Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2016/00479

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, утас ****, ****регистрийн дугаартай Б овогт Ш-н Жын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар цэцэрлэг / эрхлэгч К.А, утас *****/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш. Ж, хариуцагч байгууллагын өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний хүртэл 5 сард үндсэн цалин хөлсөнд ноогдох нөхөн олговорт 1900205 төгрөг, цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэл 201640 төгрөг, нийт 2141810 төгрөгийг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ш.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаандаа нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Ш.Ж нь Өлгий сумын 5 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2008 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар тушаалаар тус хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манаачийн ажилд томилогдсон юм. Гэтэл ажил олгогч буюу Өлгий сумын хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч К.А намайг Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчин 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр №17/81 дугаар тушаалаар намайг манаачийн ажлаас чөлөөлсөн учраас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр хуучин ажилд эгүүлэн томилогдсон юм. Ш.Ж би тус хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн одоо тус цэцэрлэгт манаачийн ажилд томилогдсон юм. Иймд Ш.Ж миний ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний хүртэл 5 сард үндсэн цалин хөлсөнд ноогдох нөхөн олговорт 1900205 төгрөг, цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэл 201640 төгрөг, нийт 2141810 төгрөгийг Өлгий сумын хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн санхүүгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин болон цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэл 201640 төгрөг, нийт 2141810 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байсан ба одоо нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжажилгүй байсан 5 сарын хугацааны цалин хөлсөнд ноогдох нөхөн олговор 1900205 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан 5 сарын хугацааны буюу 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсэж байна гэв.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч К.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ш.Жын нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Ш.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олговрыг шаардсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 1.Юуны түрүүнд хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөний мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байна. Иймд түүний цалин хөлстэй холбоотой нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг нь зөвшөөрөх боломжгүй байна. 2.Нөгөө талаар Ш.Ж нь тухайн үед ээлжийн амралт авч явсан байсан. Дараа нь амралтын хугацаа нь дуусмагц буцаж ажилдаа орох ёстой байсан боловч хаана байгаа нь мэдэгдэхгүй ажилд ирэлгүй таг алга болсон. Би энэхүү асуудалд хүлээцтэй хандаж Ш.Жыг ирж уулзахыг хүлээсэн. Улмаар Ш.Ж нь 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр надтай ирж уулзсан.Тухайн үед ээж нь өвчтэй байсан талаар нэг ч зүйл хэлж байгаагүй. Зөвхөн БНХУлсад хувийн ажлаар очсон тухайгаа мөн ажлаа амжуулж чадалгүй удсан тухайгаа, мөн түүнчлэн надад хандаж дахиад ийм зөрчил гаргахгүй гэж хэлж уучлалт хүсэж байсан. Иргэн Ш.Жыг яагаад захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан ба гэхээр 1-рт Ш.Ж ажлын газарт байнга архи уудаг.Сүүлдээ бусад гадны хүмүүсийг цуглуулж ирж ажлын газарт /цэцэрлэг/ архи уудаг болсон. Ингэснээр байгууллагын өмч буюу төрийн өмч хөрөнгийг харж хамгаалах үүрэгтээ хайнга хандсан гэж үзсэн. 2-рт Цэцэрлэгийн ойр хавь түүний уусан архины шил,лааз зэрэг хогоор дүүрсэн.Энэ тухай иргэдээс маш их гомдол шүүмжлэл ирсэн. Түүнчлэн долоо хоног бүр болдог аймгийн Засаг даргын Тамгын газрын шуурхай хуралдааны үеэр хурлын дарга Б.Лазатхан 5-р цэцэрлэгийн эргэн тойронд цуглаж архи уудаг хүмүүсийн талаар, тэдгээрийн ууж үлдээсэн архины шилийг өөрөө цэвэрлэж буйг хэлж, зэмлэсэн. Цаашид уг асуудалд анхаарал тавихыг надад удаа дараа үүрэг болгосон. Би үүнийг ажил хэрэг болгож нэг өдөр үнэн бодит байдлыг мэдэхийн тулд өөрөө шөнө эргүүлд гарсан.Тэгтэл үүний бусад хүмүүстэй нийлж архи уудаг болох нь үнэхээр баримттайгаар тогтоогдсон юм. 3-рт Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан. Тухайлбал Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт ямар төрлийн зөрчлийг ноцтой зөрчил гаргасанд тооцохыг заасан байгаа. Иргэн Ш.Ж нь тус гэрээний 3.2-д заасан 16 цагаас дээш хугацаагаар ажил тасалсан гэсэн хэсгийг зөрчсөн болно. Өөрөөр хэлбэл Ш.Ж нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол байгууллагын захиргаанд мэдэгдэх ёстой/ ажил тасалсан болно. Манай байгууллагын онцлог нь хүүхдүүдэд хүмүүжил олгодог тодруулбал багш хүмүүжүүлэгчид бид тэгээр хүүхдүүдэд үлгэр дуриал болж явах ёстой өндөр ёс суртахууныг шаарддаг газар юм. Үүнийг иргэн бүр мэднэ. Гэтэл Ш.Ж нь зөвхөн тус байгууллагад төдийгүй аймгийн хэмжээнд бидний нэр хүндийг унгасан увайгүй үйлдэл гаргасан. Тийм учраас тус байгууллагын захиргааны зүгээс түүнд сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Гэвч анхан шатны шүүхээс зөвхөн түүнийг ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэр гаргасан учраас шүүхийн шийдвэрийг хүлээн авч ажилд эгүүлэн авч ажиллуулж байна. Хэрэв тухай үед Ш.Ж нь ажилгүй байсан хугацааны цалинг нэмж шаардсан бол би тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах байсан юм. Иймд иргэн Ш.Жын нэхэмжлэлтэй, 5-р цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох иргэний хэргийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ж нь ажилгүй байсан 5 сарын хугацааны цалин хөлсөнд ноогдох нөхөн олговор 1900205 төгрөг,шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид даалгаж өгөхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.Жыг тус шүүхээс ажилд эгүүлэн тогтоох үед цалинг нэхэмжилсэн бол шүүхийн шийдвэрт гомдол гаргах байсан, Ш.Жын шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэж хариуцагч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Ш.Жыг 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 17/81 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч К.А нь ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч Ш.Ж нь эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 185 дугаар шийдвэрээр түүнийг Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй болох нь тус шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Ажил олгогч ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн томилсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Ж нь тус шүүхэд ажилгүй байсан 5 сар буюу 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 01-ний хооронд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ноогдох нөхөн олговор 1900205 төгрөг нэхэмжилсэн боловч Ш.Ж нь 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдөр ажлаас халагдсан нь тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 185 дугаар шийдвэрээр нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Ш.Жын 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 17-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үндэслэл байхгүй ба нэхэмжлэгчийн уг шаардлагыг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгч Ш.Жын тус цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн тогтоосон тухай тушаалыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй ба Ш.Жын №98896 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 05, 06, 07 дугаар саруудад авч байсан цалин хөлсний талаар бичилт хийгдсэн мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэж Ш.Ж нь 2016 оны 05 дугаар сараас эхэлж тухайн байгууллагад ажилд орсон байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Ш.Жын 2015 оны 12 дугаар сарын 18-наас 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 4 сар 13 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгийн санхүүгээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ш.Жын үндсэн цалингийн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй тул түүний №98896 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 12 дугаар сард ажлаас халагдахаас өмнөх сард авч байсан гурван сарын цалингаар дундаж цалинг тооцох нь зүйтэй боловч түүний Нийгмийн даатгалын дэвтрийн 11 дүгээр сарын хөлсний талаар бичилтийг засвар арилгасан /штрихтсан/ байх ба тухайн сардаа ажиллаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул түүний ажилласан сүүлийн гурван сарыг 2015 оны 8, 9,10 дугаар саруудад авч байсан цалингийн дунджаар тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан тул шүүх нэхэмжлэгч Ш.Жын цалингийн дунджийг түүний хавтаст хэрэгт авагдсан №98896дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн сүүлийн гурван сарын дундаж болох 265599 ( 373592+67926+355280=796798/3=265599 )төгрөгийг ажилгүй байсан 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааг тооцоход 4 сар 13 хоног ба нэг өдрийн цалин нь 12647 (265599/21 ) төгрөг байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Жын ажилгүй байсан хугацааны нөхөн олговор нь 1062396 (265599х4сар) төгрөг, 164411 (12647х13 хоног) төгрөг бүгд 1226807 (1062396+164411) төгрөг байна.

Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгийн санхүүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1226807 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Жад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 673398төгрөгийг хэрэгсэхгүй болгож, түүний 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч К.Ад даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Жад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгийн санхүүгээс нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1226807 /нэг сая хоёр зуун хорин зургаан мянга найман зуун долоон/ төгрөгийг гаргуулж, Ш.Жад олгож, түүний илүү нэхэмжилсэн 673398 /зургаан зуун далан гурван мянга, гурван зуун ерин найман / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Жын 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч К.Ад даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49300төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 33993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Жад олгосугай.4.Иргэний хэрэг шүхай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ