Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01611

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/04099 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие *******тэй 2024 оны 03 сарын 24-ний өдөр гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* хотхоны ******* байрны ******* тоотыг аж ахуйн үйл ажиллагаа явуулах /хүнсний дэлгүүр/ зорилгоор 1 жилийн хугацаатай, сарын 3,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. Тухайн өдөр 3 сарын түрээсийн төлбөрийг 1 сарын барьцааны хамт 12,000,000 төгрөг шилжүүлсэн. Дэлгүүр архины зөвшөөрөлгүй байсан ба 04 сарын дундуур зөвшөөрөл нь гарна гэж хэлсэн боловч гараагүй. 2024 оны 06 сарын 25-ны өдөр 3 сарын хугацаа дууссан. Манайх гарлаа, хүн ирж үзэх юм бол хоёр талаасаа ирж үзүүлье гэж хариуцагчтай тохиролцсон чинь 14 хоногийн дотор түрээс төлөхгүй суучих, тэр хугацаанд би дараагийн хүнээ олно гэж хэлсэн. 2024 оны 07 сарын 09-ний өдөр болоход би хариуцагч *******д танай хэлсэн 14 хоногийн хугацаа чинь боллоо гэхэд за ойлголоо, хүнээ олоогүй учраас хоёр талаасаа ярьж байгаад үзүүлж байя гэж хэлсэн. Дэлгүүрээ манайх ажиллуулахгүй хаагаад явсан, ажиллуулаагүй. Хариуцагч нь 2024 оны 09 сарын 01-ний өдөр гэхэд дэлгүүр суллаарай гэхээр нь бүх бараагаа гэр рүү ачаад явсан. Гэрээний 3 сарын хугацаа дуусахын өмнө буюу 2024 оны 05 сарын 22-ны өдөр тог тасалсан. Өмнө нь хэд хэдэн удаа ус тасалсан. Яагаад ус, тог тасалсан бэ гэхэд ашиглалтын тооцоо гарсан байна, өмнөх түрээслэгч нарын үлдээсэн зардал гэж хэлсэн. 2025 оны 06 сарын 22-ны өдөр ******* нь надад 5,500,000 төгрөг түр зээлчих, СӨХ-ны зардлын мөнгө нэхэгдээд байна, танайх гарах болохоор манай талаас дараагийн түрээслэгчийг олоод 3 сарын мөнгийг нь аваад чамаас зээлсэн 5,500,000 төгрөгөө өгнө гэж хэлсэн. Зээлдүүлэхгүй байя гэж бодсон боловч хөргөгчинд байсан бараа гэсэх гээд байсан учир зээлдүүлсэн. Анхнаасаа гэрээний 3 сарын хугацаа дуусаад гарна гэж ярьсан байсан. Манайхаас тог, цахилгааны мөнгийг дэлгүүр сулласан үе хүртэлх хугацаагаар нэхсэн. Би анх түрээслэхдээ барьцааны мөнгө 3,000,000 төгрөг өгсөн түүнээс суутгаж ав гэж хэлсэн. Уг нь тог цахилгааны мөнгө 1,000,000 гаруй төгрөг байх ёстой.

Иймд хариуцагч *******өөс 5,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Анх ******* ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал ******* нь Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* хотхоны ******* байрны ******* тоотод байрлах бүрэн тохижуулсан 7 нэрийн хүнсний дэлгүүрийг иргэн *******д 2024 оны 03 сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж нэг жилийн хугацаатай түрээслүүлсэн. Ингэхдээ эхний 3 сарын мөнгийг төлсөн. Дараа нь 5,500,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Түүнээс хойш нэхэмжлэгч тал огт мөнгө төлөөгүй. Бид нар нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй. Энэ хугацаанд гарсан бүх тог, цахилгааны төлбөрийг манайх хариуцаж үлдсэн. Тухайн үед 2024 оны 07 сард *******ыг гараач гэж хэд хэдэн удаа хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч 100,000,000 гаруй төгрөгийн бараатай учраас хаашаа явах юм бэ гээд байсан. Бид нар түрээслэх хүн явуулаад байсан. Зайсанд түгжрээтэй учраас өөрсдөө явах шаардлагагүй гэж бодож байсан. Гэтэл нэхэмжлэгч очсон хүмүүсийг энэ дэлгүүр өдөртөө 1,000,000 төгрөгийн л орлого ордог юм байна лээ гэж хэлээд явуулаад байсан байдаг. Өмнө нь түрээслэж байсан хүмүүс өдөртөө 2,500,000-3,000,000 төгрөгийн ашиг олдог байсан гэж хэлсэн. Анх сарын 3,000,000 төгрөгийн түрээстэй буюу маш хямдхан үнээр түрээслэж байсан. Цоо шинэ, дотор талд нь бүрэн тохижсон дэлгүүр байсан ба 180 м.кв талбайг 3,000,000 төгрөгөөр л түрээсэлсэн. Нэхэмжлэгч тал гарна гэж хэлдэг боловч огт гардаггүй. Сүүлд намайг очиход дэлгүүрийг минь онгорхой хаясан байсан ба дотор нь бүх бараагаа онгорхой орхиж, 3 хоносон байсан. Сүүлдээ хэрхэн гаргах учраа олохоо байсан. Манайх авлагатай болохоос өглөг байхгүй. Тиймээс ямар ч мөнгө өгөхгүй. Түрээслүүлж байх хугацаанд ******* ХХК-аас ашиглалтын зардалд 5,548,000 төгрөг нэхэмжилж цахилгаан дулааны хязгаарлалт хийсэн тул 5,500,000 төгрөгийг *******аас авч 2024 оны 06 сарын 22-ны өдөр ******* ХХК-д 5,548,000 төгрөгийг шилжүүлж цахилгаан дулааны хязгаарлалтаас чөлөөлүүлсэн. *******аас ******* рүү шилжүүлсэн 5,500,000 төгрөг нь зээлдүүлсэн мөнгө биш, сүүлийн саруудын түрээсийн мөнгө болон түүний ажиллуулж байх хугацааны ашиглалтын зардал юм.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******өөс 5,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 102,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх ******* ХХК нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрөө тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь алдаатай байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд түрээсийн гэрээг байгуулахдаа ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал болох ******* нь мөнгийг хүлээн авч гэрээг баталгаажуулсан талаар талууд маргадаггүй.

4.2. Нэхэмжлэгчийн 2024 оны 06 сарын 22-ны өдөр шилжүүлсэн зээл гэх 5,500,000 төгрөг нь 2024 оноос 06 сарын 25-ны өдрөөс хойших хугацааны түрээсийн төлбөр байсан болох нь тогтоогддог. Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбартаа миний төлсөн түрээсийн төлбөрийн хугацаа 2024 оны 06 сарын 25-ны өдөр дууссан боловч 2024 оны 09 сард суллаж өгсөн болохыг хүлээн зөвшөөрдөг. Мөн ******* нь 12,000,000 төгрөгийг түрээсийн гэрээний 3.1-т *******ий ******* дугаар ******* банкны дансанд төлөхөөр тохиролцсон дансанд шилжүүлсэн. Эдгээрийг дүгнэвэл 2024 оны 06 сараас 09 сарыг хүртэл хугацааны 3 сарын түрээсийн төлбөрийн 9,000,000 төгрөгийн төлбөрийн 5,500,000 төгрөгийг 2024 оны 06 сарын 22-ны өдөр төлөөд үлдэгдэл төлбөр болох 3,500,000 төгрөгийн төлбөрийг барьцаа төлбөрт шилжүүлэн төлсөн болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн.

4.3. Түрээсийн гэрээний 6.3-т талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд Үндэсний ба олон улсын арбитраар шийдвэрлүүлэх-ээр заасан байхад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу шүүх хэргийн харьяаллыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна.

4.4. Хариуцагч *******ий хувьд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд түрээсийн төлбөрийг өөрийн дансаар хүлээн авсан. Гэтэл ******* ХХК-ийг түрээсийн төлбөрөө тусад нь нэхэмжлэх нь зүйтэй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Учир нь түрээсийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ гэрээтэй холбоотойг тусад нь төлбөртэй холбоотойг тусад нь шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх нь үндэслэлтэй.

4.5. Түүнчлэн гэрээний дагуу төлсөн төлбөрийг зээл мэтээр шийдвэрлэх нь анхан шат шүүх хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах зайлшгүй нөхцөл бүрдсэн байхад гуравдагч этгээдийн талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Түрээсийн гэрээг 2024 оны 06 сарын 25-ны өдөр дуусгавар болгохоор *******тэй тохиролцсон. Гэтэл 2024 оны 06 сарын 25-ны өдөр дэлгүүрээс нүүж гарах гэсэн боловч 2024 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл түр суучих, түрээс авахгүй энэ хугацаанд түрээслэгч олно гэж хэлсэн учраас 07 сарын 09-ний өдрөөс хойш дэлгүүрээ хаагаад хүн ирж үзэх бол үзүүлье гэж бодоод огт ажиллуулаагүй. 2024 оны 06 сарын 25-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийг төлсөн бөгөөд 06 сарын 22-ны өдөр тог тасарсан. Шалтгааныг нь тодруулахад ашиглалтын зардлаа төлөөгүй гэж хэлсэн. Ашиглалтын зардлыг ******* хариуцдаггүй, түрээслэгч нь төлөөд хариуцаж байсан. Тухайн 5,500,000 төгрөгийн ашиглалтын зардал нь манайхыг түрээслэхээс өмнөх хугацаанд хамаарч байсан. Уг зардлыг төлүүлэхээр *******д хэлэхэд одоохондоо мөнгө байхгүй учраас дараагийн түрээслэгчийг олоод түрээсийн мөнгийг барьцааны мөнгөтэй авахдаа буцаагаад өгье түр зээлээч гэсний дагуу зээлсэн. Энэ төлбөр нь түрээсийн гэрээний төлбөр биш бөгөөд түрээсийн гэрээний хугацаа дууссан.

Дээрх үндэслэлээр 5,500,000 төгрөгийг түр хугацаанд зээлдүүлсэн гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгчийн шаардсан 5,500,000 төгрөг нь зээл биш харин ашиглалтын зардал болон түрээсийн төлбөр... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн 72-р талд авагдсан мемориалын ордер /бэлэн бус гүйлгээний баримт/-оос үзвэл ******* нь 2024 оны 06 сарын 22-ны өдөр 5,500,000 төгрөгийг *******д EB-zeelduulev гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

4. Хариуцагч ******* нь дээрх 5,500,000 төгрөгийг зээл биш, харин ашиглалтын зардал болон түрээсийн төлбөр гэж маргаж байгаа тохиолдолд уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох учиртай.

4.1. Гэтэл хариуцагч ******* нь өөрийн тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түүний тайлбар, татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

4.2. Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 5,500,000 төгрөгийг EB-zeelduulev гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байтал хариуцагч ******* нь тухайн үед зээл биш гэж маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 5,500,000 төгрөгийг дээрх гүйлгээний утгатайгаар түүний дансанд шилжсэн цаг хугацаанд уг дүнг зээл биш гэж маргах боломжтой байсан гэж үзнэ.

5. Иймд хариуцагч *******өөс зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн байна.

6.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

6.1. Зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлтэй маргааны хариуцагч нь ******* тул ******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээтэй холбоотой маргаан нь тусдаа асуудал гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Иймд ...анхан шатны шүүх ******* ХХК нь түрээсийн төлбөртэй холбоотой асуудлыг тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь буруу... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6.2. Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно гэж зохицуулсан тул ...түрээсийн гэрээний 6.3-т талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд арбитраар шийдвэрлүүлэхээр заасан байхан анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь буруу... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Түүнчлэн хариуцагч нь хэргийн харьяаллын талаар анхнаасаа маргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гарган мэтгэлцсэн тул арбитр шийдвэрлэх ёстой байсан гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд түрээсийн гэрээний энэхүү зохицуулалт нь зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй.  

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/04099 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 102,941 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР