Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2016/00482

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, РД:*****, утас:****, С овогт О-ы Фын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 01 дүгээр багт оршин суух, РД:****, утас:****, С овогт А-ийн Сд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Чононы махны үнэ 200000 төгрөг, 2 удаа очиход гарсан зардал 160000 төгрөг, нийт 360000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч О.Ф шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Ф би 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр А.Саас эмчилгээний журмаар хэрэглэх үүднээс 200000 төгрөгөөр бодож бүтэн чононы мах, арьстай худалдаж авсан юм. Чононы махны үнэ 200000 төгрөгийг тухайн өдөр А.Сд бэлнээр өгсөн юм. Тухайн үед А.С надад чононы махыг өгөхөд дотор эрхтэн бүтэн гэж надад хүлээлгэн өгсөн. Тэр үед чононы мах хөлдүү байсан учраас дотор эрхтнийг нэг бүрчлэн шалгах боломжгүй байсан юм. Ингээд аймгийн төвд чононы авч ирж, чононы махыг гэсгээж дотрыг задалж үзэхэд шүд, хэл, шагай зэрэг дотор эрхтэн бүрэн байгаагүй гэдгийг А.Сд утсаар хэлэхэд Тэгвэл чононы махыг буцааж өгчих гэж хэлсэн юм. Түүнээс хойш 2 сар сураггүй болсон учир 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр чононы махыг А.Сд буцааж өгсөн юм. Ингээд А.Саас чононы махны үнэ болох 200000 төгрөг, 2 удаа очсон шатахууны үнэ 160000 төгрөгийг буцааж өгөхийг шаардсан боловч өнөө маргааш өгнө гэж хэлээд өгөхгүй байна. А.Сы буруутай ажиллагаанаас болж би өмчлөлийн ****** улсын дугаартай автомашинаар 2 удаа очиход 120 литр А-80 маркийн бензин зарцуулсан юм. Энэ нь 160000 төгрөг гарсан юм. Ингээд А.Саас чононы махны үнэ 200000 төгрөг, 2 удаа очсон үед гарсан зардал 160000 төгрөг нийт 360000 төгрөгийг гаргуулан О.Ф надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.С нэхэмжлэгч О.Фын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би О.Фын надаас нэхэмжилж буй 360000 /гурван зуун жаран мянган/ төгрөгийг төлж өгнө. Би энэ талаар ямар нэгэн маргаан гаргахгүй, хуульд заасан эрх үүргээ бүрэн ойлгосон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Фын нэхэмжлэлтэй хариуцагч А.Сд холбогдох чононы махны үнэ 200000 төгрөг, 2 удаа очиход гарсан зардал 160000 төгрөг, нийт 360000 төгрөг төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.С нь нэхэмжлэгч О.Фын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 360000 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч А.С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.С нь нэхэмжлэгч О.Фын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, чононы махны үнэ 200000 төгрөг, 2 удаа очиход гарсан зардал 160000 төгрөг, нийт 360000 /гурван зуун жаран мянган/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О.Фын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаар данснаас 5725 төгрөг, хариуцагч А.Саас 5725 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Фд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ