| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2023/00174/И |
| Дугаар | 210/МА2025/01705 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01705
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Одгэрэл, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/05106 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 123,537,992 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 75,521,076 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******-тай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 22/516 дугаартай, Улаанбаатар хот ******* ******* хороонд баригдах ******* хотхоны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээний 2.1-д зааснаар гүйцэтгэгч ******* нь ******* ******* хорооны нутаг дэвсгэрт баригдах ******* хотхоны суурь нь хийгдсэн 1 блок буюу 2 айлын хаусны барилгыг гэрээнд заасан нөхцөл, хугацаанд барьж, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний 3, 4 дүгээр зүйлд заасан нөхцөл, хугацаагаар төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Мөн гэрээний 4-т /Төлбөр тооцоо ба баталгаат хугацаа/-д нэг айлын амины орон сууцны үнийн дүн нь 226,800,000 төгрөг, нийт 453,600,000 төгрөгөөр тохиролцож, 226,800,000 төгрөгийг мөнгөөр, 226,800,000 төгрөгийг бартераар буюу хорооны нутаг дэвсгэрт байрлах 5,000 м.кв талбайтай газар эзэмших эрхийг гүйцэтгэгч талд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. Ийнхүү гэрээ байгуулсан өдөр 68,040,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 120,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 193,040,000 төгрөгийг шилжүүлж, бараа материалаар буюу 6,860,000 төгрөгийн үнэ бүхий арматурыг барилгад ашиглуулж, нийт 199,900,000 төгрөг төлсөн.
1.2 Гэтэл гүйцэтгэгч компаниас 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр суурилуулсан цонхны хуваалт нь батлагдсан зургийн дагуу хийгдээгүй, цонхны хэмжээсийг буруу авсан, технологийн илт алдаатай байсан, суулгаснаас хойш хэд хоногийн дараагаас цонхны рам нь наалдаасаараа салж, гажиж, цонхны шил нь цуурч эхэлсэн тул гүйцэтгэгч компанид цонхыг солиулах талаар хэлсэн боловч цонхыг сольж өгөөгүй. Иймд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр -аар гүйцэтгэсэн цонхны ажилд хэмжилт, хяналтыг хийлгэж, дүгнэлт, зөвлөмж гаргуулсан. Тус дүгнэлт, зөвлөмжид Тус барилгын цонхны дулаан техник үзүүлэлт нь Барилгын дулаан хамгаалалт БНбД-ээр хананд эзлэх шинжилгээний талбайн хэмжээтэй уялдуулан гаргасан тооцооны норматив утгын 33 хувийг хангаж байгаа болно. Барилгын хананд цонхыг угсарч, суурилуулсан ажил нь стандартын дагуу хийгдээгүй байна. Мөн зүрхэвч төмрийг хэсэгчилж хийснээр цонхны үндсэн хийц, бүтээц нь нумрах, гажилт өгөх, зай завсар гарах нөхцөлийг үүсгэсэн байна. Хөөс шахалтын байдал жигд хийгдээгүй, зарим хэсэгт хөөс шахагдаагүй. Эдгээр зөрчлүүд нь цонхны шиллэгээ, угсралтын зардлаар дулааны алдагдалтай болох нөхцөлийг бий болгосон байна. Зөвлөмж нь: 1. 1,5м.кв с/вт доошгүй үзүүлэлттэй шилэн багцаар одоо байгаа цонхнуудын шилийг солих. 2. Цонх хананд 100 хувь эзэлж байгаа тул ганжуулсан, IOW түрхэцтэй шилээр солих. 3. Цонхны голын босоо уулзвар хэсэгт хүчитгэгч төмөр хийх. 4 Барилгын хана, цонх хоорондын уулзварын заадлын дулаан алдагдлыг бууруулахын тулд цонхны дотор талд дулаалгатай хуванцар амлагаа хийлгүүлэх /Заадлын дулаан алдагдлын 60 хувь орчим бууруулах боломжтой/ гэж дүгнэж, зөвлөсөн.
Гүйцэтгэгч компанид дээрх дүгнэлтийн тухай, мөн цонхоо буулгаж авахыг мэдэгдэж, удаа дараа шаардсан боловч цонхоо авахгүй, доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй тул 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр -тай Хуванцар хүрээтэй цонх хийх ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, хуучин цонх, шилэн фасадыг -ийн цонхны техникч , дотор заслын гүйцэтгэгч нарыг байлцуулан 2022 оны 11 дүгээр сарын 22, 23, 24, 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд буулгаж, барилгын талбайд хураасан. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барилгад шинээр гүйцэтгүүлсэн цонхнуудыг суурилуулсан. Миний бие гүйцэтгэгч компанид шилэн фасад, цонхонд зориулж нийт 53,450,000 төгрөг өгсөн бөгөөд шинээр шилэн фасад, цонхыг хийлгэж, суурилуулахад нийт 47,390,000 төгрөгийн зардал гарсан тул тус мөнгийг хариуцагчаас гаргуулна.
1.3 Мөн барилгад суурилуулах гадна хаалгыг 2022 оны 09 дүгээр сарын эхээр суулгасан бөгөөд хаалга нь бүрэн бус байгааг тухайн үед нь гүйцэтгэгчид хэлж байсан. Түүнчлэн, гадаа хүйтэрч хасах градус болоход суурилуулсан хаалганууд цантаж эхэлсэн тул энэ тухай гүйцэтгэгч компани, нийлүүлэгчид хэлсэн боловч арга хэмжээ аваагүй. Хаалгыг нийлүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 мужаантайгаа ирж, хаалгыг үзээд явахдаа өөрийн суурилуулсан хаалгыг гадна зориулалтын хаалга биш гэдгээ хүлээн зөвшөөрч, хаалгаа буцааж авах тухай хэлсэн. Иймд би 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр -аас хүйтний улиралд гаднах температур хасах 30 хүртэл ашиглах боломжтой, 7,857,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хаалгыг худалдан авч, шинээр сольж суурилуулсан. Иймд суурилуулсан хаалганы төлбөрт 7,857,000 төгрөгийг гаргуулна.
1.4 Гүйцэтгэгч компани нь дээврийн ажлыг дутуу гүйцэтгэсэн бөгөөд дутуу ажлаа гүйцээн хийхгүй байсан тул дээврийн материалд 1,552,195 төгрөг, ажлын хөлсөнд 4,000,000 төгрөг, нийт 5,552,195 төгрөгийг зарцуулан дутуу ажлыг нь дуусгасан.
1.5 Блок өрлөгийн ажлыг гүйцэтгэхдээ тэгш бус, зай завсар ихтэй өрсний улмаас ханыг гипсээр тэгшилсэн, давхар дотроос нь дулаалах шаардлага үүссэн бөгөөд ажлын материалын зардал, тээвэр, ажлын хөлсөнд нийт 19,223,316 төгрөг төлсөн. Блок өрлөгийн ажлыг зохих барилгын норм, дүрмийн дагуу гүйцэтгэсэн бол тухайн ханыг гипсээр тэгшлэх шаардлагагүй байсан. Гэтэл гүйцэтгэгч компани блокийг өрөхдөө зохих барилгын норм, дүрмийн дагуу гүйцэтгээгүйгээс ханыг гипсээр тэгшлэх зайлшгүй шаардлагатай болсон. Иймд ханыг гипсээр тэгшлэхэд гарсан зардал нь захиалагчаас огт гарах ёсгүй, нэмэлт зардал болсон тул 19,223,316 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.
1.6 Гүйцэтгэгч компани нь 2 хаусыг 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 147 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Гэрээний 3.1, 7.1-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 314,499,195 төгрөгөөс хоног тутамд 0,03 хувийн алданги тооцоход хоногт 94,350 төгрөг, нийт 13,869,414 төгрөгийн алдангийг гаргуулна.
1.7 Мөн бидний хооронд байгуулсан гэрээний 7.2-т гэрээний нөхцөл үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.03 хувийн торгуулийг ногдуулахаар тохиролцсон. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 314,499,195 төгрөгөөс хоног тутамд 0,03 хувийн торгууль тооцоход хоногт 94,350 төгрөг, нийт 13,869,414 төгрөгийн торгуулийг гаргуулна.
1.8 Миний бие ******* ******* хорооны нутаг дэвсгэр дэх өөрийн эзэмшлийн газрууд дээр ******* 10 айлын хотхоныг барьж, худалдан борлуулахаар 2018 оноос хойш төлөвлөж, мэргэжлийн байгууллагаар зураг төслийг боловсруулан, өөрийн төсвөөр эхний 6 барилгын газар шорооны ажил, суурийн ажлыг гүйцэтгэсэн. Улмаар тэй 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Д-21/01 тоот ******* төслийн хаус захиалгын гэрээ-г, тэй 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Д-21/02 тоот ******* төслийн хаус захиалгын гэрээ-г тус тус байгуулсан.
Хариуцагч компани барилгыг 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулаагүй, өнөөдрийг хүртэл хугацаа хэтрүүлж байгаа тул нэхэмжлэгч нь захиалагч , нарт тэдгээртэй байгуулсан гэрээний 6.2-т заасны дагуу төлсөн үнийн дүнгийнх нь 0,2 хувиар алданги төлөх үүрэг үүсэж байна.
Захиалагч тэй 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд тэрээр хаусны захиалгад нийт 73,155,602 төгрөг төлсөн, би 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 132 хоногийн хугацаа хэтрүүлсэн, хоногт 146,311 төгрөг, нийт 19,313,079 төгрөгийг захиалагч д, мөн захиалагч тэй 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн ба нь нийт 22,934,000 төгрөг төлсөн, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 132 хоног хугацаа хэтрүүлсэн, хоногт 45,868 төгрөгийн алданги, нийт 6,054,576 төгрөгийн алдангийг түүнд төлөх хариуцлага хүлээгээд байна. Иймд , нарт төлөх нийт 25,367,655 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулна.
1.9 Мөн нэхэмжлэгч нь хариуцагч компанид анх гэрээний урьдчилгаа төлбөр 68,040,000 төгрөгийг төлөхдөө 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр наас жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авч төлсөн. Захиалагч тэй байгуулсан захиалгын гэрээний 2, 3 дугаар зүйлд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр захиалагчид барилгыг хүлээлгэн өгснөөр мөн өдөр захиалагчаас 179,800,000 төгрөгийг хүлээн авахаар тохиролцсон. Миний бие захиалагчаас авсан энэхүү мөнгөнөөс наас авсан зээлийг бүрэн хаахаар төлөвлөсөн байсан. Гэтэл барилга хугацаандаа ашиглалтад ороогүйгээс захиалагчаас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 179,800,000 төгрөгийг авч чадаагүй, улмаар наас авсан зээлийг хааж чадалгүй 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8,317,525 төгрөгийг хүүд төлсөн. Иймд хариуцагч компанийн гэрээний үүргээ зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого тасалдсантай шууд шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгчид учирсан хохирол болох банканд төлсөн хүүгийн төлбөр 8,317,525 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.
1.10 Мөн хариуцагч компанийн гүйцэтгэсэн цонхонд дүгнэлт гаргуулахтай холбогдуулан -д төлсөн 250,000 төгрөгийн ажлын хөлсийг хариуцагч компаниар төлүүлнэ.
Иймд цонхны ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 47,390,000 төгрөг, хаалганы ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 7,857,000 төгрөг, дээврийн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 5,552,195 төгрөг, алданги 13,869,414 төгрөг, торгууль 13,869,414 төгрөг, ханыг гипсээр тэгшилсэн ажлын зардалд 19,223,316 төгрөг, захиалагч д төлөх алданги 19,313,079 төгрөг, захиалагч т төлөх алданги 6,054,576 төгрөг, анд төлсөн зээлийн хүүгийн төлбөр 8,317,525 төгрөг, цонхны ажилд дүгнэлт хийлгэсэн ажлын хөлс 250,000 төгрөг, нийт 141,696,519 төгрөг болсон. Үүнээс ханыг гипсээр тэгшилсэн ажлын зардалд 19,223,316 төгрөгийг 14,473,984 төгрөг болгон багасгаж, хаалганы ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 7,857,000 төгрөг, дээврийн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 5,552,195 төгрөг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзаж, үлдэх нийт 123,537,992 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр талууд гэрээ байгуулан ажлын нийт төсөвт өртгийг 453,600,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. ******* урьдчилгаа төлбөрт 68,040,000 төгрөгийг өгсөн боловч энэ нь барилгын өрлөг болон карказ хийж дуусах хүртэлх ажлыг хийхэд хүрэлцээгүй. Энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж, нэмэлт санхүүжилтийг олгохыг хүссэн боловч олгоогүй хугацаа алдаж байсан. Нэхэмжлэгч санхүүжилт олгоогүйн улмаас цаг хугацаа алдаж байсан тул өөрсдийн зүгээс 20,000,000 төгрөгийн санхүүжилтийг барилгын ажилд оруулсан. Барилгын өрлөг болон карказын ажил 2022 оны 08 дугаар сарын эхээр дууссан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дараагийн санхүүжилт болох 120,000,000 төгрөгийг олгосон. Гэрээний дагуу нийт ажлын төсөвт өртгийн 50 хувьтай үнэ дүйцэх газрыг нэхэмжлэгч талаас бидэнд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон боловч тухайн газрын зах зээлийн үнэ бага байсны улмаас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр санхүүжилт хийхээс өмнө талууд харилцан тохиролцож, санхүүжилтийг мөнгөн хэлбэрээр өгөхөөр тохиролцсон.
Анх хийгдсэн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дууссан бөгөөд гүйцэтгэгч компанийн зүгээс удаа дараа энэ талаар хэлж сануулж шаардлага тавьсан хэдий боловч нэхэмжлэгч мөнгөн хэлбэрээр ч санхүүжилтийг олгоогүй 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүргэсэн. Барилгын гэрээт ажил нь нэхэмжлэгчийн санхүүжилт зогссоны улмаас болж зогссон. Манай компанийн хувьд эхний санхүүжилт барилгын ажилд бүрэн зарцуулж дууссаны дараагаар өрлөг, карказын ажил дуусгахаар шаардагдах нэмэлт санхүүжилтийг хүссэн ба захиалагчийн зүгээс нэмэлт санхүүжилт олгоогүй тул бидний зүгээс өөрсдийн зардлаар ажлыг явуулж эхэлсэн. Захиалагчид нэмэлт санхүүжилтийн асуудлыг дахин тавьж, ер нь гэрээт ажлыг санхүүжилтийн асуудлаас болж зогсоохыг хүссэн боловч захиалагч алсдаа үргэлжлүүлэн явуулахыг биднээс хүссэн. Ингэхдээ гэрээнд заасан мөнгөн хэлбэрийн санхүүжилтийг бүтнээр нь мөнгөн хэлбэрээр олгохоо илэрхийлсэн. Нэхэмжлэгч энэ тохиролцоогоо мөн биелүүлээгүй.
2.2 Цонхны материалыг сонгохдоо нэхэмжлэгч хамт байлцан сонгосон бөгөөд нэхэмжлэгч цонхыг хүлээн зөвшөөрч сонголтоо хийсэн. 2022 оны 09 дүгээр сарын эхээр цонхны ажил хийж дууссаны дараагаар нэхэмжлэгч зарим засварыг дахин хийлгүүлэх хүсэлт тавьсны дагуу туслан гүйцэтгэгч компанийг дахин ажиллуулж, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу цонхны ажлыг дахин хийж гүйцэтгэн туслан гүйцэтгэгч компани нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Ийнхүү хийж гүйцэтгэсний дараагаар нэхэмжлэгч өөрөө хамт байлцан цонхны ажлыг хүлээн зөвшөөрч цонхны гүйцэтгэлийг туслан гүйцэтгэгчээс хүлээн авсан. Нэхэмжлэгч цонхыг хүлээн авсны дараа цонхны үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн.
2.3 Нэхэмжлэгч нь -аар дүгнэлт гаргуулсан гэх боловч тухайн дүгнэлт хэтэрхий захиалагч талын байр суурийг баримталсан, нэхэмжлэгчийн заавраар гарсан дүгнэлт болсон. Түүнчлэн, дүгнэлтэд туссан нөхцөл байдал бодит байдалд бий болсон гэдэг нь эргэлзээтэй. Учир нь, тухайн үед цонхонд үүссэн доголдлыг арилгаад өгөх талаар цонхны туслан гүйцэтгэгч компанийн захирал нэхэмжлэгчид мэдэгдэж байсан боловч энэ дүгнэлтэд дурдсан асуудлын талаар огт хэлж мэдэгдэж байгаагүй, зөвхөн цонхны мөнгөө бүтнээр нь буцааж авах талаар л удаа дараа ярьдаг байсан.
нь захиалагч болон гүйцэтгэгч талуудын харилцан тохирсон нөхцөлүүдийг мэдэхгүй атлаа талуудын гэрээний тохиролцооноос давсан асуудлаар дүгнэлт гаргасан. Тодруулбал, гэрээнд цонхны шилийг ганжуулсан шил байх талаар тусгайлан тохиролцоогүй боловч гүйцэтгэгчийн зүгээс хамгийн гадна талын шилийг ганжуулсан шилээр хийх саналыг нэхэмжлэгчид санал болгосон, цонхны шил зайлшгүй ганжуулсан байх шаардлага байдаггүй. Гэтэл гэрээний нөхцөлөөс давж ганжуулсан шилээр 3 давхар шилийг бүгдийг нь солих талаар дүгнэсэн нь буруу. Мөн ийнхүү дүгнэлт гаргуулж буй талаар урьдчилан мэдэгдэж, дүгнэлт гаргах ажиллагаанд манай компанийн төлөөллийг оролцуулах боломж нөхцөлийг хангаагүй.
2.4 Нэхэмжлэгч өөрөө хаалгыг сонгож, бусдаас худалдан авсан бөгөөд 2 хаалганы төлбөр болох 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Манай компанийн хувьд энэ асуудалд гэм буруугүй буюу оролцоогүй. Учир нь, гэрээний дагуу захиалагч нь өөрөө хаалгаа сонгон ирүүлсэн байхад манай зүгээс тухайн хаалгаар ажлыг гүйцэтгэснийг буруутгаж болохгүй.
2.5 Дээврийн ажлыг гүйцээх зардал гэж нэхэмжлэгчийн тодорхойлсон ажил нь барилгын гадна фасад хийгдэж дууссаны дараа хийгдэх байсан. Дээврийн хүрээ болон хайрцаг, гарниц хийх ажил бөгөөд, түүнд хамаарах материал болон ажлын хөлс нь нэхэмжлэгчээс гарвал зохих зардал бөгөөд үүнд хэн гүйцэтгэж, хүлээлгэн өгөх нь ач холбогдолгүй.
2.6 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх гэрээтэй хэдий боловч нэхэмжлэгчээс олгосон санхүүжилт хүрэлцээгүй, үүний улмаас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэмэлт санхүүжилт олгох байдлаар гэрээний хугацаа тодорхойгүй хугацаагаар сунгагдаж явсан. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчээс санхүүжилт хүссэн хэдий боловч нэмэлт санхүүжилт олгохгүй байсан тул манай компани өөрсдийн зардлаар ажлыг явуулж байсан. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр, мөн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр цонхны үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг шилжүүлэн олгосон байдал нь гэрээний харилцааг үргэлжлүүлж буй хэлбэр гэж үзэх үндэслэлтэй. Санхүүжилт удааширсан явдалд ажил гүйцэтгэгч гэм буруугүй.
2.7 Гэрээний дагуу карказ, өрлөгийн ажил дуусмагц нийт ажлын төсөвт өртгийн 50 хувьтай үнэ дүйцэх газрыг нэхэмжлэгч талаас бидэнд шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй. Захиалагчаас орж ирсэн нийт санхүүжилтийг барилгын ажлын шууд зардалд 100 хувь зарцуулсан ба эндээс манай компани өөрсдийн ашиг, ажиллах хүчний зардал, удирдлага зохион байгуулалтын зардлаа аваагүй. Нэхэмжлэгчийн өөрийн санхүүжилтийн асуудлаа шийдвэрлээгүй, хожимдуулсан, гэрээний зарим төлбөрийг хийгээгүй зэрэг байдлаас хугацаа алдсан байтал манай байгууллагаас гэрээний хугацааг хоцроосон гэх нэрийдлээр алданги, торгууль нэхэмжлэх нь үндэслэлгүй.
2.8 Барилгын суурь алдаатай, буруу хийгдсэн буюу суурины алдааны улмаас блок өрлөгийн ажил тэгш бус, зайтай болох асуудал зарим талаараа байсан. Энэ нь суурийг /суурийг өөр компани хийж гүйцэтгэсэн/ зөв хийгээгүйн улмаас суурийн алдааг тэгшитгэж өрлөгийг хоёр талд нь жигд хэмжээтэй өрснөөс үүссэн зайлшгүй нөхцөл байдал юм. Энэ талаар нэхэмжлэгчид урьдчилан хэлсэн, хожим ч мөн хэлж мэдэгдсэн. Нэхэмжлэгч энэ талаар мэдэж байсан ба гэрээний талууд нь аль болох боломжоороо хийх талаар хэлэлцэж тохиролцсон. Гэрээнд заагдсан үнийн төсөв дотор ханыг шавардаж тэгшлэхээр төлөвлөж тусгасан байсан. Үүнийг шавардах эсвэл гипсээр битүүлж гүйцэтгэдэг бөгөөд энэ нь тэгшхэн хананд мөн хийгддэг буюу нэхэмжлэгчээс гарвал зохих ажил болон зардал юм.
2.9 Нэхэмжлэгчийн санхүүжилтээс хамааран гэрээний хугацаа сунгагдахыг зөвшөөрсөн байдал, мөн нэхэмжлэгч төлбөр төлөх гэрээний үүргээ зөрчсөн байдал зэргээс үзвэл нэхэмжлэгчийг гэрээний харилцаанд гэм буруугүй гэж үзэх боломжгүй. Мөн ажил гүйцэтгэгчийг гэрээний бүхий л харилцаанд буруутгах ч боломжгүй. Иймд гэрээний үүргээ зөрчсөний улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутай тал нэхэмжлэх нь зүйд нийцэхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1 *******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байх хугацаанд санхүүжилт удааширч, зогсож байсантай холбогдуулан барилгын ажлыг үргэлжлүүлэх шаардлагын улмаас манай компанийн зүгээс барилгын ажилд 20,000,000 төгрөгийн санхүүжилтийг оруулж, барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулсан. Гүйцэтгэгч талаас гүйцэтгэсэн барилгын ажлын нийт төсөв 275,421,076 төгрөг болсон ба энэхүү төсвөөс *******гийн олгосон санхүүжилт болох 199,900,000 төгрөгийг хасаж тооцвол 75,521,076 төгрөг болж байна. Энэхүү дүнд гүйцэтгэгч талаас оруулсан 20,000,000 төгрөг багтаж байгаа тул үүнийг хасаж тооцвол 55,521,076 төгрөгийн цалин хөлсний төлбөрийг захиалагч тал нь төлөх үүргийг хүлээж байна.
******* нь нэхэмжлэгчийн олгосон 199,900,000 төгрөг, мөн өөрсдийн оруулсан 20,000,000 төгрөг, нийтдээ 219,900,000 төгрөгийн зардлаар 275,421,076 төгрөгийн гүйцэтгэл бүхий ажлыг хийсэн ба ийнхүү ажил хийхдээ өөрсдийн ашиг, зардалд нэг ч төгрөгийн захиалагчаас аваагүй.
Иймд барилгын ажилд манай талаас оруулсан мөнгөн хөрөнгө болох 20,000,000 төгрөг, цалин хөлсний төлбөр болох 55,521,076 төгрөг, нийт 75,521,076 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1 Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд заасан хугацаа, хэмжээгээр миний бие санхүүжилтийг хийж байсан бөгөөд хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн, хийсэн ажлууд нь маш их доголдолтой, дутуу гүйцэтгэсэн. Түүнчлэн, гэрээгээр хариуцагч нь нийт 453,600,000 төгрөгийн үнээр өвөл, зуны зориулалттай, хоёр давхар амины орон сууцыг хүн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлж, эрүүл ахуй, ариун цэвэр, чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан байдлаар барьж, хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн, уг тохиролцсон үнийн дүнд тухайн барилгыг барихтай холбоотой зардлууд бүгд багтсан.
Миний бие зохих санхүүжилтийг олгож байсан ба олгосон санхүүжилтээр гүйцэтгэгч компани өөрийн ажилтнуудад цалин хөлсийг олгох, удирдлага, зохион байгуулалтын зардал, ашгаа хэрхэн тооцох асуудалд захиалагч оролцохгүй.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч *******-аас 57,575,415 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, 65,962,577 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******гаас 20,000,000 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 55,521,076 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 866,440 төгрөг, хариуцагчаас төлсөн 535,555.38 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 445,827.08 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 257,950 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож, шинжээчийн зардалд 1,900,000 төгрөгийг хариуцагчаас, 1,100,000 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулж, шинжээч -д олгож шийдвэрлэсэн.
6. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1 Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтээр гэрээний үнээр 196,647,347 төгрөгийн, зах зээлийн үнээр 191,030,300 төгрөгийн гүйцэтгэл гаргасан ба үүн дээр хаалганы үнэ болох 6,000,000 төгрөг нэмэгдэж тооцогдоно. Учир нь, нэхэмжлэгч нь хаалга нийлүүлсэн хүнтэй өөрөө тусдаа харилцан тохиролцож, төлбөр авч өөрөө хаалгыг авч үлдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон ба энэ үндэслэлээр хаалгатай холбоотой гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хаалганд төлсөн хариуцагчийн үнэ нь хариуцагч талын хийж гүйцэтгэсэн гүйцэтгэл дээр нэмэгдэн тооцогдох нь зүйтэй. Тэгэхээр хариуцагчийн гүйцэтгэл 196,647,347 төгрөг дээр 6,000,000 төгрөг нэмэгдэж нийт 202,647,347 төгрөгийн ажлын гүйцэтгэл гарч байна. Энэ тал дээр нэхэмжлэгч хариуцагч маргаагүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний нийт санхүүжилтэд 196,000,000 төгрөгийг гэрээний үнэд төлсөн талаар шүүх хуралдааны явцад зохигч маргаагүй тул шүүх хуралдааны явцад тооцоо нийлсэн гэж үзэж болно.
6.2 Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн 202,000,000 төгрөгийн гүйцэтгэл бүхий ажил нь ямар нэгэн доголдолгүй болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээчийн шүүх хуралдааны үед өгсөн тайлбараар нотлогдсон. Харин нэхэмжлэгч нь 202,000,000 төгрөгийн барилгын гүйцэтгэлийг хариуцагч байгууллагаар хийлгүүлэн хүлээн авсан атлаа нэмж 47,390,000 төгрөгийн цонхны зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Товчхондоо бол хариуцагчийг 196,000,000 төгрөгийн санхүүжилтийг аваад 250,000,000 төгрөгийн гүйцэтгэл гаргах ёстой байсан гэж илтэд буруутгаж, нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан. Гэрээний тохиролцоогоор 196,000,000 төгрөгийн санхүүжилтээр тухайн үнэд дүйцэх хэмжээний гүйцэтгэл гаргасан бол захиалагч ямар нэгэн алдагдал, хохирол хүлээхгүй. Гэтэл 196,000,000 төгрөгийн санхүүжилтээр 202,000,000 төгрөгийн өртөг бүхий гүйцэтгэл гаргаж нэхэмжлэгчид өгсөн байна. Үүнд нэхэмжлэгч ямарваа нэгэн алдагдал, хохирол хүлээх учиргүй. Харин 196,000,000 төгрөгөөр 250,000,000 төгрөгийн гүйцэтгэл гаргах ёстой гэсэн тохиролцоо талуудын хооронд байгаагүй болохыг шүүхээс анхаарч үзэлгүй, алдаа гаргасан. Нэгэнт нэхэмжлэгч алдагдалгүй тул гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөлд цонхны зардлыг өөрөөсөө гаргасанд хариуцагчийг буруутган үзэх боломжгүй.
6.3 Мөн гарвал зохих зардлыг нэхэмжлэгч санаатайгаар ихэсгэж зардлын хэмжээг зориуд нэмэгдүүлсэн байна. Цонхны нийт ажлыг -ийн зүгээс бүхэлд нь буруутгаагүй буюу бүхэлд нь авч шинээр бүгдийг солих талаар дүгнэлтэд тусгаагүй. Тодорхой засварын ажлууд байсан. Гэхдээ бүхэлдээ биш байсан. Хариуцагч байгууллагын зүгээс дутуу зүйлийг засварлах боломжтой байсан ба энэ талаар цонхны ажлыг хийж гүйцэтгэсэн байгууллагын төлөөлөгч тодорхой гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч бүх цонхны ажлыг буруу болсон гэж үзэн, бүгдийг буюу цонхыг нь рамтай бүх тоногтой нь буулгасан нь буруу.
6.4 2022 оны 10 дугаар сард нэхэмжлэгч нь санхүүжилт олгоогүйн улмаас ажил зогссон байх үед өөр байгууллагатай заслын гэрээ хийхээр гэрээ хийж гэрээгээ цуцалсан байхад 2022 оны 12 дугаар сарыг хүртэл алданги тооцсон нь үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгч нь нэг этгээдээр л барилгын ажлыг хийлгүүлэх боломжтой бөгөөд манай компанитай байгуулсан гэрээгээ больж өөр этгээдтэй гэрээ байгуулж ажиллуулж байхад бид гэрээний ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй. Хариуцагч нэгэнт 2022 оны 10 дугаар сараас эхлэн гэрээний ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон тул тухайн хугацаанд алданги тооцсон нь үндэслэлгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн санхүүжилт оройтсоны улмаас гэрээний хугацаа хойшилсон тул гэрээний хугацаа хойшилсон явдалд хариуцагч талыг буруутгаж алданги төлүүлэхээр нэхэмжлэх үндэслэлгүй.
6.5 -ийн хөлс 250,000 төгрөгийн зардал нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригт тулгуурлан гарсан зардал байх тул үүнийг зайлшгүй гарах зардал гэж хамаатуулан үзэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Хариуцагч нь нийт 6 төрлийн ажил хийж гүйцэтгэх ёстой байсан боловч үүнээс цонх болон өрлөгийн ажлыг доголдолтой гүйцэтгэсэн.
7.2 Гэрээ байгуулахдаа 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор ажлаа хийж гүйцэтгэнэ гэж заасан. Гэрээний 4-т санхүүжилтийн хуваарь байгаа. Гэрээ хэрэгжиж эхлэхэд 68,040,000 төгрөгийг өгөх ёстой. Хоёр дахь санхүүжилт нь барилгын өрлөг, карказын ажлыг хийж дуусах хүртэл 90,720,000 төгрөг өгөх ёстой. 07 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дууссан буюу түлхүүр өгөх ёстой байхад 08 дугаар сарын 17-ны өдөр өрлөг, карказын цутгалтын ажил явагдсан. Хариуцагч талаас бидний харж байгаагүй гүйцэтгэлийн төсөв гэх баримтыг гаргаж өгсөн. Бид и-мэйл хаягт үзлэг хийлгэсэн. Тухайн и-мэйлд хариуцагч талаас авсан санхүүжилтээ хэрхэн захиран зарцуулсан талаар 08 дугаар сарын 10, 09 дүгээр сарын 16-ны өдрийн дансны хуулгыг гаргаж өгсөн байдаг.
Мөн талууд харилцан тохиролцоод 07 дугаар сарын 30-ны өдрийн графикийг 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Ажлын гүйцэтгэл 08 дугаар сарын 17-ны өдөр дуусах байсан. Хариуцагч компанийн гүйцэтгэх ажил дуусаагүй учраас тухайн компанид санхүүжилт өгөх үүрэг байхгүй. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал , төсөл хариуцсан инженер нарын нэхэмжлэгчтэй харилцсан фейсбүүк мессенжирт үзлэг хийсэн. Уг баримтаас харвал хариуцагч талаас нэг ч удаа санхүүжилт авах талаар зурвас илгээгээгүй. Манайх санхүүжилт өгөхгүй удаасан асуудал байхгүй.
7.3 Цонхны доголдлыг тодорхой хугацааны дараа мэдсэн. Цонхыг суулгаснаас хойш тодорхой хэмжээний доголдлууд гарсан учраас мессеж болон фэйсбүүкийн мессенжирээр доголдлоо хэзээ засах вэ гэх шаардлагыг тавьж байсан. Хоёр сар хүлээсэн боловч цонхны доголдлыг засах арга хэмжээ аваагүй учраас өөрсдөө засаад зассан зардлаа нэхэмжлэх зорилгоор хийсэн. Доголдолтой байсан гэдгийг мэргэжлийн байгууллага буюу -аар дүгнэлт гаргуулсан. Гэрээнд зааснаар цонх нь металл рамтай, дулаан тусгаарлагчтай, 3 давхар вакум цонх байх ёстой. Гэрчийн мэдүүлгээр захирал нь дүгнэлт хийсэн. Шаардлага нь гэрээнд тохиролцоогүй шаардлага, эсвэл ердийн шаардлагыг тодорхойлсон. Цонх нумарахгүйн тулд бүрхэвч хийх ёстой. Гэвч бүрхэвч хийгээгүй учраас аюулгүй байдалд хангагдаагүй байна. Барилгын онцлогт тохирсон цонхыг хийж ажлыг гүйцэтгэх ёстой. Зураг төслийн дагуу ажил явагдах ёстой. Зураг төсөлд заагдсан хуваалтыг хийгээгүй. Энэ талаар хариуцагч компанийн туслан гүйцэтгэгч компанийн захирал нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ерөнхий гүйцэтгэгч зураг өгөөгүй гэж мэдүүлсэн. Ийм учраас зураг төслийн дагуу цонхийг хийж гүйцэтгээгүй гэж ойлгоно.
Шинжээчийн дүгнэлтэд цонхны доголдлыг ороогүй гэж ярьдаг. 193,000,000 төгрөгийг бэлнээр, 3,000,000 төгрөгийг бартераар, нийт 196,900,000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч компаниас 20,000,000 төгрөг нэмж өгсөн байна. Хариуцагч компани нийт 216,900,000 төгрөгийн төсвөөр ажлаа хийж гүйцэтгэсэн. 216,900,000 төгрөгийн ажлаа бүрэн хийсэн эсэх асуудал яригдана. Шинжээч гэрээний дүнгээр 196,000,000 төгрөг, зах зээлийн үнэлгээгээр 191,000,000 төгрөг гэж дүгнэсэн. Бидний зүгээс уг дүгнэлтийн хувьд маргаж, мэтгэлцсэн. Хариуцагч компанийн дансны хуулга, гүйцэтгэлийн төсөв, шинжээчийн дүгнэлтийг хооронд нь харьцуулалт хийсэн бөгөөд үүнийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Үүнээс харвал карказын ажил болон гадна фасадын ажил нийлээд 40,000,000 гаруй төгрөг болсон. Ажлын хөлсийг хэт өндөр үнээр авсан. Захиалагч өөрөө дансны хуулга болон гүйцэтгэлийн төсөвтөө тухайн дүнгээр гүйцэтгэсэн гэсэн байхад 40,000,000 төгрөгийн зөрүүтэй бөгөөд үүнээс үзэхээр 196,000,000 төгрөг гэж гарсан. Хариуцагч компани 216,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн мөртлөө 250,000,000-270,000,000 төгрөгийн ажил хийнэ гэж байхгүй.
Шинжээч барилгын ажлын талаар дүгнэлт гаргахдаа нэгж ажлын хөлсийг тооцохдоо бид гэрээгээр тохирсон ажлын задаргааны хүснэгтээс тоо хэмжээнд хуваагаад ажлын нэгж үнийг гаргасан гэдэг. Гэтэл анх гэрээ хийсэн дүн дээр ажлын хөлс, материал орсон дүнгээр 453,000,000 төгрөг гэх дүнгээр тохирсон. Хоёр дахь гэрээний сунгалтаар үлдсэн ажлаа дүнтэй бичээд и-мэйлээр ирүүлсэн байдаг. Тухайн ирүүлсэн хүснэгт болон үндсэн хүснэгт хоёр өөр. Тухайн хүснэгт хаанаас гарч ирснийг шинжээчээс асууж тодруулахад хариуцагч талаас гаргаж өгсөн гэдэг. Гэтэл тухайн баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Шинжээч ажлын хөлс, нэгж үнийг худлаа гаргасан учраас шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй. Дансны хуулгаас харвал 199,129,780 төгрөгийн зарцуулалт хийсэн. Уг зарцуулалтаас харвал цонх болон ханыг доголтой хийж гүйцэтгэсэн учраас тухайн ажлын мөнгөн дүн хасагдах ёстой. Шүүхийн шийдвэрийн 10.3-т ханын тооцооллыг дурдсан байдаг боловч бид энэ талаар гомдол гаргаагүй бөгөөд үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан цонхны ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 47,390,000 төгрөг, хаалганы ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 7,857,000 төгрөг, дээврийн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 5,552,195 төгрөг, алданги 13,869,414 төгрөг, торгууль 13,869,414 төгрөг, ханыг гипсээр тэгшилсэн ажлын зардал 19,223,316 төгрөг, захиалагч д төлөх алданги 19,313,079 төгрөг, захиалагч т төлөх алданги 6,054,576 төгрөг, анд төлсөн зээлийн хүүгийн төлбөр 8,317,525 төгрөг, цонхны ажилд дүгнэлт хийлгэсэн ажлын хөлс 250,000 төгрөг, нийт 141,696,520 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, барилгын ажилд оруулсан 20,000,000 төгрөг, цалин хөлсний төлбөрт 55,521,076 төгрөг, нийт 75,521,076 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2.1 Хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа цонхны доголдол 47,390,000 төгрөг, алданги 13,869,414 төгрөг, торгууль 13,869,414 төгрөг, ханыг гипсээр тэгшилсэн ажлын зардал 14,473,984 төгрөг, захиалагч д төлөх алданги 19,313,079 төгрөг, захиалагч т төлөх алданги 6,054,576 төгрөг, анд төлсөн хүүгийн төлбөр 8,317,525 төгрөг, цонхны ажилд дүгнэлт хийлгэсэн 250,000 төгрөг, нийт 123,537,992 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
2.2 Харин нэхэмжлэлийн шаардлагаасаа хаалганы ажлын доголдол 7,857,000 төгрөг, дээврийн ажлын доголдол 5,552,195 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзсан байна.
2.3 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх татгалзлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
3. ******* болон *******-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 22/516 дугаартай Улаанбаатар хот ******* ******* хороонд баригдах ******* хотхоны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр гүйцэтгэгч ******* нь захиалагч талын өвлийн зориулалттай хоёр давхар амины орон сууцыг хүн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлж, эрүүл ахуйн, ариун цэвэр, чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан байдлаар барьж хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь гэрээгээр баригдах суурь хийгдсэн нэг айлын амины орон сууцны 126 м.кв-ын үнийн дүнд 226,800,000 төгрөгийг, хоёр айлын нэг блок байшингийн үнэ 453,600,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 10-12/
3.1 Ажлын хөлсний урьдчилгаанд ******* нь нийт 196,900,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, дээрх гэрээний үүрэгт хариуцагчаас 20,000,000 төгрөгийн зардал гаргасан /1хх 18-25/ үйл баримтын талаар зохигч маргаагүй.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5. Нэхэмжлэгч нь 47,390,000 төгрөг гаргуулах шаардлагаа цонхны доголдлыг арилгахад гарсан зардал гэж тодорхойлсон. Анхан шатны шүүх цонхны доголдлыг арилгахад нэхэмжлэгчээс 47,390,000 төгрөгийн зардал гарсан үндэслэлээр уг хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байна.
5.1 Талуудын байгуулсан гэрээний хавсралт 6-д Цонх: Металл рам бүхий дулаан тусгаарлалт сайтай гурван давхар вакум цонх байна гэж тусгасан. /1хх 12 ар/ Мөн -ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Иргэн *******гаас ирүүлсэн хүсэлтийн дагуу хотхоны барилгын цонхонд хийгдсэн барилгын цонхны дулаан техникийн үзүүлэлт, хэмжилт, ерөнхий дүгнэлт, зөвлөмж-д Тус барилгын цонхны дулаан техник үзүүлэлт нь Барилгын дулаан хамгаалалт БНбД-ээр хананд эзлэх шиллэгээний талбайн хэмжээтэй уялдуулан гаргасан тооцооны норматив утгын 33%-ийг хангаж байгаа болно. Барилгын хананд цонхыг угсарч, суурилуулсан ажил нь стандартын дагуу хийгдээгүй байна. Мөн зүрхэвч төмрийг хэсэгчилж хийснээр цонхны үндсэн хийц, бүтээц нь нумрах, гажилт өгөх, зай завсар гарах нөхцөлийг үүсгэсэн байна. Хөөс шахалтын байдал жигд хийгдээгүй, зарим хэсэгт хөөс шахагдаагүй. Эдгээр зөрчлүүд нь цонхны шиллэгээ, угсралтын заадлаар дулааны алдагдалтай болох нөхцөлийг бий болгосон байна гэж дүгнэсэн.
5.2 Мөн дээрх зөвлөмжид ...1,5 м2с0/вт доошгүй үзүүлэлттэй шилэн багцаар одоо байгаа цонхнуудын шилийг солих, цонх нь хананд 100% эзэлж байгаа тул ганжуулсан, LOW түрхэцтэй шилээр солих, цонхны голын босоо уулзвар хэсэгт хүчитгэгч төмөр хийх, барилгын хана, цонх хоорондын уулзварын заадлын дулаан алдагдлыг бууруулахын тулд цонхны дотор талд дулаалгатай хуванцар амалгаа хийлгүүлэх /Заадлын дулаан алдагдлын 60% орчим бууруулах боломжтой/ гэжээ. /1хх 59-62/
5.3 Түүнчлэн, ******* нь -тай 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хуванцар хүрээтэй цонх хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, REHAU-70mm хуванцар рамтай цонх хийх, суурилуулах ажлыг 47,390,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон байна. /1хх 64-66/
5.4 Шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2023/08263 дугаар захирамжаар -ийг шинжээчээр томилсон. /2хх 95-101/ -ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 581 дугаар дүгнэлтээр ...Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэсэн ажил 43,35 хувийн гүйцэтгэлтэй байна. ...Гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэсэн ажил, гүйцэтгэлийн нийт төсөв үнэ нь тухайн үеийн зах зээлийн ханшаар 191,030,300 төгрөг болов. Тооцоонд сольсон цонх хаалганы дүн ороогүй болно. ...Захиалагч талын хүлээлгэж өгсөн санхүүжилт болох 199,900,000 төгрөг нь гүйцэтгэгч талын ажил гүйцэтгэх гэрээний дүнгээр тооцсоноор 196,647,347 төгрөг болсон тул хүрэлцэж байна. ...2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан ******* хотхоны барилгын цонхны дулаан техникийн үзүүлэлт, хэмжилт ерөнхий дүгнэлт, зөвлөмжтэй холбогдуулан -аар хийлгэсэн тус дүгнэлт нь бодит нөхцөл байдалд нийцсэн. Уг дүгнэлтэд вакумжуулсан шилэнд бүрэн засвар оруулах, суулгалт угсралттай холбоотой засвар, нэмэлт метал багана хийх зэрэг засвар өндөр гарахаар байна. Тиймээс стандартад нийцсэн цонхоор солих нь илүү найдвартай болно гэж үзлээ гэжээ. /2хх 105-128/
6. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Хэрэв гүйцэтгэсэн ажил нь биет байдлын доголдолтой буюу мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр, эсхүл доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр тус тус шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2 дахь хэсэгт зохицуулсан.
6.1 Дээрх нотлох баримтуудаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын нэг хэсэг болох цонх тодорхой хэмжээнд доголдолтой нь тогтоогдсон боловч тухайн ажил бүхэлдээ биет байдлын доголдолтой байсан гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь цонхны доголдлын талаар хариуцагчид мэдэгдэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч цонхыг бүхэлд нь солих талаар мэдэгдээгүй ба доголдлыг арилгахдаа хариуцагчийн хийсэн өмнөх ажлын үр дүнг үгүйсгэж, өөр төрлийн цонхоор сольсон нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна. Учир нь, -ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөмжөөр цонхны ажлыг тодорхой хэмжээний биет байдлын доголдолтой талаар зааснаас бус бүхэлдээ доголдолтой талаар тусгаагүй. Мөн гэрээний хавсралт 6-д Цонх: Металл рам бүхий дулаан тусгаарлалт сайтай гурван давхар вакум цонх байна гэж заасан байхад дээрх зөвлөмжид ...1,5 м2с0 доошгүй үзүүлэлттэй шилэн багцаар одоо байгаа цонхнуудын шилийг солих, цонх нь хананд 100% эзэлж байгаа тул ганжуулсан, LOW түрхэцтэй шилээр солих, цонхны голын босоо уулзвар хэсэгт хүчитгэгч төмөр хийх, барилгын хана, цонх хоорондын уулзварын заадлын дулаан алдагдлыг бууруулахын тулд цонхны дотор талд дулаалгатай хуванцар амалгаа хийлгүүлэх /Заадлын дулаан алдагдлын 60% орчим бууруулах боломжтой/ гэж заасан материалаар цонхны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч цонхны ажлыг зөвлөмжид зааснаар хийж гүйцэтгээгүй нь талуудын гэрээгээр тохиролцсон Металл рам бүхий дулаан тусгаарлалт сайтай гурван давхар вакум цонх байна гэснийг хариуцагч зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
6.2 Түүнчлэн, шинжээч -ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 581 дугаар дүгнэлтээр хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 43,35 хувийн гүйцэтгэлтэй, зах зээлийн ханшаар 191,030,300 төгрөг гэж, мөн дээрх зөвлөмжийг бодит нөхцөл байдалд нийцсэн гэж дүгнэсэн байхаас гадна уг үнийн дүнд цонхны ажлыг оруулан тооцоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн ажлын хөлсөнд цонхны ажилтай холбоотой зардлыг тусгаагүй байхад нэхэмжлэгч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсэгт зааснаар зохих хөлсийг бууруулах боломжгүй.
7. Нөгөөтэйгүүр, талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа нь бүрэн хэрэгжиж дуусгавар болоогүй, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой талууд гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сунгасан боловч үр дүн гараагүй үндэслэлээр цуцалсан талаар зохигч маргаагүй.
7.1 Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн, -тай байгуулсан гэх, Хуванцар хүрээтэй цонх хийж ажил гүйцэтгэх гэрээ болон цонх, төлбөр 47,390,000 төгрөг гэх нэхэмжлэхээр /1хх 64-66, 68/ нэхэмжлэгчид 47,390,000 төгрөгийн зардал бодитойгоор гаргасан буюу хохирол учирсан гэж үзэх үндэслэл эргэлзээгүй тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хохирол шаардах урьдчилсан нөхцөлийн нэг нь тэр хэмжээний зардал гарсан байхыг шаардана. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар шинээр цонх хийлгэх, түүнийг суулгахад нэхэмжлэгчээс 47,390,000 төгрөгийн бодит зардал гарсан нь дээрх гэрээ болон нэхэмжлэхээр тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хохирол 47,390,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт цонхны доголдлыг арилгахад гарсан зардал 47,390,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
7.2 Нэхэмжлэгч нь цонхны доголдолтой холбоотой шаардлагыг хангуулах зорилгоор нотлох баримт цуглуулахаар 250,000 төгрөгийг -д ажлын хөлсөнд шилжүүлсэн. /1хх 63/ Давж заалдах шатны шүүх цонхны доголдлыг арилгахад гарсан зардал 47,390,000 төгрөгийг үндэслэлгүй гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дээрх зардал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт хамаарахгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, 250,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
8. Гэрээний 7.1-д гэрээний хугацааг зөрчсөн тохиолдолд нийт үнийн дүнгийн төлбөрийн 0,03%-иар хоног тутамд буруутай тал үл маргах журмаар нөгөө талдаа алданги төлнө гэж заажээ. /1хх 11/ Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги 7,631,415 төгрөгийг нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байна. Учир нь, нэхэмжлэгч гэрээний үнийг бүрэн төлөөгүй байхад анхан шатны шүүх гэрээгээр тохиролцсон төсвийн дүнгээр тооцон 196,647,347 төгрөгийг гэрээний нийт үнэ болох 453,600,000 төгрөгөөс хасаж, үлдэх 256,952,653 төгрөгөөс алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт алданги 7,631,415 төгрөг гаргуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
9. Анхан шатны шүүх торгууль 13,869,414 төгрөг, ханыг гипсээр тэгшилсэн ажлын зардал 12,169,984 төгрөг, захиалагч д төлөх алданги 19,313,079 төгрөг, захиалагч т төлөх алданги 6,054,576 төгрөг, анд төлсөн хүүгийн төлбөр 8,317,525 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 20,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.
9.1 Түүнчлэн, шүүх ханыг гипсээр тэгшилсэн ажлын зардалд хариуцагчаас 2,304,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул хариуцагчаас 2,304,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээнэ.
9.2 Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 2,304,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 121,233,992 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан тул шинжээчийн зардлыг нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр нэхэмжлэгч, хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулсан өөрчлөлтийг оруулна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/05106 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 2,304,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 121,233,992 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******гаас 20,000,000 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 55,521,076 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 13,409,195 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж нэмж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 болгон өөрчлөн дугаарлаж, уг заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 866,440 төгрөг, хариуцагчаас төлсөн 535,555 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51,814 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 257,950 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож, шинжээчийн зардалд 55,800 төгрөгийг хариуцагчаас, 2,944,200 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулж, шинжээч -д олгосугай. гэж өөрчлөн,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445,828 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
М.БАЯСГАЛАН