Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2016/00473

 

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 03 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, М овогт Х-ы Агийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.А, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1983 оны 01-р сараас 1992 оны 12-р сарын 31-ний хүртэл туслах малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Х.А нь 1967 онд төрсөн,49 настай,багаасаа малчны айлд өсч, туслах малчин, төлчин, саальчнаар ажилласан. Нэгдлийн үед Улаанхус сумын А нэгдэлд 1983 оноос эхэлж,,нэгдэл таарах хүртэл ажилласан, одоо хүртэл малчин хэвээрээ байна. Эмэгтэй хүн, тэр тусмаа малчны хөдөлмөрийн төрөөс онцгой анхаарч үзэж байгаа өнөө үед дараа жил тэтгэвэрт гарах болзлыг хангасан учир ажилласан жилийг тооцуулахаар болоход ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул зарим ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Уг тушаал аймгийн архивын тасгаас ч хайгаад олдоогүй болно. Миний ажилласан жилийг нотлох хөдөлмөрийн дэвтэр, хамт ажилласан хүмүүсийн тодорхойлолт, нэгдлийн зөвлөлийн тодорхойлолт, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны гишүүний бат илэрхийлэх зэрэг нотлох баримтууд байгаа болно. Иймд 1983 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд төлчин, саальчин, туслах малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгөн үү гэжээ.

Хүсэлт гаргагч Х.А шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие Хурманханы А 1967 онд төрсөн. Би бага байхдаа аав ээжийн хамт туслах малчин, төлчин, саальчнаар ажиллахаар болж, Улаанхус сумын А нэгдэлд 1983 онд ажилд орж, тус нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан бөгөөд одоо ч гэсэн мал маллаж амьдарч байгаа. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, Нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч ажилд орсон тушаал байхгүй болохоор миний ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгож ирэхийг зөвлөсөн юм. Миний Улаанхус сумын А нэгдэлд ажиллаж байсан байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт, Монголын үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэхийн үнэмлэх, хамт ажиллаж байсан Х, Гүлсин, А нарын тодорхойлолт зэргээр бүрэн нотлогдоно. Иймд миний 1983 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Улаанхус сумын А нэгдэлд төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.А нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас 1992 оны 12-р сарын 31-ний хүртэл туслах малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан , хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 373 дугаар архивын лавлагаанд: Улаанхус сумын А нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтыг шүүн үзэхэд иргэн Х.Ад холбогдох баримт гараагүй болно гэсэн боловч хүсэлт гаргагч Х.А нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл туслах малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтуудаар:

-1983 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр олгосон бор өнгийн 1980 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэл, овог Хурманхан, нэр А, 1967 онд төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийн гарын үсэг гэдэгт А гэж бичигдсэн ба уг хөдөлмөрийн дэвтрийн 9-14 дүгээр хуудсанд 1984 оны 04 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилт хийж тамга болон тэмдэг дарж баталгаажуулсан байдал,

-1985 оны 10 дугаар сарын 17-ний өдөр нээлгэсэн №594647 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн эхний хуудсанд Хурманхан А, 1967 онд төрсөн, гишүүнд элссэн 1984 оны 12 дугаар сарын 15-ний өдөр, улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн ҮЭ-ийн Зөвлөлийн дарга К.Хамза гэж бичиж тамга дарагдсан ба 1984 оноос 1992 оны 04 дүгээр сар хүртэл татвар төлж байсан байдал,

- Монголын Хувьсгал залуучуудын эвлэлийн төв хорооноос олгосон №352118 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн эхийн хуудсанд овог нь засвартай ба А гэж бичигдсэн, МХЗЭ-д элссэн 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Бат илэрхийлэх олгосон Баян-Өлгий аймгийн ХЗЭ-ийн хороо гэж бичигдсэн ба 1985 оны 09 дүгээр сараас 1986 оны 05 дугаар сар хүртэл татвар төлж байсан байдал,

-1985 оны 02 дугаар сарын 18-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдлийн бригадын зөвлөлөөс олгосон Сайшаалын үнэмлэхэд: Хариуцсан малаа 98% онд мэнд оруулж 100 эхээс 92 төл бойжуулж үйлдвэрлэлийн даалгаврыг 104% биелүүлж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг сайшаан тэмдэглэж, төлийн баярыг тохиолдуулан сайшаалын үнэмлэх үнэ бүхий зүйлээр шагнан дурсгав. Нэгдлийн зөвлөл гэж бичсэн байдал,

-Хамт ажилласан гэх ************ регистрийн дугаартай М.Х, ****регистрийн дугаартай Х.А, ***** регистрийн дугаартай Х.К нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Манай Улаанхус сумын 3 дугаар багийн иргэн Х.Атай хамт 1983 оноос 1993 он хүртэл тус сумын А нэгдэлд малчин бөгөөд саальчин, төлчнөөр хамт ажилласан үнэн гэж бичигдсэн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. Харин хүсэлт гаргагч Х.А нь Улаанхус сумын А нэгдэлд туслах малчин, төлчин, саальчнаар 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан гэх боловч түүний 1983 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрт 1983 оны ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилт хийгдээгүй хоосон ба хамт ажилласан гэх М.Х, Х.А, Х.К нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагч Х.Агийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл туслах малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* регистрийн дугаартай, Молхы овогт Хурманханы А нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл туслах малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ЖАРХЫНГҮЛ