| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0663/Э |
| Дугаар | 707 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 707
2019 09 16 2019/ШЦТ/707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баярмаа ,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,
хохирогч Б.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогтой Д.М холбогдох эрүүгийн 1911017640850 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол овогтой Д.М , 1979 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Төгс үржих” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн 1-05 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЙЕ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.М нь согтуугаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8-101 тоотод гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч Б.Сарангэрэлийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бусадтай хий дэмий хардлаа гэх шалтгаанаар цахилгаан тогооны залгуураар нуруу, гуя орчим руу 3-4 удаа ороолгож, мөн 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бие биенээ хардан маргалдаж улмаар түүний хоёр нүд рүү гараараа нэг, нэг удаа цохиж, гар луу нь хөлөөрөө хөшиглөж зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.Сарангэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв...”
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Д.Сарангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сард Мэндсайхан бид 2 хамт архи ууж байгаад Мэндсайхан салхинд гарч найзуудын хамт хөдөө явна гэхээр нь би түүнийг явуулахгүй гэж маргалдаж байгаад Мэндсайхан гэрийн баганад эвсэн тоосгыг аваад миний баруун нүдний орчим нэг удаа цохисон юм. Үүнээс болж хуучин гэмтлүүд үүссэн гэж бодож байна. ...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Мэндсайхан ажлаасаа тараад 20 цагийн орчим гэртээ ирээд нэг шил 0.75 граммын архи авч бид 2 хувааж уусан. Бид 2 согтсон байхдаа бие биенээ хардаж маргаан үүсгэсэн бөгөөд Мэндсайхан нь уурлаж намайг гэрийн хоймрын орон дээр байхад 2 нүд рүү гараараа нэг нэг удаа цохиж дараа нь гар луу хөлөөрөө өшиглөсөн юм. Тэр үед миний гар хөдөлж болохгүй, өргөж болохооргүй өвдөөд байсан... 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөн Мэндсайханы хамт архи ууж байгаад мөн л Мэндсайханыг бусадтай хардаад маргалдсан бөгөөд тэр үед Мэндсайхан намайг бусадтай хий дэмий хардлаа гэж уурлаж намайг цахилгаан тогооны залгуураар нуруу, гуя орчим руу 3-4 удаа ороолгосон...” гэх мэдүүлэг /хх 10-14/,
Гэрч С.Байгальмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ээж манай гэрт ирсэн энэ үед түүний хоёр нүд нь хөхөрч хавдсан байдалтай байхаар нь.би яасан гэж асуухад хүнд цохиулсан гэж хэлж байсан. Тэгэхээр нь ээжийг Гэмтэл согог үндэсний төвд үзүүлээд ир гээд явуулсан. Тэгээд үзүүлчхээд буцаж ирэхдээ гар нь хугарсан байсныг шохойдуулсан орж ирсэн. Би ээжээс лавлаж асуухад намайг Мэндсайхан цохиж гэмтээсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/
Гэрч Б.Саруултөгс нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2019 оны 06 дугаар сарын сүүлээр нэг барилгын цэвэрлэгээний ажил хийж байгаад гэртээ ирсэн чинь Мэндсайхан согтуу унтчихсан, хажууд нь Б.Сарангэрэл бас согтуу байсан бөгөөд түүний хоёр нүд нь хөхөрчихсөн, баруун гарын шуу орчим хавдсан, хөдөлгөж болохгүй байна гээд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх 23-24/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №7834 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Сарангэрэлийн биед баруун шууны богтос ясны хугарал, хоёр зовхи, зүүн бугалга, нуруу, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 27/
Шүүгдэгч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 23-ний өдөр Б.Сарангэрэл бид 2 гэртээ хамт архи уусан бөгөөд намайг дандаа хардаад байдаг болохоор би Сарангэрэлийг зодчихсон юм. Цахилгаан тогооны залгуураар ороолгож, нүүр лүү нь гараараа цохисон мөн гар луу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 34/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болормаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баруун шууны богтос ясны хугарал гэмтэл нь дангаараа хүндэвтэр гэмтэлд хамаарна, харин хоёр зовхи, зүүн бугалга, нуруу, зүүн гуянд цус хуралт баруун нүдний алимны цус харвалт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх 30/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 35/, шүүгдэгч Д.М ы ажлын газрын тодорхойлолт /хх 37/, Натур Эмнэлгийн компьютер томографын оношилгооны хуудас /хх 47/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 6/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.М нь согтуугаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8-101 тоотод гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч Б.Сарангэрэлийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бусадтай хий дэмий хардлаа гэх шалтгаанаар цахилгаан тогооны залгуураар нуруу, гуя орчим руу 3-4 удаа ороолгож, мөн 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бие биенээ хардан маргалдаж улмаар түүний хоёр нүд рүү гараараа нэг, нэг удаа цохиж, гар луу нь хөлөөрөө хөшиглөж зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Сарангэрэлийн “...Мэндсайхан намайг бусадтай хий дэмий хардлаа гэж уурлаж намайг цахилгаан тогооны залгуураар нуруу, гуя орчим руу 3-4 удаа ороолгосон...” гэх мэдүүлэг /хх 10-14/, гэрч С.Байгальмаагийн “...Би ээжээс лавлаж асуухад намайг Мэндсайхан цохиж гэмтээсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/, гэрч Б.Саруултөгсийн “…Мэндсайхан согтуу унтчихсан, хажууд нь Б.Сарангэрэл бас согтуу байсан бөгөөд түүний хоёр нүд нь хөхөрчихсөн, баруун гарын шуу орчим хавдсан, хөдөлгөж болохгүй байна гээд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх 23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №7834 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 27/, шүүгдэгч Д.М ы “...би Сарангэрэлийг зодчихсон юм. Цахилгаан тогооны залгуураар ороолгож, нүүр лүү нь гараараа цохисон мөн гар луу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 34/, шинжээч эмч О.Болормаагийн “...Баруун шууны богтос ясны хугарал гэмтэл нь дангаараа хүндэвтэр гэмтэлд хамаарна, харин хоёр зовхи, зүүн бугалга, нуруу, зүүн гуянд цус хуралт баруун нүдний алимны цус харвалт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх 30/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.М ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Сарангэрэл нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, шүүгдэгч Д.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М ы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт нь 7 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцүү байхаар тооцож эдлэх ялаас нийт 105.000 төгрөгийг хасаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогтой Д.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М д 700 /долоо зуу/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М ы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 7 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцүү байхаар тооцож 105.000 /зуун таван мянга/ төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 595.000 /таван зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.М ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН