| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00454/И |
| Дугаар | 490 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 490
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би Шаамар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Батцоожид холбогдох “Зээл, зээлийн хүү 649.671 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шаамар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Доржготов овогтой Батцоож нь “Сум хөгжүүлэх сан”-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж сумын Засаг даргатай 2011 оны 09-р сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 3.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн гэрээ 2014 оны 10-р сарын 01-нд дуусгавар болсон.
Иймд хариуцагчаас үндсэн зээл болох 269.200 төгрөг, хүү 421.155 төгрөг, бүгд 649.671 төгрөгийг гаргуулж сумыг хохиролгүй болгох нэхэмжлэл гаргав. Бид удаа дараа шаардсан болно гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгон ногоочдын гудамж 2-23 тоотод оршин суух Боржигон овогт Доржготовын Батцоож /ЦГ-69121413/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Шаамар сумын Засаг даргын Тамгын Газрын нэхэмжилсэн зээлийг авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн үндсэн зээл 269.700, хүү 421.155 төгрөг, нийт 649.671 төгрөгийг 2016 оны 12-р сард багтаан төлж дуусгана. Улсын тэмдэгтийн хураамжинд 10.070 төгрөг төлөхийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шаамар сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Д.Батцоожид холбогдуулан “649.671 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 649.671 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 20.140 төгрөгийн тал хувь болох 10.070 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Шаамар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Батцоожид холбогдох “Зээл, зээлийн хүү 649.671 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 649.671 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 20.140 төгрөгийн тал хувь болох 10.070 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА