| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2024/04086/И |
| Дугаар | 210/МА2025/01648 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/01648
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/03793 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Гуравдагч этгээд: *******,
Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 3235 дугаар шийдвэрээр *******гээс 102,858,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох *******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Төлбөр төлөгч хөрөнгийн зах зээлийн үнийг 170,240,000 төгрөг гэж үнэлж санал гаргасан. *******аас дээрх хөрөнгийг *******ээр үнэлүүлсэн бөгөөд төлбөр төлөгч талаас 2024 оны 06 сарын 11-ний өдөр үнэлгээний мэдэгдлийг хүлээн авсан. Хөрөнгийн үнэлгээг 101,746,004 төгрөгөөр тогтоосон байна. Гэтэл тухайн байршилд байрлах ашиглалтад ороод удаагүй орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-ийн үнэлгээ нь зах зээлд дунджаар 3,500,000-4,500,000 төгрөгийн үнэтэй ба үнэлгээнд ашиглагдах үнэ цэнийн суурийг зөв тодорхойлоогүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүдийг буруу тооцоолж, нэг м.кв-ын үнийг 2,390,648 төгрөг гэж хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.
Иймд орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж үнийн санал авахад хүлээн зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээний тайлан гарахдаа 101,746,004 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг танилцуулсан. Үнэлгээ хуульд зааснаар үндэслэлтэй гарсан бөгөөд зах зээлийн ханшаас хэт доогуур гэдэг талаарх баримт байхгүй. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ зөвхөн байраар үнэлсэн, харьцуулсан баримтууд нь тавилгатай орон сууцнууд байдаг.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Барьцаа хөрөнгө болох орон сууцыг хэт доогуур үнэлсэн нь үндэслэлгүй. Иймд үнэлгээг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.
4. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
5.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэдэг агуулгатай байсан. Ийнхүү шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн аваагүй нь нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, мэтгэлцэх эрх хязгаарлагдсан явдал болсон гэж үзэж байна.
5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээ хийсэн шинжээч шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргахдаа тухайн харьцуулсан үнэлгээ хийсэн орон сууцнууд нь өөр хороонд байрладаг, харьцуулалт хийхэд зохимжгүй байрлалтай байдал зэргийг харгалзан үзээгүй. Энэ талаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн талаас тайлбарлаж байсан.
5.3. *******ын төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад энэ талаар тодорхой тайлбар гаргаагүй, шинжээчийн дүгнэлтэд харьцуулалт хийсэн орон сууцнууд нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй нэг хороонд байрладаг тухай нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
6.1. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, хэргийг хянан шийдвэрлэсэн. Тус шүүх хурал 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 12:00 цагт товлогдсон боловч өмнөх хурал нь дуусаагүй, танхим сулраагүй шалтгаанаар 14:00 цагт шүүх хурал эхэлсэн. Манай өмгөөлөгч 12:00 цагаас хойш хурлаа 2 цаг хүлээж байгаад дараагийн ажлын цаг нь болсон гээд явсан. Би энэ талаар шүүгчид тайлбарласан боловч миний тайлбарыг хүлээн аваагүй хурлыг үргэлжлүүлсэн.
6.2. Гуравдагч этгээд *******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцны хөрөнгийн үнэлгээг хийхдээ шинжээч ******* нь Баянзүрх дүүргийн 32-р хороонд байрлалтай орон сууцтай харьцуулж хөрөнгийн үнэлгээг 101,746,004 төгрөг гэж гаргасан. Үүнийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна.
Иймд миний хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг буруу үнэлсэн гэж үзсэн тохиолдолд өөр шинжээч томилуулах, нотлох баримт шүүхэд гаргаж өгөх зэрэг өөрт олгосон эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан. Эдгээр эрх, үүргийг биелүүлээгүй хэр нь давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг 101,746,004 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Гуравдагч этгээд ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.
3. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 3235 дугаар шийдвэрээр *******гээс 102,858,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, ******* нь үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд *******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн... тухай дурдсан байх ба хариуцагч болон гуравдагч этгээд энэ талаар маргаагүй.
Иймд дээр дурдсан шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй боловч энэ нь маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзлээ.
4. ******* нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 2023 оны 03 сарын 30-ны өдөр орон сууцыг битүүмжилж, 2024 оны 05 сарын 16-ны өдөр орон сууцыг хураан авч, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч үнийн саналыг харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 06 сарын 03-ны өдөр *******ыг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд тус тус заасантай нийцжээ
5. *******ын үнэлгээчин ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь эрх бүхий байгууллагаас олгосон Хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээ-гээр тогтоогдож байна.
6. Шинжээч ******* нь *******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцны зах зээлийн үнийг 2024 оны 06 сарын 06-ны өдрийн байдлаар 101,746,004 төгрөгөөр үнэлсэн байх ба үнэлгээний тайландаа үнэлгээнд ашигласан стандарт, хандлага, аргыг тодорхой дурдаж, үнэлж буй орон сууцны мэдээллийг /ашиглалтад орсон огноо, хийц бүтээц, байршил, зориулалт, хэмжээ, гадна зогсоол, орчны тохижилт, чанар байдал, инженерийн шугам сүлжээ, төв зам хүртэлх зай г.м/ тодорхой тусгажээ.
Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.
7. Шинжээч ******* нь шүүх хуралдаанд оролцсон бөгөөд ...маргаан бүхий орон сууцтай ойролцоо байршил, хийц бүтээцтэй 10 орон сууцнаас 3 орон сууцыг сонгосон... гэсэн тайлбарыг гаргасан байх тул ...шинжээч нь маргаан бүхий орон сууцыг өөр хороонд байршилтай орон сууцтай харьцуулсан... гэх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Тусгай мэдлэг бүхий этгээд болох шинжээчийн гаргах үнэлгээний тайлан нь зөвхөн байршил бус бусад олон хүчин зүйлсэд үндэслэгдэн гардаг болохыг тайлбарлах нь зүйтэй.
8. Түүнчлэн ...маргаан бүхий орон сууцны 1 м.кв-ын үнэлгээ нь 3,500,000 - 4,500,000 төгрөг байдаг... гэсэн тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх нь нэхэмжлэгчийн өөрийн хүлээх үүрэг тул ...анхан шатны шүүх шинжээч томилж хөрөнгийн үнэлгээг хийлгүүлэх тухай хүсэлтийг хүлээн аваагүй... гэх түүний гомдлыг хангах үндэслэлгүй.
10. 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 12:00 цагт товлосон шүүх хуралдаан нь мөн өдрийн 14:10 цагаас эхэлсэнд шүүхийн буруутай үйл ажиллагаа тогтоогдсонгүй.
Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын өмгөөлөгч нь ...дараагийн ажлын цаг болсон, хурал давхацсан гээд явсан... гэх боловч хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтгүй тул холбогдох гомдлыг хангахгүй.
11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/03793 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2025 оны 07 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдээс 2025 оны 06 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Д.НЯМБАЗАР