Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 854

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,                                              

Улсын яллагч О.Доржмаа,

Шүүгдэгч Ж.Б, Ч.О тэдгээрийн өмгөөлөгч А.Дулмаа

Хохирогч Э.Бэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

                                                                              

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Ч-н О, Хаад боржигон овогт Ж-ны Б нарт холбогдох эрүүгийн 1909028270849 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар байрны 33 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ГМ97022206 / Тайж овогт Ч-н О,

 

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ Өргөө “ кино театрт кассчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 35 дугаар байрны 4 тоотод оршин суух, ял шийтгэлтгүй, бие эрүүл, ухаан бүрэн  / РД: УИ97110926 / Хаад боржигон овогт Ж-ны Б нар нь: 

 

- 2019 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливууд” нэртэй баарны орчим Э.Бэрцэцэгийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ж.Бэрцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө өөрийн найз Насантогтох, үеэл Отгонцэцэг нарын хамт Холливууд бааранд орсон. Тэгээд тухайн бааранд 2 шил тайгер нэртэй пиво уусан. Манай үеэл Отгонцэцэг 2 эмэгтэйг танилцуулаад бид нар баарнаас гарцгаасан. Тэгээд би яг болсон явдлыг сайн санахгүй байна. Нилээн согтуу байсан. Нэг сэрсэн чинь намайг хүмүүс өшиглөөд байсан. Хэн өшиглөснийг мэдэхгүй байна. Тэгээд дахиад ухаан орсон чинь цагдаа нар ирсэн байсан гэжээ. / хх 5 /

 

Гэрч Ч.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бек намайг үсдээд бас найз Оогийгоо үсдсэн. Тэр хооронд би орж нэг удаа цохьсон. Тэгээд манай найз бас Бекийг цохьсон. Хамгаалагч нь цагдаа дуудахад Бек газар хэвтээд ахыгаа яриад уйлаад байсан. Тэгээд цагдаа нар ирээд манай найз бид 2-ыг суулгаад эрүүлжүүлэх рүү аваад явсан бөгөөд манай найзыг тэнд нь үлдээгээд намайг жирэмсэн гэдгийг тогтоогоод нааш нь явуулсан гэжээ. / хх 6-7 /

 

            Гэрч А.Отгонцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ж.Бгийн найз гэх эмэгтэй Ч.О, Э.Бэрцэцэгийг “Чи манай найзыг чи гэж дуудлаа” гээд байсан. Тэгээд Э.Бэрцэцэгийг Ж.Б болон Ч.О нар үсдээд авсан. Би дундуур нь ороод салгах гэсэн чинь Э.Бэрцэцэг намайг үсдээд авахаар нь би дахиад салгасан чинь Ж.Б Э.Бэрцэцэгийн үснээс нь зулгаагаад нүүр хэсэг рүү нь өшиглөөд байсан. Мөн Ч.О нь ууж байсан пивоны шилээ хагалаад Э.Бэрцэцэгийг ална гээд дайраад байсан. Тэгээд би Ч.Ч-н О-ийн гарнаас нь хагархай пивоны шилийг авч хаясан. Эргээд хартал Ж.Б Э.Бэрцэцэгийг дээрээс нь өшиглөөд зодоод байсан. Тэгээд цагдаа нар хүрээд ирсэн гэжээ. / хх 9 /

 

Гэрч Ж.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд намайг үсдээд авсан. Би буцаагаад үсдээд авсан. Тэгсэн чинь манай найз Ч.О орж ирээд салгах гэсэн чинь Э.Бэрцэцэг тэр хоёр барилцаад авсан. Тэгээд би Э.Бэрцэцэгийг салгаад цаашаа аваад явсан. Тэгсэн чинь Э.Бэрцэцэг дахиад Ч.О-тай маргалдаад Ч.О Э.Бэрцэцэгийг үсдээд өшиглөөд байсан. Тэгээд би очоод бас Э.Бэрцэцэгийн нүүр хэсэг рүү нь өшиглөсөн. Удалгүй цагдаа нар ирсэн гэжээ. / хх 10 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9140 дүгээр дүгнэлтэнд:

1. Э.Бэрцэцэгийн биед баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн шанаа, баруун, зүүн өвдөгт цус хуралт, баруун хацар, өвдөгт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх 12 /

Шүүгдэгч Ж.Б-г 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 23-24 /

 

Шүүгдэгч Ч.О-г 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 23-24 /

 

Шүүгдэгч нарт урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37-38 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид ойрд уулзаагүй учир найзыгаа эргэчихээд хамт 01 цагийн үед бааранд орсон. Бааранд ороод Ж.Бгийн хамт ажилладаг Оогий гэдэгтэй танилцаж хоёр хоёр шил пиво авч уусан. Түүнтэй хамт Э.Бэрцэцэгтэй хамт явж байсан. 03 цагийн орчим баар хаах болоод бид гарсан. Э.Бэрцэцэг 00-ын цаас хайгаад бидний цүнхийг онгойлгоод үзээд байхаар нь шаардлага тавьтал “ Гичийнүүд “ гээд цааш явсан. Энэнээс болоод манай найз Ч.О түүнтэй маргалдаад зодолдсон. Би түүний нүүрэнд цохиж гэмтээсэн нь үнэн. Гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 150.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хамгийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.Бэрцэцэг 00-ын цаас хайгаад Ч.Ч-н О-ийн цүнхийг ухаад байсан. Тэгээд цаашаа явахдаа “ Гичийнүүд “ гэхээр нь би түүнд “ Чи яахаараа гичийнүүд гэдэг юм бэ “ гээд маргалдсан. Тэгээд Э.Бэрцэцэг хамт явж байсан 2 хүүхнээ үстээд авсан. Би салгах гэтэл эсэргүүцээд намайг үстээд авахаар нь би үстэж аваад түүнийг цохьсон. Гэм буруугаа хүлээж байна. Хохиролд 150.000 төгрөг төлсөн. Түүнийг “Сонгодо” эмнэлэгт үзүүлэхээр манай ээж 25.000 төгрөг төлсөн. Гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хамгийн хөнгөн ял оногдуулж өгнө үү.

 

Хохирогч Э.Бэрцэцэг  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хамт амьдардаг 2 охинтойгоо бааранд орсон. Тэнд ороод Оогийгийн хамт ажилладаг Ч.О болон Ж.Б нартай танилцаж, хоёр хоёр пиво авч уугаад нилээн согтсон. 03 цагийн үед баар хаах болоод бид гарч сааданд суусан. Би 00-ын цаас хайгаад цүнхийг нь онгойлгож үзсэн. “ Гичийнүүд “ гэсэн нь миний буруу. Ж.Б намайг үстээд өшиглөсөн. Ч.О нь шил хагалаад ална гээд дайрсан гэсэн. Намайг үстэж унагаад өшиглөөд, дэвсээд байсан гэсэн. Би нэг ухаан ороход цагдаа нар ирсэн байсан. Би маш их гомдолтой байна. Хохиролдоо 300.000 төгрөг авсан.

Энэ 2-т зодуулснаас болоод одоо толгой өвддөг болсон. Би эмчилгээ хийлгэмээр байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Бгийн ээж намайг “Сонгодо “ эмнэлэгт үзүүлэхээр 25.000 төгрөг  төлсөн боловч би үзүүлээгүй. Учир нь  450.000 төгрөг хэрэгтэй гэсэн учир би төлбөрийн чадваргүйгээс үзүүлээгүй гэв.

 

Шүүгдэгч Ж.Б, Ч.О нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” нэртэй баарны орчим Э.Бэрцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  Үүнд: ... Нилээн согтуу байсан. Нэг сэрсэн чинь намайг хүмүүс өшиглөөд байсан. Хэн өшиглөснийг мэдэхгүй байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Бэрцэцэгийн мэдүүлэг / хх 5 /, ... Э.Бэрцэцэг намайг үсдээд авахаар нь би дахиад салгасан чинь Ж.Б Э.Бэрцэцэгийн үснээс нь зулгаагаад нүүр хэсэг рүү нь өшиглөөд байсан. Мөн Ч.О нь ууж байсан пивоны шилээ хагалаад Э.Бэрцэцэгийг ална гээд дайраад байсан. Тэгээд би Ч.Ч-н О-ийн гарнаас нь хагархай пивоны шилийг авч хаясан. Эргээд хартал Ж.Б Э.Бэрцэцэгийг дээрээс нь өшиглөөд зодоод байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Отгонцэцэгийн мэдүүлэг / хх 9 /, ... Э.Бэрцэцэг дахиад Ч.Отай маргалдаад Ч.О Э.Бэрцэцэгийг үсдээд өшиглөөд байсан. Тэгээд би очоод бас Э.Бэрцэцэгийн нүүр хэсэг рүү нь өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Бгийн мэдүүлэг / хх 10 /, … Э.Бэрцэцэгийн биед баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн шанаа, баруун, зүүн өвдөгт цус хуралт, баруун хацар, өвдөгт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  9140 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх 12 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Б, Ч.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт  ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн тул тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан хуульд заасан торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Э.Бэрцэцэг нь толгой байнга өвддөг, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлсэн боловч үүнийгээ нотлоогүй. Мөн эмчилгээний зардалд 8 хоног ажилгүй байсан хугацааны цалин 240.00 төгрөг, эмчилгээний зардал 49550 төгрөгийг нэхэмжилсэн боловч өвчтэй байсан болохыг нотолсон эмчийн магадлагаа болон нийгмийн даатгал төлсөн баримт байхгүй, “ Сонгодо “ эмнэлэгт үзүүлсэн 25.000 төгрөг тушаасан баримтыг шүүгдэгч Бгийн ээж төлсөн болохыг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, 24.500 төгрөгний эм авснаас өөр нотлох баримтгүй боловч шүүгдэгч нар тус бүр 150.000 төгрөг түүнд төлсөн тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Б, Ч.О нар нь цагдан хоригдоогүйг дурьдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Ч.О нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                                                            

1. Шүүгдэгч Тайж овогт Ч-н О, Хаад боржигон овогт Ж-ны Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч  Ч-н О, Ж-ны Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар тус бүр 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ж.Б, Ч.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б, Ч.О нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Ж.Б, Ч.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Б, Ч.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ