Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 511

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Сэлэнгэ аймаг Шаамар сум 2 дугаар баг Охиндий Орхон 1-р гудамж 1-08 тоотод оршин суух Боржигин овогт Насанбатын Үүрцайхын /УГ-86101360/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Шаамар сум 2-р баг 1-8 тоотод оршин суух Тайж овогт Болдбаатарын Эрдэнэсайханд /МО-86030317/ холбогдох

“4.000.000 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Үүрцайх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                           

Нэхэмжлэгч Н.Үүрцайх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Үүрцайх миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.19-ний өдрийн 657 дугаар шийдвэрээр Б.Эрдэнэсайхан бидний гэрлэлтийг цуцласан. Мөн охин Э.Зулцэцэг, Э.Номин-Эрдэнэ нарыг эх Н.Үүрцайх миний асрамжинд үлдээж, бидний амьдарч байсан байр болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 3 дугаар хэсэгт байрлах 27 дугаар байрны 15 тоот 2 өрөө орон сууцны талаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан. Шүүх  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 3 дугаар хэсэгт байрлах 27 дугаар байрны 15 тоот 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд Б.Эрдэнэсайханы өмчөөр бүртгэгдсэн боловч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Би Б.Эрдэнэсайханыг хүүхдүүдийнхээ эрх ашгийг бодолцон дээрх орон сууцнаас ногдох хувийг гаргаад өгчих гэж бодсон боловч  бид энэ талаар тохиролцож чадахгүй байна. 2016 оны 04-р сард 4.000.000 өгнө хэмээн нотариатаар орж гэрээ хийсэн боловч үүнийгээ хэрэгжүүлэхгүй байна.

Иймд Б.Эрдэнэсайханаас гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р баг 3-р хэсэгт байрлах 27-р байрны 15 тоот 2 өрөө орон сууцны охин Э.Зулцэцэг, Э.Номин-Эрдэнэ болон Н.Үүрцайх бидэнд ногдох хувиас тооцож 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

            Нэхэмжлэгч Н.Үүрцайх нь Б.Эрдэнэсайханаас 4.000.000 төгрөг нэхэмжилсэн асуудлаар хариуцагч талаас 3.000.000 /гурван сая/ төгрөгийн бэлэн мөнгө хэлбэрээр 2017 оны 03-р сард багтаан нэхэмжлэгчид төлөхөөр, нэхэмжлэгч Н.Үүрцайх нь нэхэмжлэлийн шаардлагын 1 сая төгрөгөөс татгалзахаар талууд эвлэрэн хэлэлцлээ.

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

                    Нэхэмжлэгч:                          Н.Үүрцайх

                    Хариуцагч                              Б.Эрдэнэсайхан   гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Үүрцайх нь хариуцагч Б.Эрдэнэсайханаас “4.000.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Н.Үүрцайх нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 1.000.000 төгрөгийг багасгаж, үлдэх 3.000.000 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэсайхан 2017 оны 03-р сард багтаан өгөхөөр талууд   эвлэрэн  хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад тохирох тэмдэгтийн хураамж 62.950 төгрөгийн тал хувь болох 31.475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Н.Үүрцайхын нэхэмжлэлтэй Б.Эрдэнэсайханд холбогдох “4.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчид нь 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад тохирох тэмдэгтийн хураамж 62.950 төгрөгийн тал хувь болох 31.475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА