| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 320/2025/00429/И |
| Дугаар | 225/МА2025/00034 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 225/МА2025/00034
НХХК-ийн итгэмжлэгдсэн
төлөөлөгч Т.Гын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 320/ШШ2025/00749 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: НХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Бт холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт төлсөн гэм хорын хохирол 15,440,000 (арван таван сая дөрвөн зуун дөчин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г /цахим/, хариуцагч О.Б, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч НХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч Хаан банк ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай НХХК-тай 000дугаартай Тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ-г байгуулж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 000дугаартай даатгалын баталгааг байгуулж, 000 УНЕ улсын дугаартай, тоёото приус 50 маркийн автомашины тээврийн хэрэгслийг даатгуулсан. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 09 цагийн үед иргэн О.Б нь Хөвсгөл аймгийн Л сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Мицубиши маркийн 000 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 10 дугаар зүйлийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. гэсэн заалтыг зөрчиж, даатгуулагч компанийн ажилтан (жолооч) Х.Мгийн жолоодож явсан 000 УНЕ улсын дугаартай, тоёото приус 50 маркийн автомашиныг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь холбогдох байгууллагуудын баримтаар тогтоогдож байна. Манай компанийн зүгээс даатгалын гэрээний үүргийн дагуу даатгуулагч Хаан банк ХХК-д учирсан хохирлыг 100 хувь нөхөн төлсөн.
Иймд даатгуулагч Хаан банк ХХК болон тус компанийн жолооч Х.Мгийн НХХК-д нэхэмжлэх эрхээ шилжүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт, Иргэний хуулийн 443-р зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7 болон даатгалын гэрээнд заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилждэг тул дээрх төлбөрийг даатгалын буруутай этгээд болох Оийн Бээс 15,440,000 (арван таван сая дөрвөн зуун дөчин мянга) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ...Үнэлгээгээр 15,440,000 төгрөгийн хохирол гарсан учраас үүнийг бид нар нэхэмжилж байгаа. Харилцагчийн дансанд нийт 13,896,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга байгаа. Яагаад дутуу шилжүүлсэн бэ гэхээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо үнэлгээгээр гарсан хохирол 15,440,000 төгрөг гэж үзэж олгоод шилжүүлэхдээ албан татварыг даатгуулагч компани суутгана гэсэн заалтын дагуу суутгаж аваад улсын орлого болгосон. Үлдэгдэл төлбөрийг даатгуулагч компанийн данс руу шилжүүлсэн. Манайхаас нийтдээ гарсан зардал учраас татварт өгсөн мөнгийг оруулаад 15,440,000 төгрөгийг нэхэмжилсэн. ... гэжээ.
Хариуцагч О.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Б нь ...дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн үед болсон гэх зам тээврийн осолд миний бие одоог хүртэл өөрийгөө буруутай гэж боддоггүй. Миний буруугаас уг зам тээврийн осол болсон гэж үзээд, намайг буруутгаж шийдвэрлэсэн хууль хяналтын байгууллагын шийдвэр ч огт байдаггүй. Харин ч тус өдрийн зам тээврийн осолд Хаан банкны 00УНЕ улсын дугаартай, Prius 50 маркийн жолооч Х.М нь буруутай гэдгээ тухайн үед мөн хүлээн зөвшөөрч, ...хоёулаа хэн хэн нь хариуцлага алдсан юм чинь дундаа хийгээд өөр, өөрсдийн эрсдэлээ даагаад явчихъя... гэдэг зүйл ярьж байсан. Миний хувьд тус зам тээврийн осолд өөрийгөө буруугүй гэж бодож байсан ч түүнийгээ дээрх байдлаар гуйгаад байхаар нь за, за гэж хэлээд тухайн үед маргааныг эцэслүүлж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь ...буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилждэг... гэх үл ойлгогдох гэрээний заалтаар иргэн миний хуулиар хамгаалагдсан эрх, ашигт бүдүүлгээр халдаж байна.
...Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би өөрийгөө буруугүй гэж бодож байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 320/ШШ2025/00749 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.Бээс даатгалын нөхөн төлбөрт төлсөн гэм хорын хохирол 15,440,000 (арван таван сая дөрвөн зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулах тухай Нхязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,150 (хоёр зуун гучин таван мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч НХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г давж заалдах гомдолдоо: ... хариуцагч О.Бийн гэм буруутай хууль бус үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч НХХКомпани нь хариуцагч О.Бээс даатгалын гэм хорын хохирол нөхөн төлсөн 15,440,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэсэн нь огт үндэслэлгүй юм.
Учир нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар Даатгалын нөхөн төлбөрийг дараах баримтыг үндэслэн олгоно гэсний дагуу даатгуулагчийн өргөдөл, даатгалын баталгааны эх хувь, учирсан хохирлын тухайн хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт акт материал, холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт гэсний даатгуулагчаас бүрэн бүрдүүлэн өгсөн байдаг ба дээрх заалтаас үзэхэд хариуцагчид Зөрчлийн хуулиар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан талаар нотлох баримт шаардагдахгүй байна.
Тодруулбал Даатгалын нөхөн төлбөр авахад ирүүлсэн болон хэрэгт нотлох баримтаар өгсөн баримтуудаас үзэхэд тухайн зам тээврийн ослыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан байдаг ба 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч С.Батын үйлдсэн О.Б нь Хөвсгөл аймгийн Л сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Мицубиши маркийн 000 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 10 дугаар зүйлийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. гэсэн заалтыг зөрчиж гэсэн тодорхойлолт мөн хариуцагч О.Бийн гаргаж өгсөн өргөдөлд дохио тулж өгч эргэсэн учир Приус-50 маркийн 00УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн, мөн тээврийн хэрэгслийн хуулбар оршин суух хаягийн лавлагаа зэрэг нь хавсралтаар байдаг нь тухайн үед эрх бүхий байгууллага буюу Цагдаагийн газар шалгаж байсан нь үйл баримтаар тогтоогддог. Мөн өөрийгөө гэм буруугүй гэдгээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй гэм буруугүй бол бусдаас хохирлоо барагдуулах арга хэмжээ аваагүй зэрэг нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдад гэм хор учруулсан гэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
... 000 дугаартай гэрээнд гэрээний гол нөхцөлүүдийг бүрэн тусгасан бөгөөд 2 тал гарын үсэг зурж тамга тэмдэг дарж баталгаажуулсан байдаг. Энэ Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т Даатгалын баталгаа гэж даатгагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр, эсвэл цахим хэлбэрээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь даатгагчид төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн хэлцлийг ойлгоно гэж тодорхойлсон байдаг.
Өөрөөр хэлбэл Хаан банк ХХКомпани нь 000 УНЕ улсын дугаартай, тоёото приус 50 маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр худалдан авч өөрийн эзэмшил нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулсан байдаг ба тухайн тээврийн хэрэгслийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31 хүртэл даатгуулсан.
Тодруулбал НХХКомпани болон Хаан банк ХХК-ийн хооронд байгуулсан 000 дугаартай Даатгалын баталгаанд даатгалын эхлэх хугацаа дуусах хугацааг нарын тусгаж өгсөн байхад 2 тал гарын үсэг зурсны доор 2022 оны 12 дугаар сарын 30 гэсэн огноог зөвхөн үндэслэн гэрээ байгуулаагүй гэж үзэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.Тухайн бичигдсэн огноо нь техникийн алдаа байсан гэж манай компаний зүгээс үзэж байгаа бөгөөд даатгалын гэрээний онцлог нь тухайн тээврийн хэрэгслийн зөвхөн өмчлөгч эзэмшигчтэй гэрээ байгуулдаг ба урьдчилан байдлаар байгуулдаггүй болно.
Дээрх гомдолд дурьдсан хуулийн зохицуулалтаас үзэхэд, бусдад гэм хор учрах нь хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн байхыг шаардаж байна. Харин даатгалын тохиолдол бий болсон нөхцөл байдалд даатгуулагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй.
Нөгөөтэйгүүр, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилждэг ба нотлох баримтаар өгсөн даатгуулагч хаан банк ХХК-ийн хүсэлтэд дурьдагдсан байдаг.
Гэтэл даатгагч буюу нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлсөн хэмжээгээр буруутай этгээдээс даатгалын нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 497.1, мөн хуулийн 510.1-заасныг баримтлан шаардаж байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 497.1, мөн хуулийн 510.1 дахь хэсгийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 320/ШШ2025/00749 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч НХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
2.Нэхэмжлэгч НХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г нь ...Хаан банк ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 000дугаартай Тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 000 дугаартай даатгалын баталгаа байгуулсан, тус банкны 000 УНЕ улсын дугаартай, тоёото приус 50 маркийн автомашины тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт төлсөн гэм хорын хохирол 15,440,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэл,
Хариуцагч О.Б ...намайг буруутгаж шийдвэрлэсэн хууль хяналтын байгууллагын шийдвэр ч огт байдаггүй. ...Цагдаа ирээд бид хоёрыг хэн хэнийх нь буруу учраас өөрсдийнхөө хохирлыг өөрсдөө шийд гэж хэлсэн. ...би өөрийгөө буруугүй гэж бодож байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулга бүхий тайлбар тус тус гаргажээ.
3.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.Бээс даатгалын нөхөн төлбөрт төлсөн гэм хорын хохирол 15,440,000 (арван таван сая дөрвөн зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулах тухай Нхязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн бол шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж дүгнэх бөгөөд шүүхийн шийдвэр дээрх шаардлагыг хангасан байна.
5.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ., мөн зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ..., мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
6.Хариуцагч О.Б нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн үед Хөвсгөл аймгийн Л сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн О.Б Мицубиши маркийн 000 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Х.М тоёото приус 50 маркийн 000 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус жолоодож яваад мөргөлдсөн талаар маргаагүй, харин ...Цагдаа ирээд бид хоёрыг хэн хэнийх нь буруу учраас өөрсдийнхөө хохирлыг өөрсдөө шийд гэж хэлсэн, ...уг осолд би буруугүй. гэж маргасан байна.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ЦГ-ын ЗЦТ-н Зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч С.Батын 2023 оны 10 сарын 02-ны өдрийн 18 дугаартай ...О.Б нь ...Мицубиши маркийн 000 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 заалтыг зөрчин Т/Приус-30 маркийн 000 УНЕ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг мөргөсөн ба хоёр жолоочийн мэдүүлгээр тогтоогдож байна... гэсэн Тодорхойлолт шүүхэд ирүүлснийг шүүх ...хариуцагч О.Бийн гэм бурууг нотолсон баримт гэж үзэхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Тодруулбал, Тодорхойлолт гэх бичмэл баримт үйлдсэн зохицуулагч С.Бат нь тухайн мэргэжлийн байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх, уг тодорхойлолтыг ямар байгууллага, албан тушаалтанд гаргасан зэрэг нь тодорхойгүй байх тул уг баримтыг зам тээврийн осол гарсныг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт гэж үзэх боломжгүй.
Даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно: 8.4.4.шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт гэж заасан бөгөөд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээ их, хариуцагч ослын талаар маргаантай тохиолдолд дээрх зүйлд заасан мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт шаардах бөгөөд нэхэмжлэгч ийм баримт шүүхэд гаргаагүй байна.
8.Нэхэмжлэгч дээрх зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын даатгалын нөхөн төлбөрт төлсөн 15,440,000 төгрөгийг Хаан банк ХХК-тай байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 000дугаартай Тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 000 дугаартай даатгалын баталгааг үндэслэн хариуцагч О.Бээс нэхэмжилсэн.
Гэтэл дээр дурдсан Тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь, даатгалын баталгаа, Тэгш-4 автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ нь Тоёото приус 30 маркийн 000 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг импортолсон 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан байх тул эдгээр баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...Даатгалын баталгаанд даатгалын эхлэх, дуусах хугацааг тусгасан, ...тухайн бичигдсэн огноо нь техникийн алдаа байсан гэж манай компанийн зүгээс үзэж байгаа гэх тайлбар, гомдол гаргаж байх боловч гэрээний талуудын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан гэрээнд тусгагдсан огноо техникийн чанартай алдаа эсэх талаар шүүх дүгнэлт хийх үндэслэлгүй юм.
Учир нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтад тусгагдсан үйл баримтыг хэргийн оролцогчийн тайлбар, гомдолд нийцүүлэн дүгнэх, үнэлэх эрхгүй.
9.Түүнчлэн Хаан банк ХК даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай албан бичгээр /хх-ийн 27-р хуудас/ ...Хаан банкны Хөвсгөл салбарын 00УНЕ улсын дугаартай Тоyota Prius маркийн автомашин ...даатгалын тохиолдол үүссэн. ...AGR21-000тоот гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр... шилжүүлэхийг хүссэн байх ба нэхэмжлэгч дээрх гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.
10.Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
11.Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх учиртай. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хуулиар тогтоосон шаардлага хангасан баримтаар нотлоогүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутган дүгнэх үндэслэлгүй.
12.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ.
13.Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
14.Иймд дээрх үндэслэлээр НХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч НХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 320/ШШ2025/00749 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Нэхэмжлэгч НХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 235,150 /хоёр зуун гучин таван мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ