Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0043/З |
Дугаар | 221/МА2020/0223 |
Огноо | 2020-03-31 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2020/0223
Э.Т, Э.Т, Э.Т нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр шийдвэрийг гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн давж заалдах гомдлоор Э.Т, Э.Т, Э.Т-ын нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/36 дугаар захирамжийн А.А, Б.Б, С.Б, С.Б, Д.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, “нэхэмжлэгч Э.Т, Э.Т, Э.Т нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэгч 3 иргэн нь өөрсдийнх нь гаргасан хүсэлтийн дагуу газар олгох шийдвэр гаргаагүй гэж хариуцагч байгууллагыг буруутган нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.
Анхан шатны шүүхээс дээрх 3 иргэний “...5 иргэний эзэмшил бүхий газрыг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой байсан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тайлбарлан хэрэглээгүй, үүнээс болж нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс хамгаалж, хэрхэн сэргэж байгаа эсхүл сэргээгдэх боломжгүй тухай дүгнэлт нэн тэргүүнд хийгдэх нь зүйтэй байсан гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн ямар эрхийг хэрхэн сэргээж, хамгаалсан нь тодорхой бус болсон гэж үзэж байна.
Түүнчлэн нотлох баримтын хувьд нэхэмжлэгч нарын 2014 онд хүсэлтээ бүгд гарын үсэг зурж гаргасан гэх боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Э.Т зөвхөн гарын үсэг зурсан байх атал 3 иргэнийг хүсэлт гаргаж байсан гэж үзэж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай нийцээгүй.
Мөн хэн хэн гэж гуравдагч этгээдийн газартай ямар хэмжээгээр хүсэлт гаргасан гэх газар нь давхцаж байгааг нарийн шалгаж тогтоогоогүй, зөвхөн өргөдөлд өгсөн хариу албан бичгээр 5 иргэний газартай давхцаж байгааг хариуцагч мэдэж байсан гэх дүгнэлтийг хийж хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй.
Гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Т, Э.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т-аас “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/36 дугаар захирамжийн А.А, Б.Б, С.Б, С.Б, Д.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э.Т, Э.Т, Э.Т нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж, маргаан бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/36 дугаар захирамжийн А.А, Б.Б, С.Б, С.Б, Д.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/36 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Н, С.Б, А.А, Б.Б, С.Б нарт тус дүүргийн Жаргалант 25-591, 25-592, 25-593, 25-594, 25-595 тоот хаягт байрлах тус бүр 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.
Маргаан бүхий А/36 дугаар захирамжийн хувьд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус зөрчиж гарсан байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогдож байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
Тодруулбал, хавтас хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 15 дугаар тогтоолд гуравдагч этгээд А.А, Б.Б, С.Б, С.Б, Д.Н нарт газар эзэмших эрх олгосон газар нь 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.
Мөн хавтас хэрэгт авагдсан маргаан бүхий газрын гэрэл зургаас үзэхэд гуравдагч этгээдүүд нь тухайн газарт амьдардаггүй, хашаа, байшин байхгүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн хувьд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг тодорхой иргэдэд эзэмшүүлсэн хууль зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын газар эзэмшихээр удаа дараа гаргасан хүсэлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгч, хүсэлтийг хүлээн авч байгаагүй атлаа өөр бусад этгээдэд тухайн газарт газар эзэмших эрх олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.4, 4.2.5-д заасан зарчмуудыг зөрчсөн үйлдэл болжээ.
Иймд анхан шүүх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/36 дугаар захирамжийн А.А, Б.Б, С.Б, С.Б, Д.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Э.Т, Э.Т, Э.Т нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 15 дугаар тогтоолд нэхэмжлэгч нарын газар эзэмшихээр хүсэлт гаргаж буй тус дүүргийн 7 дугаар хорооны Жаргалантын 25 дугаар гудамж мөн адил тусгагдаагүй тул нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрвээ дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн жилийн төлөвлөгөөнд нэхэмжлэгч нарын эзэмшихийг хүсч буй Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Жаргалантын 25 дугаар гудамж тусгагдсан тохиолдолд дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч нарт болон бусад иргэдэд газар эзэмшүүлэх боломжтой байна.
Ийнхүү анхан шатны шүүх Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон