгээд гэж үзэж, худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн. Иймд, эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш буюу төлөөлөх эрхгүй болсон гэдгийг өмчлөх эрх олж авч буй ******* нь мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан тул хариуцагч нь шударга өмчлөгч юм.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийг бүртгүүлнэ гэж, 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.
Үүнээс харахад, хариуцагч *******, нар улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд энэ бүртгэлд маргаан байгаагүй, бүртгэл нь буруу ташаа гэж эсэргүүцэл гаргаагүй учраас өмчлөх эрхийг олж авсан , ******* нар нь хууль бус өмчлөгч гэдгийг мэдэх боломжгүй юм.
Г/ Гэрээнээс татгалзсаны болон хүчин төгөлдөр бус гэж үзсэний үр дагаврыг дүгнэхдээ хуулийг буруу хэрэглэсэн;
...Гэрээнээс татгалзсан боловч тухайн эд хөрөнгийг хүлээн авсан тал нь маргаан бүхий хөрөнгийг бусдад худалдсан бол тухайн хөрөнгийн үнэлгээгээр тооцож мөнгөөр шаардах талаар Иргэний хуульд зохицуулсан. Иймд, нэхэмжлэгч тал нь шударга өмчлөгч болох хариуцагч *******аас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан шаардаж буй нь үндэслэлгүй юм. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагч ******* ХХК-иас тус амины сууцны үнийг мөнгөн хэлбэрээр шаардах тухай заасан. Гэтэл анхан шатны шүүхээс энэ талаар буруу дүгнэлт өгсөн.
Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 05226 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...Хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан итгэмжлэл 3 сарын хугацаатай олгогдсон болох нь эргэлзээгүй баримтаар тогтоогддог бөгөөд хариуцагч ******* ХХК-ийн зүгээс тухайн итгэмжлэл анхнаасаа 3 сарын хугацаатай олгогдсон гэх талаар маргадаггүй. Иймд, тухайн итгэмжлэл 4 сарын хугацаатай байсан нь хуульд нийцсэн гэх агуулгаар хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч тал болон ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ нь ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэлд хамаарах бөгөөд анхан шатны шүүх энэ агуулгаар уг гэрээг дүгнэсэн. Учир нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хэлцлийг өмнө нь олгосон буюу итгэмжлэлийн хугацаа дууссан хэлцэлд үндэслэж хийсэн байдаг. Иймд, ******* болон нарын хооронд байгуулагдсан гэрээг тусдаа, бие даасан гэрээ гэж үзэх боломжгүй. Хариуцагч тал тухайн гэрээний дагуу бид шударга өмчлөгч болсон гэж тайлбарладаг. ...Гэтэл тухайн бэлэглэлийн гэрээг ийг нас барснаас хойш 7 сарын дараа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хийсэн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлд заасан төлөөлөх эрх нь дуусгавар болсон үед хийсэн хэлцэлд хамаарна. ...Тиймээс энэ хэлцэл нь мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хууль зүйн үндэслэлд хамаарна. Анхан шатны шүүх хариуцагч нарт даалгах байдлаар хэргийг шийдвэрлэсэн, гэвч эрх зүйн үр дагаврыг нэг мөр арилгах үүднээс Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь зөв байх. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
6. Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...Хариуцагч ******* нь би шударгаар маргаан бүхий эд хөрөнгийг олж авсан гэж маргаж, гомдол гаргадаг. Гэтэл өнөөдрийн байдлаар *******ын зүгээс өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой саад учруулж байгаа аливаа үйлдлийг таслан зогсоох, арилгах талаар ямар нэгэн үйлдлийг огт хийж байгаагүй. ******* 2021 оны 12 дугаар сард тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан гэж маргадаг боловч бодитоор нэг ч удаа маргаан бүхий орон сууцанд очиж байгаагүй гэдэг нь шүүх хуралдааны үед гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Түүнчлэн тухайн эд хөрөнгө өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн эзэмшилд байдаг бөгөөд засвар үйлчилгээ хийж, ашиглалтад оруулсан тул одоо айл амьдарч байгаа. ******* ХХК-ийн зүгээс дээрх үйлдлийг *******, , ******* нар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах арга гэж харж байна. Учир нь, хэрэгт авагдсан баримтуудын үйл баримт энэхүү таамаглалын бодит байдлыг нотолдог. 2021 оны 04 дүгээр сард итгэмжлэл олгосон байхад тухайн хүнийг нас барснаас хойш 5 сарын дараа бэлэглэлийн гэрээ хийж маргаан бүхий эд хөрөнгийг ******* руу шилжүүлсэн байдаг.
Мөн ******* ХХК болон ******* ХХК нараас бусад этгээдүүд тухайн орон сууцыг бий болгоход огт гар бие оролцоогүй атлаа би тэй хамааралтай хүн учир бэлэглэлийн гэрээгээр тухайн эд хөрөнгийг авсан гэж тайлбарладаг. Гэвч чухам ямар харилцаа хамааралтай болох нь тодорхойгүй бөгөөд тухайн хүнийг нас барсны дараа уг эд хөрөнгийг шилжүүлж авсан атлаа хөрөнгийг шударгаар олж авсан гэж тайлбарлаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Түүнчлэн ******* нь эд хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хууль шүүхийн байгууллага болон ******* ХХК, ******* ХХК, ийн хамаарал бүхий хүн болох ******* гэх мэт хүмүүст холбогдуулж, эд хөрөнгөө өөрийн эзэмшил, ашиглалтад авъя гэх талаар огт маргаан үүсгэж байгаагүй. Тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлж авах гэсэн оролдлого нь хэрэгт авагдсан баримт болон хэргийн бодит нөхцөл байдалтай тохирдог. Тиймээс энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх олж харсан гэж үзэж байна. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд мэтгэлцэж, асуулт хариулт явуулсан бөгөөд *******ын тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн. Нэгэнт ******* ХХК болон ******* ХХК нарын хэн аль нь гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцаасан учир талууд ******* ХХК-ийн хүсэл зоригийн дагуу ******* ХХК-д тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх нь зүйтэй гэх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Анхан шатны шүүх талуудын тайлбар, хүсэл зоригийг харгалзаж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК, *******, ******* нарт холбогдуулан ******* ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээнээс татгалзаж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн ******* дүүрэг, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 226 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* ХХК нь зөвшөөр, хариуцагч *******ын зүгээс эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. ******* ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******* ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийт 1,100,000,000 төгрөгийн үнэ бүхий 6,700 м.куб бетон зуурмаг авах, гэрээний төлбөрт 91-95 УНД улсын дугаартай ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг 220,000,000 төгрөг, мөн ******* дүүрэг, *******, *******анд байрлах 230 м.кв талбайтай дотор засал хийгдээгүй сингл хаусыг 880,000,000 төгрөгт тус тус тооцож өгөхөөр харилцан тохиролцжээ. /1.х.х-ийн 9-12/
3.2. Тус гэрээний хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүрэг, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 226 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* ХХК-иас хариуцагч ******* ХХК-д шилжүүлэх арилжааны гэрээ байгуулагдсан. /1.х.х-ийн 14/
3.3. Мөн нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал оос 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал т дээрх амины сууцыг худалдах, бэлэглэх, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах 3 сарын хугацаатай итгэмжлэл олгожээ. /1.х.х-ийн 15/
3.4. Улмаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр энэхүү итгэмжлэлийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******т 30,000,000 төгрөгөөр худалдсан. /1.х.х-ийн 118-119/
3.5. Үүний дараа тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр *******аас т шилжиж, ээс ад олгосон итгэмжлэлийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр *******т шилжсэн байна. /1.х.х-ийн 136-137, 146-147/
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, худалдагч ******* ХХК нь гэрээний зүйл болох 6,700 м.куб бетон зуурмагийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагч ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг хугацаанд нь бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.
Гэтэл талуудын тайлбараар худалдагч нь 1,100,000,000 төгрөгийн үнэ бүхий 6,700 м.куб бетон зуурмагийг нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тийнхүү нийлүүлэхээс өмнө худалдан авагч нь 220,000,000 төгрөгийн үнэтэй ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслээс гадна 880,000,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг худалдагчид шилжүүлэн өгсөн, хожим худалдагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр талууд худалдах, худалдан авах гэрээний биелэгдээгүй тэрхүү хэсгээс татгалзсантай холбоотойгоор өгсөн, авсан зүйлийг харилцан буцаах болоход дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хуулийн дагуу шилжсэн эсэх талаар маргасан байна.
5. Нэхэмжлэгч ******* ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг тус компанийн хүсэл зоригоос гадуур /итгэмжлэлийн хугацаа дууссан байхад шилжүүлсэн/ хариуцагч ******* ХХК болон бусад этгээдэд шилжсэн гэж тайлбарласан.
Гэвч нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Үүнд:
5.1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.
Тодруулбал, талууд худалдах, худалдан авах гэрээний зүйлийг өмчлөлд шилжүүлэх, гэрээний үнийг төлөх үүргийн хүрээнд /үүргийн хэлцэл/ нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх ёстой.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал оос 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал т уг амины сууцыг худалдах, бэлэглэх, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах эрхийг 3 сарын хугацаатай итгэмжлэл олгож байгаагаас үзвэл зохигч тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч компанийн нэрийн өмнөөс бусад этгээд /заавал хариуцагчид шилжүүлэх албагүй/-д шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар хэдийгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх *******т шилжсэн боловч хариуцагч ******* ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг хүлээн авсан гэж үзэх үндэс болно.
5.2. Мөн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь өөрт шаардлагатай байсан бетон зуурмагийг хариуцагч ******* ХХК-иас худалдан авахаар талууд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар тохирч, худалдан авагч тал 1,100,000,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг гэрээний төлбөрт тооцож өгөх, худалдагч нь 6,700 м.куб бетон зуурмаг нийлүүлэх эрх, үүргийн хувьд холбогдохоор тохирсон зохигчийн энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл одоо ч хүчин төгөлдөр хэвээр гэж үзнэ.
Тийм ч учир нэхэмжлэгч ******* ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч ******* ХХК-д хүргүүлсэн албан бичигт худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж үлдэх бетон зуурмагийг нийлүүлэхийг шаардсан байх тул нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байхад амины сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм. /1.х.х-ийн 16/
Өөрөөр хэлбэл, хэдийгээр нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн итгэмжлэл 3 сарын хугацаатай байсан боловч зохигч худалдах, худалдах авах гэрээний зүйлийн үнэд төлөхөөр тохирсон тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хэрэгжих хугацааг уг итгэмжлэлийн хугацаагаар хязгаарлаагүйгээс гадна нэхэмжлэгч нь бусдад өмчлөх эрх шилжсэнийг зөвшөөрч байсан байна.
5.3. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж, 91.2-т Дараахь тохиолдолд энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй гээд 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гэж, 91.2.2-т мөнгө, мэдүүлгийн үнэт цааснаас бусад эд хөрөнгө нь өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах /гээгдүүлэх, хулгайд алдах гэх мэт/ үндэслэлээр эзэмшлээс нь гарсан бол өмнөх өмчлөгчийн хувьд гэж тус тус заасан.
Тодруулбал, тус хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогддог бөгөөд эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол, аль эсхүл мөнгө, мэдүүлгийн үнэт цааснаас бусад эд хөрөнгө /үл хөдлөх эд хөрөнгө хамаарна/ нь өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах үндэслэлээр эзэмшлээс нь гарсан бол өмнөх өмчлөгчийн хувьд дээрх таамаг үйлчлэхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ХХК-ийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө хариуцагч ******* ХХК-д шилжсэн бол буцаан шаардаж болно.
5.4. Гэвч нэхэмжлэгч нь анхнаасаа сайн дураараа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцож хариуцагчид өгөхийг зөвшөөрч, өмчийн хэлцлийг нэхэмжлэгчээс бусад этгээд рүү шууд шилжүүлэхийг хариуцагчид зөвшөөрсөн итгэмжлэлийг олгосон байх тул өмчлөх эрхээ өөрийн хүсэл зоригоос гадуур алдсан гэж дүгнэх боломжгүй байна.
Хуульд заасан өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах (гээгдүүлэх, хулгайд алдах гэх мэт) үндэслэлээр эзэмшлээс нь гарсан бол гэх урьдчилсан нөхцөл нь өмчлөгчийн аливаа хүсэл зоригийн илэрхийлэл огт байгаагүй, өөрөөс нь хамаарахгүй, өөрт нь мэдэгдэхгүйгээр эд хөрөнгө, өмчлөх эрхийг нь шилжүүлж хохироосон байхыг ойлгоно.
Иймд, анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д заасан итгэмжлэлийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байх тул шийдвэрийг хүчингүй болгоно.
6. Давж заалдах шатны шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн тул үүнээс хойш ******* болон нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ болон ийг төлөөлж болон ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийн хүчин байдлын талаар дүгнэлт өгөхгүй. Учир нь,
6.1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх зохих ёсоор дуусгавар болсон байх тул тийнхүү өмчлөх эрх дуусгавар болсон цагаас хойш хугацаанд хийгдсэн гэрээ, хэлцэлтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй.
6.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан сонирхогч этгээд гэдэгт өмчлөх эрх нь дуусгавар болсон бөгөөд тодорхой эрх ашиг сонирхол нь зөрчигдөөгүй дурын иргэн, хуулийн этгээд хамаарахгүй. Тиймээс нэхэмжлэгч ******* ХХК-д дээрх үл хөдлөх хөрөнгийг хариуцагч ******* ХХК, ******* болон нар /өмчлөгч/ бусдад шилжүүлсэн асуудал хамааралгүй юм.
Харин нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагч *******ын өмгөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/05226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан хариуцагч ******* ХХК, *******, ******* нарт холбогдох ******* ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээнээс татгалзаж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн ******* дүүрэг, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, 226 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас төлсөн 2,273,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.МАНДАЛБАЯР