| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0814/Э |
| Дугаар | 816 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Г.Ганбагана,
Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овогт Л-ын М-д холбогдох эрүүгийн 1809037930903 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн газар зохион байгуулалтын 1 дүгээр курст суралцдаг, ам бүл 4, эмэг эх, өвөг эцэг, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчны 4 дүгээр гудамж 30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УЮ 99100919 / Тайж овогт Л-н М нь:
- 2018 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 16 дугаар гудамжны 555 тоотод оршин суух Э.Жаргалмаагийн “Самсунг 7” эджэ маркийн гар утсыг “Ариун цэврийн өрөөнд хэтэвчээ унагачихлаа. Гэрэл тусгаж хараад буцаагаад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.Жаргалмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 19-ний орой 23 цаг 10 минутын үед миний таньдаг Л.М гэдэг хүүхэд манай гэрт өөрийн найз охин болох А.Алтанзулын хамт ирсэн. Тэгээд бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад Л.М гэрээс гараад ирье гээд гарсан. Тэгснээ нээх удалгүй буцаж орж ирснээ танай жорлонд хэтэвчээ унагачихлаа. Гэрэл асаах юм байна уу гэж надаас асуухаар нь би өөрийн утасны гэрлийг асаагаад өгөөд гаргасан. Ойролцоогоор 5 минутын дараа би цонхоороо Л.М-ийг дуудсан чинь огт намайг сонсохгүй байсан. Тэгээд 23 цаг 50 минутын үед манай нөхөр Бямба-Очир гаднаас ирээд утас чинь яагаад холбогдохгүй байгаа юм гэж надаас асуусан. Би утас руугаа баахан залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Би өөрөө эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас гарч харж чадаагүй юм. Тэгээд тэр өдрөө нөхөр Л.М гэх залууг хайж явсан ч олдоогүй. Авчраад өгчих юм болов уу гээд бодоод хүлээсэн чинь авчирч өгөөгүй. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэжээ. / хх 22-23 /
Гэрч А.Алтанзулын мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:...2018 оны 08 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед гаднаас 2 цагдаа ирээд Л.М-ийг аваад явсан. Өмнөх байцаагч нь над руу 2019 оны 06 дугаар сард залгаж байсан. Тэр үед Л.М надтай хамт байхгүй найзтайгаа уулзана гээд явчихсан, утас нь холбогдохгүй болчихсон байсан тул цагдаатай нь уулзуулж чадаагүй юм. Ер нь бол Л.М өөрөө “Жаргалмаа гэдэг нэг таньдаг эгчийнхээ утсыг авсан” гэж ярьсан гэжээ. / хх 29-30 /
Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 34-36 /
Яллагдагч Л.М мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Тэгээд босохдоо өмднийхөө халааснаас хэтэвчээ жорлон руу нь унагаачихсан. Тэгээд харах гэхээр хав харанхуй харагдахгүй байхаар нь тэднийх рүү ороод Э.Жаргалмаа эгчээс “Асаагуураа өгчих юм харах гэсэн юм. Гадаа харанхуй харагдахгүй байна” гэсэн чинь утас аваад гараад хар аа гэж хэлээд надад “Самсунг галакси S-7” эдж маркийн гар утсаа өгсөн. Тэгэхээр нь би тэр утсыг нь авч гараад утсаар нь гэрэл тусгаж байгаад нэлээн удаан жорлонгоос нь хэтэвчээ хайсан. Тэгээд түрүүвчнээсээ мөнгөө аваад зогсож байтал Э.Жаргалмааа эгчийн утсанд мессеж ирсэн. Тэр мессежийг нь унштал “Буржак байгаа юм уу? Наадхыгаа битгий гаргаарай. Би орж байгаад ална аа” гэсэн мессеж ирсэн. Тэгээд би Э.Жаргалмаа эгчийн гар утсанд өөрийн дугаарыг хийж барьж байгаад 2019 оны 02 дугаар сард таксинд мартаад буучихсан гэжээ. / хх 46 /
Шүүгдэгч Л.М-д 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 45-46 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 53 /
Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Э.Жаргалмаагийн хохирлыг бүрэн төлж дуусгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүүгдэгч Л.М нь 2018 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 16 дугаар гудамжны 555 тоотод оршин суух Э.Жаргалмаагийн “Самсунг 7” эджэ маркийн гар утсыг “Ариун цэврийн өрөөнд хэтэвчээ унагачихлаа. Гэрэл тусгаж хараад буцаагаад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гар утсыг нь авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...танай жорлонд хэтэвчээ унагачихлаа. Гэрэл асаах юм байна уу гэж надаас асуухаар нь би өөрийн утасны гэрлийг асаагаад өгөөд гаргасан. 23 цаг 50 минутын үед манай нөхөр Бямба-Очир гадаа ирээд утас чинь яагаад холбогдохгүй байгаа юм гэж надаас асуусан. Би утас руугаа баахан залгасан боловч холбогдох боломжгүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Жаргалмаагийн мэдүүлэг / хх 22-23 /, ... Л.М өөрөө Э.Жаргалмаа гэдэг нэг таньдаг эгчийнхээ утсыг авсан гэж ярьсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Алтанзулын мэдүүлэг / хх 29-30 /, ...Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 34-36 /, ... Э.Жаргалмаа эгчээс “Асаагуураа өгчих юм харах гэсэн юм. Гадаа харанхуй харагдахгүй байна” гээд “Самсунг галакси S-7” эдж маркийн гар утсыг өөрийн дугаарыг хийж барьж байгаад 2019 оны 02 дугаар сард таксинд мартаад буучихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Л.М-ийн мэдүүлэг / хх 46 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Л.М-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул түүний хувийн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан прокурорын саналыг болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.М нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Л.М-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Л-н М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Л.М нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Л.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах годмол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.М-д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ