| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0140/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2019-09-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Ч.Г,
Өсвөр насны шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Гын Гт холбогдох 1935002390146 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 2 дугаар сарын 10-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, бага боловсролтой, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр сургуулийн 9 дүгээр ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2-р багт оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавъяа шагналгүй Ч овогт Гын Г / РД:.................................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт Ерөнхий боловсролын нэг дүгээр сургуулийн дугуйны зогсоолоос насанд хүрээгүй хохирогч Б.Оын MEIDAH гэсэн бичиглэлтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж 362.300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Г.Гыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт Ерөнхий боловсролын нэг дүгээр сургуулийн дугуйны зогсоолоос насанд хүрээгүй хохирогч Б.Оын MEIDAH гэсэн бичиглэлтэй унадаг дугуй алдагдасан үйл баримт тогтоогдсон байна.
1. Насанд хүрээгүй хохирогч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний дугуй цагаан өнгийн рамтай, дугуй нь 26 размерийн бөгөөд хар өнгийн гар амраагчтай, түшлэггэй, хар цэнхэр өнгийн суудал байх бөгөөд суудлын хажуу хэсгээр MEIDAH гэсэн бичиглэлтэй. Энэхүү бичиглэл нь рамны гол хэсгээр цэнхэр ногоон өнгөөр бичигдсэн байгаа. Би энэхүү дугуйгаа 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг ВаЬу shор дэлгүүрээс шинээр нь 370.000 төгрөгөөр худалдаж авч байсан аваад удаагүй шинэ дугуй байсан юм. Би өөрийн унадаг дугуйг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр сургуулийн өмнөх зогсоолоос хулгайд алдсан бөгөөд тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүртгүүлсэн байсан юм. Гэтэл уг явдлаас 20 гаруй хоногийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр намайг зах дээр явж байтал миний хулгайд алдсан унадаг дугуйтай адилхан дугуйг нэг хүүхэд унаж явахтай нь тааралдаж тэр хүүхдийг зогсоож дугуйг шалгахад миний өөрийн хулгайд алдсан унадаг дугуй мөн байсан. Тухайн үед тэр хүүхдээс дугуйг хаанаас хэзээ авсныг асуухад тэр хүүхэд хүүхдээс авсан гэж хэлж байсан боловч сүүлд уг дугуйг хулгайлсан гэж үнэн ээ хэлсэн юм. Тиймээс би цагдаагийн алба хаагчид мэдэгдэж цагдаа нар тэр хүүхдийг дугуйтай нь аваад явсан юм. Би тэр дугуй худалдаж аваад 1 сар орчим унасан бөгөөд анх худалдаж аваад уг дугуйн дээр нэмэлтээр тоноглолууд тавьсан байсан. Уг нэмэлт тоноглолууд байхгүй болсон мөн суудлыг нь сольсон байсан юм. Би уг дугуйг цагаан өнгийн рам, MEIDAH гэсэн бичиглэл, 26 размерийн дугуйгаар нь танисан. Би уг дугуйг шинээр нь худалдаж аваад 1 сар орчим хэрэглэсэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байхад нь хулгайд алдсан. Сүүлд уг дугуйг харахад гамгүй хэрэглэж эд ангиудыг нь эвдэрсэн, хуучирсан, зарим эд ангийг сольсон байсан тул авахгүй. Надад учирсан хохирол болох унадаг дугуйны үнэ болон нэмэлтээр авч тавьсан эд анги зэрэг төлбөрийг надад нөхөн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16,17,-р талд/,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “О нь хичээлийн амралт тавих үеэр буюу 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хичээл рүүгээ унадаг дугуйгаа унаад явсан боловч үдээс хойш нь надруу утасдаад дугуйгаа хулгайд алдсан талаар хэлсэн. Би сургууль дээр нь очиж үзэхэд сургуулийн хашааны үүдний орчимд байдаг унадаг дугуйны зогсоолд байсан олон дугуйнаас түгжээгүй орхисон байсан миний хүүгийн дугуйг хулгайлж авч явсан байсан. Оаас хэзээ алдсаныг асуухад сургууль дээрээ ирээд сургуулийн үүдэнд байдаг унадаг дугуйны зогсоол дээр дугуйгаа түгжээгүй тавьж орхиод сургууль дотор байж байгаад гарч ирэхэд унадаг дугуй нь байгаагүй гэж хэлсэн. Би хүүгийн хамт тэр орчимоор хайсан боловч олдоогүй юм. Од уг дугуйг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ВаЬу shор дэлгүүрээс 370,000 төгрөгөөр шинэ дугуй, худалдан авч өгсөн. Хүү маань унаад 1 сар орчим л болж байсан шинэ дугуй байсан. Анх худалдаж авахад дугуйны түгжээ авч өгсөн боловч эвдэрчихсэн тул тугжээгүй орхисон юм байна лээ. Уг дугуй нь шинэ дугуй бөгөөд Meidah гэсэн бичээстэй цагаан өнгийн рамтай дугуй байсан юм. О уг дугуйг худалдаж авчихаад нэмэлтээр гар амраагч, уулын руль, крыло, базуур зэрэг нийт 65000 төгрөгний тоноглол худалдаж авч дугуйгаа тоноглосон байсан. Уг дугуй нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, аваад удаагуй шинээрээ дугуй байсан юм. Гэтэл сүүлд уг дугуйг үзэхэд эвдэрч хэмхэрсэн хуучирсан дугуй байсан. Бид хүүхэддээ шинэ дугуй худалдаж авч өгөөд хулгайд алдсан. Одоо эвдэрч хэмхэрсэн хуучин дугуй буцааж авахгүй гэсэн шаардлагыг дугуй хулгайлсан хүүхдийн эцэг эхэд тавьсан бөгөөд бидэнд учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан. Одоо бидэнд нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
3. Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн Ч.Гын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “2019 оны 6 дугаар сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна нэг өдөр Г хичээл тарж зуны амралт тавьсан гэж хэлээд цагаан өнгийн шинэхэн унадаг дугуй унаж ирсэн. Г нь унадаг дугуйгүй тул тэр үед би түүнийг хүүхдийн унадаг дугуй түр авсан юм байх гэж бодсон юм. Тэр талаар хүүгээсээ асуусан зүйл байхгүй. Тэр үед Г надад унадаг дугуй хулгайлсан талаар огт яриагүй. Би түүнийг унадаг дугуй хулгайлсан талаар сүүлд 2019 оны 7 дугаар сарын эхээр цагдаагийн газраас намайг дуудаж Гыг унадаг дугуй хулгайлсан гэж хэлэхэд нь анх мэдсэн юм. Би уг дугуйг хулгайн дугуй гэж мэдээгүй байсан юм. Би техникийн мэдлэг муутай хөдөө мал маллаж амьдардаг хүн бөгөөд унадаг дугуйны талаар сайн мэдэхгүй тул нэмэлт тоногтой байсан эсэхийг мэдэхгүй байна. Анх унаж ирэхэд нь шинэвтэр цагаан өнгийн унадаг дугуй харагдаж байсан. Г нь Улаангом сумын ерөнхий боловсролын 4-р сургуульд суралцдаг бөгөөд өнгөрсөн хавар 8-р анги төгссөн. Одоо 9-р ангид орж суралцах юм. Би эхнэрийн хамт Улаангомоос 7км зайд Улаан уулын дээд талд мал маллаж амьдардаг бөгөөд хүү маань тусдаа Улаангом сумын 7-р багийн нутагт 4 замын доохон талд залуучуудын хороололд жижиг гэрт ганцаараа амьдардаг байсан юм. Би болон миний эхнэр хааяа Улаангом орж ирэхдээ уулзаж эргэж тойроод явдаг, хоол ундны зүйлийг нь бэлдэж өгдөг байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
4. Өсвөр насны шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би тэр өдөр Улаангом сумын 1 дүгээр сургуулийн урд талд явж байтал унадаг дугуйны зогсоол дээр олон дугуйны зах хэсэгт нь цагаан өнгийн унадаг дугуй цоожгүй байсан. Би тэр өдөр сургуулиасаа чөлөө аваад Улаан уулын дээд талд байдаг гэрлүүгээ явах гэж байсан тул тэр дугуйг хулгайлаад унаад харина гэж бодоод тэр дугуйг хулгайлж аваад унаад гэр рүүгээ явсан юм. Би түүгээрээ хөдөө Улаангом сумаас 7км орчим зайд хөдөө гэртээ байж тэр унадаг дугуйг унаж байгаад наадмын өмнө буюу 2019 оны 7 дугаар сарын эхээр тэр дугуйг унаад Улаангом орж ирээд зах дээр явж байгаад дугуйны эзэн хүүхдэд баригдсан. Тэр хүүхэд дугуйгаа таньчихаад чи энэ дугуйг хаанаас авсан бэ гэж асуухаар нь би айгаал хүүхдээс авсан гэж худал хэлсэн. Тэгтэл тэр хүүхэд миний хулгайд алдсан дугуй байна гээд цагдаа дуудсан. Тэр дугуйн дээр нэмэлтээр тавьдаг гар амраагч, крыло зэргийг тавьсан байсан. би өөрийн хуучин дугуйг сэлбэж суудлыг нь сольж гайгүй болгож байгаад танихгүй хүүхдэд 40.000 төгрөгөөр зарсан. Хулгайлсан шинэ дугуйгаа өөрөө хэрэглэж байгаад баригдсан. Би учирсан хохиролыг нөхөн төлөх зорилгоор 450.000 төгрөгийг тэр хүүхдэд өгч хохиролыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг,
5. Эд мөрийн баримт /унадаг дугуй/ хураан авсан тэмдэглэл,
6. Эд зүйл /унадаг дугуй/-д үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр хохирогч Б.Оын MEIDAH загварын унадаг дугуйг өсвөр насны шүүгдэгч Г.Г нууц, далд аргаар авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.Гын нууц далд аргаар авсан хохирогч Б.Оын MEIDAH маркийн унадаг дугуй нь 362.300 төгрөгийн үнэтэй болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ий 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 240 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-р тал/, шинээр авч тавьсан тоноглол болох гар амраагч 35.000 төгрөг, руль 15.000 төгрөг, крыло 7.500 төгрөг, дугуйны базуур 2.500 төгрөгийн үнэтэй болох нь “Гэрэгэ эстимэйт” ХХК –ий 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 19/134 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас нийт 422.300 хохирол учирсан гэж үзнэ.
Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь Б.Оын унадаг дугуйг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй бөгөөд, MEIDAH маркийн унадаг дугуй нь 422.300 төгрөг буюу “бага хэмжээний хохирол”-оос илүү байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.Г гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Өсвөр насны шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.Г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.Гын хувийн байдлын талаар Иргэний хариуцагч Ч.Гын өгсөн: “Г нь багаасаа эцэг эхийн гар дээр өсөж улмаар сургуульд орох нас хүрээд Улаангом сумын ерөнхий боловсролын 4-р сургуульд элссэн бөгөөд одоог хүртэл тэр сругуульдаа суралцаж байгаа. Өнгөрсөн хавар 8б анги төгссөн юм. Манайх аймгийн төвд Улаангом сумын 7-р багийн нутагт өөрийн гэсэн хашаатай тэр хашаандаа жижиг гэр барьчихсан байдаг. Эхнэр бид хоёр тусдаа хөдөө Улаан Уулын дээд талд мал маллаж амьдардаг. Миний хүүхдүүд Улаангомд Жижиг гэрт амьдардаг байсан. Хичээлийн амралт тавьсан үеэр болон амралтын өдрүүдээд бямба, ням гарагт гэртээ ирээд байж байгаад явдаг юм. Г сэргэлэн цовоо зантай, хичээл сурлагадаа дундаж сурлагатай, өөрөө хичээлдээ сурах сонирхол ихтэй, найз нөхөд олон, хөнгөн атлетикийн чиглэлээр хичээллэдэг гүйлт, кроссын тэмцээнд оролцож байсан. Цэвэрч нямбай зантай, бие даасан өөрийн гэсэн бодолтой хүүхэд байгаа юм. Бидний зүгээс хүүхдүүдээ ямар нэгэн зүйлээр дутаахыг хүсдэггүй, хэлсэн гуйсан зүйлийг нь авч өгдөг байсан. Хүү маань өөрийн гэсэн дугуйтай бөгөөд хуучирч муудсан байсан юм. Г эцэг эхийн үгнээс гардаггүй хий гэснийг залхууралгүй хойш нь тавилгүй шуурхай хийдэг. Том болоод цэргийн хүн болно гэж ярьдаг хүүхэд байгаа юм. Ямар нэгэн муу зуршилгүй зан араншгын хувьд эвдэрчихсэн хүүхэд гэж бодохгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/, Гэрч Н.Эгийн өгсөн: “Г нь хичээлдээ тааруу, бичих чадвар муу, хөдөлгөөнтэй. Хүн ялгаж харьцдаг. Мөн багш нарын өмнөөс эсэргүүцэж юм хэлдэг, хичээл тасалдаг, даалгавар хийдэггүй, хэнэггүй хүүхэд байгаа юм. Байнга араас нь цагдаж, дуудаж шалгааж байхгүй бол болдоггүй хүүхэд байгаа юм. Миний хичээлд бүрэн суудаг боловч бусад багш нарын хичээлд үймүүлж таслаад байдаг. Ангийн хүүхдүүдийг уруу татаад таслаад явдаг хүүхэд юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,-үүд хэрэгт авагдсан байна.
Хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан өсвөр насны шүүгдэгч Г.Гт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох унадаг дугуйг улсын орлого болгохоор Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, өсвөр насны шүүгдэгч Г.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Ч овогт Гын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 /нэг/ жилийн хугацаанд өсвөр насны шүүгдэгч Г.Гт оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Гт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, хараа, хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Гад хариуцуулсугай.
5. Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох унадаг дугуйг улсын орлого болгохоор Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ