Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01609

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/04085 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт шилжүүлсэн 11,155,000 төгрөг, алданги 2,810,060 төгрөг, нийт 13,965,060 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие ******* ХХК-ийн захирал *******тай 2024 оны 09 сарын 03-ны өдөр ******* маркийн 250 квт хүчин чадалтай автомат зуухыг 23,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 11,155,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний хугацаа 2024 оны 10 сарын 03-ны өдөр дуусгавар болсон, манай захиалсан зуухыг хүлээлгэн өгөх боломжгүй гэсэн тул урьдчилгаанд төлсөн 11,155,000 төгрөг, алданги 2,810,060 төгрөг, нийт 13,965,060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Зуухыг хүлээлгэн өгөх боломжгүй учир 11,155,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Гэрээнээс татгалзсан бол алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй тул 2,810,060 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 13,564,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 400,580 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 225,772 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж алданги шаардаад байгаа эсэх, гэрээнээс учирсан хохирол шаардаад байгаа эсэхийг тодруулаагүй. Мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, алдангид 2,409,480 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт алдангийг хассан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний урьдчилгаанд төлсөн 11,155,000 төгрөг, алданги 2,810,060 төгрөг, нийт 13,965,060 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 11,155,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 2,810,060 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.  

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасны дараа нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,810,060 төгрөгөөр багасгаж, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,155,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/04085 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,810,060 төгрөгөөр багасгаж, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,155,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 53,502 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР