| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0208/З |
| Дугаар | 001/ХТ2026/0030 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2026/0030
Т.Б-ийн нэхэмжлэлтэй,
Монополын эсрэг газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0615 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2025/0698 дугаар магадлалтай,
Хэргийн оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Хэргийн нөхцөл байдал: Т.Б нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын (хуучин нэрээр) Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын даргын албан тушаалд ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн дагуу хэрэгжиж байгаа ЖАЙКА-ийн “Legal and Judicial Human Resources Development” (хууль, эрх зүйн хүний нөөцийг хөгжүүлэх) тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн, Япон Улсын Кобэ их сургуулийн Хууль, эрх зүйн магистрын хөтөлбөрт 2022 оны 10 сараас 2024 оны 9 сар хүртэл суралцаж, төгссөн байх бөгөөд урьд эрхэлж байсан ажилдаа орж чадаагүй байна.
3.Нэхэмжлэгчээс “... эрхэлсэн ажилдаа мэргэшин суралцах зорилгоор захиргааны байгууллагатай буцаж ажилдаа орох гэрээ байгуулан төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, уг гэрээгээр сургуулиа төгссөний дараа тухайн байгууллагадаа 3-аас доошгүй жил үргэлжлүүлэн ажиллах үүрэг хүлээсэн, гэтэл хариуцагч ажлын байранд эгүүлэн томилж ажиллуулах үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байна, ажил олгогчийн зөвшөөрсөн хугацаагаар сургалтад хамрагдаж байгаа бол ажлын байрыг хэвээр хадгалж, түр орлон гүйцэтгэгч томилох зохицуулалтыг хэрэглэх ёстой, сонгон шалгаруулалтад орж Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тохиолдолд ажлын байраар хангана гэдэг нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна, тухайн албан тушаалын шалгуур, болзол нөхцөлийг хангасан төрийн жинхэнэ албан хаагч нь нэг албан тушаалд хоёр удаа Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх боломжгүй” гэж,
4.Хариуцагчаас “ ... нэхэмжлэгч төрийн албанаас түр чөлөөлөгдсөн учраас төрийн албан хаагчийн нөөцөд байгаа гэж тооцогдоно, нөөцөд бүртгэлтэй иргэнийг сонгон шалгаруулж төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нөхцөлд томилохоор байна, хариуцагч захиргааны байгууллага шийдвэрлээгүй орхигдуулсан зүйл байхгүй, шийдвэрлээд татгалзсан хариу өгсөн, эс үйлдэхүй болон татгалзсан шийдвэртэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, төрийн албаны нөөцөд байгаа бусад иргэнээс нэхэмжлэгч ямар нэгэн давуу эрх эдэлж, шалгалт өгөхгүйгээр шууд томилогдох эрхгүй” гэж тус тус маргажээ.
5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
5.2.Нэхэмжлэгч Т.Б нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/110 дугаар тушаалаар Япон улсад магистрын сургалтад хамрагдах болсон шалтгаанаар төрийн албанаас түр чөлөөлсөн тул түүнийг төрийн албаны нөөцөд байгаад тооцохоор байна. Хариуцагчаас ийнхүү шийдвэрлээгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.
5.3.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/2657 дугаар албан бичгээр Т.Б-т гаргасан гомдлыг дахин шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгсөн байгаагаас Т.Б шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд:
6.1.Нэхэмжлэгч Т.Б-ийн хувьд Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр магистрын хөтөлбөрт хамрагдах үндэслэлээр ажлаас чөлөөлсөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/110 дугаар тушаалтай маргаагүй бөгөөд тэрээр 3 сараас дээш хугацааны сургалтад буюу Legal and Judicial Human Resources Development хөтөлбөрийн 2022-2024 оны магистрын сургалтад суралцахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн байх тул түүнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохоор байна.
6.2.Хэдийгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагчтай байгуулсан гэрээнд буцаж ирсэн оюутныг нэн даруй ажлын байраар хангаж, суралцахаас өмнөх албан тушаалаас нь зэрэглэл бууруулахгүйгээр ажлын байраар хангаж 3 ба түүнээс дээш жил ажиллуулахаар заасан хэдий ч Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх талаар тусгасан, харин дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагч гурван сараас дээш хугацаагаар ямар нэгэн сургалтад хамрагдах бол түүнийг төрийн албанаас түр чөлөөлөхөөр, ийнхүү чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн албаны нөөцөд байгаад тооцох, улмаар төрийн албаны сул орон тоог нөхөхдөө шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон мөн хуульд заасан нөөцөд байгаа иргэдээс нөхөхөөр заасан хуулийг хариуцагч хэрэгжүүлэх үүрэгтэй, энэ хүрээнд хариуцагчаас Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэдийг сонгон шалгаруулж Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нөхцөлд ... зохих журмын дагуу ажлын байраар хангах боломжтой гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлснийг шүүх хууль бус гэж үзэх боломжгүй байна.
7.Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.Хоёр шатны шүүх сул орон тоо гарсан гэж тусгай шалгалтыг авч Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нөхцөлд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тохилох ёстой гэх агуулгаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь дээд шүүхийн тогтоол, тайлбараас тухайн хуулийн заалтыг өөрөөр хэрэглэсэн нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг үүсгэж байна.
7.2.Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2024/0029 дүгээр тогтоолоор бүр чөлөөлөгдсөн иргэний хувьд дахин төрийн албанд ажиллах хүсэлтэй бол төрийн албаны шалгалтыг өгч, эхнээс нь эхлэх бол, харин түр чөлөөлөгдсөн иргэний хувьд төрийн албаны нөөцөд байх хугацаанд сул орон тоо гарсан тохиолдолд өөрийн ажиллаж байсан албан тушаалын ангилал, олгогдсон зэрэг дэвийн дагуу эргэн томилогдох боломжтой байна” гэх тайлбарыг хийж маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Т.Б-ийн урьд ажиллаж байсан албан тушаалын ангилал зэрэглэл өөрчлөгдөөгүй.
7.3.Тухайн албан тушаалын шалгуур, болзол нөхцөлийг хангасан төрийн жинхэнэ албан хаагч нь нэг албан тушаалд хоёр удаа Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх шаардлага Төрийн албаны тухай хуулиар байх боломжгүй юм. Иймээс хариуцагчийн эс үйлдэхгүй хууль бус болох нь үүгээр илэрхий нотлогдож байхад шүүхээс хэргийн үйл баримтыг буруу дүгнэж шийдвэрээ гаргасан.
7.4.Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагчтай байгуулах гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1-д заасан Төрийн албаны эрх зүйн харилцааны хүрээнд гарсан захиргааны акт юм. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын чиг үүрэгт хамаарах мэргэшлийг эзэмшиж төгссөн бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлж, миний ажлын байрыг хадгалах, эгүүлэн томилох үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь эс үйлдэхүй мөн.
7.5.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг буюу "сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг” гэсэн тайлбарыг өмгөөлөгч гаргасан бөгөөд шүүх дээрх хуулийн зохицуулалтуудын хууль зүйн үндэслэлийг няцаалгүй шийдвэрээ гаргасан.
7.6.Хөдөлмөрийн тухай хуулийн “ ... урт хугацааны сургалтад хамрагдах зорилгоор төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн ажлын байрыг хадгалах”-тай холбоотой хуулийн зохицуулалтыг шүүх тухайн маргааныг шийдвэрлэхдээ хамааралтай талаас нь хэрэглээгүй.
7.7.Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/2066 дугаар албан бичгийг хэзээ хойно даргатай нь хэд хэдэн удаа уулзаж итгэл төрүүлж хугацаа өнгөрсний дараа 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Монгол шуудан” ХК-д шуудангаар хүргүүлж байгаа нь хууль бус эс үйлдэхүйтэй нь шууд холбоотой байхад энэхүү үйл баримтыг мөн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шүүх дүгнээгүй.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа:
8.1.Нэхэмжлэгч 6 сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн хүн нь төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдоно. Энэ талаар шүүхүүд зөв дүгнэсэн.
8.2.Улсын дээд шүүхийн тогтоолыг иш татсан ч Улсын дээд шүүхийн зүгээс төрийн албанаас түр чөлөөлөгдсөн энэ тохиолдолд төрийн албаны нөөцөд байна гэж тайлбарласан. Төрийн албаны нөөцөд байгаа иргэн нь тусгай шалгалт өгч байж томилогдох хуулийн зохицуулалттай талаар тодорхой тайлбарласан. Нэхэмжлэгч нь хяналтын гомдолдоо үүнийг няцааж тайлбар бичээгүй.
8.3.Хариуцагчаас нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэж маргаан бүхий төрийн албанд тусгай шалгалтгүйгээр томилох боломжгүй талаарх хариу өгсөн байхад энэ шийдвэртэй маргаагүй, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаагүй. Хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
ХЯНАВАЛ:
9.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
10.Энэ хэргийн тухайд хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай асуудал нь Засгийн газрын тэтгэлгээр урт хугацаагаар гадаад улсад суралцсан тохиолдолд урьд нь эрхэлж байсан албан тушаалыг хадгалах, эгүүлэн томилох үүрэг захиргаанд ногдох эсэх тухай байна.
11.Тогтоогдсон үйл баримтын тухайд, Т.Б нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын, Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газар Япон Улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээний дагуу, Япон Улсын Засгийн газраас зарласан тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, Кобэ их сургуулийн хуулийн магистрт суралцахаар болсон, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Т.Б нарын хооронд суралцах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч 2022 оны 10 сараас 2024 оны 9 сар хүртэл суралцаж төгсөн ирсэн боловч хариуцагч урьд эрхэлж байсан албан тушаалд нь буцаан томилоогүй байна.
12.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгоно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад, нэхэмжлэгч Т.Б нь байгууллагын зөвшөөрлөөр, Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр гадаад улсад мэргэжил дээшлүүлэх зорилгоор 2 жилийн хугацаагаар суралцсан энэ тохиолдлыг тухайн байгууллагад “сул орон тоо үүссэн” гэж үзэхгүй буюу нэхэмжлэгч нь албан тушаал буураагүй, төрийн албанаас чөлөөлөгдөөгүй, өөр албан тушаалд шилжээгүй тул ажлын байрыг хадгалах үүрэг захиргаанд үүсчээ.
13.Учир нь Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг ойлгоно” гэж тус тус зааснаар төрийн албыг мэргэшсэн, чадварлаг албан хаагчдаас бүрдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын гэрээний дагуу тэтгэлэг олгож, төрийн жинхэнэ албан хаагчийг гадаад улсад суралцуулсан тул ийнхүү суралцсан төрийн албан хаагчийг төрийн албанд тогтвор, суурьшилтай ажиллах боломж нөхцөлийг хангаж байж, төрийн албыг чадварлаг, мэргэшсэн алба хаагчдаас бүрдүүлж, хөгжүүлэх зорилго биелнэ.
14.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Т.Б нарын хооронд байгуулсан суралцах гэрээний Хоёрын 3-т “Оюутны суралцах хугацаанд түр орлон гүйцэтгэгч ажиллуулах тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөгдөх хугацааг оюутны төгсөж ирэхээс өмнө байхаар тохируулж, оюутны буцаж ирэх үед нэн даруй өмнө нь ажиллаж байсан ажлын байранд буцаан авах эсхүл хөдөлмөрийн нөхцөлийг дордуулалгүй, ижил ажлын байраар хангана” гэж заасан, энэ үүднээс захиргааны байгууллага суралцагч албан хаагчийн ажлын байрыг хадгалах үүрэгтэй, нөгөө талаар гэрээний Хоёрын 4-т “Сургалтаа дуусган, буцаж ирсэн оюутныг нэн даруй ажлын байраар хангаж, суралцахаас өмнөх албан тушаалаас нь зэрэглэл, буруулалгүйгээр ажлын байраар хангаж 3 ба түүнээс дээш жилээр ажиллуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн тухайд ч өмнө ажиллаж байсан байгууллагадаа тогтвортой ажиллах үүрэг хүлээсэн байгаа нь хуулийн дээрх зорилгод нийцсэн, захиргаа энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй, гэтэл төрийн захиргааны албан хаагч захиргааны зөвшөөрлөөр, Засгийн газар хоорондын гэрээний дагуу тэтгэлгээр 2 жил хүртэл хугацаагаар гадаад улсад суралцаж ирсэн байхад түүний эрхэлж байсан албан тушаалыг хадгалахгүй, үргэлжлүүлэн ажиллуулахгүй байх, орон тоо сулрахыг хүлээлгэх нь хуулийн дээрх зорилгод нийцэхгүй юм.
15.Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно” гээд 42.1.4-т “зургаан сар хүртэл хугацаагаар мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, 2 жил хүртэл хугацаагаар өндөр хөгжилтэй оронд магистр, докторын сургалтад хамрагдсан” гэж заасан байх бөгөөд хуулийн энэхүү урьдчилсан нөхцөлийг нэхэмжлэгч Т.Б хангасан буюу 2 жилээс илүүгүй хугацаагаар Засгийн газрын тэтгэлгээр өндөр хөгжилтэй оронд магистрын сургалтад хамрагдаж төгссөн тул хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилох үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан байна.
16.Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасан төрийн албанаас түр чөлөөлөгдөх зохицуулалт хэрэглэхгүй буюу дээр дурдсан “мэдлэг, чадвар бүхий албан хаагчдаас төрийн албыг бүрдүүлж, тэднийг тогтвортой ажиллуулах” хуулийн зорилгын хүрээнд захиргааны байгууллага нь өндөр хөгжилтэй оронд магистр, докторын сургалтад хамрагдсан албан хаагчийн ажлын байрыг хадгалах, төгсөж ирсэн даруй ажлын байраар хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах үүрэгтэй.
17.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, “ ... төрийн албан хаагч 3 сараас дээш хугацаагаар сургалтад хамрагдахаар болсон тохиолдолд түүнийг төрийн албанаас түр чөлөөлөхөөр, ийнхүү чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн албаны нөөцөд байгаад тооцохоор хуульчилсан, хариуцагчаас хууль бус эс үйлдэхүй гаргаагүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
18.Дээр дурдсан үндэслэлээр “төрийн жинхэнэ албан хаагч 2 жил хүртэл хугацаагаар өндөр хөгжилтэй оронд магистр, докторын сургалтад хамрагдсан тохиолдолд захиргааны байгууллага нь урьд эрхэлж байсан албан тушаалыг хадгалах, ажилд буцаан томилох үүрэгтэй” гэсэн агуулгаар хууль хэрэглээг тогтоож, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах нь зүйтэй байна.
19.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн “төрийн албанаас түр чөлөөлөгдсөн иргэн төрийн албаны нөөцөд байхаар Улсын дээд шүүхийн 2019 оны 25 дугаар тогтоолтой хэргээр шийдвэрлэсэн, хууль хэрэглээтэй ижил агуулгатай байна” гэх тайлбарын тухайд,
20.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Б.Т-гийн нэхэмжлэлтэй, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ, 2015 оны үйл баримтад холбогдуулан 2002 оны Төрийн албаны тухай хуулийг хэрэглэсэн нь энэ хэргийн тохиолдлоос өөр буюу энэ хэрэгт 2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийг хэрэглэсэн, шинэ болон хуучин хуулийн үзэл баримтал, холбогдох нарийвчилсан зохицуулалт ялгаатай, өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч “2 жил хүртэл хугацаагаар өндөр хөгжилтэй оронд магистр, докторын сургалтад хамрагдсан бол ажил, албан тушаалыг хадгалж, урьд эрхэлж байсан албан тушаалд томилох” агуулгатай зохицуулалт шинээр батлагдсан байх тул дээрх тайлбар үндэслэлгүй, шүүх адил тохиолдолд өөрөөр шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
21.Мөн “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, хоёр дахь удаагаа гаргасан гомдол байсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн тухайд захиргааны байгууллагын хууль бус үйлдэхүйтэй маргасан буюу ажилд томилохгүй байгаа хууль бус эс үйлдэхүй үргэлжилж байсан, Монополын эсрэг газрын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03/222 дугаар албан бичгийг хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 21-нд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй.
22.Харин нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах” шаардлагын тухайд, Төрийн албаны тухай хуулийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасан, нэхэмжлэгч нь бодитоор албаны чиг үүрэг хэрэгжүүлээгүй, ажиллаагүй тул холбогдох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, үндсэн цалин хөлстэй дагалдах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгов.
23.Гэрээний Хоёрын 2-т “Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2а-д заасны дагуу оюутны магистрын хөтөлбөрт суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар төлнө” гэж зааснаар ажилд буцаан томилох хүртэл хугацаанд хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй байна.
24.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан, энэ тохиолдолд маргааны үйл баримт нь хөдөлмөрийн харилцааг үндэслэлгүй цуцалсан маргаан биш тул уг зохицуулалтыг энэхүү маргаанд хэрэглэхгүй юм.
25.Нэхэмжлэгчийн “Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн тухайд, хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбартаа “хариуцагч байгууллагын бүтэц өөрчлөгдсөн” гэж тайлбарласан, хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий албан тушаалд түр орлон гүйцэтгэгч ажиллуулж байгаа нь тогтоогдсон тул дараах байдлаар шийдвэрлэв.
26.Үүнд, нэгдүгээрт, хариуцагч Монополын эсрэг газар нь нэхэмжлэгч Т.Б-ийг Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд томилох үүрэгтэй, хоёрдугаарт, хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөж, өмнө хэрэгжүүлж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй бол Т.Б-ийг өмнө эрхэлж байсан газрын даргын албан тушаалаас ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээ бууруулахгүйгээр адилтгах албан тушаалд томилох замаар шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0615 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2025/0698 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 42 дугаар зүйлийн 42.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хангаж, Т.Б-ийг Монополын эсрэг газрын, Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа Монополын эсрэг газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу томилохыг даалгасугай” гэж өөрчилсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ