| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00496/И |
| Дугаар | 130/ШШ2016/00470 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2016/00470
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух, И овогт Я-н Сийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, Ш овогт Шн Жад холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ш.Жаас гэрээгээр тохиролцсон хөлс болох 400000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Я.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг Ш.Жтай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх 01 дугаар бүхий гэрээ хийсэн юм. Хоёр талын хооронд байгуулсан гэрээгээр үйлчлүүлэгч Ш.Ж нь нэхэмжлэл түүнд ашигтайгаар шийдвэрлэгдвэл өмгөөлөгч Я.Сэд 500000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн хөлс төлөхөөр болсон юм. Би гэрээний дагуу ажиллаж үйлчлүүлэгч Ш.Жад ашигтай шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргуулсан юм. Одоо анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, нэхэмжлэгч Ш.Ж нь Өлгий сумын хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт өмнө эрхэлж байсан буюу манаачийн ажлыг хийж байна. Өнгөрсөн хугацаанд Ш.Ж нь 100000 төгрөгийг төлж өгсөн ба харин Ш.Ж нь гэрээгээр тохиролцсон 400000 төгрөгийг төлж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоо хүртэл өгөхгүй намайг хохироож байна. Иймд Ш.Жаас 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулан Я.С надад олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Ж Я.Сийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг гардан авч танилцлаа. Я.Сийн надаас нэхэмжилсэн өмгөөллийн хөлс болох 400000 төгрөгийг миний бие төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно. Миний энэхүү тайлбарын дагуу шүүхээс хүлээн зөвшөөрснөөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо. Энэ талаар дахин шүүхэд гомдол гаргахгүй гэдгээ бүрэн ойлгож мэдлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.С нь хариуцагч Ш.Жаас 400000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Ж нь нэхэмжлэгч Я.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч уг 400000 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Ш.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ш.Ж нь 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Я.Сэд төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12650 төгрөгийн тал нь болох 6325 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 6325 төгрөг, мөн хариуцагч Ш.Жаас 6325 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Я.Сэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ