Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 225/МА2025/00033

 

 

 

 

ТХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

П.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 320/ШШ2025/00863 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ТХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГХХК-нд холбогдох

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 22,500,000 (хорин хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С /цахим/, хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

ТХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ТХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ГХХК-тай нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. ГХХК-ийн 23 ширхэг автомашинаар 3400 тонн коксжсон нүүрсийг Хөвсгөл аймгийн Цсум, Мын уурхайгаас тээвэрлэхээр тохирч урьдчилгаа 22,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл М ХХК нүүрс гаргах боломжгүй гэсэн тул цаашид тээвэрлэлт хийх боломжгүй болж гүйцэтгэх захирал З.Боос 22,500,000 төгрөгөө эргүүлэн авъя гэхэд мөнгийг чинь үрчихсэн гэж хэлсэн бөгөөд одоог хүртэл мөнгийг төлж барагдуулаагүй байна. 

...Ажил гүйцэтгэх гэрээний дагуу алданги тооцож авах ёстой боловч манай нэхэмжлэгч талаас зөвхөн гэрээний дагуу шилжүүлсэн 22,500,000 төгрөгөө гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иймд ГХХК-аас 22,500,000 төгрөгийг гаргуулж, ТХХК-нд олгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч ГХХК-ийн төлөөлөгч З.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Т Ч-тай тээврийн гэрээ байгуулсан. Манай байгууллагын тээврийн хэрэгсэл, техникийг ашиглаж тээвэр хийх зорилготой байсан. Нүүрс авах гэж байсан компани буюу М ХХК-тай байгуулсан гэрээ нь хэрэгжих боломжгүй болсон учир тээврийн гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй гээд урьдчилгаанд өгсөн 22,500,000 төгрөгөө нэхсэн. Тэр үед нь өгөх боломжгүй, үрсэн гэдгээ би үнэнээр нь хэлсэн. Би нүүрс тээвэрлэхийг 4-5 сар хүлээж, Мын уурхайн гадна техник төхөөрөмжөө бэлдэж ажилласан.

...Би нүүрсээ нийлүүлэхийг М ХХК-аас шаардаж тархи толгой руугаа цохиулж, нүдүүлж байсан ч ажлыг нь бүтээгээд өгчих юмсан гэх сэтгэлээр хандаж байсан. Би өөрийн эзэмшилд байгаа машинаа өгч үлдсэнийг нь ах дүү нараараа малчны зээл авхуулаад төлнө. Би шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Гэхдээ өр дээрээ нэмж өр нэмээд яах вэ? Монгол Улсын шүүх зөв, шударга шүүх байх гэж итгээд хүсэлтээсээ татгалзсан. Би ажлын хөлсөө хасаж 5,500,000 төгрөгийг бэлнээр 11,000,000 төгрөгт машин өгнө... гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 320/ШШ2025/00863 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч Гхязгаарлагдмал хариуцлагатай компаниас 22,500,000 (хорин хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тгадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 (хоёр зуун далан мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гхязгаарлагдмал хариуцлагатай компаниас 270,450 (хоёр зуун далан мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тгадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ГХХК-ийн төлөөлөгч З.Б давж заалдах гомдолдоо: ...Манайх тухайн компанитай гэрээ байгуулаагүй байсан бол бусад иргэн аж ахуйн нэгжтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулж ашиг орлого олох боломжтой байсан боловч гэрээ хэрэгжинэ хэмээн итгэж олж болох байсан ашиг орлогоо алдахын дээр 5,500,000 төгрөгийн зардал гаргаж хохирсон. Энэ талаар шүүхэд бичгээр тайлбар гаргасны дээр шүүх хуралдаанд хүртэл тайлбарласан болно

Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх П.С нь үгээр дайрч доромжилж хэтэрхий бүдүүлэг байдал гаргаж манай компанийг хохироогүй мэтээр хандаж байсан.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримтлан шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэгэнт тээвэрлэлтийн гэрээ хэрэгжээгүй буюу гэрээ цуцлагдсан байхад шүүх тогтоох хэсэгтээ болон үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн ерөнхий ангийн гэрээ цуцлагдсанаас үүсэх эрх зүйн дагаврын талаар дүгнээгүй нь үндэслэл муутай гэж үзэж байна. Учир нь гэрээ аль талын санал, санаачилгаар, хэний буруутай үйлдлээс болж, ямар шалтгаанаар цуцлагдсаныг дүгнэх нь хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий болох бөгөөд манай зүгээс шүүхэд гаргаж буй хариу тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийхэд ач холбогдолтой байсан гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан бөгөөд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 320/ШШ2025/00863 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсье. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.Нэхэмжлэгч ТГХО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С ГХХК-нд холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 22,500,000 (хорин хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ ...ГХХК-ийн 23 ширхэг автомашинаар 3400 тонн коксжсон нүүрсийг Хөвсгөл аймгийн Цсум, Мын уурхайгаас тээвэрлэхээр тохирч урьдчилгаа 22,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл М ХХК нүүрс гаргах боломжгүй гэсэн тул цаашид тээвэрлэлт хийх боломжгүй болж гүйцэтгэх захирал З.Боос 22,500,000 төгрөгөө эргүүлэн авъя гэхэд мөнгийг чинь үрчихсэн гэж хэлсэн бөгөөд одоог хүртэл мөнгийг төлж барагдуулаагүй байна. Иймд ГХХК-аас 22,500,000 төгрөгийг гаргуулж, ТХХК-нд олгож шийдвэрлэж өгнө үү... гэх байдлаар тодорхойлсон.

3.Хариуцагч ГХХК-ийн төлөөлөгч З.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...М ХК-д урьдчилгаанд өгсөн 3,000,000 төгрөг, энэ хугацаанд байсан ажилчдын хоол унд, шатахуун техникийн зардал 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компаниас урьдчилгаанд өгсөн 22,500,000 төгрөгөөс хасаж тооцон, 16,500,000 төгрөгийг төлнө... гэж маргажээ.

4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нүүрс тээврийн гэрээ байгуулагдаж, ТХХК-аас 22,500,000 төгрөгийг хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Бийн Хаан банк дахь 000 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэргийн 5-8 дугаар талд авагдсан Нүүрс тээврийн гэрээ, 10 дугаар талд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

5.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд талууд Нүүрс тээврийн гэрээ-ээр хариуцагч ГХХК-ийн 23 ширхэг ачааны авто машин болон чиргүүлийг нэхэмжлэгч ТХХК-нд түрээслүүлж, нүүрс тээвэрлэх үйлчилгээг үзүүлэх, ТХХК нь тогтсон хугацаанд ГХХК-ийн тээвэрлэх барааны эх үүсвэрийг баталгаажуулж, цаг тухайд нь тээврийн хөлсийг тооцох, хариуцагч ГХХК нь нэхэмжлэгч ТХХК-ийн нэр дээр автомашиныг бүртгүүлж, зөвхөн тухайн байгууллагад нүүрс тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх зэргийг харилцан тохиролцсон нь хуульд заасан дээрх Тээвэрлэлтийн гэрээний шинжийг хангаж байна.

6.М ХХК нүүрс гаргахгүй нөхцөл байдал бий болсны улмаас тээвэрлэлтийн гэрээ цаашид биелэгдэх боломжгүй болсон нь талуудын тайлбараар нотлогдож, тээвэрлэлтийн гэрээ дуусгавар болжээ. Нэгэнт гэрээ дуусгавар болсон тохиолдолд тээвэрлэлтийн гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн мөнгийг хариуцагч буцааж өгөх үүрэгтэй.

Хариуцагч нь ...биднээс зардал гарсан тул урьдчилгаа гэж шилжүүлсэн мөнгийг бүгдийг нь өгөх боломжгүй... гэж тайлбарлаж байх хэдий ч түүнтэй холбоотой нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 7.Гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд талуудын хооронд гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, шаардах эрх дуусгавар болоогүй гэх урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай бөгөөд аль нэг нөхцөл хангагдаагүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

8.Хариуцагч маргаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байх тул түүний гаргасан ...шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсье... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч ГХХК-ийн төлөөлөгч З.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 320/ШШ2025/00863 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 /хоёр зуун далан мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                             Б.СОСОРБАРАМ

Л.ЭРДЭНЭБАТ