| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2022/06640/И/Н |
| Дугаар | 210/МА2025/01650 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/01650
*******, *******, *******нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03616 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК, ******* нарт холбогдох,
Гуравдагч этгээд: ******* ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******, *******, тэдний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие "*******" ХХК-тай 2021 оны 01 сарын 12-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* цэргийн хотхонд байрлах ******* ХХК-ийн 2,036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны "А" блок орон сууцны ******* давхар 47.19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,250,000 төгрөгөөр тооцож нийт 58,987,500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээний дүн 58,987,500 төгрөгийг бүрэн төлсөн. Орон сууцны барилгыг 2021 оны 2-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж захиалагч *******д хүлээлгэн өгөхөөр болсон. Гэвч 2022 оны 10 сарын 01-ний өдөр хүлээлгэн өгч манай гэр бүл байрандаа нүүж орсон. Орон сууцыг хүлээж авснаас хойш миний бие удаа дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахад шаардагдах баримтыг шаардахад "******* ХХК нь санхүүгийн чадавхи муу байгаа тул орон сууцны "А" блокийг банкны барьцаанд тавьж дараагийн санхүүжилт авах болно гэсэн тайлбар өгсөн. Өнөөдрийг хүртэл орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал, компанийн тамга, тэмдгийг барьсан *******той орон сууц захиалгын гэрээ байгуулж, тухайн өдөр төлбөрөө төлсөн. Гэрээ байгуулах үед барилгын хаягжилт, давхрын өрөөний тоо тавигдаагүй боловч бидний худалдан авсан байр *******ын өмчилж байгаа байр мөн.
Иймд Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* цэргийн хотхонд байрлах, 2,036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блок, ******* давхар, 47.19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ******* өмчлөх эрхтэй болохыг тогтоож, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн агуулга: ******* нь ******* ХХК-тай 2022 оны 01 сарын 11-ний өдөр 21/12 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* цэргийн хотхонд байрлах ******* ХХК-ийн 2,036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блок орон сууцны ******* давхарын 46.17 м.кв талбайтай /******* тоот/ 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, гэрээний үнэ 60,000,000 төгрөгийг төлсөн. Анх *******нь дээрх байрыг 2020 оны 04 сарын 08-ны өдөр ******* ХХК болон ******* ХХК-уудтай гурвалсан 12 тоот Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн. ******* нь анхны захиалагч *******тэй тус байрыг худалдан авахаар тохирч, "*******" ХХК-аас эрх шилжүүлэх зөвшөөрөл авсны үндсэн дээр *******" ХХК-тай 2022 оны 01 сарын 11-ний өдөр 21/12 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ-г байгуулсан. *******д дээрх гэрээ байгуулах эрхийг түүний төрсөн эгч *******ээс шилжүүлэн өгсөн байдаг. Дээрх орон сууцны барилга баригдаж дууссан ч өнөөдрийг хүртэл орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй. Түүнээс шалтгаалан захиалсан орон сууцандаа орохыг хүлээж, түрээсийн байранд амьдарч, хохирч байна. Хариуцагч ******* ХХК-д холбогдох шаардлагаас татгалзаж байна.
Иймд *******, *******нарыг Баянзүрх дүүрэг, ******* хороо ******* цэргийн хотхонд байрлах орон сууцны А блок, ******* давхар, 46.17 м.кв талбай бүхий 2 өрөө ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК, ******* нарт даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч *******ын гаргасан хариу тайлбарын агуулга: 2021 оны 01 сарын 12-ны өдөр орон сууц захиалгын гэрээг иргэдтэй хийх үед барилгын материалын үнэ өссөн. Жишээ нь гол материал болох цементийн үнэ 5 дахин бүх материал хамгийн багаар бодоход 2 дахин өссөний улмаас санхүүжилт зогсож хүнд байдалд орсон. Барилгыг барьж дуусгахын тулд ******* ББСБ-д 70%-ийн гүйцэтгэлтэй 3,450 м.кв талбайтай орон сууцны барилгаа барьцаалж зээл аван гүйцэтгэлийг 90%-д хүргэсэн. Зөвхөн 3,450 м.кв орон сууцны барилгаар зээлийн баталгаа гаргаагүй, өөрийн эзэмшилд байсан 4 үл хөдлөх эд хөрөнгөө мөн барьцаалсан. Одоо 3,450 м.кв орон сууц зээлийн барьцаанд байгаа, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа тул өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХХК нь 2018 онд Цайз 72 дахь төслийн барилгын А блокоос нийт 12-14 айлыг мкв-ыг 700,000 төгрөгөөр ******* ХХК-ийн борлуулалтын компанид өгсөн. Үүнд захиалагч гэх *******нь ******* ХХК-ийн борлуулалтын албаар дамжуулж орж ирсэн. ******* ХХК нь *******д манай үнээс нэмж зарсан, *******нь *******т үнэ нэмж зарсан байдаг. Иймд ******* ХХК-ийн борлуулалтын алба *******гийн хохирлыг, *******нь *******ын хохирлыг, ******* ХХК нь ******* ХХК-ийн хохирлыг барагдуулах шат дараалалтай явах нь зүйтэй. Манай компанид барилга хариуцсан даамал хийж байсан ******* нь зөвшөөрөлгүй компанийн тамга тэмдгийг ашиглаж иргэн *******тай гэрээ хийж байр зарж өөрийн дансаар төлбөрийг авч өөр тийш нь захиран зарцуулсан байдаг. *******ын байгуулсан гэрээ манайд хамааралгүй. Манай компанийн захирал нь ******* бөгөөд *******гийн төлбөр манай компанийн дансанд орж ирээгүй.
Иймд нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "*******" ХХК-ийн гаргасан хариу тайлбарын агуулга: "Тус ББСБ нь 2020 оны 03 сарын 05-ны өдөр 0001713 тоот зээлийн гэрээ, мөн өдөр 0001713 тоот барьцааны гэрээгээр Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Дандарбаатарын гудамж, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 3,450 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ "******* ХХК болон ******* нар биелүүлээгүй тул 2021 оны 06 сарын 181/ШШ2021/01154 дугаар шүүгчийн захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 768,374,060 төгрөг гаргуулахаар болсон. Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч нь сайн дураар зээлийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 10 сард эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхэлснээс хойш "*******" ХХК болон ******* нар зээлийн төлбөр төлөөгүй тул зарим барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн. Тус 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан 3 шатны шүүхээр хянагдаж ******* ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэлийн шаардлага болох 47,19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох буюу нэхэмжлэгчийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан өмчлөх эрхтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн ******* давхрын 46,17 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт /үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/-ыг гаргаж өгөх, дээрх орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК болон ******* нарт даалгаж, хариуцагч ******* ХХК, хариуцагч ******* нарт холбогдох, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч *******, *******нар хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч *******ас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 523,087 төгрөг, нэхэмжлэгч *******, *******нараас төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 101/Ш32023/02815 дугаар, 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 101/Ш32023/06091 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдаж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
6.1. ******* ХХК болон ******* ХХК-уудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа 2018 онд үүссэн байхад 2021 оны 01 сарын 12-нд байгуулсан орон сууц захиалагчтай бариулах захиалгын гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан харилцаа үүссэн гэж байгаа нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй. Нэгэнт 2018 онд байгуулсан гэрээг худалдах худалдан авах гэрээний хөрөнгийн шинжийг А блок хангаж байгаа бол цаг хугацааны хувьд 2021 онд тус блокийн ******* давхрын 2 өрөө орон сууц энэ шинжийг алдаагүй хэвээр байгаа гэж үзнэ. Харин Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гэрээний гол зүйл нь ажил болон ажлын үр дүн байх шинжийг хангах ёстой орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээгээр A блок баригдаад дууссан Б, В блок баригдаж дуусаагүй байсан ажлын үр дүнгийн хувьд А блокийн хувьд улсын комисст хүлээлгэн өгөх ашиглалтад оруулах харилцаа үлдсэн гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2018 онд байгуулсан хамтран ажиллах гэрээтэй холбоотой хэсэг байхгүй байгаа хэргийн үйл баримтыг буруу тогтоож хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
6.2. ******* ХХК-ийн 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 036/22 тоот шүүхэд гаргасан тодорхойлолтод *******нь манай компаниас авсан Ирээдүй билэг хотхоны А блок, 2-р орц, ******* давхар, 35.74 м.кв, 1 өрөө орон сууцыг иргэн *******т 2022 оны 09 сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээг шилжүүлэн өгсөн нь үнэн болно. Төлбөр тооцоо 100% дууссан гэх албан бичиг нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг шинжлэн судлах үед судлагдсан байж хэргийн үйл баримтыг тогтооход хэрэглээгүйд шүүхийн шийдвэрт эргэлзэх үндэслэл болж байна. Энэ баримтаас харахад ******* ХХК болон *******ын хооронд байгуулагдсан орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээтэй шууд хамааралтай баримт гэж үзэж байна.
6.3. *******ын байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээний төлбөр тооцоо болох 60,000,000 төгрөгийг гэрээний 3.2-т заасны дагуу *******гийн дансанд шилжүүлсэн. Орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй тул *******нь шилжүүлж авсан 60,000,000 төгрөгийн оронд ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний шаардах эрхийг шилжүүлснээр ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 21/12 тоот орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ хүчингүй болсонд тооцох үндэслэлтэй байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч *******, ******* нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүй гэж гомдолд дурдсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон өдөр нэхэмжлэгч *******ын зүгээс судлаагүй үлдээсэн нотлох баримтыг шинжлэн судлуулах тухай хүсэлт гаргаагүй. Тухайн үед гэрээ байгуулсан буюу итгэмжлэлээр гүйцэтгэх захирлаа төлөөлж байсан ******* гэх хүний итгэмжлэлийг хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байна. Гэтэл маргааны зүйл нь ******* ХХК-ийн өмч бус ******* гэх иргэний өмч байсан. *******, *******нар ******* ХХК болон ******* нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Харин нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлээс үзэхэд, ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба ******* гэх хүнийг хариуцагчаар татаагүй. Мөн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал биш ******* гэх хүнтэй гэрээ байгуулсан. Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тухайн аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал нь ямар хүн байдаг эсэх, ******* гэх этгээдэд итгэмжлэл олгогдсон эсэх асуудлыг тус тус шалгах боломжтой байсан. ******* болон ******* нарын төлсөн мөнгийг уг барилгыг барьж дуусгахад зарцуулсан. Мөн *******ын төлсөн 60,000,000 гаруй төгрөгийг мөн адил ******* ХХК-ийн барьж байсан барилгад зарцуулсан. Энэ нь шууд шилжүүлдэг хөдлөх эд хөрөнгө биш. Худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байх ёстой. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлд буюу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Тус гэрээний дагуу хэнд өмчлөх эрх түрүүлж үүссэн тухай тодруулбал, 2008 онд *******, 2018 онд *******, 2022 онд ******* гэх хүмүүст эрх шилжсэн байдаг. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаас үзвэл, шаардах эрхийн гэрээ хийгдэхгүй, *******нь өөрийн шаардах эрхийг *******т шилжүүлэхдээ анх байгуулж байсан орон сууц захиалгын гэрээний загварын дагуу гүйцэтгэх захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч *******тай гэрээ байгуулсан. Үүний дагуу анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. *******ХХК-ийн албан бичгийг үндэслэн өр авлагагүй болсон асуудал шийдвэрлэгдсэн гэж маргасан. Уг үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд маргаж байгааг ойлгохгүй байна. 2022 оноос хойш 3 жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзаж буй үндэслэлээ тодорхойлж мэтгэлцэх боломжтой байсан боловч нэхэмжлэгч ******* уг эрхээ хэрэгжүүлээгүй. ******* ХХК-ийн хариу тайлбарт ******* нь манай байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд буюу ******* гэх хүнтэй гэрээ байгуулсан тул энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэж тусгагдсан. Сая ******* 60,000,000 төгрөгийг орон сууцны асуудлаар залилуулсан гэж хэлсэн. Анх шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах үед 60,000,000 төгрөгийг хоорондоо шилжүүлсэн нь үнэн. Орон сууцыг хүлээлгэж өгөөгүй тул ******* ХХК-д очиж уулзахад давхардуулан худалдсан асуудал үүссэн. Энэ хугацаанд *******, ******* нар гэр бүл болсон. Тэдний дундаас нэг хүү төрсөн ба гэрлэлтийн баталгаа хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нэгэнт хүүхэдтэй болсон учир хамт амьдрахын тулд 60,000,000 төгрөгийн орон сууц худалдаж авсан боловч дахин хохирсон. Өнөөдрийн байдлаар *******ХХК болон ******* ХХК-аас орон сууцгүй бодитоор хохирсон хүмүүс нь миний үйлчлүүлэгчид мөн.
Иймд нэхэмжлэгч *******ын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, ******* тоот хаягт байршилтай барилгын А блок, ******* давхар, ******* тоот, 47.19 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. /1хх 1-2, 36-37/
Нэхэмжлэгч *******, ******* нар мөн адил Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, ******* тоот хаягт байршилтай барилгын А блок, ******* давхар, 47.19 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. /2хх 70-71/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр ******* ХХК оролцсон бөгөөд барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардах эрхээ хамгаалсан тайлбарыг шүүхэд гаргажээ.
3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* ХХК, ******* нар 2018 оны 08 сарын 06-ны өдөр 2018/08 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* цэргийн хотхон, 75 айлын орон сууцны барилгын А блок, ******* давхар, 39.97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 3-р улиралд багтаан барьж, ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнэ 30,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, уг орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн; /1хх 175-181, 2хх 122-126, 192/
3.2. Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 3,450 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2019 оны 01 сарын 29-ний өдрөөс ******* бүртгэлтэй; /1хх 151, 2хх 169/
3.3. ******* ХХК, ******* ХХК-ууд 2020 оны 03 сарын 05-ны өдөр 0001713 тоот Зээлийн гэрээ, 0001713 тоот Барьцааны гэрээ тус тус байгуулж, ******* ХХК нь 600,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан; /1хх 156-162, 163-167/
3.4. ******* ХХК нь 2021 оны 07 сарын 02-ны өдөр оноосон нэрээ ******* ББСБ ХХК болгон өөрчилж, улмаар 2022 оны 07 сарын 06-ны өдөр ******* ХХК-д нэгтгэгдсэн; /2хх 205, 206/
3.5. ******* ХХК, ******* ХХК, *******нар 2020 оны 04 сарын 28-ны өдөр 12 тоот Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* цэргийн хотхон, 75 айлын орон сууцны барилгын А блок, ******* давхар, 46.17 м.кв талбайтай 2 өрөө, ******* тоот орон сууцыг 2018 оны 12 сарын 31-ний өдөр барьж, ашиглалтад оруулах хүлээлгэн өгөх, *******нь орон сууцны үнэ 46,170,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон; /2хх 76-80, 116-119/
3.6. ******* ХХК, ******* нар 2021 оны 01 сарын 12-ны өдөр 12/01 тоот Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* цэргийн хотхон, ******* ХХК-ийн 2,036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны барилгын А блок, ******* давхар, 47.19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 2-р улиралд багтаан барьж, ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнэ 58,987,500 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, уг орон сууцны үнэ бүрэн төлөгдөж, ******* нь 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс уг орон сууцыг эзэмшил, ашиглалтдаа хүлээн авсан; /1хх 4-6, 2хх 43/
3.7. ******* ХХК, ******* нар 2022 оны 01 сарын 11-ний өдөр 21/12 тоот Орон сууцны захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* цэргийн хотхон, ******* ХХК-ийн 2,036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны барилгын А блок, ******* давхар, 47.19 м.кв талбайтай, ******* тоот 2 өрөө орон сууцыг 2022 оны 2-р улиралд багтаан барьж, ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнэ 60,000,000 төгрөгийг *******д төлөхөөр тохиролцсон, уг орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн. /2хх 74, 81-82/
4. Дээрхээс үзвэл ******* ХХК, *******ийн хооронд, мөн ******* ХХК, *******ын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа, ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа, ******* ХХК, ******* ХХК, *******гийн хооронд, мөн ******* ХХК, *******ын хооронд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан шаардах эрх шилжүүлэх гэрээний харилцаа тус тус үүссэн байна.
5. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, ******* ХХК-ийг төлөөлж ******* гэрээ байгуулах эрхтэй байсан талаар, мөн зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь гуравдагч этгээд ******* ХХК-ийн шаардах эрхийг хязгаарлахгүй талаар тус тус дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.2, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 154 дүгээр зүйлийн 154.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-д тус тус заасантай нийцсэн байх боловч ...нэхэмжлэгч *******т шаардах эрх түрүүлж үүссэн... гэж дүгнэн, улмаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасан худалдсан эд хөрөнгийг эзэмшилдээ авах давуу эрхийг зохицуулсан зохицуулалтад нийцээгүй байна.
6. Өмнө дурдсанчлан ******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг хэд хэдэн этгээдэд худалдсан үйл баримт тогтоогдсон.
Үүнээс улбаатай маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч нарын хэн алины өмчлөлд байхаар нэгэн зэрэг шийдвэрлэх боломжгүй.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасан давуу эрхийн зохицуулалтыг хэрэглэн маргааныг шийдвэрлэх шаардлага үүснэ.
7. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ авах давуу эрхтэй гэж заажээ.
Өмнө дурдсанчлан хэргийн баримт, зохигчийн тайлбараар маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч ******* түрүүлж эзэмшил, ашиглалтдаа авсан үйл баримт тогтоогдсон тул уг үйл баримтыг үндэслэн түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч ******* түрүүлж гэрээ байгуулсан үйл баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.
Харин нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай 2022 оны 01 сарын 11-ний өдөр байгуулсан 21/12 тоот гэрээний улмаас хохирсон гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо шаардахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.
8. Нэхэмжлэгч *******нь шаардах эрхээ нэхэмжлэгч *******т шилжүүлсэн тул шаардах эрхгүй, мөн нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03616 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, ******* тоот хаягт байршилтай барилгын А блок, ******* давхар, ******* тоот, 47.19 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ыг тогтоож, уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК, ******* нарт даалгаж, хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгч *******ас төлсөн 523,087 төгрөг, нэхэмжлэгч *******аас төлсөн 457,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 523,087 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 452,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Д.НЯМБАЗАР