| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2024/03136/И |
| Дугаар | 210/МА2025/01649 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/01649
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг
Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/04982 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 16,439,550 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: *******ын Дохиолол холбооны ******* анги нь ******* ХХК-тай ОГ/22/169 дугаар гэрээ байгуулсан. Гэрээгээр Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 12,85 км хатуу хучилттай авто замын төслийн ажилтай холбогдуулан кабелийн трасс өөрчлөх, мөн холбооны агаарын шугамыг хурааж кабельд шилжүүлэх ажлыг хийхээр тохиролцон, ажлын хөлсийг 21,919,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, захиалагч нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний дагуу урьдчилгаа 50 хувь буюу 10,959,300 төгрөгийг 2022 оны 06 сарын 02-ны өдөр захиалагч тал шилжүүлсэн. Гэрээт ажлыг гүйцэтгэгч тал бүрэн хийж дуусгасан ба үлдэгдэл төлбөр 10,959,500 төгрөгийг захиалагч тал шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Талууд 2023 оны 03 сарын 31-ний өдрөөр тооцоо нийлэн үлдэгдэл төлбөрийн тооцооллыг баталгаажуулсан. Гэрээний 2.2.3-т заасан нөхцөлөөр алданги тооцвол 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл нийт 366 хоног буюу 20,056,251 төгрөг байх бөгөөд алданги нь 5,479,850 төгрөг болж байна.
Иймд үндсэн төлбөр 10,959,700 төгрөг, алданги 5,479,850 төгрөг, нийт 16,439,550 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч бодит байдал дээр ажил гүйцэтгэсэн зүйл байгаа гэхэд хэцүү, ажлаа хүлээлгэж өгөөгүй. Гэрээгээр ажлаа хүлээлгэж өгсний дараа төлбөр тооцоо төлөх байсан. Ажлаа дутуу хийсэн, бүрэн хийгээгүй, хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Гэрээ байгуулснаар ажил гүйцэтгэсэн гэдгийг тодорхойлох боломжгүй гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 16,439,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,148 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 240,148 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Зохигчид 2022 оны 05 сарын 20-ны өдөр ажил үйлчилгээний гэрээ байгуулж нэхэмжлэгч нь тодорхой ажлыг гүйцэтгэж, хариуцагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг огт хүлээлгэн өгөөгүй, ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, мөн ажлыг гүйцэтгэхэд ямар хэмжээний зардал гарсан талаар баримт хэрэгт авагдаагүйн сацуу хуульд заасны дагуу ажлыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хөлс төлөх үүргийг хүлээхгүй атал шүүгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
4.2. Нэхэмжлэгч талаас төлөөлөх эрхийг *******д 2024 оны 05 сарын 27-ны өдөр итгэмжлэл олгосон бөгөөд уг итгэмжлэлд хугацаа заагаагүй. Тус хэргийн шүүх хуралдаан 2025 оны 06 сарын 02-ны өдөр болоход уг итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон байсан бөгөөд хариуцагч талаас итгэмжлэлийн хугацааг сунгах, эсхүл шинээр итгэмжлэл авах шаардлагатай гэж хүсэлт гаргасан ч шүүгч Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д заасныг буруугаар тайлбарлан хэрэглэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд итгэмжлэлийн хугацааг 1 жил, эсхүл 3 жил гэсэн хоёр хугацааг хуульчилж өгсөнөөс хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл гэх хугацаа Иргэний болон бусад ямар ч хуульд тусгагдаагүй.
4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцох эрхгүй бөгөөд ийнхүү оролцсоноор шүүгч нь уг этгээдийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг хөндсөн гэж үзэж байна.
4.4. Зохигчийн хооронд ажил үйлчилгээний гэрээ байгуулагдах үндэслэл нь хариуцагч нь зам гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд уг ажлын хүрээнд Төмөр замын агаарын шугамыг шилжүүлэх шаардлагын хүрээнд гэрээ байгуулагдсан. Уг ажлын хүрээнд гүүрийн ажилд ашиглахаар дам нурууг өөрийн зардлаар хийлгэж, илүү гарсан дам нурууг мөн өөр газар ашиглахаар үлдээсэн байсныг нэхэмжлэгч байгууллагын Дарханыг замын ******* ангийн ерөнхий инженер ******* нь зөвшөөрөлгүй авч явсан уг дам нуруу нэг бүрийг 90,000,000 орчим төгрөгөөр хийлгүүлж байсан. Уг дам нурууны төлбөрийг нэхэмжлэгчээс нэхэмжилж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хамааралгүй гэж үзэж үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
4.5. Хариуцагч талаас шүүгчийг хуульд заасан үндэслэлээр татгалзах хүсэлтийг гаргасан. Хэргийн оролцогчийн хувьд шүүгчийг шүүх хуралдааны аль ч үе шатанд татгалзах эрхтэй тул дээрх дүгнэлт үндэслэлгүй. Иймд уг хүсэлтийг шийдвэрлээгүй байхад шүүгч хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж гомдол гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч урьдчилгаа төлбөрийг 2022 оны 06 сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Ажлыг 2022 оны 06 сарын 15-ны өдөр хийж гүйцэтгэсэн ба хийж гүйцэтгэснээс хойш талуудын хэн аль нь шахуу ажилтай байсны улмаас ажил хүлээлгэж өгсөн баримт үйлдээгүй. Ажлын доголдлын талаар ямар нэгэн гомдол захиалагчаас энэ хугацаанд ирүүлээгүй. 2022 оны 12 сард захиалагч байгууллагын төлөөлөгч ******* гэх хүн ирж, манай дотоод холбооны ******* ангитай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тухайн ажлын гүйцэтгэлийн санхүүгийн баримт буюу тооцоо нийлсэн үлдэгдлийн баталгааг захиалагч тал өөрөө баталгаажуулсан. Мөн 2023 оны 03 сарын 31-ний өдөр биечлэн ирж гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэрээний дагуу хийгдсэн улсын хэмжээний автозамын ажлыг улсын комисс хүлээн авсан акт, албажиж гараагүй баримтыг үндсэн гүйцэтгэгч компанаас ирүүлсэн ба тус баримт хэргийг 63-р талд авагдсан. Уг баримт нь ажлын бодит гүйцэтгэл буюу үр дүнг илтгэнэ гэж үзэж байна. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримт болон хариу тайлбарыг бичгээр гаргаж өгөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нэг жилийн хугацаанд ямар нэгэн нотлох баримт болон хариу тайлбаргүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ажлын үр дүн гараагүй, ажил хүлээлгэж өгөөгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. *******-ийн дарга *******гээс итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 2024 оны 05 сарын 27-ны өдөр итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлийн хугацааг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д заасан тодорхой хугацаа буюу хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаатай олгосон. Хуульд итгэмжлэлийг 2-3 жилийн хугацаатай олгоно гэсэн заалт байхгүй бөгөөд тодорхой хугацаагаар олгоно гэж заасан тул үүнийг тодорхой хугацаа гэж ойлгох боломжтой. Төлөөлүүлэгч нь төлөөллийн эрхээ хэрэгжүүлэхдээ надаас татгалзсан гэх агуулгатай итгэмжлэл гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн агуулга нь бидний маргаж буй ОГ/22/169 дугаартай гэрээтэй хамааралгүй. Кабелийн трасс өөрчлөх мөн холбооны агаарын шугамыг хурааж кабельд шилжүүлэх ажлыг холбооны анги хийж гүйцэтгэж дууссан. Гэтэл хариуцагч тал тухайн ажлын байран дээр байсан өөрсдийн ган нурууг Улаанбаатар төмөр замын ажилтан авч явж, алга болгосон гэж гомдол мэдүүлсэн асуудал нь уг маргаанд хамааралтай, үндэслэл бүхий сөрөг нэхэмжлэл биш байсан. Шүүх хуралдаан эхлэх үед шүүгч талуудаас шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэх талаар тодруулахад хариуцагч тал шүүгчийг шийдвэрлэсэн хүсэлттэй нь холбогдуулан, нэхэмжлэгч талд үйлчилж байна гэсэн хардлагаар шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориудаар саад учруулж буй хариуцагчийн ухамсаргүй үйлдэл гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 10,959,700 төгрөг, алданги 5,479,850 төгрөг, нийт 16,439,550 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь 2024 оны 10 сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны явцад ...бодит байдал дээр ажил гүйцэтгэсэн зүйл байгаа гэхэд хэцүү, ажлаа хүлээлгэж өгөөгүй, гэрээгээр ажлаа хүлээлгэж өгсний дараа төлбөр тооцоо төлөх байсан... гэсэн агуулгатай тайлбарыг гаргасан байх тул хариуцагчийг хариу тайлбар өгөөгүй гэж шууд дүгнэх боломжгүй.
3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, итгэмжлэлийн хугацаа дууссан байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ыг шүүх хуралдаанд оролцуулж, тайлбар авч, гэрч асуулгаж, улмаар маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж заасныг зөрчсөн байна.
4. Нэхэмжлэгч байгууллагаас *******д 2024 оны 05 сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлд Итгэмжлэл нь энэхүү хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж дурдсан байх тул уг итгэмжлэлийн хугацаа Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д ...хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэж заасны дагуу 2025 оны 05 сарын 27-ны өдөр дуусгавар болсон байна.
Анхан шатны шүүх дээрх итгэмжлэлийн хугацааг хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр гэж тайлбарлан 2025 оны 06 сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ыг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу.
Учир нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа өөрөө тодорхой бус, хэрэг маргаан болгонд харилцан адилгүй байдаг тул энэ үйл явдлаар хугацааг тодорхойлох боломжгүй.
Түүнчлэн анхан шатны шүүхийн тайлбар нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно гэж заасантай харшилж байгааг тайлбарлах нь зүйтэй.
5. Хэдийгээр төлөөлүүлэгч байгууллага нь итгэмжлэлийн хугацааны талаар маргаагүй боловч хариуцагчийн зүгээс хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай, улмаар төлөөлөх эрхтэй этгээд биш гэж маргасан байхад анхан шатны шүүх үүнийг тодруулаагүй байх тул эрх бүхий зохигч мэтгэлцсэн, тэдгээрийн тайлбар, татгалзлыг үндэслэн хэргийг зохих ёсоор хянан шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй юм.
6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...анхан шатны шүүх нь захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй нөхцөл байдлыг анхаараагүй, сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн аваагүй... гэх давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/04982 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 240,148 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Д.НЯМБАЗАР