Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01760

 

 

 

 

*******, *******, *******, *******, *******,

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04629 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

илүү цагийн нэмэгдэл цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нар нь *******-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нар нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж, мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна.

Ажил олгогч нь ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар илүү цагийн хөлс олгоогүй.

Иймд, *******-иас *******д 20,084,820 төгрөг, *******ад 9,126,936 төгрөг, ******* 22,256,232 төгрөг, *******т 27,640,452 төгрөг, *******т 12,061,140 төгрөг, *******од 19,437,096 төгрөг, *******т 15,215,256 төгрөг тус тус гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дагаж мөрдсөний дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр *******-иас нийт ажилтнуудад уртын ээлжийн ажилтны сарын ажлын цаг 168 цаг, 168 цагаас илүү ажилласан цагийг илүү цагт тооцож, цалин хөлс олгох талаар мэдэгдсэн.

Тиймээс нэхэмжлэгч илүү цагтай холбоотой шаардлага гаргах бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг дээр дурдсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандана гэж заасан.

Нэхэмжлэгчид 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэхэмжилсэн байх боловч эл асуудлыг шийдвэрлүүлэх гомдлыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр огноолсныг ажил олгогчийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс мөн оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16:05 минутад хүлээн авсан байдаг. Үүнээс үзвэл дээр дурдсан хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тоолоход 406 хоног, 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсний хувьд 150 хоног хэтрүүлсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 тоот албан бичигт "... Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно" гэж дурдсан байдаг.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны цалин хөлсийг бүхэлд нь авсан атлаа дахиж 1.5 дахин нэмэгдүүлж авахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэхүү шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасантай үл нийцнэ.

Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд *******-ийн Цалин хөлсний журам батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан.

Мөн HR-E.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагт нэмэгдэл хөлсийг олгоно гэж заасан.

Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 154.2.2, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч *******-иас

-2022 оны 9-11 сарын илүү цагийн хөлсөнд 4,076,495 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 16,008,325 төгрөгт холбогдох хэсгийг,

-2022 оны 9-11 сарын илүү цагийн хөлсөнд 4,910.656 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* олгож, үлдэх 17,345,576 төгрөгт холбогдох хэсгийг,

-2022 оны 12 сарын илүү цагийн хөлсөнд 1,741,572 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 10,319,568 төгрөгт холбогдох хэсгийг,

-2022 оны 10-12 сарын илүү цагийн цагийн хөлсөнд 2,245,522 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, үлдэх 6,881,414 төгрөгт холбогдох хэсгийг,

-2022 оны 10-12 сарын илүү цагийн хөлсөнд 5,364,584 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, үлдэх 14,072,512 төгрөгт холбогдох хэсгийг,

-2022 оны 11, 12 дугаар сарын илүү цагийн хөлсөнд 3,573,388 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 11,641,868 төгрөгт холбогдох хэсгийг,

-2022 оны 09-11 сарын илүү цагийн хөлсөнд 5,303,126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 22,337,326 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын /*******д 83,212 төгрөг, ******* 104,342 төгрөг, *******т 77,333 төгрөг, *******ад 54,089 төгрөг, *******од 104,772 төгрөг, *******т 93,881 төгрөг, *******т 111,141 төгрөг/улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөн хөрөнгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргаж, нэхэмжлэгч нарт олгож, 294,026 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүхээс нэхэмжлэгч нарын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нар нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсний үндсэн дээр мөн хуулийн 158.1.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор дахин урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагагүй юм.

Нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн илүү цагийн хөлсийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ дэмжиж байгаа бөгөөд нэмэгдүүлсэн шаардлага нь мөн хуулийн заалтыг үндэслэн нэмэгдүүлсэн тул эрх зүйн өөр үр дагавар үүсгэхгүй.

Иймд, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн маргаж буй асуудал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэр биш тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч нар нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргах байсан.

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 09, 10, 11 сар, * нь 2022 оны 09, 10, 11 сар, ******* 2022 оны 10, 11, 12 сар, ******* 2022 оны 10, 11, 12 cap, ******* 2022 оны 10, 11, 12 сар, ******* 2022 оны 10, 11, 12 сар, ******* 2022 оны 09, 10, 11 сарын илүү цагийн цалин хөлсийг олгуулахаар маргасан.

******* нь сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд цалин хөлсийг тооцон олгодог. Ажилтны тухайн сарын илүү цагийн нэмэгдэл хөлс нь дараа сарын 10-ны өдрийн цалин хөлсөд бүрэн бодогдож олгогддог бөгөөд хэрэв 09 дүгээр сард илүү цагийн хөлсийг дутуу

олгосон буюу эрх зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд 10 дугаар сарын 10-ны цалин олгосон өдрөөс тооцон 90 хоногийн дотор *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нар нь уг комисст анх 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэсэн огноотой гомдлыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 153 хоногийн дараа гомдол гаргасан.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нар нь илүү цагийн хөлс гаргуулахаар шаардах эрхгүй буюу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч нарын хувьд илүү цагийн нэмэгдэл хөлсийг дутуу олгосон талаар маргаж байгаа тохиолдолд тухайн сарын цалингаасаа эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32023/08879 дугаар захирамж гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан ажлын 10 хоногийн хугацааг тоолох ёстой. Ийнхүү тоолбол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх хугацаа 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дууссан.

Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд гомдол гаргах хугацаа хэтэрсэн. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн гомдолд тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч *******, *, *******, *******, *******, *******, ******* нар нь хариуцагч *******-д холбогдуулан 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь хуульд заасан журмын дагуу цалин олгосон, илүү цагийн нэмэгдэл хөлс тооцох үндэслэлгүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч нар хэтрүүлсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлтийг өгөхдөө хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж дүгнэнэ.

 

3.1. Нэхэмжлэгч нар *******-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг байх бөгөөд 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сард уртын ээлжинд ажиллахдаа сар бүр 56 цаг илүү ажиллажээ.

Дээрх хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлстэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасныг 2023 оны 03 дугаар сарын 01, 16-ны өдрүүдэд буцаасан, Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасныг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэрлэж урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

Улмаар 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзахад дахин 2023 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан цалин олгосон хүснэгтээр нэхэмжлэгч нар 2022 оны 09 дүгээр сарын үлдэгдэл цалинг 10 дугаар сарын 09, 10 дугаар сарын үлдэгдэл цалинг 11 дүгээр сарын 09, 11 дүгээр сарын үлдэгдэл цалинг 12 дугаар сарын 09-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын үлдэгдэл цалинг 02 дугаар сарын 09-ний өдөр тус тус бодуулж авчээ

 

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор энэ талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргах ёстой болохыг заасан.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолдог журамтай.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар тухайн сарын цалингаа авсан үеэс илүү цагийн хөлсийг тооцож олгоогүйг мэдэх ёстой байсан тул 2022 оны 09-10 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлс шаардсан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан гомдол гаргах 90 хоногийн хугацааг хэтрүүлжээ.

Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10 дугаар сарын үлдэгдэл цалин авсан учир 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор илүү цагийн нэмэгдэл хөлстэй холбоотой гомдлоо Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч тал 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан болохоо тайлбарласан.

 

3.3. Нэхэмжлэлээс үлдэх 2022 оны 11-12 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэх хэм хэмжээнд заасан хөөн хэлэлцэх хугацааг мөн хэтрүүлжээ.

Учир нь, Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэрлэж, нэхэмжлэгч нарын гомдлыг шийдвэрлэсний дараа 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн хугацаанд багтсан.

Гэвч, дээрх нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсаны дараа 2023 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд дахин нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн.

Ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэзээ хүлээн авсан талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй.

Энэ тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх талуудын зарчмаас хальж өөрийн санаачилгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэзээ гардуулсан, хүргүүлсэн эсэхийг шалгах ажиллагааг хийхгүй.

 

3.4. Нэхэмжлэгч нар 2024 оны 09 дүгээр сарын 02, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн бөгөөд үүнд хуульд заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагагүй.

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын 2022 оны 12 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлс шаардсан хэсэг нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн болохыг дээр дурдсан.

Харин 2023 оны 01 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлс шаардсан шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн болохыг дурдаж байна.

Үүнд холбогдох нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

3.5. Иймд, нэхэмжлэгч нар хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангана.

 

4. Дээрх үндэслэлээр хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар өгсөн анхан шатны шүүхийн алдаатай эрх зүйн дүгнэлтийг залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04629 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар хариуцагч *******-нд холбогдох нэхэмжлэгч *******ийн 20,084,820 төгрөг, *******ын 9,126,936 төгрөг, *гийн 22,256,232 төгрөг, *******ын 27,640,452 төгрөг, *******ийн 12,061,140 төгрөг, *******ын 19,437,096 төгрөг, *******ийн 15,215,256 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,027 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ