Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 105

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

             Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2016/00411 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот хотхоны 2-48 айлын орон сууцны ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Буянт сумын 2 дугаар баг ******* багт оршин суух ******* овогт *******гийн *******д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагч А.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: *******.000.000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав баг 52 айлын орон сууцны 1 давхарын хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан 709,0 м2 000203934 дугаар гэрчилгээтэй, Ү-1617001137 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй объектийг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Ховд аймгийн, Буянт сум 2-р баг, ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******д 22,500,000 төгрөгөөр харилцан тохиролцож худалдсан. Төлбөрийн 5,000,000 төгрөгийг ******* нь гэрээ хийгдсэн өдөр буюу 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 17,500,000 төгрөгийг өгөлгүй байсан төдийгүй уг мөнгөө шаардахад 2015 оны 05 дугаар сарын эхээр 3 тугалтай сарлаг үхэрийн нэг бүрийг 833,000 төгрөгөөр тооцож нийт 2,500,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 1,000,000 төгрөг зэргийг авсан. Үлдэгдэл 14,000,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардахад төлнө гэхдээ одоохондоо боломж алга мэтээр зээлээ төлөхөөс зайлхийсээр өдий хүрсэн. Мөн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч төлбөрөө тухайн хугацаандаа бүрэн төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэхь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой анз буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалтаар 7,000,000 төгрөгийн анз нийт *******,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Би иргэн Д.*******тэй гэрээ байгуулан 52-ын дэлгүүрийг худалдан авсан. Иргэн Д.******* нь дэлгүүрээ 75,000,000 гэсэн санал тавьсан. Би Д.*******д 60,000,000 төгрөгийг бэлнээр, 3 тугалтай үхэр өгсөн. Би *******ийн тавьсан үнийн саналыг арай өндөр байна гэж хэлж байсан. Би хангалттай үнэ өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ 22,500,000 төгрөгөөр хийсэн. Гэрээгээр бол дэлгүүр 22,500,000 төгрөг байх ёстой. Би 60,000,000 төгрөгийг Голомт банкнаас гийн  гэдэг хүний нэр дээр зээл авч *******д гэрийнх нь гадна 59,000,000 төгрөг бэлнээр аваачиж өгсөн. Дараа гуанзанд 1,000,000 төгрөг өгсөн. Мөнгийг бэлнээр өгөхөд надтай хамт дүү нь байсан. Мөнгийг Домбот хотхоны гадна дүү ын машин дотор бэлнээр *******д тоолж өгсөн. Дарцагтын булаг ХХКомпанийн нэр дээр Голомт банкнаас JICA төслийн зээл авахаар хүсэлт гаргаад JICA-аас зээл судлах зөвшөөрөл Голомт банкинд ирээд зээлийн материалаа бүрдүүлээд хуралд орох үеэр Дарцагтын булаг дээр 45,000,000 төгрөгний зээлийн хүсэлт гарч ирсэн. Жилийн 7 хувийн хүүтэй 150,000,000 төгрөгний зээл яг бүтэх шатандаа ортол ийм зээл гарч ирж надад маш их хохирол учрууллаа. Үүнээс болоод цаашид бизнесийн үйл ажиллагаа маань доголдсон учраас би *******өөс хохирол нэхэмжлэх шаардлагатай гэж бодож байна. Одоо миний бизнесийн үйл ажиллагаа муудаж аж ахуйн нэгж болон дэлгүүр дээр аль ч банкнаас зээл бүтэхгүй болсон учраас 60,000,000 төгрөгийг алдангийн хамт, 3 тугалтай үхэрээ буцааж авах саналтай байгаа.

Одоо энэ аж ахуйн нэгж миний нэр дээр байгаа тул ******* надад яаралтай 45,000,000 төгрөг өгөх шаардлагатай болоод байгаа. ******* намайг хуурч мэхэлж залилсан. Чи ийм зээлтэй аж ахуйн нэгж яагаад надад өгсөн бэ гэхээр би мартчихсан байсан гэж хэлсэн. Одоо надад *******,000,000 төгрөг төлөх ямар ч үндэслэл байхгүй. Гэрээг 22,500,000 төгрөгөөр хийсэн боловч би 60,000,000 төгрөг, 3 тугалтай үхэр өгсөн. ******* надаас ямар хуулийн үндэслэл, нотлох баримтаар *******,000,000 төгрөг нэхэмжилж байгааг огт ойлгохгүй байна. Гэрээг *******ийн саналаар 22,500,000 төгрөгөөр хийсэн. Татвар бага төлөхийн тулд гэрээгээ багаар хийнэ гэсэн санал гаргасан. Хууль болон гэрээгээр ******* одоо надад 47,500,000 төгрөг 3 тугалтай үхэр буцааж өгөх ёстой. Д.*******д 60,000,000 төгрөг өгсөнийг иргэн Х., дүү болон банкнаас авсан зээлийг одоо ******* би Голомт банкинд төлж байгаа баримтуудаар нотлогдоно. ******* 59,000,000 төгрөгийг бэлнээр аваад 1,000,000 төгрөгийг 2 хувааж авсан. ******* үүнийгээ өөрөө мэдэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2016/00411 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар ******* овогт *******гийн *******гаас 14000000 /арван дөрөв/ төгрөгийг гаргуулж ******* овогт *******гийн *******д олгож, илүү нэхэмжилсэн 7000000 /долоон сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.*******гаас 227950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Хавтаст хэрэгт А.******* нь 60.000.000 төгрөг Д.*******д өгсөн талаарх нотлох баримт байхад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээгүй, дурьдаагүй, тодруулаагүй орхигдуулан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгч Д.******* татвараас зайлсхийж өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн байхад анхан шатны шүүх анзааралгүй шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл 14.000.000 төгрөг,   анз 7.000.000 төгрөг нийт *******.000.000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.*******д холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлалтай 52 айлын орон сууцны 1 давхарын хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан Ү-1617001137 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй объектыг 2015 оны 3 дугаар сарын 23-ны  өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан А.*******д 22.500.000 төгрөгөөр харилцан тохиролцож худалдсан, төлбөрийн 5.000.000 төгрөгийг А.******* гэрээ хийгдсэн өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 17.500.000 төгрөгийг төлөхийг шаардахад 2015 оны 5 дугаар сарын эхээр 3 тугалтай сарлаг үхрийг нэг бүрийг нь 833.000 төгрөгөөр тооцож нийт 2.500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 1.000.000  төгрөг өгсөн тул үлдэгдэл 14.000.000 төгрөгийг, анз 7000000 төгрөгийн хамт  гаргуулахаар  шаардсан  гэжээ.

Хариуцагч нь “Д.*******д 59.000.000 төгрөг бэлнээр, 3 тугалтай үхэр, дараа нь 1.000.000 төгрөгийг 2 хувааж нийт 62.500.000 төгрөг өгч тооцоо дууссан”  гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ анх худалдсан гэх үйлчилгээний зориулалттай орон сууцыг 22500000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарласан боловч шүүх хуралдаанд тухай орон сууцыг 87.000.000 төгрөг, эсхүл 75.000.000 төгрөгөөр, 77.000.000 төгрөгөөр, үлдэгдэл 22500000 төгрөг дээр гэрээ хийсэн гэх мэтээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ янз бүрээр тайлбарласан байна.

Талуудын тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй худалдах-худалдан авах гэрээтэй харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй ба талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан хэдий ч тухай үед үйлчилгээний зориулалттай орон сууцны үнийг хэрхэн тохиролцож байсан талаар нэхэмжлэгч шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх  нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байтал талуудын хооронд   гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар анз тооцох гэрээг бичгээр байгуулсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх талуудын дунд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан  худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн боловч  талуудын тайлбарт дүгнэлт хийхгүйгээр, эргэлзээтэй баримтыг үндэслэж  худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэлэлцэн тохирсон үнийг худалдагчид төлөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсэг буюу 14.000.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар худалдагч  нь  Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлалтай 52 айлын орон сууцны 1 давхарын хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай 109 м.кв талбай бүхий  Ү-1617001137 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй объектыг худалдан авагч А.*******д худалдсан үйл баримт  тогтоогдсон байна.  Худалдагч нь худалдсан дээрх эд хөрөнгөө түүнтэй холбоотой баримт бичгийн хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь түүний үнэд 62.500.000. төгрөг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Харин нэхэмжлэгчийн 14.000.000 төгрөгийг  алдангийн хамт нэхэмжилж байгаа    шаардлага  нь нотлох баримтад  үндэслэгдээгүй, нотлогдоогүй байна.

Анхан шатны шүүх нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэлэлцэн тохиролцсон үнийг нэхэмжлэгчид  төлөөгүй гэж дүгнэж, дээрх эргэлзээтэй бичгийн баримтыг үндэслэн түүний шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй тул   анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн  нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамж 262950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 227295 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ны  өдрийн 153/ШШ2016/00411 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч А.*******д холбогдуулан гаргасан “үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл 14.000.000 төгрөг, анз  7.000.000 төгрөг нийт *******.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 262950 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр нь үлдээж, мөн хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 227295 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                        Н.ТУЯА