Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2026/0020

 

 

“О” ХХК-ийн гомдолтой,

Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, шалгалт

зохицуулалтын газрын хянан шалгагч улсын байцаагчид

холбогдох захиргааны хэргийн тухай

 

         Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         Г.Банзрагч   

Танхимын тэргүүн:       Д.Мөнхтуяа

Шүүгчид:                            М.Батсуурь

                                               Ц.Цогт  

Илтгэгч шүүгч:                Д.Батбаатар

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ  

нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0754 дүгээр шийдвэр,

  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2025/0755 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШХТ2026/0029 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагч Ж.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н- нарыг оролцуулан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага:

   Гомдол гаргагч “О” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ж.О-ын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** дүгээр “шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.”О” ХХК нь “*** банк” ХХК-тай 2024 оны 09 сарын 16-ны өдөр 12 сарын хугацаатай, 3,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээ (зээлийн шугам)-г байгуулжээ.

   2.2.Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч улсын байцаагчаас “О” ХХК-ийг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ын заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар 20,000,000 төгрөгөөр торгожээ.

3.”О” ХХК-аас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, шүүхэд гомдол гарган, үндэслэлээ “… журмын нэмэлтээр хориглосон заалт батлагдан гарахаас өмнө буюу 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар тогтоол гарах хугацаанаас өмнө Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.1 дэх заалтыг үндэслэл болгон банктай байгуулсан зээлийн шугамын гэрээний баримтыг Зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тулгуурлан үзүүлсэн байхад журмын үйлчлэл гарахаас өмнөх үйл баримтыг үндэслэн арга хэмжээ авсан нь бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна” гэж,

4.Хариуцагчаас “... 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар тогтоолоор “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг тогтоож, хяналт тавих журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулж, 3.22.4-т “дотоодын арилжааны банк, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс зээл болон бусад хэлбэрээр эх үүсвэр татан төвлөрүүлэхгүй байх;” шаардлагыг нэмэлтээр зохицуулсан. Тус ББСБ нь хэдийгээр 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ (зээлийн шугам) байгуулсан ч дээрх журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш тухайн зээлийн шугамыг хаах нь зүйтэй байна. Журамд нэмэлт, өөрчлөлт орсноос хойш буюу 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш банкнаас зээлийн шугамаар зээл авч, мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлсэн нь дансны хуулга, холбогдогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул зөрчил гаргасан гэж үзэхээр байна” гэж тус тус маргасан байна.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0754 дүгээр шийдвэрээр “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4,19 дүгээр зүйлийн 19.1, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлэх үүргийг гомдол гаргагч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэх хүрээнд хуулиар хүлээсэн, энэ үүргийг биелүүлээгүй болохыг эрх бүхий албан тушаалтан илрүүлж зөрчилд тооцон арга хэмжээ авч, шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн” тул “шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.1.Мөн дүгнэлтдээ “Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолууд захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй талаар талууд маргаагүй болно” гэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2025/0755 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

7.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Манай байгууллага нь банкнаас 2024 оны 09 сарын 16-ны өдөр зээл авсан бөгөөд хяналт шалгалтын явцад бүрдүүлсэн нотлох баримтад зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, “О” ХХК-ийн дүрэм, гэрчилгээ, Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа зэрэг хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг.

7.2.Мөн журмын нэмэлтээр хориглосон заалт батлагдан гарахаас өмнө буюу 2025.03.20-ны өдрийн 78 дугаар тогтоол гарах хугацаанаас өмнө Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.1 дэх заалтыг үндэслэл болгон гэрээний дагуу зээлийн эрхээ ашигласан байхад журмын үйлчлэл гарахаас өмнөх үйл баримтыг үндэслэн арга хэмжээ авсан нь бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.1-д “зээл" гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэн төлөгдөх нөхцөлөөр хүүтэй буюу хүүгүй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан байна.

7.3.Мөн уг хуулийн 19.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийг зээлжих эрх, зээлийн карт, зээлийн шугам зэрэг хэлбэрээр, техникийн хэрэгсэл, программ хангамж ашиглан олгож болно гэж заасан. Үүнээс үзвэл зээл болон зээлийн шугам нь тусдаа өөр ойлголт биш бөгөөд нэг гэрээгээр зохицуулагддаг, нэг удаагийн харилцаа болно.

7.4.Зээлийн шугамын гэрээнд заасан зээлийн хэмжээний дагуу хэд хэдэн удаагийн үйлдлээр зээлийн олголтыг хуваан авсан нь тус тусдаа зээлийн харилцаа үүсгэж буй хэлбэр биш бөгөөд нэг удаагийн гэрээний дагуу хугацаа, хүү, зээлийн нөхцөл, хэмжээг тохирдог байна.

7.5.Анхан болон давж заалдах шатны шатны шүүхээс 2025.03.20-ны өдрийн 78 дугаар тогтоол гарсны дараа зээлийн хөрөнгө татан төвлөрүүлсэн үйлдэлд шийтгэлийн хуудас ноогдуулсан нь үндэслэлтэй байна, учир нь 78 дугаар тогтоол гарсны дараа зээлийн шугамаар мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлсэн байна гэж үзсэн нь буруу юм. Манай байгууллагын хувьд 2024.09.16-ны өдөр 3 тэрбум төгрөгийн зээл авахдаа 3 тэрбум төгрөгийн үнийн дүнд барьцаалбар хийсэн. Хэрэв 2025.03.20-ны өдрийн 78 дугаар тогтоол батлагдсан өдрөөс хойш авсан зээлийн мөнгөн хөрөнгө нь 2024.09.16-ны өдөр байгуулагдсан зээлийн шугамын гэрээнээс тусдаа харилцаа гэж үзэх тохиолдолд шинээр гэрээ байгуулах, эсвэл гэрээний нэмэлт хийж хугацаа, хүүг тохирч байж хүчин төгөлдөр болох юм. Бидний хувьд нэмэлт гэрээ, шинээр гэрээ байгуулаагүй бөгөөд 2024.09.16-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа, хүү, нөхцөлийн хүрээнд зээлийг хэсэгчилсэн авсан байдаг.

7.6.Мөн 2025.03.20-ны өдрийн 78 дугаар тогтоолын 5 дахь заалтад уг тогтоол батлагдахаас өмнөх зээлийн харилцаанд тогтоолд заасан хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн байхад анхан болон давж заалдах шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу хэлцэл байгуулагдсанаар эрх зүйн харилцаа үүсэх ойлголт байдаг бөгөөд бидний хувьд хөрөнгө татан төвлөрүүлэх харилцаа нь зээлийн гэрээний дагуу 2024.09.16 өдөр үүссэн гэж үзэж байна. Иймд 2025.03.20-ны өдрийн 78 дугаар тогтоолын 5 дахь заалтад уг тогтоол батлагдахаас өмнөх зээлийн харилцаанд тогтоолд заасан хязгаарлалт үйлчлэхгүй гэх хэм хэмжээний дагуу манай байгууллагыг зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.

7.7.Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан ББСБ-ны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож хяналт тавих журам, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолууд захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд давж заалдах шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагыг уг журмаар хориглосон хэм хэмжээ зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан болон давж заалдах шүүхээс уг журмын нэмэлтээр хориглосон хэм хэмжээ буюу 3.22.4-т заасан “Дотоодын арилжааны банк, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс зээл болон бусад хэлбэрээр эх үүсвэр татан төвлөрүүлэхгүй байх нөхцөл нь Зөрчлийн тухай хуулийн 11.5.2-т заасан зөрчилд хамаарах эсэхийг дүгнээгүй байна.

7.8.Давж заалдах шүүхээс www.frc.mn холбоосоор уг журмын өөрчлөлтийг бусад ББСБ-д хүргүүлсэн гэх тайлбар хийсэн боловч энэ талаар талууд эсрэг байр суурьтай, мөн хэрэгт нотлох баримт авагдаагүй бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж ББСБ мэдэх боломжгүй, дагаж мөрдөх заавар, чиглэл өгөөгүйгээс гадна захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна.

7.9.Энэхүү маргааны гол агуулга буюу уг тогтоол батлагдахаас өмнөх зээлийн харилцаанд тогтоолд заасан хязгаарлалт үйлчлэхгүй гэдэгт өмнө бий болсон эрх зүйн харилцаа, гэрээний үүргийн биелэлтийг гэрээний хүчинтэй хугацаанд гэрээний талууд биелүүлсэн нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан шийдвэр, хэм хэмжээг зөрчсөн эсэхийг тодруулах нь эрх зүйн жишиг, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх нөхцөлийг тогтоох буюу зөвхөн нэхэмжлэгч бус энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх хуулийн этгээдэд хамааралтай ойлголт болох юм.

7.10.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

8.Гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Еркебулан шүүхэд бичгээр нэмэлт тайлбар ирүүлсэн.

9.Хариуцагчаас гомдол гаргагч талын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

10.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШХТ2026/0029 дүгээр хэлэлцүүлэх тогтоолоор гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

11.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

12.”О” ХХК нь “*** банк” ХХК-тай 2024 оны 09 сарын 16-ны өдөр 12 сарын хугацаатай, 3,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээ (зээлийн шугам)-г байгуулсан.

13.Хариуцагчаас 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар “Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй” буюу 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар тогтоолоор баталсан “Банк бус, санхүүгийн үйл ажиллагаа болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ын нэмэлт, өөрчлөлтийн “Гурав. Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцох” хэсэгт “3.22.4 дотоодын арилжааны банк, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс зээл болон бусад хэлбэрээр эх үүсвэр татан төвлөрүүлэхгүй байх””-заалтыг зөрчиж, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр банкнаас 2,100,000,000 төгрөгийн зээл авч мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-т зааснаар “О” ХХК-д 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

14.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “Хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.1.2 “бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох”, 6.2 “Хороо энэ хуулийн 6.1-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр дараахь хуулиудад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.2.1-д “банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан” гэж тус тус заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталж, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 78 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам” нь хэм хэмжээний акт болох эсэх, хүчин төгөлдөр үйлчлэлтэй эсэх дээр анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна.

15.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан.

16.Тодруулбал, “хэм хэмжээний акт нь тухайн харилцаанд оролцогчдод чиглэсэн нийтлэг зохицуулалт агуулсан, шалгуур, үйл ажиллагаа­ны шат дараалал, цаг хугацаа тогтоосон байдаг бөгөөд ирээдүйд үүсэх ижил тохиолдолд дахин давтагдан хэрэглэдэг зэрэг шинжүүдээрээ хуультай адилтгах эрх зүйн эх сурвалж болдог. Энэ нь нэг талаас, тухайн хэм хэмжээний актын үйлчлэл чиглэсэн (улсын хэмжээнд, аль нэг засаг захиргаа, нутаг дэвсгэрт эсхүл тодорхой салбарын) хүрээнд хамаарч буй бүх этгээдэд үйлчлэх шинжтэй хэм хэмжээ тогтоосон байх; нөгөө талаас, уг хэм хэмжээний актаар зохицуулагдах харилцаанд оролцох тодорхой бус тооны этгээдэд үйлчлэх дахин давтан хэрэглэгдэх шинжтэйгээрээ захиргааны актаас ялгагддаг.

17.Мөн нэг удаагийн актын үйлчлэл нь тухайлан зорьсон тодорхой зүйл, харилцааг зохицуулж дууссанаар зорилго нь биелдэг бол хэм хэмжээний акт нь нэг удаагийн тохиолдолд үйлчлээд дуусгавар болох бус эрх бүхий этгээдээс өөрчлөх, хүчингүй болгох, шинэчлэн найруулах зэргээр үр дагаврыг нь өөрчлөх хүртэл тухайн ижил харилцаанд байнга давтан үйлчлэх шинжтэй байдаг.

18.Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дээрх “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам” түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь нийтэд буюу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдүүдэд чиглэсэн, байнга давтагдах шинжтэй, үйл ажиллагааны нөхцөл шаардлагыг тодорхойлж, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд нь хяналт тавих зэрэг харилцааг зохицуулснаараа эрх зүйн үр дагавартай захиргааны хэм хэмжээний актын шинжийг бүрэн агуулсан байна.

19.Иймд, хариуцагчийн “нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоогоогүй, хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

20.Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т “Энэ хуулийн 64.2-т зааснаас бусад захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ” гэж зааснаар Санхүүгийн зохицуулах хороо нь “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ыг эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэх үүрэгтэй.

21.Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газраас ирүүлсэн лавлагааны хуудсаар Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”, тус журамд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 78 дугаар тогтоолоор оруулсан нэмэлт, өөрчлөлт захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй нь тогтоогджээ.

22.Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ” гэж, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно” гэж захиргааны хэм хэмжээний актын хүчин төгөлдөр болох урьдач нөхцөлийг хуульчилж, мөн зүйлийн 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдээгүй тохиолдолд эрх зүйн үйлчлэлгүй болохыг тодорхой тусгасан.

23.Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заасан.

24.Эндээс дүгнэвэл, гомдол гаргагчид шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл болсон Санхүүгийн зохицуулах хорооны баталсан “Банк бус, санхүүгийн үйл ажиллагаа болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам” нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй тул эрх зүйн үр дагаваргүй, иймд тухайн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж шийтгэл оногдуулах үндэслэлгүй юм.

25.Дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг хангаж, эрх зүйн үйлчлэлгүй журмыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-т заасан шийтгэл оногдуулсан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль бус тул хүчингүй болгох нь зүйтэй.

26.Хяналтын шатны шүүхээс дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0754 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2025/0755 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, “О” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ж.О-ын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ   

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Д.МӨНХТУЯА

                      ШҮҮГЧИД                                                          М.БАТСУУРЬ   

                                                                                                       Ц.ЦОГТ     

                                                                                                       Д.БАТБААТАР