Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/01717

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05293 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ТӨХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь ******* ТӨХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 07 сарын 22-ны өдрийн 27 дугаар тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон. 2022-2023, 2023-2024 онуудад контрактын болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг тухай бүр байгуулж байсан. 2024 оны 07 сарын 30-ны өдөр байгуулагдсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу миний бие албан үүргээ зөрчил, доголдолгүй, ажил үүргийн хуваарь, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан нөхцөл журмын дагуу компанийн хэвийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллах үүргээ гүйцэтгэж, компанийн зорилт төлөвлөгөөг хангалттай биелүүлэн ажиллаж байсан. Гэтэл ТУЗ-ийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 21 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасныг баримтлан ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тогтоолын 1 дэх заалтад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлээгүй гэж тусгасан боловч тухайн зөрчилд миний бие шууд хамааралтай болохыг тодорхой заасан хууль болон гэрээний үндэслэл, зөрчлийн нөхцөл байдал, зөрчлийн шалтгаант холбоо зэргийг тухайлан тогтоосон зүйлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргаж, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* нь 2021 оны 07 сарын 27-ны өдрөөс компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд хариуцсан салбар компаниудад жил дараалан үйлдвэрийн осол, аваар гарсны улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон. Үүнд: "*******" салбарын ******* хэсэгт 2021 оны 10 сарын 26-ны өдөр ажилтан Т нь цахилгаан гүйдэлд нэрвэгдэж өндрөөс унаж хүнд гэмтэл авсан үйлдвэрлэлийн осол гарсан тул ТУЗ-ийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 33 дугаар "Хариуцлага тооцох тухай" тогтоол, "*******" салбарт 2023 оны 06 сарын 26-ны өдөр засварын монтёр Б нь хуучин тулгуур, тоноглол хураах ажил гүйцэтгэж байхдаа тулгуурт цохигдож нас барсан үйлдвэрлэлийн осол гарч ТУЗ-ийн 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 22 дугаар "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тогтоолуудаар тус тус хариуцлага тооцож байсан. Нэхэмжпэгч ******* сахилгын шийтгэл оногдуулсан тогтоолуудыг хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон. "*******" салбарт 2024 оны 07 сарын 12-ны өдөр үйлдвэрийн осол дахин гарч тус станцын шуурхай үйлчилгээний засварын монтёр Б нь үзлэг хийх явцдаа цахилгаан гүйдэлд нэрвэгдэж нас барсан. *******-д эрчим хүчний салбарын ТӨХК-уудын хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгууллагаас олгосон удирдамжийн хүрээнд компанийн ТУЗ-өөс *******тэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 2.12-т "гүйцэтгэх захирал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол хууль тогтоомж, энэхүү гэрээнд заасны дагуу арга хэмжээ авах, сахилгын шийтгэл ногдуулах", мөн гэрээний 5.2.8-т "хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлээгүйгээс компанид ноцтой осол аваар гарсны улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, компанид их хэмжээний хохирол учирсан", Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул хариуцагч талаас ТУЗ-ийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 21 дугаар тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ТӨХК-ийн ТУЗ-д даалгахыг хүссэн *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээний 5.2.8 дахь заалт буюу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас үйлдвэрлэлийн осол гаргасан гэх зөрчилд буруутгаж байгаа нөхцөлд ямар үүргийг зөрчсөн эсхүл зөрчөөгүй болох, зөрчсөн гэж үзэж буй бол ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас уг зөрчил үүссэн болох, энэ нь миний хүлээх үүрэгт хамааралтай гэх шалтгаант холбоо байгаа эсэхийг бодит байдалд нийцүүлэх замаар, үндэслэл бүхий дүгнэж, нарийвчлан тогтоолгүй буюу зөвхөн гэрээний механик заалтыг шууд баримтлан бусад холбогдох хууль, эрх зүйн баримт бичиг, үйл баримтуудад суурьлсан үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, хэт хийсвэрээр сахилгын шийтгэл ногдуулсан тогтоол гаргасныг эс зөвшөөрч маргасан.

4.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлөж буй этгээд нь тухайн байгууллагынхаа ХАБ-д хамаарах хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, хяналт тавих үүргийг хүлээх, энэ үүргээ биелүүлээгүй нөхцөлд үр дагаврыг шууд хариуцахаар зохицуулсан бөгөөд хуульд /шууд/ хариуцна гэх үг байх ба шатлан хариуцна гэж заагаагүй. Хэрэв шатлан хариуцна гэж заасан бол тухайн ажил олгогч этгээдийн дээд шатны байгууллага, албан тушаалтан гэж үзэж болох миний биед мөн хариуцлага тооцох нь боломжтой талаар маргасан.

4.3. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасны дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох сахилгын ноцтой зөрчилд ямар тохиолдлыг хамааруулах болон түүний төрөл, хэлбэр, сахилгын ноцтой зөрчилд тооцох нэг бүрчилсэн үндэслэл зэргийг Хөдөлмөрийн дотоод журам болон гэрээнд тусгайлан заагаагүй бөгөөд хуульд нийцээгүй, хуулийн зохицуулалтыг орхигдуулсан хөдөлмөрийн дотоод журам, журамд үндэслэх боломжгүй гэрээний заалт, зохицуулалтыг баримтлан сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй талаар маргасан боловч шүүх энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүйгээс гадна шүүхээс нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлүүдэд зөрчил ба сахилгын хариуцлагын хувьд гэм буруугийн шалтгаант холбоо байхгүй байна гэж дүгнэсэн боловч гэрээ болон хөдөлмөрийн онцлог харилцаанаас хамаарч ажил олгогчийн төлөөлөл болох ЭХЯ-ний ТУЗ нь тухайн зөрчилд буруутай этгээдүүд болох Хэнтий салбарын ******* хэсгийн дарга, инженер техникийн ажилчид болон ХАБ хариуцсан ИТА-д хариуцлага тооцохын тулд түүний дээд шатны буюу ТУЗ-тэй шууд гэрээ байгуулдаг этгээд болох миний биед хариуцлага тооцож, сахилгын шийтгэл ногдуулсан нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэл, хууль зүйн логикийн хувьд ойлгомжгүй, энэ талаар дүгнэлт хийхдээ хуулийн ямар, зүйл заалт, зохицуулалтыг үндэслэсэн болох нь тодорхойгүй ба зөвхөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулагч этгээд гэдгээр нь дан ганц субъектэд хамааруулж дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх замаар шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

4.4. Миний бие Эрчим хүчний салбаруудад осол аваар гарч хүний амь эрсэдсэн явдалд удирдах албан тушаалтны хувьд онцгойлон анхаарлаа хандуулж дахин гаргахгүй байх тал дээр зохих арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлсэн ба буруутай этгээдэд хариуцлага тооцох, шалтгаан нөхцөлийг арилгах, дахин осол гаргахгүй байх тал дээр шаардлагатай арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж ажиллах үүрэг даалгаврыг өгөх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулах, ХАБ-ын зориулалтын багаж, хувцас, техник хэрэгслээр ажилчдыг хангах асуудлыг шийдвэрлэх, ХАБ хариуцсан ИТА-ыг мэргэшүүлэх тал дээр тухайлан анхаарч ажиллах зэргээр Компаний хэмжээнд ХАБ-г зохих түвшинд хангаж ажиллах үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байсан болно. Холбогдох баримтуудыг гаргаж өгсөн боловч шүүх энэ талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэхээс зайлсхийж дутуу дүгнэлт хийсэн нь шийдвэрт сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болсон.

4.5. Анхан шатны шүүх 2024 оны 07 сарын 12-ны өдөр гарсан үйлдвэрлэлийн осол буюу үйл баримтыг талуудын хооронд 2024 оны 07 сарын 30-ны өдөр байгуулагдсан онцгой нөхцөл бүхий гэрээний 5.2.8-д заасан гэрээний үүргийн зөрчил, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан гэрээг шууд цуцлах ноцтой нөхцөлд хамааруулан үзжээ. Энэ тохиолдолд шүүх гэрээний 5.2.8-д тухайлан заасан хор уршиг үр дагавар бий болсон эсэх, уг хор уршиг үр дагаварт гүйцэтгэх захирлын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн эсэх, тэдгээрийн шалтгаант холбоо зэрэг нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдож байгаа эсэхэд зайлшгүй анхаарах шаардлагатай. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.8-д заасан гэрээний үүргийн зөрчил үүссэн болохыг нотлох баримт хэргийн материалд авагдаагүй. Шүүх хэрэгт авагдсан ямар нотлох баримтад тулгуурлан дүгнэсэн эсэх нь ойлгомжгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүйгээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

4.6. Түүнчлэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий дараах нөхцөл байдал, бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна. Тодруулбал, 2024 оны 11 сарын 28-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ТУЗ-ийн тогтоолд дурдсан үндэслэл болох онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.8-д заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой үндэслэл буюу гэрээний үүргийн зөрчлийг нэхэмжлэгч ******* гаргасан гэх үйл баримт хэрэгт авагдсан дараах баримтуудаар няцаагдана. Үүнд: нэхэмжлэгчийн хувьд ажиллаж байх хугацаандаа дээрх хэлбэрээр хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж байсан нь нотлогдоно. Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 24/01 дугаар онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэх захирлын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр ямар үүрэг хүлээх талаар тусгайлан тохиролцоогүй тохиолдолд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн эсэхэд холбогдох хяналт шалгалт явуулж үнэлэлт, дүгнэлт хийсний эцэст түүнд хариуцлага оногдуулах эсэхийг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Гэтэл хариуцагч дээрх ажиллагааг хийлгүй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Хариуцагч гүйцэтгэх захирлыг чөлөөлөхдөө ******* ТӨХК-ийн дүрмийн 7.3.9-д заасны дагуу ТУЗ-ийг хуралдуулж санал хураах хэлбэрээр шийдвэр гаргаагүй. Мөн 2024 оны 21 дугаартай хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай тогтоол нь ТУЗ-ын хэзээ хийсэн хурлын шийдвэрийн үндсэн дээр гарсан нь тодорхой бус энэ талаар тогтоолд дурдаагүй байхаас гадна хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гүйцэтгэх захирлыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, ТУЗ-ийн гишүүдийн дийлэнх олонх нь оролцож дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэхтэй холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй нь ТУЗ-ийг хуралдуулахгүйгээр улс төрийн шинжтэй шийдвэр гарсныг илтгэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх талаар хуульд заасан ажиллагааг хариуцагч явуулаагүй.

4.7. *******тэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ нь цаг хугацааны хувьд 2024 оны 07 сарын 12-ны өдөр гарсан үйлдвэрлэлийн ослын дараа буюу 2024 оны 07 сарын 30-ны өдрөөр бичгээр байгуулагдсан нь түүнийг тухайн гэрээнд заасан гүйцэтгэх захирлын эрх, үүргийг мөн өдрөөс эхлэн хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-ын өмнө хариуцах эрх зүйн үр дагавар үүснэ. ******* ТӨХК-ийн харъяа Хэнтий цахилгаан түгээх сүлжээ салбарт 2024 оны 07 сарын 12-ны өдөр гарсан үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөлийг судлан бүртгэж, буруутай албан тушаалтан хэн болох талаар комиссын гишүүд болон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын хамтарсан хяналт шалгалт хийж гаргасан дүгнэлт буюу ослын актаар гүйцэтгэх захирал *******ийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр түүнийг буруутган хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан. 2024 оны 07 сарын 12-ны өдрөөс хойш 4 сарын дараа буюу 2024 оны 11 сарын 28-ны өдөр гүйцэтгэх захирал *******-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасантай нийцээгүй зэрэг хэргийн үйл баримт болон цугларсан бичгийн нотлох баримтуудад зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...нэхэмжлэгч тус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд 3 удаа ноцтой үйлдвэрлэлийн осол гарсан, үүнээс 2 тохиолдолд нь хүний амь нас эрсэдсэн, байгууллагын ТУЗ-өөс өмнө нь *******-д сахилгын шийтгэл ногдуулж байсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын ТУЗ-ийг хариуцагчаар тодорхойлсон байх боловч аливаа ТУЗ нь хуулийн этгээдийн эрхгүй тул хариуцагчаар ******* ТӨХК-ийг тодорхойлсон гэж үзнэ.

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байх ба зохигч доорх үйл баримтын тухайд маргаагүй. Үүнд:

3.1. ******* нь 2021 оноос хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд хариуцагч байгууллагатай 2024 оны 07 сарын 30-ны өдөр 24/01 тоот Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г шинэчлэн байгуулсан;

3.2. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлаар ******* ажиллаж байх дээрх хугацаанд буюу 2021 оны 10 сарын 26, 2023 оны 06 сарын 26, 2024 оны 07 сарын 12-ны өдрүүдэд тус тус үйлдвэрлэлийн осол гарсан, үүний улмаас нэг ажилтан хүнд гэмтэл авч, хоёр ажилтан нас барсан;

3.3. Хариуцагч байгууллагын ТУЗ-ийн 2021 оны 12 сарын 10, 2023 оны 09 сарын 20-ны өдрүүдийн тогтоолоор *******-д тус тус сахилгын шийтгэл ногдуулж байсан;

3.4. Хариуцагч байгууллагын ТУЗ-ийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирал *******-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г цуцалж шийдвэрлэсэн;

3.5. Дээрх тогтоолд Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 80 дугаар зүйлийн 80.2, 83 дугаар зүйлийн 83.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Компанийн дүрмийн 7.3.9, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний 5.1.7, 5.2.8-д заасныг удирдлага болгосон ба ...******* нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлээгүйгээс компанид ноцтой үйлдвэрлэлийн осол гарсан... гэсэн үндэслэлийг заасан;

3.6. Ажилтан ******* нь өмнө дурдсан ТУЗ-ийн тогтоолыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан ба тус хорооны хуралдааны 2024 оны 12 сарын 26-ны өдрийн 24/99 дугаартай тэмдэглэлд ...талууд харилцан тохиролцоогүй тул маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй... тухай дурдсан;

3.7.  Ажилтан ******* нь 2025 оны 01 сарын 03-ны өдөр тухайн асуудлаар шүүхэд хандсан.

4. Дээрхээс үзвэл зохигчийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, улмаар компанийн ТУЗ нь гэрээгээр харилцан тохирсон гэрээг цуцлах заалтыг үндэслэн *******тэй үүсгэсэн хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгосон, улмаар ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаанд шүүхэд хандсан гэж дүгнэхээр байна.

5. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.9-д тус тус зааснаар компанийн ТУЗ нь гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, мөн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох бүрэн эрхтэй бөгөөд мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.15-д зааснаар компанийн ТУЗ нь гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг хэдийд ч гаргах эрхтэй.

Иймд хариуцагч байгууллагын ТУЗ нь гүйцэтгэх захиралтай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр гэрээг цуцлах, дуусгавар болгох нөхцөлийг тохирч, улмаар гэрээнд заасан үндэслэлээр гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний харилцааг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй буюу хуулиар компанийн ТУЗ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй юм.

6. Дээрх агуулгаар нэхэмжлэгч талын гаргасан ...үйлдвэрлэлийн ноцтой осол гарч, хүний эрүүл мэнд, амь нас хохирсон явдалд гүйцэтгэх захирлын шууд буруу байхгүй, гүйцэтгэх захирал нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай сайн, зөрчил, доголдолгүй биелүүлж байсан, хөдөлмөр аюулгүй байдлын багаж, хэрэгслээр ажилтнуудыг хангаж ажилласан, үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоож, буруутай ажилтнуудад хариуцлага ногдуулсан... гэсэн агуулгатай тайлбар, давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах үндэслэлгүй.

Түүнчлэн, аливаа компанийн гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг тул тухайн компанид удаа дараа ноцтой үйлдвэрлэлийн осол гарч, үүний улмаас хүний эрүүл мэнд, хүний амь нас удаа дараа хохирсон явдалд гүйцэтгэх захирлыг шууд буруугүй гэж үзэх боломжгүй юм.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР 

Д.НЯМБАЗАР