Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01704

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/04663 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 91,409,450 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 123,839,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-тай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр АГ385-10/11 дугаартай гэрээ байгуулж, *******, ******* хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр ын туйран дээрх хог болон шороо ачих, тээвэрлэх, тэгшлэх ажлыг 180,090,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, ажлыг гүйцэтгэн хугацаанд нь хүлээлгэн өгсөн.

1.2 Гэрээнд ******* нь төлбөрийг төлөхдөө бэлнээр 96,990,500 төгрөг, үлдэгдэл 83,099,500 төгрөгт орон сууц өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *******-тай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, , , ны тоот хаягт байршилтай, 52.1 м.кв талбайтай, орон сууцыг 83,099,500 төгрөгөөр тооцон барилга ашиглалтад манайд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

1.3 Гэрээний дагуу барилгын ашиглалтад орох хугацаа 2014 оны 05 дугаар сар байсан боловч барилга хугацаандаа ашиглалтад ороогүй, 2018 оны 06 дугаар сард ашиглалтад орсон. Барилга ашиглалтад орсны дараа орон сууцыг шилжүүлэх талаар удаа дараа мэдэгдэл явуулсан боловч шилжүүлж өгөөгүй, ******* нь тухайн орон сууцыг бусдад шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан.

Иймд үлдэх төлбөр 83,099,500 төгрөг, гэрээний 11.3-т заасан торгууль 8,309,950 төгрөг, нийт 91,409,450 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *******, *******-ууд нь үйлчилгээтэй орон сууц барихаар харилцан тохиролцож, *******т барилгын суурийн ажлыг эхлүүлэхээр болж, ******* нь *******-тай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр АГ385-10/11 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр *******, ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах, 1 дүгээр ын туйран дээрх 60м*145м*1,2м нийт 26,100 м.куб хог болон шороо ачих, тээвэрлэх, тэгшлэх ажлыг нэгж үнийг 6,900 төгрөгөөр, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, гэрээний ажлын хөлсөнд 180,090,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

2.2 Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 96,990,500 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 83,099,500 төгрөгийн үнийн дүнд , 10 дугаар ээлжийн орон сууцны , тоот хаягт байршилтай, 52.1 м.кв талбайтай, орон сууцыг гэрээнд заасан ажлыг 100 хувь гүйцэтгэж, гэрээний нөхцөл бүрэн биелсний дараа хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 03/152 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан.

2.3 Нэхэмжлэгч нь ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж дуусгаагүй. *******-аас хүсэлт гаргасны дагуу ******* болон *******-ийн байгуулсан дээрх гэрээнд өөрчлөлт оруулж, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн АГ385-10/11 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г хүчингүй болгож, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр АГ429-12/05 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г шинэчилж байгуулж, *******, 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх худалдаа, үйлчилгээ, орон сууцны барилгын газар шороо, суурийн эхний үе шатны ажлыг 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр гэрээг өөрчилсөн.

Талууд дээрх гэрээгээр гүйцэтгэх ажлыг 2 үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр тохиролцсон ба 120м*40м*6м*1,2м хэмжээтэй нийт 34,560 м.куб ажлыг нэгж үнийг 7,500 төгрөгөөр хийж гүйцэтгэх, нийт 259,200,000 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийхээр харилцан тооцоолж, эхний шатны төлбөрийн бартерт маркийн экскаваторыг 100,000,000 төгрөгт тооцон шилжүүлж, 29,600,000 төгрөгийг бэлнээр өгөх, 2 дугаар шатны ажлын төлбөрт 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн АГ385-10/11 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ээр төлсөн 96,990,500 төгрөгийг төлбөр тооцоонд оруулж, харин бартерын орон сууцыг шилжүүлэн өгөх нөхцөлийг хэвээр үлдээхээр тохиролцсон.

Ийнхүү 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 03/824 дугаартай бартерын гэрээг шинэчилж байгуулж, т баригдаж буй 8 дугаар ээлжийн ны хаягт байршилтай, 43.6 м.кв талбайтай орон сууцыг нийт 76,082,000 төгрөгт тооцон шилжүүлэхээр тохиролцсон. 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны үнийн дүнг 4,142,010 төгрөгөөр хөнгөлж, 72,533,000 төгрөгөөр тооцож орон сууцыг шилжүүлэн өгсөн. Уг орон сууцыг нэхэмжлэгч талын захирал гийн хүсэлтээр 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05/01 дугаар албан бичгийг үндэслэн ын нэр дээр шилжүүлэхээр гэрээг байгуулж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас уг нэр дээр бүртгэгдэж өмчлөх эрх шилжсэн.

2.4 Харин гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл 12,300,000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бэлэн мөнгөний баримтаар 72,533,000 төгрөгийн орон сууцны үнийн дүн дээр нэмж бичилт хийн, 85,033,000 төгрөг болгон санхүүгийн баримт үйлдсэн. Ийнхүү ******* нь нэхэмжлэгч талд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шинэчлэн байгуулсан гэрээний үүргээ давуулан биелүүлж, нийт 282,023,500 төгрөгөөр илүү төлсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *******-ийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 ******* болон *******-ууд нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан АГ385-10/11 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ээр хийх ажлын хэмжээ өөрчлөгдсөн тул 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр АГ429-12/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г шинэчилж байгуулж, ажлын хэмжээ, төлбөрийн нөхцөлийг өөрчилсөн. Уг шинэчилсэн гэрээг худалдаа, үйлчилгээ, орон сууцны барилгын 120м*40м*6м*1,2с хэмжээтэй, нийт 34,560 м.куб ажлыг нэгж үнийг 7,500 төгрөгөөр хийж гүйцэтгэх, нийт 259,200,000 төгрөгийн ажлын хөлстэй байхаар харилцан тохиролцож байгуулсан. Ийнхүү 2013 онд маркийн экскаваторыг 100,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн.

3.2 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 03/152 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ-ээр харилцан тохиролцсон 52.1 м.кв талбайтай орон сууцыг өөрчилж, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 03/824 дугаартай бартерын гэрээг шинэчилж байгуулж, т баригдаж буй 8 дугаар ээлжийн ны хаягт байршилтай, 43.6 м.кв талбайтай орон сууцыг нийт 76,082,000 төгрөгт тооцон шилжүүлэхээр тохиролцсон. 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны үнийн дүнг 4,142,010 төгрөгөөр хөнгөлж, 72,533,000 төгрөгөөр тооцон шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн.

3.3 Талууд 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Гүйцэтгэсэн ажил хүлээлцэх акт-аар 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн АГ429-12/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г дүгнээд, ******* нь гэрээг худалдаа, үйлчилгээ, орон сууцны барилгын газар шороо, суурийн эхний үе шатны ажлаас 11755,776 м.куб суурийн газар шорооны ажил гүйцэтгэснийг гэрээнд заасан 1 м.куб газар шорооны ажлыг 7,500 төгрөгөөр тооцож үнэлэхэд нийт 88,168,320 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн.

******* нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай компанид *******-тай байгуулсан газар шорооны ажлын гэрээний төлбөр тооцоог нийлэх, үлдэгдэл ажлыг шаардан гүйцэтгүүлэх эрхийг шилжүүлэн өгсний дагуу бид тус компанитай удаа дараа албан бичгээр болон биечлэн ярилцаж байсан боловч зөвшилцөлд хүрээгүй. 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр АГ429-12/05 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г шинэчилж байгуулж, экскаваторыг 100,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 72,533,000 төгрөгийн үнэ бүхий баригдаж буй орон сууц, мөн тухайн өдрөө дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 12,500,000 төгрөгийн үнэ бүхий зоорины давхрын автозогсоолыг шилжүүлэн, нийт 185,033,000 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлсэн.

3.4 Шинжээчийн дүгнэлтээр ******* нь эхний гэрээгээр 2,808.23 м.куб шороог зайлуулсан, 2 дахь гэрээгээр 8,159.1 м.куб шороог зайлуулсан, нийтдээ 10,967.33 м.куб хөрсийг зайлуулсан гэдэг нь тогтоогдсон. Ингээд хог шороо ачсан газар шорооны ажлын урьдчилгаа төлбөр дуусгасан байсан ба шинжээчийн дүгнэлтээр 61,193,250 төгрөгийн ажлыг хийсэн гэдгийг тогтоосон.

Иймд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/05 дугаартай гэрээний дагуу хариуцагч нараас төлсөн 185,033,000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дээрх 61,193,250 төгрөгийг хасаж, үлдэх 123,839,750 төгрөгийг *******-аас нэхэмжлэгчид илүү төлсөн байх тул илүү төлсөн уг 123,839,750 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр *******-ийн захирал болон хариуцагч талын инженер нар ажлыг хүлээлцэж дууссан.

4.2 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээгээр хариуцагч нь нотлох баримтын шаардлага хангаагүй акт гаргаж өгдөг, үүнийг манай тал хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тухайн оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний дагуу хийгдсэн ажлыг 11,755 м.куб хэмжээг хийж гүйцэтгэсэн гэж болон нар акт үйлдэн хүлээлцсэн баримт байна. Хэдийгээр нотлох баримтын шаардлага хангагдаагүй ч гэсэн нэхэмжлэгч талаас үүнд маргахгүй, хүлээн зөвшөөрдөг. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч *******-аас 40,740,250 төгрөг гаргуулж хариуцагч *******-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 8,309,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,009,350 төгрөг, хариуцагч *******-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,067,568.40 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 361,651 төгрөг гаргуулж хариуцагч *******-д олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1 Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8,309,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрээ цуцлаагүй тул торгууль шаардах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/752 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 11.3-т торгуулийн хэмжээг тодорхойлсон. Ийнхүү торгуулийн хэмжээг тодорхойлж өгсөн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангасан гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлаа бүрэн хийж дуусгасан бөгөөд хариуцагч нь төлбөрт орон сууц шилжүүлэн өгөх үүргээ зөрчиж, тухайн орон сууцыг бусдад шилжүүлсэн тул гэрээнд заасан дагуу торгуулийг шаардсан.

6.2 ******* нь АГ429-12/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөрт орон сууц бартерт өгөх тохиролцоо байхгүй. Нэхэмжлэгч 60,220,500 төгрөгийг 2 компанийн авлага дээр 12/05 гэрээний 1 дүгээр ажлын үлдэгдэл төлбөр 29,600,000 төгрөгийг нэмж, /тооцоо нийлсэн актын дагуу/ 89,820,500 төгрөгийг хааж, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/244 дугаар гэрээний дагуу , Орчлон хороолол, , хаягт байршилтай, 43.94 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлэн авсан.

Гэтэл шүүхээс дээрх гэрээний дагуу шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/244 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-д дээрх АГ429-12/05 дугаартай гэрээний дагуу шилжүүлж буй орон сууц гэсэн талаар заагаагүй.

6.3 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралд хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар тайлбартаа талууд 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Гүйцэтгэсэн ажлын актаар 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр АГ429-12/05 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г дараах байдлаар дүгнэсэн. Гэрээгээр 1-р үе шатны 120м х 40м х 3м х 1.2=17280 м.куб ажлыг гүйцэтгэхээс, 10336.48 м.куб талбайд 2-р үе шатны ажилд дэвсгэр болгон ашиглахаар бетонон хогийг 540 м.куб-ийг үлдээж, нийт 11755,776 м.куб суурийн газар шорооны ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэж, талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсгээр баталгаажуулсан болно. Дээрх гэрээ дүгнэсэн актаар ******* нь худалдаа, үйлчилгээ, орон сууцны барилгын газар шороо, суурийн эхний үе шатны ажлаас 11755.776 м.куб суурийн газар шорооны ажил гүйцэтгэснийг гэрээнд заасан 1 м.куб газар шорооны ажлыг 7,500 төгрөгөөр тооцож үнэлэхэд, нийт 88,168,320 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн.

Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар шүүгчээс асуусан асуултад хариулахдаа уг дүнгээр хүлээн зөвшөөрсөн, мөн дээрх тайлбарыг зөвшөөрдөг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч тайлбараараа актаар баталгаажуулсан нэхэмжлэгч нь 2013 оны 12 сарын 05-ны өдрийн АГ 429-12/05 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 88,168,320 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар тайлбар гаргадаг. Гэтэл 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн АГ429-12/05 дугаар гэрээний дагуу 61,193,250 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж хоёр зөрүүтэй тайлбарыг шүүхэд гаргадаг.

Шүүхээс хариуцагчийн тайлбар болох 2-р үе шатны ажилд дэвсгэр болгон ашиглахаар бетонон хогийг 540 м.кубийг үлдээж, нийт 11755.776 м.куб суурийн газар шорооны ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэж талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсгээр баталгаажуулсан болно... гэх тайлбар талуудын ажлаа хүлээлцсэн акт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байтал эдгээр тайлбар болон баримтуудыг үнэлэхгүйгээр 2013 оны 12 дугаар 05-ны өдрийн АГ429-12/05 дугаар гэрээний дагуу 88,168,320 төгрөгийг ажил гүйцэтгэсэн бус 61,193,250 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6.4 Мөн нэхэмжлэгчийн гаргасан ажил хүлээлцсэн акт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа хэдий ч эсрэг тал уг баримтыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй гэж, шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

6.5 Шинжээчийн дүгнэлтийг шүүх үндэслэсэн нь үндэслэлгүй. Учир нь, шинжээч нь илтэд зөрүүтэй дүгнэлт гаргасан тул шүүх хуралдаанд оролцуулсан. Шинжээч овоолготой тагтаршсан шороо байгаа гэж мэдээгүй, ийм тохиолдолд эзэлхүүнийг тодорхой гаргах боломжгүй, мөн хово маркийн машины өндөр хэмжээ эзэлхүүнийг илтэд буруу гаргасан байсан. 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/752 гэрээгээр 60 м өргөн, 145 м урт, өндөр 2.5 м, сийрэгжилт 1.2 м гэсэн дүнгээр тооцож үзэхэд 26,100 кубыг шинжээчийн дүгнэлтээр хэд дахин бага тооцоолж гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна.

6.6 Хариуцагчийн зүгээс 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний дагуу сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд уг сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд нийцээгүй байхад шүүх хамтатган шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

6.7 Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил бөгөөд хариуцагч нь шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн дагуу шаардаж буй 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн АГ429-12/05 дугаар гэрээний дагуу шаардлага гаргах хугацаа 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр талууд уг гэрээг дүгнэж акт үйлдсэн хугацаанаас тоологдоно. Уг актад талуудын хэн аль нь маргадгүй бөгөөд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8,309,950 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Талуудын байгуулсан гэрээний 11.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаараа гэрээний үүргийн биелэлтийг шаардсан. Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас үүдэн хохирол шаардаагүй учраас талуудыг гэрээгээ цуцалсан гэж дүгнэж, торгуультай холбоотой шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

7.2 Нэхэмжлэгч нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээ дүгнэсэн актыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд байхад гүйцэтгэсэн ажлын дүнг 88,168,320 төгрөгөөр тооцсонгүй гэж гомдолдоо дурдаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа шүүгчийн захирамжаар томилогдсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ажлын хэмжээг үндэслэн өөрчилж, багасгасан бөгөөд нотлох баримтыг шаардлага хангахгүй актад заасан ажлын хэмжээ нь шинжээчийн дүгнэлттэй ойролцоо байгаа талаар шүүх хуралдаанд мэтгэлцэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.

Анхан шатны шүүх Тооцоо нийлсэн акт-ыг нотлох баримтын шаардлага хангаагүй *******-аас 60,220,500 төгрөгийн авлагатай болохоо нэхэмжлэгч нотолж чадаагүй, ын нэр дээр шилжүүлсэн орон сууцыг 60,220,500 төгрөгийн авлагатай тооцсон гэх баримтгүй талаарх зөв зүйтэй дүгнэсэн.

7.3 Хариуцагч нь нэхэмжлэгчээс ******* болон *******-уудаас ажлын хөлсөнд 2 гэрээний хүрээнд нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээсээ илүү авсан хөлсийг буцаан шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасантай нийцсэн учраас анхан шатны шүүх сөрөг шаардлагыг хүлээн авч, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Тодруулбал, хариуцагч нь анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээ дээрх хоёр гэрээний зүйл нь нэг ажил байсан, ажлын хэмжээ өөрчлөгдсөн учраас гэрээг шинэчлэн байгуулсан гэж тайлбарлан маргаж байсан.

7.4 Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр энэхүү тайлбарт дурдсан орон сууцыг албан бичгээр шаардан хүлээж авсан, үүнээс хойш 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/1 дугаар албан бичгээр ******* нь *******-ийн шаардах эрхийг шилжүүлэн авч төлбөр тооцоо нийлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн гэдэгтэй нэхэмжлэгч маргаагүй тул уг мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоолох нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 91,409,450 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 123,839,750 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

2.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь *******-ийг хамтран хариуцагчаар тодорхойлсон.

2.2 Хариуцагч ******* хариу тайлбар гаргаагүй.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1 ******* болон ******* нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр АГ385-10/11 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч ******* нь ******* хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр ын туйран дээрх хог болон шороо ачих, тээвэрлэх, тэгшлэх ажлыг 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэх, захиалагч ******* нь 60м*145м*2,5м*1,2м=26,100 м.куб ажлын хөлсөнд нийт 180,090,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 11-12/

3.1.1 Гэрээний 3.4-т захиалагч ******* нь дээрх гэрээний нийт төлбөр 180,090,000 төгрөгийн 83,099,500 төгрөгт тооцон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 10 дугаар ээлжийн орон сууцны 52.1 м.кв талбайтай орон сууцыг, үлдэх 96,990,500 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид төлөхөөр заасан.

3.1.2 Хариуцагч ******* нь дээрх гэрээнд заасан төлбөрөөс 96,990,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

3.2 ******* болон ******* нь 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр АГ429-12/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч ******* нь 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх худалдаа, үйлчилгээ, орон сууцны барилгын газар шороо, суурийн газар шорооны ажил 120 метр урт, 40 метр өргөн, 6 метр гүн, 1,2 сийрэгжилтийг нэгж үнийг 7,500 төгрөгөөр 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэх, захиалагч ******* нь ажлын хөлсөнд нийт 259,200,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 137-138/

3.2.1 Гэрээний 1.2.3-т ажлыг 2 үе шаттай гүйцэтгэх, эхний суурийн газар шорооны ажил, 120 метр урт, 40 метр өргөн, 3 метр гүн, 1,2 сийрэгжилт нийт 17,280 м.куб ажлыг 129,600,000 төгрөгөөр, 2 дахь суурийн газар шорооны ажил, 120 метр урт, 40 метр өргөн, 3 метр гүн, 1,2 сийрэгжилт 17,280 м.куб ажлыг 129,600,000 төгрөгөөр тус тус гүйцэтгэхээр заасан.

3.2.2 Гэрээнд заасан ажлын хөлс нийт 259,200,000 төгрөгийн 100,000,000 төгрөгт тооцон хариуцагч ******* нь улсын дугаартай, Доосон /Doosan/ маркийн экскаваторыг нэхэмжлэгчид шилжүүлсэн. /2хх 15-21/

3.3 ******* нь *******-тай 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 03/752 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь , , , 5 давхар, тоот хаягт байршилтай, 52.1 м.кв талбайтай, 83,099,500 төгрөгийн үнэтэй орон сууцыг 2014 оны 05 дугаар сард нэхэмжлэгч *******-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний 2.1.1-д орон сууцны үнэ 83,099,500 төгрөгийг бартер гэж заасан. /1хх 13-16/

3.3.1 Дээрх гэрээнд заасан тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, улмаар 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өмчлөх эрх бусдад шилжсэн. /1хх 73-101/

3.4 ******* нь *******-тай 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 03/824 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь , , , 2 дугаар давхар, хаягт байршилтай, 43.94 м.кв талбайтай, 76,675,300 төгрөгийн үнэтэй орон сууцыг 2014 оны 06 дугаар сард нэхэмжлэгч *******-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний 2.1.1-д орон сууцны үнэ 76,675,300 төгрөгөөс 4,142,000 төгрөгийг хөнгөлж, үлдэх 72,533,000 төгрөгийг бартер гэж заасан. /1хх 121-123/

3.4.1 Дээрх гэрээнд заасан хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. /1хх 197-2хх-14/

3.5 ******* нь *******-тай 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 03/278 дугаартай Дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь , , , зоорийн давхрын , 16.7 м.кв талбайтай, 12,500,000 төгрөгийн үнэтэй автомашины зогсоолыг 2014 оны 06 дугаар сард нэхэмжлэгч *******-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний 2.1.1-д автомашины зогсоолын үнэ 12,500,000 төгрөгийг бартер гэж заасан. /2хх 170-171/ Уг автомашины зогсоолыг нэхэмжлэгч хүлээн авсан эсэхэд зохигч маргаагүй. /3хх 177/

3.6 ******* болон *******-ууд нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр эрх шилжүүлэгч ******* нь ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн АГ429-12/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу *******-ийн гүйцэтгэсэн ажлуудыг үнэлж дүгнэх, дутуу гүйцэтгэсэн эсхүл хийж гүйцэтгээгүй ажлын үр дүнг гүйцээж өгөхийг шаардах, тооцоо нийлэх, илүү төлөгдсөн төлбөрийг буцаан шаардах эрхийг эрх хүлээн авагч *******-д шилжүүлэх, эрх хүлээн авагчийн гэрээний 1.2-т заасан шаардах эрхээ хэрэгжүүлж, холбогдох төлбөр, учирсан хохирлоо арилгуулах хүртэл хүчин төгөлдөр үйлчлэхээр байгуулсан. /2хх 111-112/

4. Анхан шатны шүүх дээрх 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн АГ385-10/11 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ болон 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн АГ429-12/05 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ******* болон *******-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, дээрх 2 гэрээнд заасан гүйцэтгэх ажил, хөлс болон хөлс төлөх журам, хугацаа зэрэг нь харилцан адилгүй байх тул анхан шатны шүүх талуудын хооронд 2 тусдаа ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4.1 Түүнчлэн, анхан шатны шүүх *******-ийн *******-тай байгуулсан, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн АГ429-12/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний шаардах эрх *******-д шилжсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт нийцсэн байна.

5. Анхан шатны шүүх хариуцагч *******-аас 83,099,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна. Учир нь, ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн АГ385-10/11 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үр дүнг хариуцагч ******* хүлээн авсан. Хариуцагч ******* нь тухайн ажил гүйцэтгэх гэрээний үлдэх хөлс 83,099,500 төгрөгт тооцон орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, орон сууцыг бусдад шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхийн энэхүү шийдэлд хариуцагч ******* давж заалдах гомдол гаргаагүй тул түүнийг шүүхийн уг шийдлийг зөвшөөрсөн гэж үзнэ.

5.1 Харин анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас торгууль 8,309,450 төгрөг гаргуулах хэсгийг гэрээ цуцлагдаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт нийцээгүй байна. Учир нь, мөн зүйлд зааснаар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. ******* нь *******-тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/752 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 11.3-т Талууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа тогтоож үүргийн гүйцэтгэлийг сануулсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд энэ гэрээг цуцалж болох бөгөөд гэрээг зөрчсөн буруутай тал нь нөгөө талдаа гэрээний үүргийн үнийн дүнгийн 10%-тай тэнцэх торгуулийг нэг удаа төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, торгууль нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг бөгөөд гэрээний 11.3-т заасан торгуулийн талаарх талуудын тохиролцоо нь гэрээ цуцлагдсан тохиолдолд торгууль төлөх нөхцөлийг агуулаагүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангана.

6. ******* нь 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04/01 дугаар албан бичгээр ...Манай компани АГ429/12/05 гэрээний дагуу худалдаа, үйлчилгээ, орон сууцны барилгын газар шороо, суурийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Энэхүү ажлын хөлсөнд 8 дугаар ээлжийн байрны ын 2 өрөө байрыг бартераар аваад өөр хүнд шилжүүлэн зарсан боловч байрны ордер гарахгүй байгаагийн улмаас манай компани үлдэгдэл төлбөрөө авч чадахгүй байна. Иймээс ажлын үлдэгдэл төлбөр болох 29,600,000 төгрөгийг хааж тус байрны ордерыг яаралтай гаргаж өгнө үү гэх, мөн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05/01 дугаар албан бичгээр ... 8 дугаар ээлжийн байрны ын 2 өрөө байрыг бартераар аваад өөр хүнд шилжүүлэн зарсан ба тус байрны ордерыг ын нэр дээр яаралтай гаргаж өгнө үү гэх мэдэгдлийг *******-д тус тус хүргүүлсэн. /1хх 124-125/

6.1 ******* нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18 тоот Төлбөр тооцооны тухай албан бичгээр Орон сууцаар төлбөр хийхдээ 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр №03/752 тоотоор Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 2014 оны 05 дугаар сард хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгасан байна. Уг барилга нь 2018 оны 06 дугаар сард ашиглалтад орсон тул гэрээний дагуу оногдох орон сууцыг хүлээлгэн өгнө үү гэх мэдэгдлийг *******-д хүргүүлсэн. /1хх 18/

7. Дээрх баримтаар ******* нь ******* болон *******-уудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан АГ429-12/05 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын ...******* 60,220,500 төгрөгийн 2 компанийн авлага дээр 12/05 гэрээний 1 дүгээр ажлын үлдэгдэл төлбөр 29,600,000 төгрөгийг нэмж 89,820,500 төгрөгийг хааж , 43.94 м.кв орон сууцыг шилжүүлэн авсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7.1 Мөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн Тооцоо нийлсэн акт/*******/ гэх баримт /1хх 127/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байх тул шүүх уг баримтыг үнэлээгүйг буруутгах боломжгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь ******* болон *******-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан АГ429-12/05 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт 100,000,000 төгрөгт тооцон экскаватор, 72,533,000 төгрөгт тооцон орон сууц, 12,500,000 төгрөг тооцон зоорийн давхрын автомашины зогсоол, нийт 185,033,000 төгрөг төлсөн байна.

8. Анхан шатны шүүх ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн АГ429-12/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу нэхэмжлэгчийг 61,193,250 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж дүгнэн, зөрүү 123,839,750 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна. Учир нь, шинжээч Х-ийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 121 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгчийг дээрх гэрээний дагуу нийт 8,159.1 м.куб суурийн газар шорооны ажил хийж гүйцэтгэснийг тогтоосон байх тул анхан шатны шүүх гэрээнд заасан нэгж үнэ 7,500 төгрөгийг 8,159.1 м.кубд үржүүлэн, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 61,193,250 төгрөг гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна. /2хх 86-100/ Иймд шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хэд дахин бага тооцоолж гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй.

9. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн АГ385-10/11 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ болон 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн АГ429-12/05 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г нэг гэрээ гэсэн агуулгаар шаардлага гаргасан тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

10. ******* 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 01/1 дугаар албан бичгээр ...гэрээний дагуу хийх ёстой байгаад дутуу орхисон ажлаа бүрэн гүйцэтгэн дуусгаж, ажил хүлээлцсэн актын хамт хүлээлгэн өгнө үү гэх, мөн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/413 дугаар албан бичгээр ...ажлаа хүлээлгэн өгөхгүй бол цаашдын хамтын ажиллагаагаа дуусгавар болгон гэрээний дагуу ажлын хөлсөнд шилжүүлсэн төлбөр мөнгөө буцаан гаргуулахаар *******-ийн өмнөөс нэхэмжлэх болохоо үүгээр мэдэгдэж байна гэх хүсэлтийг *******-д хүргүүлсэн. /2хх 109-110/ Уг албан бичгээр талууд тооцоо нийлэх, гэрээ дүгнэх талаар харилцаж байсан гэж үзэхээр байхаас гадна талууд дээрх 2 ажил гүйцэтгэх гэрээг нэг гэрээ буюу шинээр байгуулсан, мөн тусдаа гэрээ болох талаар харилцан маргасан зэргийг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нь дээрх зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.

11. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Учир нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан шаардах эрхэд хамаарч байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй байх тул тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад сөрөг нэхэмжлэлийг хангасан хэсгийг салгаж тусгасан өөрчлөлт оруулна. Түүнчлэн, шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч *******-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох талаар дүгнэсэн байх боловч тогтоох хэсэгт орхигдуулсныг залруулна. Шүүхийн уг дүгнэлтэд зохигч давж заалдах гомдол гаргаагүй.

12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагч *******-аас 91,409,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгч *******-аас 123,839,750 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгож, хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/04663 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 91,409,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-аас 123,839,750 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж өөрчлөн дугаарлаж, уг заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,009,350 төгрөг, хариуцагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,064,568 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 614,997 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч *******-аас 777,148 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгосугай. гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

М.БАЯСГАЛАН