Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 101

 

Б.Дамиранжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 146 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, Баакаа овогт Бүлээхэний Дамиранжавын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух Арц харгана овогт Намсрайн Цэдэнбалд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хариуцагч Н.Цэдэнбал түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 6.010.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “  Миний  бие Япон улсад амьдардаг баз М.Мөнхтөрийн 2014 онд Монголд оруулж ирсэн 02-62 УНЛ улсын дугаартай MAZDA ATENZA маркийн машиныг 2014 оны 9 дүгээр сард худалдан авсан. 2015 оны 11 дүгээр сарын 03-нд аймгийн жилийн эцсийн ажил шалгах ажлын хэсэгт ажлаа шалгуулж дуусаад хүү Д.Очсүрэнг ирж ав гэж дуудсан. Манай хүү намайг ирж авах замд Н.Цэдэнбал гэгч дүрэм зөрчиж манай машиныг сэвтээсэн. Тэгээд хуулийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа хүүд маань 1.320.000 төгрөг өгч манай машины эд ангийг судалж байгаад бүгдийг нь төлж өгнө ахыгаа энэ хэргээс салгачих гэж гуйж салж авсныхаа дараа танай аав намайг зодсон гэж шалтаг шалтгаан тооцож байгаа тул хуулийн дагуу хариуцагчаас 6.010.000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Цэдэнбалын хариу тайлбар: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед машины эд ангийг 1.320.000 төгрөгөөр үнэлсэн. Би энэ хохирлыг бүрэн бэлэн төлж барагдуулсан. Б.Дамиранжав нь миний шүдийг хугалж гэмтээсэн хэлсэн боловч тоохгүй доромжлоод явсан. Тэгээд би цагдаад гомдол гаргаж шалгуулсан юм. Б.Дамиранжав нь ажилтай хүнд хэцүү байна гомдолгүй гэж хэлээд өгөөч гээд гуйхаар нь гомдолгүй гэж бид салсан. Гэтэл одоо надаас 6.010.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн агуулга: Б.Дамиранжавыг хохирол барагдуулж өг гэсэн боловч хохирол барагдуулж өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Б.Дамиранжав нь 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний дээд хоёр үүдэн шүдийг хугалж гэмтээсэн тул гомдолтой байна. Хохиролын мөнгө болох 7.500.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар: Би Н.Цэдэлбалын шүдийг цохиогүй боловч цагдаа шүүх гэж явахаас төвөгшөөж хүлээн зөвшөөрч нэг шүдийг 300.000 төгрөгөөр тохирсон.Одоо надад миний Н.Цэдэнбалаас нэхэмжилсэн мөнгөнөөс 300.000 төгрөг хасаад бусад мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 146 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Н.Цэдэнбалаас 2335.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дамиранжавд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.287.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Н.Цэдэнбалын нэхэмжлэлтэй Б.Дамиранжавд холбогдох эрүүл мэндэд учирсан хохирол 7.500.000 төгрөг гаруулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Н.Цэдэнбалаас улсын тэмдэгтийн хураамж 52310 төгрөг гаргуулж улсын орлого болсугай” гэжээ.

            Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: “ Дамиранжавын хүү Очсүрэн урьд нь машинаа олон удаа гэмтээсэн байсан. Бид хоёрын машин мөргөлдөх үед цагдаа ирж үзээд тогтоосон мөнгөн дүнгээс огт өөр мөнгө нэмж төлүүлсэн. Анхан шатны шүүх миний Б.Дамиранжавд зодуулсаны улмаас унасан хоёр шүдний хохиролыг гаргаж  өгөөгүй. Иймд миний хохиролыг барагдуулж өгнө үү ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр  “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол 6010.000 төгрөг   гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Н.Цэдэнбалд холбогдуулан гаргаж, Н.Цэдэнбал нь гэм хорын хохиролд  7.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

            Шүүх  үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2335.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан   байна.

Үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх зохигчдоос хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлүүлж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан нэхэмжлэл хүлээж аваагүй байна. Шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг   хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй   байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 5.902.000 төгрөгийн хохирол учирсан боловч Н.Цэдэнбалын өмнө өгсөн  1.330.000 төгрөгийг хасаад одоо 4.622.000 төгрөг нэхэмжилж байна гэж шаардлагаа багасгажээ.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан журамд нийцээгүй байна.Тухайлбал нэхэмжлэгч талын   4.622.000 төгрөгийн   шаардлага нь машины ямар эд ангид учирсан хохирол эсхүл эрүүл мэнд учирсан хохирлыг шаардсан эсэх  нь ойлгомжгүй  байх ба шүүх түүнээс шаардлага тус бүрийг тодруулаагүй    байна. Түүнчлэн Н.Цэдэнбалаас өмнө авсан  1.330.000 төгрөгт ямар  ямар хохирол багтаж хасагдсан эсэх нь тодорхойгүй байна.

Шүүх хариуцагч Н.Цэдэнбалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг  тайлбарлаж өгөөгүй  байх бөгөөд  түүний  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг ноцтой зөрчжээ. Хариуцагч нь өөрийгөө төлөөлүүлэхээр хэн нэгэнд итгэмжлэл олгоогүй, эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчтэй гэрээ хийгээгүй байхад 2016 оны 6 дугаар сарын 01-нд хариуцагчийн төлөөлөгч  /өмгөөлөгч/ эрх үүрэг тайлбарласан нь ойлгомжгүй байна./хх-ийн 13 дугаар тал/

             Хариуцагч нь   давж заалдах шүүхэд гомдлын хамт  баримтууд ирүүлсэн  байна.Уг баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй тул давж заалдах шатны  шүүх  хуралдаанаар хэлэлцэхгүй боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна. /хх-ийн  96-99 дүгээр тал/   

 Хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн нэрийг  “Ховд аймаг дахь Сум дундын шүүх” гэж    буруу бичсэн болохыг анхаарвал зохино.

 

  Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа хуульд зааснаар  улсын тэмдэгтийн хураамж төлөх байсан боловч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг  дурдах нь зүйтэй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймгийн Булган сум дахь сум дундын   шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Нэхэмжлэгч нь давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                         Н.ТУЯА