Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/01783

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04563 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК холбогдох,

 

23,939,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн иттэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай 2024 оны 08 сарын 15-ны өдөр Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан ба гэрээгээр нэхэмжлэгч тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх бөгөөд хариуцагч байгууллага хариу төлбөр төлөх үүрэг хүлээсэн.

1.2. Уг гэрээний дагуу ******* ХХК нь Турк улсын Маниса хотоос Улаанбаатар хот хүртэл тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлж, 2024 оны 10 сарын 29-ний өдөр гэрээт ажлыг гүйцэтгэж дууссан бөгөөд гэрээт ажлын гадаад тээвэр 9,800 ам.доллар, дотоод тээвэр 1,909,600 төгрөг болсон ба гэрээт ажлын хөлсийг 2024 оны 10 сарын 31-ний өдрийн дотор төлүүлэхээр нэхэмжлэх илгээсэн.

1.3. Нэхэмжлэгчийн гадаад тээврийн зардлыг нэхэмжлэх илгээсэн өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцоолоход 33,344,500 төгрөг болж байх бөгөөд хариуцагч байгууллага нь нийт 35,254,100 төгрөгийн төлбөр төлбөр үүрэгтэй байна. Манай байгууллагын зүгээс ******* ХХК-аас төлбөр төлөхийг шаардаж хэд хэдэн удаа мэдэгдэл илгээсэн боловч хариуцагч байгууллага нь төлбөрийг төлөөгүй ба 2025 оны 02 сарын 04-ний өдөр 294,300 төгрөг, 2025 оны 02 сарын 14-ний өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг төлсөн бөгөөд одоо 15,959,800 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.4. Мөн Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 4.5-д зааснаар үйлчлүүлэгчийн төлбөр төлөх үүрэг үүссэн өдрийн дараа өдрөөс буюу 2024 оны 11 сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд тооцогдох алдангийн дүн нь 17,423,662.4 төгрөг байна. Үүнийг хуулийн шаардлагад нийцүүлээд мөн хариуцагч талын эрх, ашгийг хүндэтгээд нэхэмжлэлийг хамгийн сүүлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувиар буюу 7,979,900 төгрөг болгон бууруулж байна.

1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нийтдээ 16,345,109.89 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн ба үүнийг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь төлбөр төлсөн өдрийн ханшаар бодож төлсөн байна. Тиймээс дээрх төлбөрийг нийт нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж үлдэгдэл төлбөрийг гаргуулах нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд тээвэр зуучийн гэрээ байгуулагдсан. Төлбөрийн асуудлын тухайд талууд тооцоо нийлж 2025 оны 02 сарын 04-ний өдрөөс 2025 оны 03 сарын 01-ний өдрийн байдлаар хариуцагч 16,345,109.89 төгрөгийн үлдэгдэлтэй талаар нэхэмжлэгч хариуцагчид хүргүүлсэн.

2.2. Хариуцагчийн зүгээс нийт төлбөрийн үлдэгдэл болох 16,345,109.89 төгрөгийг 2025 оны 04 сарын 08-ны өдөр төлж барагдуулсан. Одоо хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох 7,594,590.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,648.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 16,345,109.89 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын ногдох хэсгээс татгалзаж, үлдэх 7,594,590.11 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

4.2. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Алданги нь үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх ба үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго агуулах тул бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэгэн адил үндсэн үүргээс хамааралтай үүсдэг акцессор шинжтэй. Үндсэн үүрэг хүчингүй болсон эсхүл дуусгавар болсон бол энэхүү арга хэрэгжих боломжгүй болно гэж дурдсан байх ба ямар нэгэн хуулийн заалтад үндэслээгүй байна.

4.3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, мөн хуулийн 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

4.4. Өөрөөр хэлбэл алданги төлөх үүрэг нь үндсэн үүрэгтэй холбоотойгоор үүсэх тухай тодорхойлон заасан бөгөөд алданги төлөх үүрэг нь үндсэн үүрэгтэй холбоотойгоор дуусгавар болох талаар зааж өгөөгүй байна. Иймд анхан шатны шүүхээс үндсэн үүргийг гүйцэтгэснээр нэмэлт үүрэг мөн дуусгавар болно гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

4.5. Түүнчлэн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-т Үүрэг дуусгавар болох үндэслэлүүдийг дурдсан бөгөөд 236.1.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, 236.1.2 үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан, 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж заасан. Өөрөөр хэлбэл үүргийн харилцаа зөвхөн дээрх 3 үндэслэлээр дуусгавар болох талаар зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүхээс хуулийн зохицуулалтад үндэслээгүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчсөн байна.

4.6. Талууд 2024 оны 08 сарын 15-ны өдрийн Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ -г харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр гэрээнд тусгагдсан бүхий л заалт, нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч нь төлбөрийг хугацаандаа төлөхгүй бол алданги төлөх үүргээ хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан.

4.7. Хариуцагчийг гэрээний үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлснээс хойш хэд хэдэн удаа мэдэгдэл хүргүүлж, үүргээ биелүүлэх боломж олгож байсан төлөөгүй ба маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсаны дараа л үндсэн үүргээ биелүүлсэн. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн, мөн алдангийг зохицуулсан хэсгийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэлт гаргаагүй атлаа алданги төлөх үүрэггүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

4.8. Мөн Иргэний хуульд зохицуулсан үүргийг гүйцэтгэлийг хангах аргууд нь үүрэг гүйцэтгэгч нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хамгаалах зорилгыг агуулсан байдаг.

4.9. Нөгөө талаар гэрээ байгуулагч талууд гэрээний аль нэг тал нь үүргээ биелүүлэхгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргээ биелүүлэх хүртэлх хугацааны бизнесийн алдагдлаа нөхөх, алдагдлаа нөхөхдөө хохирлын баримт бүрдүүлэх шаардлагагүй байлгах зорилгоор алдангийг гэрээгээр тохиролцдог.

4.10. Анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ үндэслэл муутай, хуульд үндэслээгүй шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн алданги авах эрхийг нь үндэслэлгүйгээр хязгаарлаж байгаад гомдолтой байх тул 192/ШШ2025/04563 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд тээврийн үйлчилгээтэй холбоотой гэрээ байгуулагдаж, тухайн гэрээний хүрээнд тооцоо нийлсэн. Тодруулбал, 2025 оны 03 сарын 13-ны өдөр талууд тооцооны баталгааг гаргаж, ******* ХХК болон ******* ХХК-ийн нягтлан бодогч нар хамтран тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг баримт нь хавтаст хэргийн 17 дугаар талд ******* ХХК буюу нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн.

5.2. Дээрх гэрээний дагуу талууд дотоодын тээврийн үйлчилгээний төлбөр нь 1,757,565 төгрөг, олон улсын тээврийн буюу гадаадын тээврийн үйлчилгээний төлбөр нь 4,311 ам.доллар байхаар тохиролцсон.

5.3. Мөн ******* ХХК-аас ******* ХХК-ийн нэр дээр гаргасан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд хариуцагчийн төлөх нийт үлдэгдэл төлбөрийг 16,345,109 төгрөг гэж тодорхой заасан бөгөөд уг баримтыг тухайн үед шүүхэд гаргаж өгсөн байна.

5.4. Хариуцагч тал тохиролцсон 16,345,109 төгрөгийг бүрэн төлсөн тул гэрээний дагуу үүсэх өр, төлбөрийн үлдэгдэл байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, талууд хоорондын тооцоо бүрэн төлөгдсөн учир нэхэмжлэгч талд дахин төлбөр төлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

5.5. Үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа гэдэг нь тухайн үндсэн үүргийн биелэлтийг хангах зорилготой. Талууд тухайн үедээ тооцоо хийж, өр, төлбөрийн хэмжээг тодорхойлон тохиролцсон тул үндсэн үүрэг биелэгдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талд төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 23,939,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч маргаагүй, харин алданги төлөх үндэслэлгүй ... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Талуудын хооронд 2024 оны 08 сарын 15-ны өдрийн №NL/LM/87 дугаартай Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Турк улсын Маниса хотоос Улаанбаатар хот хүртэл импортын ачаа тээвэрлэлтийг хурдан шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах зуучлалын үйлчилгээ үзүүлэх, нөгөө талаас хөлсийг төлөхөөр тохиролцсон;

 

3.2. Талууд 2025 оны 03 сарын 13-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа №1 гэсэн баримт үйлдэж, уг баримтаар дотоод тээвэр эцсийн үлдэгдэл 1,757,565 төгрөг, гадаад тээвэр 4,311.19 ам.долларын үлдэгдэл төлбөртэй гэж тохиролцсон;

 

3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан-д дурдсан хэмжээгээр буюу 16,345,109 төгрөгийг төлсөн байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

5. Нэхэмжлэгч нь алданги 7,979,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,4 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцжээ.

 

5.2. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.1-д Тээвэрлүүлсэн ачаа тээвэр гаалийн хашаанд бууснаас хойш 14 хоногийн дотор, агаарын ачаа тээвэрлэгдсэнээс хойш зуучлагчийн ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн үйлчлүүлэгч тээвэр зуучийн үйлчилгээний төлбөрийг төлнө гэж заасан ба 2024 оны 10 сарын 31-ний өдөр нэхэмжлэх илгээсэн байна.

 

5.3. Нэхэмжлэгч байгууллага нь 2025 оны 03 сарын 13-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэхдээ нийт гэрээний үлдэгдэл үүргийг 16,345,109.89 төгрөг гэж тодорхойлж, талууд баталгаажуулахдаа анзын үүргийн талаар тохиролцоогүй.

 

Талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2025 оны 03 сарын 13-ны өдөр нэгтгэн тооцсон атлаа 2025 оны 02 сарын 11-ний өдөр төлөхөөр тохиролцсон нь тодорхойгүй байх боловч тооцоо нийлсэн актаар үүргийн хэмжээг нэгтгэн тогтоосон хугацаанаас алданги шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх үндсэн үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд нэмэлт үүрэг шаардах эрхгүй гэж буруу дүгнэжээ.

 

Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 12 хоног /2025.03.13-2025.03.25/-ийн алданги нийт 766,070 төгрөг шаардах эрхтэй боловч хариуцагч нь 385,309 төгрөгийг илүү төлсөн байх тул хариуцагч байгууллагаас алдангид 380,761 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч алданги шаардсан байхад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлаагүй алдаа гаргасныг залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт уг зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04563 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 380,761 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,558,939 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,648.50 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 12,073 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,463 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УУГАНБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

С.ЭНХБАЯР