| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0007/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/107 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М-д холбогдох 1816002000108 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д овогт Б-н Б.М.
Шүүгдэгч Б.М-н 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт хохирогч О.М-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Өмнө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Одоо ч гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч О.М-н мөрдөн байцаалтад өгсөн “... Д, Б хоёр хоорондоо маргалдаад хэрэлдэж байсан. Тэгээд байж байтал зүс үл таних 3 залуу нэг мотоциклтой ирсэн. Тэгсэн миний урд нэг залуу ирээд сонин сайхан юу байна ах гээд мэндлээд суусан. Тэгээд миний ар талаар 1 залуу ирээд үгийн зөрөөгүй нүүр лүү өшиглөөд тас буулгаад авсан. Тэгээд тэрнээс хойших асуудлыг сайн мэдэхгүй байна ... Зүүн талын нүдний ухархайн яс хугарсан. Эрүүний хойт углуурганы яс бяцарсан. Нүд харахгүй байгаа. Зүүн талын духны хэсэгт няцралттай гэсэн гэмтэл үүссэн ... Би Б.М гэх тэр залууг танихгүй. Ямар учир шалтгаантай зодох болсныг би мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ55-56/,
Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... Зам дээр О.М, Д хоёр цээж нүцгэлсэн хоорондоо барьцалдаж аваад хэрэлдээд байж байсан. Тэгээд Б.М манай ахын 2 найз байна салгая гэсэн. Тэгээд бид хэд очоод зодолдож байгаа улсуудыг салгасан. О.М-г Б.М Та манай ахын найз байна, зодоон цохионоо боль, одоо ингээд явчих ах гэхэд О.М Б.М-г чамайг танихгүй юм байна гөлөг минь чи хаанахынх юм бэ? гэснээ Б.М-г цээж рүү нь цохиод авсан. Тэгсэн Б.М О.М-г сууж байхаар нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд О.М-н нүүрнээс нь цус гоожсон байсан. Тэгээд Баянзул бид 2 Б.М-г боль боль гээд салгаад дагуулаад явсан... ” гэсэн мэдүүлэг /1-р ХХ58/,
Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...замд 2 хүн цээж нүцгэлсэн хоорондоо маргалдаад зодолдож байсан. Тэгсэн Б.М манай ахын найз байна салгая гээд зогссон. Тэгээд Б.М О.М-г салгаад Та зодоон цохионоо боль ах. Та манай ахын найз байна. Та ингээд явчих гэхэд О.М согтуу чи хэн юм гөлөг минь чамайг танихгүй юм байна гээд хэл амаар доромжлоод түлхээд байсан. Тэгээд Б.М О.М-г цээж рүү нь өшиглөх шиг болсон. Д бид 2 салгаж аваад дагуулаад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ59-60/,
Гэрч Л.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... О.М намайг өдөөд бид хоёр маргалдаад байж байсан. Тэгсэн 2 мотоцикльтой 3 залуу ирсэн. Тэгээд юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй нэг нь О.М-г өшиглөөд авч байсан... Хөмсөгнийх нь дээд талаас цус гарсан байсан. Нүүр нь битүү цустай харагдсан... Б.М 1 удаа өшиглөх үед О.М сууж харагдсан ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ61-62/,
Гэрч А.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...2 мотоцикльтой зүс үл таних 3 хүн ирээд О.М ах сууж байгаад хойшоогоо эргээд хартал танихгүй 1 ах нүүррүү нь өшиглөсөн. Тэгээд О.М ах нүүрэндээ өшиглүүлэнгүүтээ нүүрээ дараад газар унасан. Тэгээд 1 ах энэ хүний нүднээс нь цус гараад байна гэхэд О.М ахыг өшиглөсөн ах тэгвэл наадахыг чинь нэг мөсөн алаад хаячихая гээд дайраад байсан. Тэгээд тэр ахыг 2, 3 хүн барьж болиулаад Данзан ах Мягмартүвшин ах бид хоёрыг мотоцикльтой хээр авч очиж орхиод мотоцикль үлдээгээд өөрөө нэг танихгүй мотоцикльтой ахын араар суугаад аймаг явна гээд яваад өгсөн... Зүүн нүдний доод талын хэсгээр цус гарсан байсан. Өөр ямар нэгэн ил харагдах зүйл байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ63/,
Гэрч С.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... Юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй нэг нь О.М-г өшиглөж авсан. О.М нүүрээ дараад бөхийгөөд унасан. Тэгээд залуучууд зодоон цохионыг салгаад тараад явсан... О.М сууж байсан. Тэр залуу араар нь тойроод хажуу зүүн талаас нь 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ64-65/,
Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Манай охин С аав Б.М хүн зодсон гэж утсаар мэдэгдсэн. Тэгээд би хөдөөнөөс орж ирээд О.М-г аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд шинжилгээ өгөөд хот руу авч явсан. Хотод очоод О.М-г “1-р эмнэлэг”, “Мөнгөн гүүр эмнэлэг”, “Ён-Со” эмнэлэг, “Эрүү нүүрний эмнэлэг” зэрэг эмнэлэгүүдээр дагуулж явж эмчилгээ үзлэг оношилгоо мэс засал хийлгүүлсэн. Мөн “Натул” эмнэлэгт 7 хоног хэвтүүлж эмчлүүлсэн... Нийт 4.818.000 төгрөгийн зардал гарч төлж барагдуулсан. Баримтанд тусгагдаагүй онгоцны 1 талын зардал 300.000 төгрөг, “Натул” эмнэлгийн 7 хоногийн 280.000 төгрөгийн баримт, бэлэн өгсөн 80.000 төгрөгийн баримт тусгагдаагүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ67/,
Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...С.Н ах дүү нарт гээд 1 шил архи задласан. Тэгсэн 2 мотоцикльтой 3 залуу ирсэн. Тэгээд юунаас болж маргалдсаныг мэдэхгүй 1 нь О.М-г сууж байхад нь нүүр рүү нь өшиглөж авч байсан. Тэгээд тэр залуучуудаас салгаад О.М-г Д мотоциклийнх нь араар суулгаад өөрөө мотоциклийг нь бариад явсан. Би тухайн үед өөрийнхөө мотоцикльтой О.М-н морь унадаг хүүхдийг нь суулгаад Д О.М хоёрыг дагаад явсан... Нүүрэн хэсгийн зүүн тал нь нэлэнхүйдээ цустай харагдсан. Өөр бусад шарх сорвийг сайн ажиглаагүй ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ68-69/,
Шинжээч Ч.Эрдэмболорын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9748 дугаартай “...1. О.М-н биед гавлын суурийн зүүн их бага далавч ясны хугарал, тархины зүүн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн хоншоор, хацар, зүүн чамархай ясны хацрын сэртэн, баруун ухархайн дээд ханын хугарал, зүүн хацар, шанаа, чамархай, нүд орчимын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /1-рХХ73/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 230 дугаартай “... 1. О.М-н биед эмнэлгийн баримт бичиг болон өөрийн үзлэгээр зүүн нүдний бүрэн хараагүйдэлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 31.1-д зааснаар 65 хувь алдагдуулна.
4. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл болно.
5. Зүүн нүдэнд үүссэн гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн үед үүссэн байх боломжтой.
6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар алдагдуулсан хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р ХХ139-140/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт хохирогч О.М-н нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөж гавлын суурийн зүүн их баг далавч ясны хугарал, тархины зүүн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн хоншоор, хацар, зүүн чамархай ясны хацрын сэртэн, баруун ухархайн дээд ханын хугарал, зүүн хацар, шанаа, чамархай, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн нүдний бүрэн хараагүйдэлт гэмтэл буюу биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ХХ-89/, багийн засаг даргын тодорхойлолт/ХХ-90/, 2017, 2018 оны малын тооллогын дүн болон тодорхойлолт/ХХ-91,92/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар/ХХ-149/, хохиролын талаар харилцан тохиролцсон баримт/2ХХ-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүний үндсэн дээр шүүгдэгч Б.М-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохиролоо нөхөн төлсөн байна гэж шүүх үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломж зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоон шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.М нь хохирогч О.М-д 7.500.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь 500.000 төгрөг төлсөн талаарх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл ХХ-159/, 7.000.000 төгрөг бэлнээр өгсөн баримтаар /2ХХ-40/ тогтоогдож байна.
Иймд хохирогчийн цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хохиролд 7.500.000 төгрөг төлсөн хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныгтус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б-н Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/ арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д шүүхээс оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/ арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.М-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.М нь хохирогч О.М-д 7.500.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Хохирогч О.М-н цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА