Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2016/00477

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын** дугаар багт оршин суух, утас ****, ****регистрийн дугаартай, Х овогт Х-ийн Лгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, утас ******, ***** регистрийн дугаартай, А овогт Т-ын Ед холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Л,түүний өмгөөлөгч Т.Б, хариуцагч Т.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Охин Е.Аг өөрийн асрамжид үлдээж, түүний эцэг Т.Емөн болохыг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэхийг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Л би Т.Етай 2001 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэж, гэрлэлтийн №63 дугаарын гэрчилгээ авсан юм. Ингээд бид хоёр хамт амьдарч байх үед нөхөр маань удаа дараа зодож, хүчирхийлэлд өртөж, бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 215 дугаар шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалсан болно. Гэрлэлтээ цуцлуулсны дараа Т.Еболон түүний хамаатан төрөл садангууд нь надаас уучлалт гуйж, дахин зодож, хүчирхийлэл гаргахгүй гэдгээ амлан, андгай тангараг өргөж, эвлэрүүлэхийг хүссэн тул миний бие түүнийг уучилж, хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа буюу 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин хүүхэдтэй болж, түүнд А гэж нэр өгсөн.Түүнээс хойш нөхөр болох Т.Ень байнга зодож, дарамталдаг болсон тул би 2 хүүхдээ аваад өөр тийш явж, одоо бид хоёр тус тусдаа өөр газар амьдарч байгаа болно. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул охин Е.Аг өөрийн асрамжид үлдээж, түүний эцэг Т.Емөн болохыг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэхийг хүсье гэв.

Хариуцагч Т.Ешүүхэд гаргасан тайлбартаа: Х.Лгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Х.Л бид хоёр 2001 оны 01-р сард гэр бүл болж, гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлж 63 тоот гэрлэлтийн гэрчилгээ авсан юм. Гэтэл Х.Л нь гэр бүлийн дотор зохисгүй үйлдэл гаргаж, цаашилбал хамтран амьдрах боломжгүй болсон учраас Х.Лгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрлэлтийн шүүхийн журмаар цуцалсан билээ. Х.Л, Х.Ебид хоёрын гэрлэлтийн цуцалсан тухай шийдвэр одоо болтол хүчин төгөлдөр байгаа болно. Гэтэл Х.Л бид хоёрыг хоёр талын ах дүүс дахин хэлэлцэж, эвлэрүүлснээр 2011 оны 8-р сараас хойш бид хоёр хамтран амьдарч ирсэн юм. Х.Л бид хоёрын хамтран амьдарсан хугацаанд буюу 2012 оны 11-р сарын 29-нд нэг охинтой болсон юм. Түүнд А гэж нэр хайрласан болно. Гэтэл эхнэр болох Х.Л нь гэр бүлийн байдлын талаар тогтворгүйтэж зарим нэгэн гэр бүлтэй хүмүүстэй эр эмийн харилцаатай байж, зарим үед алга болчих, тэр хүмүүстэй хамт байж гэр орондоо тавих халамж сэтгэл алдарсан явдлаас болж сүүлийн үед Л бид хоёр тусдаа амьдарч байна. Бид хоёрын гэрлэлт цуцлах, цаашид хоёр тусдаа амьдрах болсон гол буруут нь Х.Л байгаа юм. Эхнэр Х.Л нь бидний болон бусдын гэр бүлийг үймүүлж, гэр бүлийн тогтвортой байдалд хүндрэл учруулсан, гэрлэлт цуцлах, бага насны охин Аг амьдаар хагас өнчин болгох боломжийг зориуд буй болгож байгаа Х.Л учир охиныг Лгийн асрамжид өгөх нь зүйд нийцэхгүй гэж үзнэ. Цааш нь охин Аг Х.Л өсгөн хүмүүжүүлэх боломжгүй,Х.Л өөрөө ёс суртахууны доголдолтой, Лгийн асрамжид охин Е.А байх нь түүний хүмүүжилд сөргөөр нөлөөлөх учир охин Е.Аг өөрөө асрамжид авч хүмүүжүүлэх ба төрүүлсэн эх болох Х.Лгаас хүүхдийн тэтгэмж авахгүй болно. Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй урьд нь Ф ХХК-д ажиллаж байсан боловч 2016 оны 01-р сарын 25-нд ажлаас халагдсан, эд хөрөнгө байхгүй байгаа, бидний дундын эд хөрөнгийг бүгдийг нь намайг хөдөө явсан хойгуур эхнэр болох Х.Л ачаад аваад явсан байна. Хэрэв Х.Л хүүхдийг асарч чадахгүй гэвэл надад хүүхдийн асрамжийн асуудлыг өөрчилж шийдвэрлэж өгөхийг хүсье.Х.Л бид хойр хамтран амьдарч байх хугацаанд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан Голомт банкнаас зээл авсан бөгөөд уг зээлийг Л хамтран зээлдэгчээр оролцож зээл авсан нь тухайн зээлийн гэрээгээр батлагдаж байна.Одоо уг зээлийг би өөрөө ганцаараа төлж яваа тул хүүхдийн мөнгийг төлөх боломжгүй юм. Х.Л нь хамтран амьдарсан хугацаанд өөр хүнтэй эр,эмийн харилцаатай болсон нь нотлогдсон ба бид хоёр үүнээс болж хоёр тусдаа амьдрах шалтгаан болсон юм. Гэрлэлт цуцлах,охин Е.Аг нь хагас өнчирөх нөхцлийг Х.Лгийн буруугаас болсон тул хүүхдийн тэтгэмжээс чөлөөлж өгөх, эсвэл охин Аг миний асрамжинд өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Т.Ешүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэрлэлтээ цуцалсны дараа бидний төрөл төрөгсөд бид хоёрыг эвлэрүүлсэн. Гэхдээ дахин хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтийн баталгаа аваагүй. Цаашид сайхан амьдрах байх гэж бодсон. Тэгсэн чинь энэ хүн би тусдаа гарахгүй бол болохгүй гээд тусдаа амьдарсан. Намайг хөдөө явсан хойно бид хоёрын хөрөнгийг аваад яваад өгсөн байсан. Тэгээд хүмүүсийн хэл аманд өртөж эхэлсэн. Бид хоёр хууль, шүүхээр яваад яах юм вэ? үнэн юм бол чи хэлчих гэж асуусан. Урьд нь энэ хүнийг манай ах дүү нар ажигладаг байсан. Эхнэрээ өөр хүнтэй гэдгийг баярын өмнө мэдсэн. Энэ хүнтэй тохиролцох гээд ярьсан боловч зөвшөөрөөгүй. Тэгээд байгаа бүх зүйлээ аваад явсан. Одоо би ажилгүй. Энэ тэнд хөлсөөр ажил хийж байгаа. Бид салаад эргэж хамтран амьдрах хугацаанд буюу 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А гэдэг охин маань төрсөн. Аг миний охин гэдгийг зөвшөөрч байна. Одоо надад тэтгэлэг төлөх чадвар байхгүй. Одоо би 40 гарсан настай. Миний насны хүнийг ажилд авдаггүй. Заримдаа хүний мотоциклоор таксинд гардаг. Би болж өгвөл охиноо өөрөө асарч халамжилъя гэж бодож байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Л нь хариуцагч Т.Ед холбогдуулан хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нарын гэрлэлтийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 215 дугаар шийдвэрээр цуцалсан байна.

Нэхэмжлэгч Х.Л, хариуцагч Т.Е нар нь гэрлэлтээ цуцалсны дараа хамтран амьдарч байсан байх бөгөөд энэ хугацаанд 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин Еын А төрсөн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Раушан ӨЭМТ эмч С.Нийн ... одоо эхийн асаргаанд эрүүл бойжиж байгаа ... гэх тодорхойлолт зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч Т.Ень охин Аг өөрийн охин мөн болохыг хүлээн зөвшөөрч байгаа тул Еыг Агийн төрсөн эцгээр тогтоох үндэслэлтэй байна.

Хариуцагч Т.Ень охин Аг өөрөө өсгөж хүмүүжүүлэх, мөн хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргаж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Е.А нь төрсөн цагаасаа хойш эхийнхээ асрамжид өсөж бойжиж байгаагаас гадна бага насны хүүхдийн өсөж дассан орчинг өөрчлөх тодорхой шалтгаан болон охиноо асрамжилж буй эхийн асрамжийн талаар дутагдалтай гэх асуудал тус тус тогтоогдохгүй байх тул охин Аг эх Х.Лгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд ажил эрхлээгүй, хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаан нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй учир охин Е.Аг эцэг Т.Еаар сар тутам тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээрээ үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Т.Еоос нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр / Баруун бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164800 төгрөгөөр тогтоосон / тэмдэгтийн хураамж 28281 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан *****регистрийн дугаартай, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, охин Агийн төрсөн эцэг нь А овогт Т-ын Е мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан охин Е.Аг эх Х.Лгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 03 нас 05 сартай охин Е.Аг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Еоор сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг тус тус баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Еаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Лд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэг жилд хүүхдийн тэтгэлэгт төлбөл зохих 988800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28281 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

8. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ