Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01761

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/05608 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч:*******-д холбогдох,

66,070,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр*******-тай туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ** аймагт нийт 5 ширхэг худаг өрөмдөх ажил хийж, нэг худгийг 22,000,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон. Ажлын хөлс 110,000,000 төгрөг болсноос 44,000,000 төгрөг авсан. Хариуцагч 5,800,000 төгрөгийн бензин хийж өгснийг ажлын хөлснөөс хасч тооцно.

Иймд, ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 66,070,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчээр 5 худгийн цооног ухуулсан үйл баримттай маргахгүй. Талууд нэг худгийг бүх зүйлийг оролцуулаад 22,000,000 төгрөгөөр тооцож, нийт 110,000,000 төгрөгөөр хийхээр болж, гэрээ байгуулсан.

Гэрээгээр худгийг хийхэд эрэл хайгуул, геофизикийн ажил, өрөмдлөг, худгийн барилга байгууламж зэргийг хийх ёстой байсан ч ******** нь зөвхөн өрөмдлөгийн ажлыг хийж, тухайн ажилдаа тохирсон хөлсөө авсан. Мөн 5,800,000 төгрөгийн бензин, туслах материалыг авсан. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д заасныг баримтлан хариуцагч*******-иас 60,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,870,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488,301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-иас 458,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

** аймгийн ******* суманд 4 худаг хийснээс 2 худгийн цооногийн нүхийг *******-иар хийлгэсэн. *******-ийн ухсан 2 нүхний нэгээс нь ус гарахгүй хүлээж аваагүй, төлбөр тооцооны үлдэгдэлтэй байгаа.

*******-нь худгийг бүрэн хийж хүлээлгэн өгөх гэрээтэй боловч хүлээлгэн өгсөн нэг ч худаг байхгүй, зөвхөн өрөмдлөг цооногийн ажил хийгээд явсан.

Анхан шатны шүүхээс ******* нь хийх ажлаа хийж хүлээлгэн өгсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. ******* зөвхөн өрөмдлөгийн ажил гүйцэтгээд хийсэн ажилдаа тохирсон төлбөрөө аваад явсан ба манайхаас барилга байгууламж, худаг хийхэд шаардлагатай бүхий л материалын зардал, ажилчдын цалингийн зардлыг гаргаж худгийг ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн.

******* нь таван худаг ухахдаа нийт 193 метр гүн цооногийн ажил хийсэн. ******* авсан бэлэн мөнгө 44,000,000 төгрөг, бензин шатахуун 5,870,200 төгрөг буюу нийт 49,870,200 төгрөг болж байна. Энийг 193 метр цооногийн ажилдаа хуваахаар 1 метр гүн цооногийн ажлыг 258,394 төгрөгөөр хийсэн.

Худаг хийхэд газрын доорх усны геофизикийн хайгуулын ажил хийгддэг ба тус ажлыг *******-иар хийлгүүлсэн.

Нэг худгийн зөвхөн өрөмдлөг цооногийн ажлыг 22,000,000 төгрөгөөр хийлгэх ямар ч боломжгүй, худгийн бүх ажил, тоног төхөөрөмжийн зардал, ажилчдын зардал ороод хүлээлгэн өгөх байдлаар дунджаар нэг худгийг 22,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Мөн ******* суманд хийгдсэн 2 худгийн төсөв 42,500,000 төгрөг буюу нэг худгийн төсөв 21,250,000 төгрөг болж байхад 22,000,000 төгpөгөөр зөвхөн худгийн өрөмдлөг цооногийн ажил хийлгэх боломжгүй. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гэрээгээр зөвхөн худаг өрөмдөхөөр тохиролцсон, хэрэв худгийг иж бүрнээр барих байсан бол Улаанбаатар хотоос очиж ** аймагт ийм үнээр барих боломжгүй.

Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч*******-д холбогдуулан ажил гүйцэтгүүлэх гэрээний үүрэгт 66,000,000 төгрөг, гэрээний хохиролд 70,200 төгрөг, нийт 66,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь гэрээгээр тохиролцсон ажлын бүрэн хийж гүйцэтгээгүй гэж эс зөвшөөрч маргасан.

 

3. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь ** аймгийн * сумын нутаг дэвсгэрт 3 худаг, ******* суманд 2 худаг, нийт 5 худаг өрөмдөж гаргах, хариуцагч нь ажлын хөлсийг олгохдоо 1 худгийн өрөмдлөгийг 22,000,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцжээ.

3.1. Гэрээнд заасан нөхцөл, хугацаанд нэхэмжлэгч нь ** аймгийн * болон ******* суманд нийт 5 худаг өрөмдөж, хүлээлгэж өгсөн байна.

Уг ажил нь чанарын доголдолтой байсан болохыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Харин хариуцагчаас ажлын хөлсөд 44,000,000 төгрөг, 5,800,000 төгрөгийн үнийн дүн бүхий шатахуун буюу нийт 49,800,000 төгрөг төлж барагдуулсан байна.

 

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнэсэн.

 

4.1. Талууд гэрээнд заасан ажлын хүрээ, тухайлбал гүйцэтгэгчээс захиалагчид хүлээлгэн өгөх ажлын үр дүнгийн талаар маргасан байна.

Гэрээнд нэг худаг гаргах ажлын хөлсийг 22,000,000 төгрөгөөр тогтоосон боловч энэ нь зөвхөн худаг өрөмдөх ажилд хамаарах уу, эсвэл өрөмдлөгөөс гадна худгийн барилга байгууламж барих ажилд хамаарах уу гэдгийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсгийн дагуу гэрээний агуулгаар тайлбарлах шаардлагатай байна.

Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд худгийн барилга байгууламж барих тухай заалт, техникийн үзүүлэлт, хавсралт зураг байхгүй тул хариуцагчийн худаг өрөмдөхөөс гадна барилга байгууламж барих ёстой байсан гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4.2. Нэгэнт нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон 110,000,000 төгрөгийн хөлс бүхий ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэж өгсөн нь тогтоогдсон тул анхан шатны шүүх ажлын өмнө нь төлөгдсөн 49,800,000 төгрөгийг хасч тооцон, үлдэгдэл 60,200,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагчийн зүгээс худгийн өрөмдлөг хийхэд усны геофизикийн хайгуул, хэмжилтийн ажил хийгддэг, уг ажлыг Блэйк сэнд минералс ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн гэж тайлбар гаргасан.

Гэхдээ талуудын байгуулсан гэрээнд усны геофизикийн хайгуул, хэмжилтийн ажил хийж гүйцэтгэх, эсхүл уг ажлын зардлыг нэхэмжлэгчид өгөх ажлын хөлснөөс хасч тооцох зохицуулалт тусгагдаагүй тул нэхэмжлэлийн дүнгээс хасах үндэслэлгүй.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гэрээнээс учирсан хохирол буюу эрэн сурвалжлуулах шийдвэр гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулах шаардлагыг зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Харин уг шаардах эрхийн үндэслэл болж буй Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн зохицуулалтыг шийдвэрт баримтлаагүй, гэрээнээс татгалзсан, цуцалсан үеийн хохирол гаргуулах зохицуулалтыг баримталсан байгаа учир холбогдох өөрчлөлтийг оруулна.

Мөн тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг хийхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан байгааг залруулах нь зүйтэй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/05608 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 227 дугаар зүйлийн 227.1 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж, 2 дахь заалтад 56.1 гэснийг 56.2 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 458,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ