Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 708

 

   2019        09          16                                   2019/ШЦТ/708

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баярмаа, 

улсын яллагч А.Нямсүрэн,

  шүүгдэгч О.Н  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн О.Н д холбогдох эрүүгийн 1911000630829 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн О.Н , 1999 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эх, эцэг, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11-388 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.    

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Н  нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14 дүгээр гудамжны 197б тоотод оршин суух А.Ундрахтай Namuun Doogii гэсэн хаягаар фейсбүүкийн чатаар харилцаж и баримтын мөнгийг урьдчилж авч өгнө гэж хуурч, түүний и баримтын НӨАТ-ын бүртгэлийн мэдээллийг авч, НӨАТ-ын урамшууллын мөнгө болох 1.137.596 төгрөгийг Хас банкны данстай Д.Золбоо гэх хүний нэр нээж мөнгийг шилжүүлэн авч залилсан

мөн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг интернэт тоглоомын газарт цахим хэрэгсэл ашиглан иргэн М.Мартын НӨАТ-ын урамшууллын мөнгө болох 145.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, намайг уучлаарай...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Ундрах нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой 23 цагийн орчим би өөрийн /Aldart Undrah/ гэсэн фейсбүүк хаягаар орж байхад фейсбүүк зар дээр и-баримтын мөнгийг урьдчилан авч өгнө гэсэн Namuun Doogii гэх хаягаар зар оруулсан байсан. Тэгээд би уг хүнтэй чатаар харилцаж миний и-баримтын нууц кодыг асууж, миний хувийн мэдээллийг авсны дараа мөнгийг авч болохгүй байна гэж чатаар мессеж явуулсан юм. Харин би болохгүй байна гэхээр нь за яах вэ гэж хэлээд өөрийнхөө и-баримт руугаа нэвтрэн орох гэхэд нууц үг буруу байна гэж гарч ирсэн, Тэгээд би уг хүн рүү чи нууц үг яагаад солиод хаячихаа гэсэн намайг шууд блоколсон. Харин тэр өдрийн маргааш өглөө буюу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр и-баримтын лавлах утас руу залгаж яриад миний код орж болохгүй байна гэж лавлаж асуухад 2019 оны 12 дугаар сарын 23-ны 23 цагийн орчим нууц үг нэр, кодыг чинь сольсон, улмаар Хас банкны данс нээгээд Дүүрэнбаярын Золбоо гэх хүний нэр дээр олгосон байна гэж хэлсэн, нийт 1.137.596 төгрөг байсан, ...Золбоо гэх хүүхдийг олоод цагдаа дээр ирээд мэдүүлэг авахад Нямбилгүүн гэх хүүхдийг авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 12-13/,

Гэрч Д.Золбоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Хас банкны 5002662561 тоот данс миний данс ...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 23 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх компьютер тоглоомын газарт Нямбилгүүн гэх танил ах чамд Хас банкны данс байдаг уу гэж асуухаар нь би байхгүй гэж хэлсэн чинь тэгвэл ах нь чиний нэр дээр Хас банкны данс нээгээд и- баримтын мөнгөө татаад авчихъя гэсэн, тэгэхээр нь би зөвшөөрсөн, миний нэр дээрх Хас банкны дансыг Нямбилгүүн ах нээсэн, тэгээд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 07 цагийн үед миний утсаар Хас банкны и-баримтын аппликейшн руугаа ороод Нямбилгүүн ах өөрийн Хаан банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлж авсан, тэгээд бид 2 Хүчит шонхор захын Хас банк онгойхоор нь Нямбилгүүн ах бүх мөнгийг өөрөө аваад надад бэлнээр 200.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх 19/,

Хохирлын мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 14, 84/,

Хохирогч М.Март нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой 21 цагийн орчим өөрийн фейсбүүк хаягаар ороход Намуун Доогий /namuun doogii/ гэх хаягаас и-баримтын мөнгийг урьдчилан Хас банкны апликейшнаас авч өгнө гэх зар байрлуулсан, түүний сэтгэгдэл хэсэгт нь “хүмүүс баярлалаа” гэж бичсэн байсан. Тэгээд уг хүнтэй чатаар харилцахад надаас утасны дугаар, и-баримтын нэвтрэх нэр, нууц кодыг асуусан юм. Харин миний нэр дээр Хас банкны данс нээсний дараа намайг шууд блок хийж надтай харьцахаа больсон. Тэгээд би Хас банк руу залгаад миний нэр дээр данс нээсэн эсэхийг асуухад нээсэн байна гэж хэлсэн. Надад 155.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх 82-83/,

Гэрч Д.Ариунболор нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би энэ хэрэгт анх мэдүүлэг өгөхдөө Нямбилгүүн гэдэг нэрийг мэдэхгүй байсан, харин Билгүүн гэдэг нэрээр нь мэддэг байсан. Анх Билгүүнтэй 2018 оны 08 дугаар сард танилцсанаас хойш Билгүүн гэдэг нэрээр нь мэдэх болсон юм. Харин сүүлд залгаж яриад Нямбилгүүн гэдгийг мэдсэн ...Манай ээжийн дансыг би өөрөө ашигладаг, харин тухайн үед мөнгө орсныг мэдээгүй, урьд өмнө нь Нямбилгүүн манай ээжийн данс руу мөнгө хийж байсан, тэр өдөр гадуур найзуудтайгаа уулзана гээд миний ашигладаг манай ээжийн данс руу мөнгө хийсэн байх гэж бодож байна ...уг нь Нямбилгүүн надтай харьцахдаа Билгүүн гэдэг хаягаар харилцдаг байсан харин “Namuun doogii” гэсэн хаягийг би мэдэхгүй. Нямбилгүүнийг ийм үйлдэл хийснийг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх 91/,

Шүүгдэгч О.Н  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Уг хэргийг би ганцаараа үйлдсэн, хэн нэгэн хүн хамтран оролцсон асуудал байхгүй ...би бусдад учруулсан хохирлоо барагдуулсан ...хийсэн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх 93-34/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 116/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 114/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 117/, гэрч  Д.Золбоогийн Хас банкны дансны хуулга /хх 30-32/, О.Н ий Хаан банкны дансны хуулга /хх 42-44/, М.Мартын Хас банкны дансны хуулга /хх 103/, фейсбүүк чатаар хохирогч М.Март, Ундрахтай харилцсан бичиглэл /хх 60-66, 96-98х/, Хас банкны дансны хуулга /хх-ийн 31, 99х/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Н  нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14 дүгээр гудамжны 197б тоотод оршин суух А.Ундрахтай Namuun Doogii гэсэн хаягаар фэйсбүүкийн чатаар харилцаж и баримтын мөнгийг урьдчилж авч өгнө гэж хуурч, түүний и баримтын нөатын бүртгэлийн мэдээллийг авч, НӨАТ-ын урамшууллын мөнгө болох 1.137.596 төгрөгийг Хас банкны данстай Д.Золбоо гэх хүний нэр нээж мөнгийг шилжүүлэн авч залилсан, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг интернэт тоглоомын газарт цахим хэрэгсэл ашиглан иргэн М.Мартын нөатийн урамшууллын мөнгө болох 145.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Ундрахын “...2019 оны 12 дугаар сарын 23-ны 23 цагийн орчим нууц үг нэр, кодыг чинь сольсон, улмаар Хас банкны данс нээгээд Дүүрэнбаярын Золбоо гэх хүний нэр дээр олгосон байна гэж хэлсэн, нийт 1.137.596 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /хх 12-13/, гэрч Д.Золбоогийн “...Нямбилгүүн ах өөрийн Хаан банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлж авсан, тэгээд бид 2 Хүчит шонхор захын Хас банк онгойхоор нь Нямбилгүүн ах бүх мөнгийг өөрөө аваад надад бэлнээр 200.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх 19/, хохирлын мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 14, 84/, хохирогч М.Мартын “...надаас утасны дугаар, и-баримтын нэвтрэх нэр, нууц кодыг асуусан юм. Харин миний нэр дээр Хас банкны данс нээсний дараа намайг шууд блок хийж надтай харьцахаа больсон. Тэгээд би Хас банк руу залгаад миний нэр дээр данс нээсэн эсэхийг асуухад нээсэн байна гэж хэлсэн. Надад 155.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх 82-83/, гэрч Д.Ариунболорын “...Манай ээжийн дансыг би өөрөө ашигладаг, харин тухайн үед мөнгө орсныг мэдээгүй, урьд өмнө нь Нямбилгүүн манай ээжийн дансруу мөнгө хийж байсан, тэр өдөр гадуур найзуудтайгаа уулзана гээд миний ашигладаг манай ээжийн дансруу мөнгө хийсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх 91/, шүүгдэгч О.Н ий “...Уг хэргийг би ганцаараа үйлдсэн, хэн нэгэн хүн хамтран оролцсон асуудал байхгүй ...би бусдад учруулсан хохирлоо барагдуулсан ...хийсэн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх 93-34/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, хохирлоо нөхөн төлсөн мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч О.Н  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн О.Н ийг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН