Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 121

 

                                                               Ч.Х-д холбогдох эрүүгийн

                                                                               хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Д.Амаржаргал, хохирогчийн өмгөөлөгч А.Бүдханд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 58 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 408 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 452 дугаар тогтоолтой, Ч.Х-д холбогдох эрүүгийн ________ дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Чинбатын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын мэргэжилтэй, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд боловсон хүчний ажилтай, ял шийтгэлгүй У овогт Ч-ын Х,

Ч.Х нь “Япон улсад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөлтэй компани зарна“ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Н.И-ээс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ард кино театрын дэргэдэх Хаан банкнаас 31,000,000 төгрөгийг өөрийн ______ дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 58 дугаар цагаатгах тогтоолоор прокурорын газраас Ч.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж 408 дугаар магадлалаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж 452 дугаар тогтоолоор Ч.Х-д холбогдох хэргийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Чинбат 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бичсэн 03 дугаар дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1-д заасан дөрвөн үндэслэл нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэх үед байсан боловч мэдэгдэлгүй өнгөрч дараа нь илэрсэн, эсхүл шийдвэр гарах үед бий болоогүй байгаад сүүлд үүссэн, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдлуудыг ойлгоно.

Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тогтоогдсон байх шаардлагатай ба шүүхийн ажиллагаа, шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхэд бодитой эргэлзээ төрүүлэхүйц хэмжээнд байж хэргийг шинээр хянан хэлэлцэх үндэслэл болдог. Энэхүү нөхцөл байдалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.1-1.4-т нэрлэн заасан нөхцөл байдлаас гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Олон улсын Хүний эрхийн болон бусад шүүхийн шийдвэрүүд, мөн Монгол улс Олон улсын гэрээ, Конвенцод нэгдсэн, эрх зүйн орчин өмнөхөөсөө эрс өөрчлөгдсөн зэрэг нэгэн адил хамаарна.

Дээр дурдсан хуулийн зүйл, хэсгийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн” гэдэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй эсхүл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болон хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг, “хүний эрх ноцтой зөрчигдсөн”-д хэргийн талаар хувийн сонирхолтой оролцогч буюу шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, нөхцөлийг хүндрүүлсэн, эсхүл шүүгдэгчийн хувьд аливаа сөрөг үр дагавар бий болгосон хуулийг хэрэглэх, гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ба эрх зүйн байдлыг дээрдүүлсэн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй байх, шүүгдэгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчдийн жам ёсны ба хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хориглох, хасах, гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах боломжгүй болгох зэргийг хамааруулан үздэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг бөгөөд эдгээр зохицуулалтыг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй  нөхцөл нь юм.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.

Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх  олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгожээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна гэж дүгнэсэн мөртлөө Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг иш үндэс болгон шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь үндэслэл муутай болсон байна.

Учир нь шүүхэд эрх олгосон бус заавал хэрэглэхээр үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан хэм хэмжээг шүүх хэрэглээгүй нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөнд тооцогдож, мөн зүйлийн 2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох 1 үндэслэл болно. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг “хуулийн шаардлага” хангаагүй хэмээн дүгнэсэн атлаа “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх”-гүйгээр уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан “хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокуророос Ч.Х-ыг залилан мэхэлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн түүнд холбогдох хэргийг цагаатгах тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан. Харин давж заалдах шатны шүүхээс Ч.Х-ын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн боловч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн өөрчлөлтийн улмаас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхээс Ч.Х-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн шинжтэй гэх хоёр өөр агуулгатай байдлаар дүгнэсэн нь түүний эрх зүйн байдал зөрчигдөх нөхцөл байдал үүсгэсэн учир прокурорын дүгнэлт бичсэн гэж ойлгож байна. Иймд хоёр шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийж шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож буй асуудалд хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч А.Бүдханд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Ч.Х-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хоёр өөр байдлаар шийдвэрлэсэн. Иймээс прокурорын гаргасан саналыг дэмжин оролцож байна гэв.  

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Д.Амаржаргал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний үйлчлүүлэгч Ч.Х нь гадаадад ажиллах хүчин гаргадаг “Итабаши” гэдэг компинатай байсан бөгөөд 2020 оны 06 дугаар сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл хугацаагаа сунгуулсан байдаг. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 58 дугаар цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн тунхаглан тогтоосон билээ.

Энэхүү зарчим нь Үндсэн хуулийг сахин биелүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа зөвхөн хуулийн хүрээнд явагдах, хэн боловч хууль ёсыг чандлан мөрдөх зэргээр хуулийн засаглалыг тогтооход чиглэгдсэн болно.

Үндсэн хуулийн дээрх заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тодотгон заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хянах нь уг шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат юм.

Тиймээс уг ажиллагааны үндэслэл, журам, хугацаа зэргийг хуульд тусгайлан зохицуулсан ба уг ажиллагааг хэрэгжүүлэгч албан тушаалтнууд үүнийг хэлбэрэлтгүй сахин биелүүлбэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.2 дугаар зүйлд шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдох гомдол хүсэлтийг прокурор ямар журмаар, хэрхэн шалган шийдвэрлэх талаар тодорхой зохицуулжээ.

Гэтэл Ч.Х-д холбогдох хэрэгт прокурор нь дээрх хуульд заасан ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй байх тул түүнийг уг ажиллагааны хүрээнд цугларсан баримтат мэдээлэлд тулгуурлан дүгнэлт бичсэн гэж үзэх боломжгүй юм.

Дээрхээс гадна прокурорын бичсэн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг үндэслэл нь (хэргийн 2 дахь хавтас, 102-103 дахь тал) Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 69 дүгээр тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан дүгнэлттэй агуулгын болон үг, үсгийн зөрүүгүй байх тул үүнийг прокурорын өөрийнх нь хийсэн дүгнэлт гэхэд учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, өөр хүнд холбогдох хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлтийг прокурор шууд хуулбарлан ирүүлсэн нь Ч.Х-ыг цагаатгасан шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэл болохгүй.

Иймд Ч.Х-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах талаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэхээр хяналтын шатны шүүхээс тогтоов.

Прокуророос Ч.Х-д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд уг тогтоолыг хэвээр үлдээснийг болон Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны 452 дугаар тогтоолоор уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзан шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 58 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 408 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Чинбатын бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                           Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧИД                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                           Ч.ХОСБАЯР