| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2024/07163/И |
| Дугаар | 210/МА2025/01762 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01762
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/05795 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******** холбогдох,
241,398,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******** 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 406,205,000 төгрөг зээлдүүлсэн. Гэрээгээр ******* нь cap тутам 3 хувийн хүү төлөх, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож төлөх үүрэг хүлээсэн боловч зохих ёсоор биелүүлээгүй.
******* нь 2018 оны 08 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд 104,700,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сараас 08 дугаар сарын хооронд 60,106,900 төгрөг, нийт 164,806,900 төгрөг төлж, үлдэгдэл 241,398,100 төгрөгийг төлөөгүй.
Иймд, үлдэгдэл 241,398,100 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
*******аас 406,205,000 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд Хаан банкны * тоот данснаас ******* * тоот дансанд 2019 онд 18,791,000 төгрөг, Богд банкны * тоот данснаас ******* * тоот дансанд 2022-2023 онд 23,000,000 төгрөг, Худалдаа хөгжлийн * тоот данснаас ******* * тоот дансанд 2018-2020 онд 153,300,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны * тоот данснаас ******* * тоот дансанд 2017-2019 онд 27,013,000 төгрөг, Хаан банкны * тоот данснаас ******* * тоот дансанд 2017-2020 онд 183,075,000 төгрөг, нийт 410,179,000 төгрөгийг төлсөн.
Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч *******оос 200,592,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,805,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,364,940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, *******оос 1,160,913 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Бид 2010 аад оноос бие биедээ харилцан мөнгө зээлдэг байсан. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ байгуулахдаа надаар 140,000,000 төгрөг авсан гэж уурлаж байгаад хүчээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед би *******аас 140,000,000 төгрөг аваагүй.
2017 оноос өмнө *******аас зээл авдаг байсан бөгөөд ******* нь 140,000,000 төгрөг авсан баримтад гарын үсэг зуруулахдаа чиний өмнө авч байсан зээлийн хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү чинь 140,000,000 болсон гэж хэлээд гарын үсэг зуруулж байсан. ******* нь надад мөнгө зээлсэн тохиолдолд гүйлгээний утган дээрээ заавал мөнгө зээлэв гэж бичдэг байсан.
Зээл гэсэн гүйлгээний утгатай нь *******аас авсан зээл бөгөөд бусад 161,500,000 төгрөг нь миний зээлсэн мөнгө биш, миний хувьцаа эзэмшдэг "*******-ийн нэр дээр ******* бид хоёрын Батлан хамгаалах яамнаас зарласан 3 тендерт хамтран оролцоод шалгараад тендерийн бараа материал авсан мөнгө болно.
*******аас зээлсэн мөнгөө цаг тухай бүрт нь төлж байсан буюу нийт 410,179,000 төгрөг төлсөн. Мөн анхан шатны шүүхээс бараа материал авсан 161,500,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцоогүй мөртлөө 141,600,000 төгрөгийг төлсөн баримтыг өөр гэрээний харилцаа мэтээр тайлбарласанд гомдолтой байна.
Иймд, шийдвэрийг хүчингүй болгож, тухайн шүүхэд буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
140,000,000 төгрөгийг бодитоор авсан тул хүлээн зөвшөөрч бичгээр гэрээ байгуулсан. 141,600,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгчээс хариуцагчийн авсан тендерийн барааны төлбөр юм. Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 241,398,100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийг төлж барагдуулсан гэж эс зөвшөөрч маргасан.
3. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч нь 140,000,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сард 3 хувийн хүүтэйгээр хариуцагчид бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь гэрээ болон мөнгө хүлээлцэх актаар тогтоогдсон байна.
Энэ зээлийн мөнгөн хөрөнгийг оролцуулаад 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нэхэмжлэгч нь хариуцагчид нийтдээ 406,205,000 төгрөг зээлдүүлжээ.
Хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгөн хөрөнгөөс 161,500,000 төгрөг нь зээлийн харилцаанд хамаарахгүй, "*******-ийн нэр дээр хамтран ажиллахад гарсан зардалд тооцогдоно гэх гомдлыг хангахгүй.
Учир нь, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар мэтгэлцээний эсрэг байр суурийг хариуцагч илэрхийлээгүй, хэрэгт авагдсан баримтаар уг үйл баримт тогтоогдоогүй болно.
3.1. Хариуцагч нь зээлийн үүрэгт нэхэмжлэгчид 256,012,400 төгрөг төлсөн байна.
Анхан шатны шүүх хариуцагчийн хамаарал бүхий ******-ийн Зэвсэгт хүчний 310 дугаар ангид нийлүүлсэн майхан, асрыг нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сард хариуцагчид хүлээлгэн өгсөн, үүний төлбөрт хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 141,600,000 төгрөг шилжүүлсэн болохыг хэрэгт авагдсан баримтад үндэслэн зөв тогтоож, уг мөнгийг зээлийн гэрээний эргэн төлөлт бус, бараа нийлүүлэлтийн төлбөрт хамааруулсан нь үндэслэлтэй болжээ.
3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнэсэн байна.
2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээнд заасан хүүгийн тохиролцоо Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.
4.1. Шүүхээс үндсэн нэхэмжлэлийг хангасан хэмжээ зөв боловч буруу аргачлалд үндэслэн дүгнэлт өгсөн байгааг залруулна.
2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 140,000,000 төгрөгийн зээлд сарын 3 хувийн хүүг 12 сарын хугацаагаар тооцоход нийт хүү 50,400,000 төгрөг болсон бөгөөд хариуцагчийн төлсөн 256,012,400 төгрөгийн төлөлтөөс уг 50,400,000 төгрөгийг хүүгийн төлбөрт тооцон хасахад 205,612,400 төгрөг байна.
Улмаар үндсэн зээл 406,205,000 төгрөгөөс дээрх 205,612,400 төгрөгийн төлөлтийг хасч тооцоход хариуцагч нь үндсэн зээлд 200,592,600 төгрөг төлөх үүргийг гүйцэтгээгүй байна.
Иймд, хариуцагчаас 200,592,600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн тооцооллын аргачлалын алдааг залруулан дүгнээд шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/05795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,106,913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Т.БАДРАХ