| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 320/2025/00757/И |
| Дугаар | 225/МА2025/00032 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 225/МА2025/00032
Г.Өы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 320/ШШ2025/00825 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.Өы нэхэмжлэлтэй,
Хүүхдийн тэтгэлгийн хэмжээ өөрчлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Г.Өы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Г, түүний өмгөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Г.Ө нь 2024 оны 10 дугаар сарны 03-ны өдөр 155/ШШ2024/00952 шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар 3 хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Энэ үед миний бие ажил хийдэггүй, хөдөлмөрийн чадвараа 70% алдсан байсан. 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс Д-Ш голын сав газарт ажилд томилогдож төрийн албаны цалингийн сүлжээний дагуу ТЗ-9 шатлалаар 000төгрөгөөр цалинжиж эхэлсэн. Үүнтэй уялдуулан Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлөх тухай Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 25230064/02 дугаар мэдэгдлээр сард 000 төгрөг төлөхийг мэдэгдсэн. Уг мэдэгдэлд заасан хэмжээ нь миний үндсэн цалингийн 95.2%-тай тэнцэж байна.
Миний бие дундын өмчлөлд байсан эд хөрөнгө болох хашаа байшин, автомашин зэрэг хуваарьт хөрөнгийг өгсөн. Одоогоор төрсөн дүүгийнхээ хашаа байшинд амьдардаг, биеийн байдлаас шалтгаалан давхар ажил эрхлэх боломжгүй. Шүүхээр шийдвэрлэсэн тэтгэлэг болох 000 төгрөгийг төлөхөөр үлдэгдэл 000төгрөг үлдэх ба уг мөнгө нь миний өдөр тутмын хэрэглээний зардалд хүрэлцэхгүй байх нөхцөл үүсээд байна. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул тэтгэлгийн хэмжээг өөрчлүүлэх хүсэлтэй байна.
Иймд хүүхдийн тэтгэлгийг багасгаж үндсэн цалингийн 50 хувиар тогтоож өгнө үү гэж хүсэж байна. Миний үндсэн цалин ТЗ-9 шатлалаар 000төгрөг байдаг учраас үүний 50 хувиар тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...түүний сард авч байгаа цалин хөлс 000төгрөгийн 50 хувиар буюу 619,000 төгрөг болгож хүүхдийн тэтгэлгийг багасгаж өгнө үү... гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид 2024 онд тус шүүхээр гэрлэлтийн маргаанаа шийдвэрлүүлсэн бөгөөд шүүхээс бидний гэрлэлтийг цуцалж, бидний дундаас төрсөн охид Ө.Э, Э.Т, Ө.Н нарыг эх миний асрамжид үлдээж, эцэг Г.Өаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн юм.
Гэтэл Г.Ө нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээсээ зайлсхийж, хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасанд үнэхээр гайхаж, харамсаж байна.
...Амьжиргааны баталгаажих доод түвшин Хүн амын амьжиргааны доод түвшин тодорхойлох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг, мөн хуулийн 3.1.2-т хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээг ойлгоно гэж тайлбарласан байна.
...Миний том охин Ө.Э маань 13 настай, дунд охин Ө.Т маань 11 настай, бага охин Ө.Н маань 5 настай.
...Г.Өы ярьж байгаагаар цалингаас өөр орлогогүй гэж байгаа боловч өөр орлоготой гэдгийг нотолсон байгаа. Хэрэгт Хаан банкны 2, Төрийн банкны 1 дансны хуулганаас харахад зөндөө мөнгө орж гарсан байсан. Сайхан цагаан гэрүүд гэдэг нэртэй компани хүртэл байгаа. Нийгмийн даатгалаас нь харахад зөндөө хувийн компаниуд нийгмийн даатгалыг нь төлж байсан харагдаж байсан. Тэд нар нь одоо нийгмийн даатгалыг нь төлөхгүй байгаа болохоос биш хамтарч ажиллаж байгаа гэж бодож байна.
...Гурван хүүхдээ хөгжүүлмээр байна, хүүхдүүдийнхээ ирээдүйд хуримтлал үүсгэмээр байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир хуульд нийцүүлж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 320/ШШ2025/00825 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Өы гаргасан хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Ө давж заалдах гомдолдоо: ...Цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ түүний цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрсэн, хэтрээгүй эсэхэд шүүх огт дүгнэлт хийгээгүй.
Зөвхөн үндсэн цалингийн 50 хувиар тэтгэлгийн хэмжээг тогтоолгох гээд байна гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Би сард үндсэн цалин хоол, унааны болон удаан жил ажилласны нэмэгдэл нэмж ороод үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын татвар, хүүхдийн тэтгэлгийн төлбөр хасагдаад би гар дээрээ 000мянган төгрөг л авч байгаа байдал нь миний сарын хоол, унаа, эмчилгээний зардалд хүрэлцэхгүй хүнд байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Би эмчийн хяналтад уналт таталтын эм байнга хэрэглэж ажлаа хийдэг, элэгний вирусийн улмаас элэг хатуурсан эмчийн хяналтад эмчилгээтэй байдаг.
Гэрч болох Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Оюунтуяагийн тайлбараар шийдвэр гүйцэтгэгч Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 952 дугаартай шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн хэмжээгээр хүүхдийн тэтгэмжийн төлбөрийг төлүүлэх ажиллагаа хийгдэнэ. Хэдийгээр төлбөр төлөгчийн сарын цалингаас 50 хувиар тооцож төлбөрийг суутгаж төлүүлэхээр хуульд заасан хэдий ч төлөөгүй үлдэж байгаа 50 хувийг төлбөр төлөгчөөр заавал төлүүлнэ, өр үүсээд яваад байна гэж ойлговол зохино, өөрөөр хэлбэр 952 дугаартай шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн төлбөрийг л бид гүйцэтгэх ёстой гэж тайлбарласнаас үзэхэд ч гэсэн хүүхдийн тэтгэмжийн төлбөр зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрчхээд байгаад, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байдалд ч гэсэн шүүх огт дүгнэлт хийгээгүй.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 сарын 09-ний өдрийн 320/ШШ2025/00825 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж, Г.Ө миний гар дээр авч байгаа цалин орлогын 50 хувиар хүүхдийн тэтгэмжийн хэмжээг тогтоож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Үүнд:
1.Шүүх ...хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна... гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШШ2024/00952 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар 3 хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэгдсэн талаар дурдсан байх боловч ...миний үндсэн цалин ТЗ-9 шатлалаар 000төгрөг байдаг учраас үүний 50 хувиар тогтоож өгнө үү... гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тогтоосон тэтгэлгийн хэмжээг, эсхүл цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар суутгаж буй хэмжээг өөрчлүүлэх аль нь болохоо оновчтой тодорхойлоогүй байна.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. гэж тодорхойлсон.
Гэтэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж буйгаа тодорхойлоогүй байх бөгөөд маргааны үйл баримттай уялдуулан хариуцагчийг зөв тодорхойлсноор нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой.
3.Иргэн Л.Г 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ...тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү. гэж хүсэлт гаргасан байх ба шүүх мөн өдрийн 320/ШЗ2025/02641 дүгээр захирамжаар ...иргэний хэрэгт Л.Г нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлтийг гаргажээ. гэж дүгнэн түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн байна /хх-н 27-28-р тал/.
Гуравдагч этгээд нь маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй, гаргасан эсэхийг тодруулах ажиллагаа хийлгүйгээр урьдчилсан байдлаар дүгнэлт өгч Л.Гийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцдог бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцдогоороо эрх зүйн байдлын хувьд ялгаатай.
Дээр дурдсан алдаануудыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 320/ШШ2025/00825 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Л.ЭРДЭНЭБАТ