| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2025/00112/И |
| Дугаар | 210/МА2025/01820 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01820
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/04638 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь *******-тай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс нөхөр *******гийн өмчлөлийн ******* улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* байр, 5 тоот хаягт байрлах 46.73 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан.
Дээрх гэрээ байгуулсан өдрөө 5-7 дугаар сарын хүүгийн төлбөрт 4,950,000 төгрөгийг суутгасан. Зээлдэгч нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт нийт 43,649,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.
Гэвч зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөлгүй өнөөдрийг хүрсэн.
Иймд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан эсэх талаарх хариу тайлбар гаргаагүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* байр, 5 тоот хаягт байршилтай, 46.73 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч *******-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 459,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15:30 минутад товлогдсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тус шүүх хуралд 15:30 минутад ирсэн боловч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Зээлийн төлбөрийг бүрэн барагдуулсан боловч хариуцагч нь барьцааг чөлөөлж өгөөгүй. Учир нь энэ зээлээс өөр зээлийг дээрх барьцаа хөрөнгөөр барагдуулах зорилготой байснаас болсон. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* байр, 5 тоот хаягт байршилтай, 46.73 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
2.1. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
Иймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3. ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр *******д олгосон. Уг гэрээ нь гэрээний нэмэлт, өөрчлөлт гэх нэршлээр байгуулагдсан боловч бодит байдалд 40,000,000 төгрөгийн зээлээс өмнө ямар нэг зээл олгогдоогүй тул өөр гэрээний нэмэлт, өөрчлөлт гэж үзэхгүй.
3.1. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор *******гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* байр, 5 тоот хаягт байршилтай, 46.73 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
3.2. Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр буюу зээл авсан өдрөө 4,950,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 43,649,000 төгрөг буюу үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, хүү 8,599,000 төгрөг, нийт 48,599,000 төгрөг төлснөөр зээлийн гэрээний мөнгөн төлбөрийг бүрэн төлж барагдуулжээ.
Энэ тооцооллыг хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар баримтаар үгүйсгээгүй.
3.3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/01073 дугаар захирамжаар *******гаас зээлийн гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг гаргуулж *******-нд олгож шийдвэрлэсэн байх ба үүнд талуудын байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт багтаагүй болно.
3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнэсэн.
4.1. Гэрээний 4.6, 4.7-д зааснаар нэхэмжлэгч ******* нь зээлийг хугацаанаас өмнө төлөх эрхтэй бөгөөд үүний дагуу зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.
4.2. Нэгэнт зээлийн гэрээний үүрэг буюу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч *******-д даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д нийцжээ.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
5.1. 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч талд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн, шүүх хуралдаан болсон өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирсэн үйл баримт шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, хэргийн бусад баримтаар тогтоогдсонгүй.
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулснаас хойш 4 сарын дараа хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарласан гэж дүгнэхгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/04638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ