| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1154/Э |
| Дугаар | 1182 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1182
2019 07 26 2019/ШЦТ/1182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч /томилолтоор/ Э.Намуун, шүүгдэгч М.Э, шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д Т, Ө овогт М Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03138 1461 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Т нь 2019 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хөөмий” караокед иргэн Н.М маргалдан, улмаар түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
яллагдагч М.Э нь 2019 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хөөмий” караокед иргэн Б.Б маргалдан, улмаар түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: “...Би хоёр цагийн үед тус караокед орсон. Би ороод пиво ууж сууж байтал тэр хүмүүс орж ирсэн. Би А таньдаг байсан болохоор А намайг ганц татахгүй юм уу гэсэн. Тэгээд хажууд нь сууж байтал гэнэт нэг хүүхэн утас алга болчихлоо гэсэн. Би үүдэн хэсэгт сууж байсан болохоор ойртох боломжгүй байсан. Утас алга болчихлоо гэхэд бүгдээрээ над руу дайраад байсан болохоор би хаалгаа хаагаад хэн ч эндээс гараагүй юм чинь цагдаа дуудъя гэсэн. Тэр үед Тэмүүлэн орж ирээд юу болоод байгаа юм бэ? одоо тарцгаа гэсэн. Тэр үед Билгүүн над руу дайраад би ухраад гарсан чинь Билгүүний эхнэр гэх тайрмал үстэй хүүхэн намайг алгадаад, үсдээд байсан. Би эмэгтэй хүн чамтай юу ярих вэ дээ гээд түлхтэл Билгүүн намайг гарч ирээд цохьсон. Тэгээд зодоон болсон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: “....Энэ хэрэг 2019 оны 5 дугаар сарын 17 ноос 18-нд шилжих шөнө болсон. Би тухайн үед “Хөөмий” гэх караокед бармен хийдэг байсан. Би караокегоо хаагаад “та нар гар” гэхэд өөдөөс согтуу дайрсан. Эхлээд М намайг эхэлж цохисноос харилцан зодоон болсон.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-6, 7/, кяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11-15/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.М мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-18/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6126 дугаар дүгнэлт /хх-н 31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6129 дугаар дүгнэлт /хх-н 35/, мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Т.Н мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Э мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 45-47/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Т мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-52/, Д.Т иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 55, 57, 59/, М.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 62, 65, 70/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас шүүгдэгч Д.Т нь 2019 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хөөмий” караокед иргэн Н.М маргалдан, улмаар түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч М.Э нь 2019 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хөөмий” караокед иргэн Б.Билгүүнтэй маргалдан, улмаар түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Тг 2019 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн Н.М эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан,
шүүгдэгч М.Э нь 2019 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн Б.Б эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.М өгсөн: “...Миний толгойн ар хэсэгт хагарч зүсэгдсэн байна. Мөн зүүн гарын булчин хэсэгт зүсэгдэж 5-н оёдол тавиулсан. Миний биед учирсан гэмтлийг тэр караокены бармен гэх залуу учруулсан. Өөр хүн намайг зодоогүй." гэх мэдүүлэг, /хх-н 17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б өгсөн: "...тэр залуу миний зүүн нүдний хажууд болон зүүн гарын алга, зүүн гарын тохойны ар хэсэгт зүссэн." гэх мэдүүлэг, /хх-н 20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.А өгсөн: "...Нэг сэрсэн чинь Т, Э нартай М, Б нар хоорондоо маргалдаж, хоорондоо зодолдсон. Би хяналтын камерийн бичлэгийг шүүж харахад уг хаалганы шил маргаан үүсэхээс өмнө хагарсан байсан." гэх мэдүүлэг, /хх-н 28-29/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6126 дугаартай:
1. Н.М биед зүүн бугалганд шарх, зулгаралт, зүүн чихний дэлбээнд шарх, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...." гэх дүгнэлт, /хх-н 31/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6129 дугаартай:
1. Б.Б биед зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн нүдний гадна талд шарх, нуруу, баруун шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...." гэх дүгнэлт, /хх-н 35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Эийн өгсөн: "...Би Б.Билгүүний толгой, хүзүү, мөр хэсэг рүү нь цохисон..." гэх мэдүүлэг, /хх-н 46/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Т өгсөн: "...." гэх мэдүүлэг, /хх-н 51-52/
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч М.Э иргэн Б.Б эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Мөн шүүгдэгч Д.Т иргэн Н.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч М.Э, Д.Т нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Т нь 1 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Хохирогч Н.М, Б.Б нар нь өөрт учирсан хохирлын баримтаа шүүхэд ирүүлээгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д Т, Ө овогт М Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, М.Э нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, М.Э нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Т 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас хасч, нийт 435 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 435.000 /дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, М.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргасугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.