Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 226/МА2025/00016

 

 

 

 

 

 

 

 2025       10           03                                          226/МА2025/00016

 

 

 

Б.Д-н нэхэмжлэлтэй,

хариуцагч Хэнтий аймгийн Н-д

 холбогдох иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.З, /цахимаар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Б /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж,

   Хариуцагчийн өмгөөлөгч:  С.С

   Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн  285 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХАНЭ-ийн даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгож, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү 1,904,000 төгрөгийг гаргуулах,

2.Мөн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулж, 2024 оны 6, 7, 8 дугаар сарын үндсэн цалингийн зөрүү 15 хувь буюу 568,800 төгрөг гаргуулах,

   3.Мөн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ... дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Б холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нарын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

4. Нэхэмжлэгч Б.Д шүүхэд нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оноос Эрүүл мэндийн салбарт 2021 оноос Хэнтий аймгийн Н- цахим бүртгэлийн ажилтнаар ажилласан. 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл бага охины маань ханиад хүндэрсэн учир чатаар ахлах М  эмчид хандаж чөлөө авсан. Ингээд 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ажилдаа ирээд ажлаа хийх гэтэл Б дарга чамтай хамтарч ажиллахгүй, чамайг ажлаас халж байгаа, чиний жирэмсэн байх хамаагүй мэтээр элдвээр хэлж ажиллуулаагүй. Би 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 14-ний өдрүүдэд ажлаа таслаагүй, М  эмчид хандаж чөлөө авсан гэж ойлгож байгаа. Тухайн үед хүүхдийн маань биеийн байдал хүнд байсан учир арга буюу хүүхдээ харсан. Намайг ажлаас чөлөөлөхдөө ямар шалтгаанаар ажилдаа ирээгүй, чөлөө авсан эсэхийг асууж тайлбар өгөх хугацаа олголгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/231 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч даалгаж өгнө үү.

Мөн уг тушаалыг гарах үед надад 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Б/153 тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулсныг мэдсэн. Уг тушаалд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх байгууллагын зорилго, зорилтыг зөрчсөн хэмээн цалинг 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, би ажлаа цаг тухай бүрд хийдэг байсан, энэ тухай надаас огт тайлбар аваагүй, тухайн үед цахим бүртгэлийн дуудлагын утсыг тасалсан хэмээн надтай нийлээд 3 ажилтанг 15 хувиар цалинг бууруулах талаар хэлсэн боловч тушаалаар танилцуулаагүй тул би холбогдох байгууллагад хандаж эрхээ хамгаалуулж чадаагүй,

Мөн Хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад ажилдаа эргэж ороход цалингийн шатлал бууруулж тушаал гаргасан буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, 1,904,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь 2018 оноос эрүүл мэндийн салбарт, 2018 оноос Хэнтий аймгийн НЭ- цахим бүртгэлийн ажилтнаар ажилласан. Хэнтий аймгийн НЭ даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Б  нь хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрүүдийг удаа дараа гаргаж, эцэст нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр  Б.Д-г ажлаас үндэслэлгүйгээр халсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийнхээ хүрээнд Хэнтий аймгийн НЭ  даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Б-н 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Д231 дугаартай тушаалыг хүчингүй болгох, урьд нь эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дэвтэрт нөхөн бичүүлэх,  2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/153 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 2024 оны 06, 07, 08 дугаар саруудын үндсэн цалингийн 15 хувь буюу 568,800 төгрөгийг буцаан гаргуулах, өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгон 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа ороход үндэслэлгүйгээр цалингийн шатлал бууруулсан байх тул цалингийн шатлал бууруулсан шийдвэр, хэзээ, ямар үндэслэлээр цалингийн шатлал буруулсан нь тодорхойгүй. Уг шийдвэрийг хүчингүй болгуулах, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл цалингийн шатлал буруулсны зөрүү 1,904,000 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3,792,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал тухайн үед Б.Д  нь 5 сар гарантай жирэмсэн байсан. Эрсдэл өндөр жирэмслэлттэй гэж эмчийн хяналтад явдаг байсан. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлээд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл акттай байсан боловч бага охин Е  нь ханиад хүрч хүндэрсний улмаас өөрийн ахлах болох М  ахлах эмчдээ хандаж чөлөө хүссэн байдаг. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө ажилдаа очиж ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлж байтал О.Б  дарга нь чамтай хамтарч ажиллахгүй, чамайг ажлаас халж байна. Чиний жирэмсэн байх хамаагүй гэх мэтчилэн элдэв бусаар доромжилсон байдаг. Мөн Хэнтий аймгийн НЭ Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.4 дэх хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш хоног ажил таслах, 1 сарын дотор тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэх заалтыг үндэслэж ажлаас халсан нь үндэслэлгүй гэж маргасан. Б.Д  нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ажил таслаагүй. Өөрийн шууд удирдах албан тушаалтан буюу М  ахлах эмчдээ хандаж хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлыг учирлаж чөлөө хүссэн байдаг. Энэ хугацаанд ажлаасаа чөлөө авсан гэх бодолтойгоор хүүхдээ 4 хоног гэрээр болон эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн байдаг. Тухайн үед хүүхдийнх нь ханиад хүндэрч эрсдэлтэй нөхцөл байдалд байсан учраас үүнтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгч амжаагүй байсан. Энэ бол ямар ч эцэг эхийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзсэн. Мөн О.Б  дарга нь Б.Д-г ажлаас халах тушаалаа гаргахаасаа өмнө энэ талаар ямар нэгэн тайлбар аваагүй байдаг. Б.Д-н ажилдаа ирээгүй 4 хоногийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, энэ талаар удирдах албан тушаалтандаа мэдэгдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл нэгдсэн эмнэлгийн удирдлагын зүгээс сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоох ямар нэгэн нотлох ажиллагаа хийгээгүй. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг 17 минутад буюу ажил тарсны дараа ахлах М  нь О.Б  дарга чамд дамжуулчхаарай гэсэн гээд фейсбүүк чатаар сонсох ажиллагааны мэдэгдлийг зургийг нь дарж явуулсан байдаг. Тухайн үед ажил тарсан байсан учраас 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас халагдах тушаал гарсан байдаг. Тэгэхээр энэ хугацаанд ямар нэгэн байдлаар өөрийгөө нотлох, тайлбарлах боломж олгоогүй байдаг. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тушаалаа хүлээж авахдаа Б.Д-д сахилгын шийтгэл оногдуулсан 2024 оны 06 дүгээр сарын 06-ны өдрийн Б153 дугаартай тушаалыг анх удаа харсан байдаг. Албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан үндсэн ажил үүргээ сайжруулах талаар удирдлагаас өгсөн шийдвэрийг биелүүлээгүй. Иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, байгууллагын зорилго, зорилтыг зөрчсөн гэх үндэслэлээр үндсэн цалинг 3 сарын хугацаатай 15 хувь бууруулсан сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж маргасан. Удирдлагаас өгсөн ямар шийдвэрийг биелүүлээгүй, иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, байгууллагын зорилго, зорилтыг зөрчсөн ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан талаарх ямар нэгэн тайлбар аваагүй байдаг. Мөн үндсэн цалингийн 15 хувиар бууруулсан тушаалыг огт танилцуулаагүйгээс Б.Д  нь хэзээ, хэнд хандаж өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Д-н хувьд өнөөдрийн байдлаар нөхцөл байдал нилээн хүнд байгаа. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдүүдтэй. Дөнгөж төрсөн. Төрсөн хүүхэд нь эрүүл мэндийн байдлын хувьд шалтгаантай төрсөн. Өмнөх хүүхдүүдээ эрүүл саруул төрүүлсэн. Жирэмсэн байх үед сэтгэл санаа, ажлын байрны дарамт шахалтаас үүдээд сэтгэл санааны хүнд нөхцөл байдалд орсонтой холбоотой гэдгийг өөрөө уламжилж өгөөч гэж хэлсэн. Б.Д-н хувьд бага насны хүүхдүүдээ хараад шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. 1 дэх өдөр эх нялхаст хүүхдээ хагалгаанд оруулах гээд өчигдөр аймгийн эмнэлэгт шинжилгээнүүд өгсөн. Б.Д  хувьд бид нар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан ба анх шүүхэд өгсөн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл Хэнтий аймгийн НЭ даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 3-н ширхэг тушаалтай маргаж орж  ирсэн байгаа. Энэ 3-н шаардлагаа нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл хэсэгт тусгасан байсныг нэхэмжлэлийн шаардлага руу оруулсан байгаа. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б66 дугаартай тушаалын 2 дахь заалтаар Б.Д-г ТҮ-3 зэрэглэл рүү шилжүүлсэн байдаг. Сүүлд хариуцагч талаас хэрэгт хавсаргасан баримтаар Б.Д  ТҮ-7 зэрэглэлээр цалинжаад 1 сая гаруй төгрөгийн цалинтай байсан. Гэвч 827,000 төгрөг болгож цалин хөлсийг нь өөрчилсөн байдаг. Ийнхүү ажилтны цалин хөлсийг бууруулах үндэслэлээ Б.Д-г үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаалдаа тусгаагүй байдаг. Өөрийг нь ажил албан тушаалд нь авч байгаа мөртлөө цалин хөлсийг илт бууруулсан байдаг. Энэ дээр маргаж нэхэмжлэлийн шаардлага дээрээ Б66 дугаартай *******ын үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаалын 2 дахь заалт илт хууль бус байна. Өмнөх нөхцөл байдал буюу ТҮ-7 зэрэглэлээр цалин хөлсөө авна гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй гэсэн байр сууриа дэмжиж байгаа. Өмнө нь ТҮ-7 зэрэглэл гэдэг нь сүүлд өгсөн ажлын байрны албан тушаалын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дээр тодорхой харагдаж байгаа. Дараагийн тушаал болох Хэнтий аймгийн НЭ даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай тушаал анхнаасаа хууль бус. Ажил олгогч ажилтнууддаа тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой ажлаа зохих ёсоор хийх шаардлагыг тавих үүрэгтэй. Өөрөө ч хэвийн үйл ажиллагааг нь хангах ёстой. Гэхдээ энэ шаардлагыг зүй ёсоор нь гаргах ёстой. Ямар нэгэн байдлаар ажлын байрны дарамт үзүүлэх, орилж чарлах, өрөөндөө хорих гэх мэтчилэн шаардлага тавих ёсгүй. Үнэхээр тухайн ажилтан зөрчил гаргасан бол тэр зөрчлийг албан ёсоор тогтоох ёстой. Гэтэл хэрэгт авагдсан захиргааны хурлын тэмдэглэл болон 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар өмнө нь энэ асуудлаар удаа дараа Э, Д нарт сануулж байсан гэдэг. Энэ сануулж байсан гэдэг нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл болж байна. Энэ сахилгын шийтгэлийн арга хэмжээнүүдийг авч байсан эсэх талаар нотолсон зүйл байхгүй. Өөрөө ингэж ажилтнууддаа харуулахгүйгээр дур мэдэн тушаал дээрээ төрөл бүрийн үндэслэл тусгасан байдаг. Э, Д, Б нарыг захиргааны хурлаар оруулаад тушаал дээр энэ 2 хүнд сахилгын арга хэмжээ авъя гэдэг байдлаар цалинг 15 хувиар бууруулсан байдаг. Энэ дээр зөвшөөрсөн гэж Д гарын үсэг зурсан гэдэг. Зөвшөөрөхгүй гээд өрөөнөөс нь гараад явахад араас нь хүний нөөц Д гэдэг хүн дуудаад та нар зурчих. Буцаагаад 3 сарын цалинг чинь буцаагаад олгоно. Бид нар энэ удаад та нарыг өрөөндөө түгжээд хаалттай сануулах арга хэмжээг дарга авсан гэдэг утгаар тайлбарлаж хэлээд гарын үсэг зуруулсан боловч тэрийгээ үргэлжлүүлээд авсан байдаг. Б.Д-н хувьд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа орсон байгаа. Үүнээс хойш Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулах болон жирэмсний амралттай байсан хүнийг ажил албанд нь ээнэгшин дасгах арга хэмжээ авагдаагүй. Удирдлага солигдсон байдаг. Дээрээс нь бага насны хүүхэдтэй хүн. Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхэд хамгааллын бодлого гэдэг утгаараа аливаа аж ахуйн нэгж байгууллага бага насны хүүхэдтэй, жирэмсэн ээжид уян хатан цагийн нөхцөл олгох ёстой байдаг. Дээрээс нь хүндрэлтэй жирэмсэн байсан. Б/231 дугаартай тушаал Хөдөлмөрийн тухай хуульд заасан процессын дагуу явагдаагүй. Үндэслэл нь хууль нийцээгүй байдаг. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан арга хэмжээг авахдаа ажил олгогч тухайн албан тушаалтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахаасаа өмнө тухайн ажилтанд мэдэгдэж тайлбар аваад сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзаж энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан. 2024 оны 09 дүгээр сарын 19-ий өдрийн 17 цаг 41 минутад М  гэж хүн чатаар дарга энийг явуулаарай гэсэн гээд явуулдаг. Т очиж авна гэж хэлсэн чинь чи ойлгож уншсан уу? 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэх хуудаст таныг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс ажлаас чөлөөлж байна. Хөдөлмөрийн харилцааг цуцалж байна. Гэхдээ энэ хугацаанд та тайлбараа бичгээр ирүүлэх ёстой. Тайлбараа ирүүлээгүй байсан ч бид нар хална гээд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны тушаалаа гаргачхаж байгаа юм. Ажил олгогч ажилтны хооронд цагаан дээр хараар бичсэнээсээ илүү хүн хоорондын харилцаа байгаа. Энэ нялх хүүхэдтэй хүний хувьд хүлээж авах ёстой гэж үзэж байгаа. Б.Д  2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажилдаа ирээд сууж байхад эрхлэгч нь ирээд чамайг ажлаас халсан гэж хэлсэн байдаг. Тэгээд даргадаа хүүхэд өвдсөн, би өөрөө хагас хэвтрийн дэглэм сахих эмчилгээтэй байгаа гээд бүх бичиг баримтуудаа үзүүлээд уйлаад намайг битгий ажлаас минь халаач гэхэд тэр чинь надад ямар ч хамааралгүй гээд өрөөнөөсөө хөөж гаргаад чамтай эргэж ажиллахгүй гэсэн байдаг. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд хүүхэд нь өвчтэй, өөрөө хагас хэвтрийн дэглэмтэй байсан гэдгийг тайлбарлаж хэлэхэд  дарга нь хүлээж аваагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулахаасаа өмнө ажилтанд мэдэгдээгүй. Тайлбар аваагүй. Ажлын цаг 17 цаг 30 минутад дуусаж байгаа байх. ... дугаартай тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.4 дэх хэсэгт заасныг баримталсан байдаг. Үндэслэл дээрээ Б.Д  нь шууд удирдах албан тушаалтандаа мэдэгдээгүй, хувийн чөлөө авах хүсэлтээ гаргаагүй, хөдөлмөрийн чадвар алдсан тухайн эмнэлгийн хуудас ирүүлээгүй хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэсэн байсан. Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.4 дэх хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-с дээш хоног ажил таслах гэж заасан. Гэтэл Б.Д  нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотлох зорилгоор хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн, өөрөө хагас хэвтрийн дэглэмтэй байсан гэдгээ ажил олгогчдоо тайлбарлаж хэлсэн боловч энэ тайлбарыг хүлээж авахгүйгээр шууд ажлаас халсан нь сүүлд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас ирүүлсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч гэсэн баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан эсвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал дээр хөдөлмөрийн гэрээний аль зүйл заалтыг баримталж байгаа нь тодорхой бус. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд заасан үндэслэлийн дагуу гараагүй. Түүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

7.Хариуцагч О.Б  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. Б.Д  нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд акттай байсан гэж байна. Манайх 330 ажилтантай. Эхний байдлаар өвчтөн магадалгаа илгээх нь тухайн эмч магадалгааг дууссан өдөр программд шивэгддэг учраас акт авах эхний өдрөөсөө цаасан байдлаар буюу  эмнэлгийн магадалгаа гэсэн анхан шатны бичиг баримт дээр тухайн эмчээрээ гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж манай ажилтнууд авчирч өгдөг. Тэрнээс үндэслээд энэ хүн акттай байна гэж хүлээж байгаад акт хамгийн сүүлд хаагдах хугацаанд нь эмч шиддэг. Тэгэхээр акттай байна гээд амаар хэлсэн тохиолдолд бид нар акттай үгүйг тодорхойлох өөр бичиг баримт программд байдаггүй учраас заавал бичгээр буюу магадлагааны хуудаст бичиж өгөхийг нийт ажилчдадаа шаарддаг. 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд акттай гэж сонссон болохоос магадлагаагаа  албан ёсоор авчирч өгөөгүй. Би хүн ёсны харилцааны дагуу тухайн эмчлэгч эмч буюу жирэмсний хяналтынх нь эмч рүү өөрийн биеэр яриад “манай хүн акттай юм уу? Актыг нь илгээгээрэй. Илгээх хугацаа нь болоогүй юм уу? Акттай гээд яваад байна. Ямар учиртай вэ?” гэхэд гэрчээр ирэх гэж байсан К  эмч “нээрээ дууссан байна шүү дээ. Хэзээ дууссаныг нь би мэдэхгүй. Тэр хүн чинь өөрийнхөө карт дээрээс мэдэж ирж надаар илгээлгэх ёстой шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Энэ хүн чинь олон хоног тасалсан болох гээд байна. Та актыг нь илээ л дээ. Та эмч хүний хувьд илгээх цаг хугацаанд нь илгээх ёстой” гэж өөрийн биеэр утсаар ярьж би илгээлгэсэн. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр акт илгээгдээд түүнээс хойш 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б.Д  өрөөнд орж ирж уулзсан. Тэгэхээр нь би “яав аа Д  минь. Актаа илгээлгэхгүй. Алга болчих юм. 3 хоног хаагуур явсан  юм бэ? 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр акт чинь илгээгдсэнээс хойших хоногт юу болов” гэж хэлсэн. Тэгэхэд “тиймээ. Надад 3 асуудал байна. нэгдүгээрт ажил, хоёрдугаарт би сувилахуйн сургуульд сурч байгаа. Шалгалтууд эхэлчихсэн. Дээр нь би жирэмсэн. Аль нэгнээс нь салахгүй бол болохгүй нь” гэж хэлсэн. Энэ гэр бүлийн хүмүүс 2-уулаа манайд ажилладаг учраас жаргал, зовлонг нь мэднэ. Би энэ байгууллагад 2012 оноос хойш тасралтгүй ажилласан. Энэ удаа яалтачгүй чөлөөлөгдөх гээд байна гэхэд тэгвэл би аль нэгнээс нь салах юм чинь хүүхдээ авхуулчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Хүүе ээ чи эмэгтэй хүн байж ийм зүйл ярьж болохгүй. Ийм тохиролцоо байна. Хоёулаа адилхан эмэгтэй хүн. Би хүн ёсны харилцааны дагуу би хууль зөрчиж байгаа. Гэхдээ чи үнэхээр ийм асуудалтай байгаа бол актаа авч байгаад декритээ ав. Тэгээд төрснийхөө дараах листээ ав. Тэрнийхээ дараа надад ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчих гэсэн санал тавьсан. Тухайн саналд эргээд бодоод хариу хэлнэ гэж гарч яваад хариу хэлээгүй учраас ахлах сувилагч М гэдэг хүнээр дамжуулж асуулгасан. Даргын тавьсан саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариулсан байсан. Би өмнө нь ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй биш. Цаг тухайд нь ярьсан. Түүнээс хойш холбогдох хүний нөөц, ахлах сувилагч, тасгийн эрхлэгч гэх мэт олон хүмүүсээр яриулсан. Миний санаж байгаагаар хүний нөөц өрөөд орж ирээд Д  руу залгахад утсыг нь хүүхэд авч таарсан. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хоорондох зүйлийг ярьж байна. Тухайн үед хүүхэд нь утсаа аваад ээж бид хоёр манай сургуулийн спартакиад дээр байна гэж хариулж байсан. Тэнд хэвтрийн дэглэм сахих ёстой хүн хүүхдийн спартакиад дээр явж байсан гэдгийг хүний нөөцтэйгөө ярьсан. Ханиад хүндрэх эрсдэлтэй байсан гэж байна. Би энэ байгууллагын удирдлага учраас программ бүх байдлаар надад харагддаг. Тухайн гэр бүлийн хүн болох нөхөр нь манайд ажилладаг учраас овгийг нь мэднэ. Хүүхэд нь өвдсөн сураг сонсогдсон учраас би программаас хайсан. Тэгэхэд ямар нэгэн хэвтэн эмчлүүлж байгаа түүх байгаагүй. Тийм учраас хүндэрсэн эрсдэлтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн зүйл байхгүй. Яаралтай хуудас нээгдээд халуун бууруулах, үрэвслийн эсрэг эмчилгээнүүд хийгдээд шинжилгээ өгсөн хуудас ирсэн байгаа байх. Хүн ёсоор хандаагүй гэхээс илүү ийм зүйл болсон. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр надтай уулзахдаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлгүй байсан бол ажлаа хийгээд сууж байхгүй яасан юм. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажлаа таслаад явсан. Тэгэхээр нь би 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр сонсох ажиллагааны хуудсыг хүргүүлсэн байгаа. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг анх удаа харсан гэж байна. Тухайн сахилгын шийтгэлийг би ганцаараа шийддэггүй. Манай нэгдсэн эмнэлгийн хэмжээнд захиргааны зөвлөл хүмүүсийн бүрэлдэхүүнтэй хуралддаг. Тэр үед А  эмч захиргааны зөвлөлийн хуралд байсан. Тухайн үеийн хурлын тэмдэглэл, протоколууд ирсэн байх. Манайх 9 хүний бүрэлдэхүүнтэй. Бүх хүмүүсийн бүрэлдэхүүнтэй хурал хийгдсэн. Тэгж байхад би хаалга үүдээ цоожлоод хориод зөвшөөр гэх үндэслэл байхгүй. Тухайн үед захиргааны шийтгэлийг танилцуулахдаа маш олон удаагийн процессыг аргагүйдэж энэ шийтгэлийг авсан. Манай чанарын албаны өрөөний утас цахим бүртгэлийн хэсэгт байдаг иргэдийн үзүүлэх цагийн дуудлага авдаг утастай 1 дуудлага орж ирдэг. Манай чанарын албаны утасны дугаар байнга дугардаг. Тэгээд байнга танай цахим чинь утсаа авахгүй байна гэсэн гомдлууд ирдэг байсан. Нэг удаа манай чанарын албаны дарга өөрөө 1 давхарт буугаад өөрийнхөө утсаар залгаж үзсэн чинь дуудаад байгаа мөртлөө дугарахгүй байсан гэсэн. Яагаад дугарахгүй байгаа юм бэ? гээд ороод очсон чинь тухайн дуудлага авдаг эмнэлгийн туслам үйлчилгээг хүргэх ёстой утасны араар салгасан байсан гэсэн. Тэгээд чанарын албаны дарга юу болов. Яагаад салгав болоод тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нартай уулзахад наадах хэд чинь үе үе салгадаг байсан:Бид нар зөндөө сануулдаг байсан. Энэ удаа ахиад салгасан байна уу? гэдэг зүйлийг ярьсан учраас хурлаар оруулж энэ хэдэд захиргааны хариуцлагын шийтгэл авсан. Энэ чинь ард иргэдэд маш том хохирол үзүүлж байгаа. Цаг тухай бүртээ үзүүлж чадахгүй байгаа үйлчлүүлэгчийн эмнэлгийн тусламж авах эрхийг нь боогдуулж байгаа гэсэн шинж харагдаж байгаа. Тухайн сахилгын шийтгэлийг 3 хүн байхад 2-т нь авсан гэж байна. Захиргааны зөвлөлийн хурал болох үед Б ээлжийн амралттай байсан учраас Э, Д-г сахилгын шийтгэл оногдуулах захиргааны зөвлөлийн хуралд оролцуулаад өөрсдөө салгасан нь үнэн гэж тайлбараа хийгээд хүлээн зөвшөөрсөн байдаг. Б ээлжийн амралттай байсан учраас дараа нь захиргааны зөвлөлийн хурлаар оруулж өөрөө зөвшөөрч гарын үсэг зураад өөр тушаалаар захиргааны хариуцлагын шийтгэлийг оногдуулсан байгаа. Өрөө цоожилж загнасан гэдэгт захиргаан зөвлөлийн албан ёсны хурал протокол хөтлөгдөж явж байхад би ганцаараа уулзсан юм шиг өрөөгөө түгжих боломж байхгүй. 2024 оны 02 дугаар сарын сүүлээр Д ажилд орох хүсэлтээ өгөөд уулзсан. Нялх хүүхэдтэй юм чинь ажилдаа орох нь зөв гэж бодож байна уу? яаж байна гэсэн чинь тийм. Миний амьдрал гайгүй. Малтай. Надад цалин сонин биш. Гэрт байгаад байхаар хэцүү байгаа учраас хамт олонтойгоо баймаар байна. Ажилдаа ормоор байна гэж хэлсэн. Би шийдвэрийг гаргахгүй. Манай хүний нөөц бүх албан тушаалтнуудтайгаа хамтарч гаргадаг. Тухайн үед хүний нөөцдөө боломжит хувилбарыг судалж Д-г ажилд нь эгүүлэн томилох хүсэлтийг нь өгөхөд хүний нөөц бусад цахим ажилчид ТҮ-3-р цалинждаг юм байна. Тухайн хүний нөөц декриттэй байж байгаад орсон байсан. Д-г яагаад ганцааранг нь цойлж цалинжуулж байгааг би ойлгохгүй байна. Энэ хуульд нийцэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шүүгээд үзэхэд Хөдөлмөрийн тухай хууль, цалингийн шатлалыг тогтоодог хуулийг харахад  цахим ажилтан гэсэн нэр томьёо байхгүй юм байна лээ. Гэхдээ дуудлага хүлээн авагч, оператор гэсэн зүйл заалтаар бусад хүмүүсийн шатлалыг харж цалинжуулахад ТҮ-3 байсан. Д-тай нэг албан тушаалд ажилладаг Б, Э нар ТҮ-3-аар цалинждаг байсан. Үүнийг тушаал гаргах гэж байгаа учраас Д-д танилцуулахад тийм, тэгье. Ажилдаа орж байвал надад цалин сонин биш. Амьдрал ахуй маань мөнгөөр дутагддаггүй гэж хэлээд зөвшилцсөний үндсэн дээр тушаал гарсан. Тэр үед ямар нэгэн гомдол гаргаагүй. Дээрээс нь тэр цалингаараа 6 сар цалинжсан. Тэгэхэд тухайн үедээ гомдол гаргаагүй. Тийм байж энэ нөхцөл байдал гаргаж байгаа нь  хувь хүний үзэл бодол гэж харж байна. Хүүхдээрээ хохирч хүндэрсэн гэж байна. Эмэгтэй хүний хувьд би эмзэглэж байна. Гэхдээ энд  төрийн алба явж байгаа. Миний үндсэн үүргийн дагуу би 330 ажилтантай ажиллаж байгаа учраас аль болох хуулиа баримталж ажиллахыг хичээдэг. Хүүхэд тийм гарсныг мэдээгүй байж байгаад нилээн сүүлд сонссон. Мэдээж би хуулийн дагуу явж байгаа хариуцагч хүний хувьд жирэмсний 5 сар гарантай үеэс бид хоёрын хоорондох зөрчил гарсан. Жирэмсний 5 сар хүртэл хүүхдийн гажигтай байх үгүйг эрүүл мэндийн салбар, шинжлэх ухаан нотолдог. 5 сараас хойш ямар нэгэн гажиг үүсэх үндэслэл байхгүй гэж анагаах ухаан, шинжлэх ухаан нотолдог учраас энэ тушаалтай холбоотой үүссэн үгүйг 100 хувь хэлэхгүй. Эмч хүнийхээ үүднээс хамааралгүй гэж хэлэх гэсэн юм. Сэтгэл санаа, идэж ууж байгаа хоол хүнс, амьдралын хэв маяг, хувь хүний хорт зуршлаас уургийн гажиг үүсэх асуудлууд гардаг. А эмч, Д хоёрыг мэднэ. Тухайн үед би хүүхдээ өвчилсөн талаар чөлөө хүсэх хуудас бичих боломжгүй байсан гэж хариулсан байна. Нөхөр буюу А эмч ажлаа хийж байсан. А эмчтэй би лифтэнд таараад Д-хээ актыг өгөхгүй юм уу? Хүүхэд нь өвдсөн юм уу? Яаж байгаа юм бэ? гэж асуухад ямар нэгэн хариулт өгөөгүй... Энэ байгууллагад надтай хамаатан, ураг садан нэг ч хүн байхгүй. Б.Д дараа нь би чамд мөнгийг олгочихно. Тэгэхээр чи гарын үсэг зурчих гэж хэлсэн учраас би 15 хувийн хариуцлага тооцох дээр гарын үсэг зурсан гэж хэлсэн байна. Тэр хүнд хүний нөөц ямар мөнгө олгох юм бэ? Хүний нөөц ямар мөнгө олгоно гэж хэлснийг тайлбарлаж мэдэхгүй байна. Цаг олгох талд дээр тэр утсаар 12 цаг 30 минутаас хойш цаг олгох ёстой. Тэрнээс өмнөхийг салгах ёстой гэсэн зүйл байхгүй. Тухайн ажилтан аваад үйлчлүүлэгчийн асуусан асуултад хариулах үйлчилгээний утас. Тэгтэл дуртай үедээ салгаад байсан. Гэрчүүд үг өгүүлбэрээ нийлүүлсэн. Хэлэх ёстой үгнүүдээ цээжилсэн байдалтай орж ирж байгаа нь харагдаж байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

8. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ... дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Д-г Поликлиникийн тасгийн Цахим бүртгэл мэдээллийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 12,129,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 12,129,250 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Д-н гаргасан Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгож, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү 1,904,000 төгрөгийг гаргуулах, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн... дугаар тушаалыг хүчингүй болгуулж, 2024 оны 6, 7, 8 дугаар сарын үндсэн цалингийн зөрүү 15 хувь буюу 568,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Хэнтий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 321/ШШ2025/00285 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тодруулбал, шүүх нэхэмжлэгчээс гаргасан Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн  2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай тушаалын 2 дах заалтыг хүчингүй болгуулж, 2024 оны 03 дугаар сарын 01-ээс 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны зөрүү цалин 1,904,000 төгрөг гаргуулах, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарвын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, 2024 оны 6, 7, 8 дугаар сарын үндсэн цалингийн 15 хувь буюу 568,800 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, ажил олгогчийн аливаа шийдвэр хуульд үндэслэсэн байх ёстой бөгөөд хариуцагч байгууллага нь ажилтны цалин, хөлсийг өмнөхөөс нь дордуулахдаа ажилтантай тохиролцоогүй. Мөн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаан буюу нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш өвчтэй байсантай холбоотойгоор хэтэрсэн. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноор нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацаандаа шат шатны байгууллагад улмаар шүүхэд хандсан юм. Иймд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү”. гэжээ.

 

10. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “миний бие Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 285 дугаартай шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэдэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Б.Д-г ажлаас чөлөөлсөн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Д-г поликлиникийн цахим бүртгэл мэдээллийн ажилд эгүүлэн томилсон шийдвэрийн үндэслэлээ... Б.Д-г ажлаас чөлөөлөхдөө хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлаа тасалсан гэдгийг юу гэж ойлгосон нь тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26. 1, 26.2, 28.2 дахь заалтуудад зааснаар 2024.09.19-ний өдрөөс цуцлах болсныг хэзээ, хэрхэн, ямар байдлаар мэдэгдсэн, түүний ажил тасалсан гэх 4 хоногийн хугацаанд хүндэтгэх үзэх ямар шалтгаан байсан эсэхийг судлалгүйгээр, тайлбар өгөх боломжит хугацаа олголгүйгээр, түүнээс тайлбар авалгүйгээр тушаал гаргасан нь нийцэхгүй... гэж үндэслэсэн. Б.Д  нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс ажлаа тасалж ажилдаа ирэхгүй байсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Б  нь өрөөндөө дуудаж түүнийг ажил таслаад байгаа учир шалтгааныг асууж, энэ ажил тасалсан асуудал нь ажлаас чөлөөлөх үндэслэл болж байгаа бөгөөд түүнийг ажлаас чөлөөлөх гэж байна гэдгийг түүнд амаараа хэлсэн байдаг бөгөөд тухайн үед Д  нь өөрийн амаар тасалсан шалтгаан нөхцөлөө хэлж, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эргээд тайлбар өгнө гээд явсан. Үүнийг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Б  нь тайлбарлахдаа 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өрөөндөө Б.Д-г дуудаж уулзсан. Б.Д-д "чи 3 хоног ажил тасалсан, энэ зөрчил чинь ноцтой зөрчил болсон чамаас ажлаас хална гэж хэлсэн. Гэтэл Б.Д  надад "би сувилахуйн сургуульд сурч байгаа шалгалтын хуваарь гараад шалгалт эхлээд их ажилтай байгаа, 2 дугаарт энэ жирэмсний асуудал намайг маш их стресстүүлж байгаа, 3 дугаарт миний энэ ажиллаж байгаа ажил их цаг наргүй хэцүү байна. Би энэ гурвыг зэрэг амжуулж чадахгүй байна. Болохгүй бол энэ хүүхдийг авхуулдаг юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж ийм том болсон хүүхдээ авхуулах вэ? Ямар боломж бололцоо байна ярилцъя, чөлөө авч байгаа жирэмсний листээ авах юм уу гэж хэлсэн. Тэгээд бид 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б.Д нь эргэж надад хариу мэдэгдэхээр тохиролцоод манай өрөөнөөс гарсан. Ингээд Б. Д  надад 2024 оны 09 дүгээр сарын 18-ны хариу өгөхгүй болохоор нь ахлах сувилагч М-г Б.Д-тай холбогдож асууж тодруулж уулзаад Д-д энэ талаар халахад Б. Д  нь бичиж өгвөл би өөрөө хэрэгт орох юм билээ намайг халвал хална биз" гэж хэлснийг ахлах сувилагч М  надад халсан гэдэг. Үүнийг нотолж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар ажилдаа очоод байж байсан чинь ахлах сувилагч А  гэдэг хүн ирээд чи ажлаасаа халагдсан, яах гэж ажилдаа ирсэн юм манай эгч тайвширч байгаад даргынхаа өрөөнд орсон гэдгээр нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан "тайлбар авах гэдэгт заавал бичгээр авна гэж заагаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс түүний ажил тасалсан асуудал нь халагдах үндэслэл болж байгааг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хангалттай тайлбарлах хариу мэдэгдэх хангалттай боломж олrocoop байтал санаатайгаар хариу өгөөгүй гэж үзэж байгаа. Дээрх хуульд заасан "тайлбар авахгүй ажлаас чөлөөлнө" гэдэг бол урьдчилж ажлаас чөлөөлөгдөх болж байгаа шалтгаан нөхцөлийн талаар ажилтанд амаар, бичгээр аль ч хэлбэрээр мэдэгдэхгүйгээр, шууд ажлаас чөлөөлөгдөх тушаалыг гаргаж гардуулахыг ойлгоно. Гэтэл Б.Д  нь өөрийнхөө зөрчлийг ажлаас халагдах гэж байгаагаа аль хэдийн мэдсэн байсан бөгөөд даргынхаа өрөөнд ажил таслаад байгаа шалтгаан тайлбараа өөрөө амаар өгсөн байна. Шүүхийн нэхэмжлэгч Б.Д-г ажлаас чөлөөлөхдөө хүндэтгэх үзэх шалтгаангүй ажлаа тасалсан гэдгийг юу гэж ойлгосон нь тодорхойгүй, түүний ажил тасалсан гэх 4 хоногийн хугацаанд хүндэтгэх үзэх ямар шалтгаан байсан эсэхийг судлалгүйгээр чөлөөлсөн гэдэг үндэслэлийн тухайд ажил олгогч 330 ажилтантай ажилладаг. Ажилтан өөрөө хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөө авах журмынхаа дагуу үүргээ биелүүлж ажил олгогчдоо яагаад ажилдаа ирэхгүй шалтгаан нөхцөлөө мэдэгдэж холбогдох нотлох баримтаа журмын дагуу өгч холбогдох чөлөөлөх журмынхаа дагуу авахгүй бол ажил олгогч ажилтан бүрийг хянаж тэр өдөр ажилдаа ирээгүй ажилтан бүрийн хойноос судалж явна гэх боломжгүй, ийм үүрэг ч байхгүй. Б.Д  нь өвчтэй байгаа бол түүнийг холбогдох бичиг баримтаар нотлох үүргээ, журмынхаа дагуу чөлөөгөө авах үүргээ өөрөө хүлээнэ. Энэ үүргээ биелүүлээгүй байгаа. Мөн хэрэгт байх Б.Д-н өөрийн болох хүүхдийн өвчний талаар өгсөн баримтууд бол сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа өгсөн баримтууд бөгөөд ажлаас чөлөөлөхөөс өмнө Б.Д  нь ийм шалтгаан тоочиж, эдгээр баримтуудыг гаргаж өгч байгаагүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс Б.Д-н сүүлд нэхэмжлэл гаргасны дараа шүүхэд өгсөн баримтуудыг үнэлж эдгээр Б.Д-н өөрт нь хадгалагддаг хувийн баримтуудыг эмнэлгийн дарга хөөж судлах ёстой мэтээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа бөгөөд Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 285 дугаартай шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй тул нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчоор эрх зүйн байдлаар оролцох боломжгүй хүн оролцож байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д  Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг ба түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох  дарга гэдэг албан тушаалд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бидний зүгээс нэгдсэн эмнэлгийн дарга гэдэг ажил олгогчид холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд тухайн ажил олгогч өөрөө шүүх хуралдаанд ороод өнөөдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Жавхланг өмгөөлөгчөөр оролцуулсан байдаг. Түүнээс хойш шинээр Ж-д итгэмжлэл олгосон талаарх баримт хэрэгт авагдсан. Ж  итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие гэдэг агуулгаар давж заалдах гомдол гаргасан байсан. Хэрэг давж заалдах шатны шүүхэд ирсний дараа хариуцагч солигдсон. Ямар ч байсан Б  гэдэг хүн өөрчлөгдөөд А гэдэг хүн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдсон талаарх Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж-тай холбогдох гэрээ дуусгавар болсон. Шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа Б  гэдэг хүн иргэнийхээ хувьд энэ хэргийн хариуцагч биш. Мөн өмгөөлөгчөөр оролцож байгаа Ж  гэдэг хүн итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхөө хувьд гомдол гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С  гэдэг өмгөөлөгчийг  өөрийнхөө  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцуулах хүсэлт гаргасан гэдэг. Энэ хэргийн хариуцагч болох Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга А-н зүгээс Ж-с татгалзсан агуулгаар албан тоотоо явуулсан байна. Тийм учраас Ж  болон Б  нар хариуцагч байгууллагыг төлөөлөх эрхгүй гэж үзэж байна. С  өмгөөлөгчийн хувьд хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр ороогүй. Хуульд заасан гэрээгээр ороогүй гэж үзэж байгаа учраас энэ хүмүүс өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллагыг төлөөлөх боломжгүй гэж үзэж байна. Хэргийн оролцогчийн эрх зүйн чадамжгүй гэж үзэж байна.” гэв.

 

12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Саяын хэлсэн тайлбар дээр нэмж хэлэхэд энэ шүүх хурал нээлттэй шүүх хурал учраас эдгээр хүмүүс ажиглагчаар оролцож боломжтой, харин шүүх хуралдаанд тайлбар өгөх эрх зүйн боломжгүй” гэв.

 

13. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Би энэ шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр сууринаас оролцох гэж ирсэн. Өөрийнхөө итгэмжлэлийг өнөөдрийг хүртэл яагаад хүчин төгөлдөр гэж үзэж байгаа үндэслэлээ хэлье. Иргэний хуулийн 63,64 дугаар зүйлд зааснаар төлөөлөл үүсдэг. Миний төлөөлөл яаж үүссэн бэ гэхээр Нэгдсэн эмнэлэгт холбогдох Д-н нэхэмжлэлтэй хэрэгт нэгдсэн эмнэлгийн тушаал гарснаар миний итгэмжлэл үүссэн. Энэ тушаалын дагуу анхан шатны шүүх хуралдаанд тэр шүүх хуралдаанаас өмнөх шатанд бас оролцогчоор  оролцож явсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4-т зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс хэдийд ч татгалзах эрхтэй. Энэ татгалзал нь ямар үндэслэлээр хүчин  төгөлдөр  болох вэ гэхээр Иргэний хуулийн 67 дугаар зүйлд зааснаар анх гаргасан хэлбэрээрээ буцаагаад гуравдагч этгээддэг мэдэгдсэнээр  татгалзал хүчинтэй болж байгаа юм. Анх гаргасан хэлбэр гэдэг нь Нэгдсэн эмнэлгийн  надад олгосон тушаал байгаа. Ингээд анх гаргасан хэлбэрээ надаас татгалзаж байгаа бол Нэгдсэн эмнэлэг гэдэг байгууллага анх гаргасан хэлбэр буюу тушаал гаргаад энэ хүнээр төлөөлүүлэхгүй гэсэн  ийм үндэслэлээр татгалзах талаар хуульд зохицуулсан байгаа. Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн эмнэлгээс албан тоот ирсэн. Энэ тоот дээр юу гэж бичсэн байдаг вэ гэхээр Би урьд нь нэгдсэн эмнэлгийн хуулийн зөвлөхөөр гэрээгээр ажиллаж байсан. Тэр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ л дуусгавар болсон гэснээс энэ Нэгдсэн эмнэлгийг тушаалын дагуу төлөөлж байгаа хуульч Жавхлан гэдэг хүнээс татгалзлаа шүү гэдэг агуулгаар илэрхийлээгүй. Гэрээ дуусгавар болсон байна гэдэг бичгийг ирүүлсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж байна, татгалзсан тушаал нь энэ байна гэдэг ч юм уу ийм баримт албан тоот дээр байхгүй байгаа. Давж заалдах шатны шүүх хуралдаан би Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар гомдол гаргасан. Сая шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал тайлбарлахдаа энэ нэхэмжлэл бол дарга гэдэг албан тушаалтанд холбогдуулан гаргасан нэхэмжлэл юмаа гэж тайлбарлаад байна. Иргэний хэрэг үүсгэх захирамж дээр Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэрэг гэж үүссэн байгаа. Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийнхээ хувьд цаашдаа хянан шийдвэрлэгдсэн. Гэтэл өнөөдөр дарга гэдэг албан тушаалтантай холбогдуулж нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр эсэхэд эргэлзээ төрөхөөр агуулга илэрхийлж байна. Өөрсдөө анхан шатны шүүх хуралдаанд эмнэлэгт холбогдуул гэж ярьж ярьчхаад одоо даргад холбогдуулсан ш дээ гэж яриад байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Албан тоот ирсэн үндэслэл байдаг. Яагаад энэ албан тоот, тушаал, нэхэмжлэлийн талаар яриад байна гэхээр ер нь албан тоот ирэх  эсэх асуудлыг  шүүх хуралдаанаар хэлэлцэгдээд дараа нь тэр албан тоотын асуудал яригдах байсан. Гэтэл өмнө нь шүүхээс эмнэлэг рүү яриад  эмнэлгээс албан тоотыг шүүх санаачилгаараа авч байгаа асуудал талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Албан тоотыг нэхэмжлэл эмнэлгээс авч байгаа асуудал өөрөө талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, мөн шүүх хуралдаан болоогүй байхад шүүхийн зүгээс урьдчилан оролцогчийн бүрэн эрхийн талаар дүгнэлт хийж, албан тоотыг нэхэж авч байгаа асуудал өөрөө хууль зөрчсөн асуудал болж байна гэж үзэж байна. Тийм учраас өнөөдрийн тухайд дээр дурдсан, тайлбарласан хуулиудын хүрээнд Нэгдсэн эмнэлэг гэдэг субъект надаас албан ёсоор татгалзсан нотлох баримт шүүхэд ирээгүй, татгалзсан зүйл байхгүй байгаа учраас би өнөөдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд оролцох бүрэн эрхтэй гэж үзэж байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар би өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч  С-г авсан талаараа гэрээ болон хүсэлтээ шүүх хуралдаанд өгсөн байгаа.” гэв.

 

14. Хариуцагчийн өмгөөлөгч С.С  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яг энэ албан бичгээс харахад итгэмжлэлээс татгалзсан гэдэг үг өгүүлбэр агуулга байхгүй. Шүүхэд өгсөн үйл баримт дээр байхгүй байна гэж тодотгож хэлэх гэсэн юм.”гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн зүйлийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З нарын давж заалдах гомдлын дагуу нэхэмжлэгч Б.Д-н “Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулж, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү 1,904,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/153 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, 2024 оны 6, 7, 8 дугаар сарын үндсэн цалингийн зөрүү 568,800 төгрөг тус тус гаргуулах, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ... дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлтэй  Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийг бүхэлд хянахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            16. Нэхэмжлэгч Б.Д-н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...  Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаалаар цалингийн шатлал бууруулсан, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ... дүгээр тушаалаар ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн шийдвэрүүдийг зөвшөөрөхгүй” гэж тодорхойлсон байхад хариуцагч байгууллагын хариу тайлбартаа татгалзлын үндэслэлээ “Аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын ... дугаар тушаалыг тухай бүр танилцуулж байсан боловч маргаагүй, зөвшөөрөлгүйгээр 4 хоног ажлаа тасалж, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

 

17. Нэхэмжлэгч Б.Д  нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ... дүгээр тушаалаар поликлиникийн тасгийн цахим бүртгэлийн ажилд  орсон байх бөгөөд нэхэмжлэгч нь мөн даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаалаар албан тушаалын тушаалын цалингийн шатлал буруу тогтоосон, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар тушаалаар албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 15 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрүүдийг үндэслэлгүй талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн  154.2.2, 154 дүгээр зүйлийн 154.3, 154.7 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч нь  эрх зөрчигдсөнийг мэдсэн  эсхүл мэдэх ёстой байсан үеэс  хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, комиссгүй бол сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 90 хоногийн дотор гаргаж, тухайн комисс болон гурван талт хороо гомдлыг 10 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. 

 

18. Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар дээр дурдсан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг  зөрчсөн байх тул  Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгож, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү 1,904,000 төгрөгийг гаргуулах, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулж, 2024 оны 6, 7, 8 дугаар сарын үндсэн цалингийн зөрүү 15 хувь буюу 568,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна./1хх-158-161х/

 

            19. Хариуцагч байгууллага  мэдэгдлийг хэзээ, хэрхэн ямар байдлаар поликлиникийн тасгийн цахим бүртгэл мэдээллийн ажилтан Б.Д-д мэдэгдсэн, ажил тасалсан гэх 4 хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг судлаагүй, боломжит хугацаа олгож тайлбар авалгүйгээр Хэнтий аймгийн  Нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ... дүгээр тушаалаар  “2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хүндэтгэн үзэх шалтгаангүй 4 хоног ажил тасалж, хөдөлмөрийн дотоод журам болон  хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасныг үндэслэн 2024 оны 9 дүгээр сарын 19-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай”  тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана.” гэж заасныг зөрчиж үүргийг биелүүлээгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  бодит байдалд нийцсэн, тухайн харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг зөв хэрэглэсэн байна. /1хх-162-163х/

 

Мөн шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Б-н гаргасан 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ... дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ыг поликлиникийн тасгийн цахим бүртгэл, мэдээллийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. дэх хэсэг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06 өдрийн ... дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн дундаж цалинг тооцохдоо сүүлийн гурван сарын дундаж цалинг тодорхойлон  ажлын хоногоор үржүүлэн нэг хоногийн  цалинг гарган ажиллаагүй байсан хоногоор үржүүлэн тооцож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас  нийт 12,129,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар  12,129,250 төгрөгт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, холбогдох баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасан дүгнэлт” нь үндэслэлтэй  болжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв. /2хх-145х/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн  285 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,000 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Гурав. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.