| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2024/06737/И |
| Дугаар | 210/МА2025/01610 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01610
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05060 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөрт төлсөн 16,335,200 төгрөгийг буцаан гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Талууд 2019 оны 09 сарын 06-ны өдөр 01/19 тоот ******* үйлчилгээний төвд павилион ажиллуулах түрээсийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу 1 давхрын 19 тоот 58.34 м.кв талбайг гоо сайхан, гэр ахуй, гоёл чимэглэл, бичиг хэрэг, гар утасны дагалдах хэрэгсэл худалдан борлуулах зорилгоор 16,335,200 төгрөгийг 2019 оны 09 сарын 06-ны өдөр шилжүүлсэн. Тухайн талбайг түрээслэгч талд хүлээлгэж өгөөгүй, ашиглалтад орохгүй удаж 2 жилийн хугацаа өнгөрсөн. Гэрээний хугацаа дууссан талаар удаа дараа мэдэгдэж, төлбөрөө буцаан авахаар хүсэлт гаргасан боловч хүлээж бай гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн. ******* нь тухайн талбайг ашиглалтад орох хүртэл хүлээсэн боловч ашиглаж, ажиллуулж чадаагүй. Түрээслэгч нь түрээсийн талбайг хүлээлгэж өгөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй.
Иймд 16,335,200 төгрөгийг ******* ХХК-аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Түрээсийн 3 сарын төлбөр, барьцааны хамт нийт 16,335,200 төгрөгийг хүлээж авсан. Түрээсийн талбайг улсын комисс 2021 оны 09 сард хүлээн авч, 2022 оны 01 сараас эхлэн түрээслэгч нарыг оруулж эхэлсэн. Түрээслэгч ******* нь 2022 оны 01 сарын сүүлээр түрээсийн байранд орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2022 оны 05 сарын 02-ны өдөр тус байгууллагад түрээсийн талбайгаа түрээслэх боломжгүй боллоо, гэрээг цуцлаад тодорхой хэмжээний төлбөрийг хасуулаад суутган олгохыг хүссэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн. Гэрээгээ цуцлах болсон тухай бичгээр ирүүлсэн ч гэсэн талбайд үйл ажиллагаа явуулж байсан. ******* нь 2022 оны 12 сард түрээсийн талбайд байсан эд хогшил, бараа бүтээгдэхүүн зэргийг авч явсан. ******* нь 6 сарын хугацаанд талбайд үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 12,251,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,083,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 210,972 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. 1 м.кв талбайг 70,000 төгрөгөөр түрээслэж байсан ба тухайн талбай нь 47.71 м.кв байсан талаар ******* ХХК-ийн гэрч нягтлан *******, *******, мөн хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарладаг тул 1 сарын түрээсийн төлбөр нь 47.71 м.кв х 70,000 = 3,339,700 төгрөг болно.
4.2. Анхан шатны тойргийн шүүх 4,083,800 төгрөгийг хасахгүйгээр 3,339,700 төгрөгийг хасаж шийдвэрлэх байсан. 744,100 төгрөгийг илүү хасаж шийдвэрлэсэн бөгөөд 744,100 төгрөгийг нэмбэл 12,995,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэх байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт төлсөн 16,335,200 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2019 оны 09 сарын 06-ны өдөр 01/19 тоот ******* үйлчилгээний төвд павилион ажиллуулах түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 1-р давхрын 58.34 м.кв талбайг гоо сайхан, гэр ахуй, гоёл чимэглэл, бичиг хэрэг, утасны дагалдах хэрэгсэл худалдах зориулалтаар шилжүүлэх, ******* нь 1 сарын түрээсийн төлбөрт 4,083,800 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
4.1. Түрээслэгч ******* нь 3 сарын түрээсийн төлбөр болон барьцаанд нийт 16,335,200 төгрөгийг /4,083,800 х 4/ түрээслүүлэгч ******* ХХК-д шилжүүлэн өгсөн;
4.2. Түрээслүүлэгч ******* ХХК нь түрээсийн гэрээнд заасан хугацаанд худалдаа үйлчилгээний талбайг түүрэслэгч *******ийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгч чадаагүй;
4.3. ******* үйлчилгээний төв 2021 оны 12 сард ашиглалтад орсон ба түрээслэгч ******* нь түрээсийн талбайг 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд эзэмшил, ашиглалтдаа байлгасан;
4.4. Улмаар, түрээслэгч ******* нь түрээсийн гэрээнээс татгалзаж буй хүсэл зоригоо түрээслүүлэгч ******* ХХК-ийн борлуулалтын албанд 2022 оны 05 сарын 02-ны өдөр бичгээр илэрхийлсэн.
5. Иймд түрээсийн гэрээний дагуу төлсөн нийт 16,335,200 төгрөгөөс 1 сарын түрээсийн төлбөр болох 4,083,800 төгрөгийг хасаж, үлдэх 12,251,400 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.
Талууд түрээсийн гэрээнээс татгалзсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг нэмсэн өөрчлөлтийг оруулна.
6. Нэхэмжлэгч талын гаргасан ...анхан шатны шүүх 4,083,800 төгрөг бус харин 3,339,700 төгрөг /47.71 м.кв х 70,000/-ийг хасаж шийдвэрлэх байсан... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 3.3-т Түрээсийн талбайн 1 сарын түрээсийн төлбөр 4,083,800 төгрөг байна гэж тусгажээ.
Өөрөөр хэлбэл, талууд 1 сарын түрээсийн төлбөрийг 4,083,800 төгрөг гэж тохиролцсон байх буюу 1 м.кв нь 70,000 төгрөг гэж тохиролцоогүй байна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05060 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ..318.1... гэсний дараа ...205 дугаар зүйлийн 205.1... гэж нэмж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 22,408 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.НЯМБАЗАР