| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0122/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 124
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Х.А,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Х-ын А-т холбогдох 1928002030129 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Z бааранд ороод 2 ширхэг пиво уучихаад бүжгийн талбай дээр удаа дараа гарахад Э гэх залуу миний мөр рүү шүргээд шахаад байсан. Би боль гэж хэлээд байхад болихгүй улам шахаад байхаар нь сандал дээр нь очиход өөдөөс босоод ирэхээр нь зүүн гараараа цохисон. Э ширээний өнцөг мөргөж унаад дээрээс нь пялтаан шалан дээр толгойгоороо унасан. Тэгээд эргэж очиход цус гарсан нүүрээ дарсан хэвтэж байсан. Тэр өдөр би эрүүлжүүлэх байранд хоносон. Өөрөө над руу утсаар ярьж хэлэхдээ миний нүүр ам будаа болсон мөнгө өг гэж хэлсэн. Тэгээд Эын гэрт маргааш нь очиход ямар нэгэн хавдар байхгүй, уруул дотор нь язарсан зүйл байгаагүй. Хамар нь бага зэрэг хөхөрсөн байсан. Өөрөө ярихдаа миний 2 шүд 2-3 жилийн өмнө хөдөлгөөнд орсон гэж ярьж байсан. Би хохирол төлбөрт 3 сая төгрөг төлсөн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Z бааранд ороод 2 лааз 0,5 гр Сэнгүр гэх пиво авч уугаад гарах гэтэл зүс таних нэрийг нь мэдэхгүй хүн таараад юм яриангаа бүжгийн аянд бүжиглэж байсан чинь танихгүй залуу юм хэлэх шиг болсон би нээх анзаараагүй ширээний ойролцоо зогсож байсан гэнэт миний хамар луу цохьсон гал манараад газар ухаан алдаад унасан нэг сэрсэн чинь миний үүдэн 2 шүд унаад хамарнаас нилээн хэмжээний цус гараад нойль ороод цусаа цэвэрлээд эмнэлэгт очиж үзүүлсэн.” гэжээ /хх-8-9/,
Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой 22 цагийн Z бааранд ороод 2 шил 0.5 гр сэнгүр пиво уучаад гарах гээд үүд рүү явтал бүжгийн талбай дээр танидаг хүн таараад мэндлээд юм ярих гэсэн чинь хөгжмийн дуунд сонсогдоогүй яритал араас юм уу хаанаас юм мэдэхгүй нэг хүн хамар дундуур л цохичих шиг болсон тэгээд ухаан алдаад ойчоод сэргэтэл нэг цагдаа ирээд намайг босгоод нүүр гар угаалгаад цагдаагийн газар ирээд намайг эмнэлэгт үзүүлчээд эргээд ир гэхээр нь би эмнэлэгт очиж үзүүлээд тариа хийлгээд шууд гэртээ харьсан...” гэжээ /хх-10-11/,
Гэрч Х.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед Даланзадгад сумын төвд Z гэх бааранд бүжиглэж байтал нэг танихгүй залуу намайг мөрлөөд шүргээд цээжээрээ шахаад байхаар нь болио хөгшөөн гэсэн чинь өөдөөс нэг юм хэлэх шиг болсон юу гэж хэлснийг би сонсоогүй хөгжим чанга байсан болохоор тэгээд би суудалдаа суугаад босоод нөгөө залуугийн ширээн дээр нь хүрээд очсон чинь өөдөөс босоод ирэхээр нь би тулж зогсоод яагаад байгаан бэ хөгшөөн гэсэн чинь нэг юм хэлэх шиг болсон бас л чанга дуу чимээтэй байсан болохоор сонсогдоогүй тэгээд би зүүн гараараа нүүр лүү нэг удаа цохиод авсан чинь ширээ мөргөөд газар унахаар нь би яваад ширээн дээрээ очиж суугаад буцаад нөгөө залуу дээр ирээд цохих гээд далайсан чинь цусандаа холилдсон хэвтэж байсан чинь бармен охин ирээд хүн алчихлаа гээд миний нүүр лүү цохиод алгадаад үйлчлэгч эгч намайг бариад шалны цусыг угаалгана гээд бариад зогсож байсан чинь цагдаа хүрч ирээд намайг эрүүлжүүлэх саатуулах байранд хийсэн...” гэжээ. /хх-12-13/,
Х.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08-р сарын 15-ны шөнө 23 цагийн үед Даланзадгад сум 3-р багийн нутаг дэвсгэрт 2 бааранд архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад бүжгийн аяанд бүжиглэж байсан чинь нэг танихгүй залуу бас бүжиглэж байгаад намайг шүргээд мөрлөөд шахаад байхаар чи болио хөгшөөн гэсэн чинь өөдөөс нэг юм хэлэх шиг болсон чанга дуу чимээтэй байсан болохоор юу хэлснийг нь сонсоогүй. Тэгээд суудал дээр нь хүрээд очсон чинь өөдөөс шууд босоод ирэхээр нь зүүн гараараа нүүрэн дундуур цохиод авсан чинь ширээ мөргөөд газар унасан. Тэгээд би шууд суудалдаа очоод суугаад эргээд хүрээд ирсэн чинь цусандаа холилдсон газар хэвтэж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэжээ. /хх-20-21/,
2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 489 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ц.Эын биед тархи доргилт, хамар ясны бяцарсан хугарал, муруйлт, зүүн талын хацар ясны хугарал, хоёр шүдний булгарал, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Ц.Эын дээд үүдэн 2 шүд булгарсан байна. /унасан/ Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Хоёр шүдний булгарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 51.2-д зааснаар еренхий хөдөлмөрийн чадварыг 10%-р алдагдуулна, бусад гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ./хх-14/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-22/,
Харилцагч банкны талаарх мэдээлэл /хх-23-29/,
Ам бүл 5-лаа Дундсайханы 4 дүгээр баг 3-6 тоотод оршин суудаг гэх багийн Засаг даргын тодорхойлолт /хх-32/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/,
Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-34/,
Х.Аийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-35/,
Бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-36/,
Цэргийн албыг дүйцүүлэн хаасан үнэмлэх /хх-37/,
Өмнөговь аймгийн цусны салбар төв /хх-38/,
Мэргэжлийн Сертификат, үнэмлэх /хх-39-41/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Z” гэх бааранд иргэн Ц.Этай үл ойлголцон зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Аийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болон хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Z” гэх бааранд иргэн Ц.Этай үл ойлголцон зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.А шүүх хуралдаанд хохирогчийн шүд нь 2-3 жилийн өмнө хөдөлсөн байсан, маргааш нь хохирогчтой уулзахад хөхөрсөн зүйл байх байсан гэх мэдүүлэг өгсөн боловч шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 489 дугаар дүгнэлтээр хохирогч Ц.Эын дээд үүдэн 2 шүд булгарсан /унасан/ гэх дүгнэлт гарсан байх тул шүүгдэгч Х.Аийн үйлдлийн улмаас хөдөлсөн 2 шүд унасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний эрүүл мэндэд шүүгдэгч Х.А гэмтэл учруулж шүд хийлгэх, хамар янзлуулах хохирол төлбөрт 3 сая төгрөг гомдол саналгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.А урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-23/
Иймд шүүгдэгч Х.Аийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Х.Аийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагч шүүгдэгч Х.Ат 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын яллагчийн саналаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Х.А оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Шүүгдэгч Х.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.А өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Хавтаст хэргийн 43 дугаар талд яллагдагч Х.Ат хавтаст хэргийн материалыг танилцуулан гарын үсэг зуруулаагүй ба шүүх хуралдаанд шүүгдэгч Х.А хэргийн материалтай шүүх дээрх танилцсан энэ талаар санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагч цаашид анхаарах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Х-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.А 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.А хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Эт эмчилгээний зардалд 3.000.000 /гурван сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Х.А цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Х.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ