Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01811

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04250 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******од холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 48,281,670 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Хариуцагч ******* надад ...120,000,000 төгрөг зээлээч би Казакстан улсаас ногоо оруулж ирээд таны 120,000,000 төгрөг дээр нэмж 30,000,000 төгрөгийг нийт 150,000,000 төгрөг болгон эргүүлж өгье... хэмээн санал тавьсны үндсэн дээр 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 120,000,000 төгрөгийг 3 сар, 9 хоногийн хугацаатай зээлэхээр болсон юм. Би, 120,000,000 төгрөгөөс 116,008,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлдэгч *******ын Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш 3 өдрийн дараа 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл 3,992,000 төгрөгийг түүнд өгөх гэтэл тэрээр мөнгө болчихсон тул авах шаардлагагүй гэж хэлээд нийт 166,008,000 төгрөг зээлсэн.

Ингээд ******* нь гэрээний хугацаа дуусахад надад 116,008,000 төгрөг, мөн тухайн үед шаардлагатай байсан их хэмжээний мөнгө зээлдүүлсэн учир нэмж 30,000,000 төгрөгийг өгөх үүргээ биелүүлээгүй тул түүнд энэ талаар утсаар мэдэгдэхэд 2023 оны 1 дүгээр сард 7,000 ам.доллар буюу 24,440,220 төгрөгийг бэлнээр, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 9,380,000 төгрөг, нийт 103,820,220 төгрөгийг тус тус хугацаа хэтрүүлж цувуулж өгсөн.

...Мөн зээлийн гэрээний 3 дугаар зүйл 3.7 дэх хэсэгт Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж зааснаар 12,187,780 төгрөгөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 786 хоногийн алданги тооцвол 47,897,975.4 төгрөг болсон ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 6,093,890 төгрөг болж байна. Иймд, хариуцагчаас 12,187,780 төгрөг, алданги 6,093,890 төгрөгийг, мөн тохиролцсон ашиг 30,000,000 төгрөг, нийт 48,281,670 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний зүгээс нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд түүнд өгвөл зохих бүх мөнгийг өгсөн болно. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь 48,281,670 төгрөг төгрөгийг надад зээлүүлж бус өөрөө хүнд байдал ороод байна ахдаа миний мөнгийг өсгөөд өгөөч гэж гуйж өгсөн мөнгө юм. Би өөрийн гэсэн бизнес эрхэлдэг *******ээс мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй хүн юм. Тэр надаар мөнгөө өсгүүлж авах хүсэл сонирхолтой байсан бөгөөд мөнгө өгснөө баталгаажуулах үүднээс нотариат орж Зээлийн гэрээ гэдэг нэрээр мөнгөө өгсөн юм. Тийм ч учир уг гэрээн дээр хүү гэж огт байхгүй юм. Би түүнд дүүгийн ёсоор нэг удаа туслах үүднээс зөвшөөрч мөнгийг нь тодорхой хэмжээнд өсгөж өгөхийг зөвшөөрсөн. Би хууль зүйн хувьд ямар нэг үүрэг хүлээгээгүй гэж бодож байгаа ба өр байхгүй, түүний надад шилжүүлсэн мөнгийг бүрэн бүтэн буцааж өгсөн болно. Иймд, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Иргэн ******* нь Казакстан улсаас хүнсний ногоо оруулж ирдэг ба уг бизнесээ өргөжүүлэх зорилгоор 2022 оны 09 сарын 20-ны өдөр ******* дээр ирээд Та надад 120,000,000 төгрөг зээлээч би Казакстан улсаас ногоо оруулж ирээд таны 120,000,000 төгрөг дээр нэмж 30,000,000 төгрөг нэмж нийт 150,000,000 төгрөг болгон эргүүлж өгье хэмээн санал тавьсны үндсэн дээр уг саналыг хүлээн зөвшөөрснөөр 2022 оны 09 сарын 22-ны өдөр 1486 дугаартай зээлийн гэрээг нотариатаар байгуулсан. Уг зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож Иргэний хуулийн 281 дугаар зүйлд нийцүүлэн аль аль тал нь хүсэл зоригоо илэрхийлж нийслэлийн тойргийн нотариатчаар батлуулж гэрээг байгуулсан. Тус гэрээг Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу ******* болон ******* нарын байгуулсан зээлийн гэрээгээр гэрээний талууд өөр өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн тус гэрээг байгуулсан, хууль зөрчөөгүй гэрээ болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зээлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6. 476 дугаар зүйлийн 476.3.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч *******оос 18,281,670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос нэхэмжлэгч *******эд холбогдуулан гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №1486 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,358 төгрөгийг, хариуцагч *******оос сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 737,990 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 249,358 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. ...гэрчийн мэдүүлэг бүрэн уншвал эргэлзэх үндэслэл сэжүүр огт байхгүй бөгөөд гэрч тухайн өдрийн үйл явдал, онцлог, цаг хугацаа, уулзсан хүний дүр төрх, өмссөн хувцас, орон зайг маш тодорхой хэлсэн. Нөгөө талаар шүүгч өөрийнх нь асуусан асуултад эргэлзээгүйгээр хариулсан баримт хэрэгт авагдсан. Эргэлзээтэй гэж үзэх үндэслэлээ н.*******гийн дансанд орсон мөнгийг үргэлжилсэн өгүүлбэрээр хамаатуулж бичсэнээрээ тодорхойлоод байгаа. Гэсэн хэдий ч н.*******гийн дансанд орсон мөнгө *******ын мөнгө өгсний дараах цаг хугацаагаар нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч өөр тийм их хэмжээний мөнгө эргэлдүүлдэг боломж нь дансны хуулгуудад нь байхгүй. Шүүх харин ...нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд энэхүү 34,140,000 төгрөгийн орлогыг нэхэмжлэгч хүнээс авах орлогыг авсан энэ хэрэгт хамааралгүй гэж тайлбарласан үндэслэлтэй юм... гэсэн дүгнэлт хийж байгаа нь тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулан үзсэн гэх үндэслэлгүй байна. Шүүх гэрч *******ын мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэж байгаа бол түүний мэдүүлгийн аль хэсэг, ямар үг өгүүлбэр нь эргэлзээ төрүүлж байгааг тодорхой дурдаж байж үнэн зөв болох байна.

2. Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2024 оны 2899 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоол нь энэхүү хэрэгт хамааралтай нотлох баримт гэж шүүх дүгнээгүй, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол хэрэгт хамааралтай баримт гэж үзэх үндэслэлгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах зүйтэй байна" гэсэн. Энэ хэрэг хаасан нь чухал биш хэрэгт хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг чухал баримт гэдгийг шүүх үнэлээгүй нь шийдвэр үндэслэлтэй гарах боломжгүй болсон.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, дүгнэлт хийгээгүй болно" гэсэн. Гэтэл хэрэгт авагдсан үнэлээгүй гэсэн баримтууд нь байгууллагын тэмдэг дарагдсан байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх заалтыг хангасан баримт байна. Иймээс нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулаагүй болж байна. Мөн дурдаж буй баримтыг үнэлээгүй нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа бөгөөд илт нэг талд шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Үүнийг давхар шүүх хурал дээр хариуцагчийг зандчих, загнах байдлаар асуулт асууж хариулт хөтөлж авах байдлаар хуралдаан явуулсан нь нотолж байна.

4. Сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын субьектив талыг үнэлж чадаагүйтэй холбоотой байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дэх хэсэгт заасны дагуу мөнгө зээлж харилцан тохиролцсон ашгийн 30,000,000 төгрөгийг нэмж хариуцагчаас гаргуулах тухай бичсэн. Энэ нь нэхэмжлэгч ашиг харж мөнгөө өгсөн санаа зорилгоо нотолж тодорхойлсон. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ болон хууль сануулж гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурдаж, үйл явдлыг бататгасан байдаг. Энэ нь талууд бодит байдал дээр нэг нь ашиг орлого олох, нөгөө нь тус дэм болж мөнгийг нь өсгөж өгөх тухай хэлцэл хийгдсэн. Үүнийг зөрчиж зээл болгож, бас мөнгө өгснөө бататгах зорилгоор нотариатаар гэрчлүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа. Хариуцагч шүүх хурал дээр нотариат дээр ерөөсөө мөнгө төгрөг өгч авалцаагүй, дараа нь найман шарга дээр мөнгө солиулж өгч авахдаа ярьснаасаа дутуу өгснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй нь зээл бол огт биш гэдгийг талууд өөрсдөө нотолж байна. Харамсалтай нь шүүгч шүүх хурал дээр хариуцагчийг нотариатыг буруутгалаа гэх байдлаар хандаж, загнахдаа энэхүү санаа зорилгыг анхааралгүй шийдвэрлэсэн байна.

5. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ талуудыг маргаан гарах болсон шалтгаан нөхцөлийг буруу дүгнэж шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй шийдвэр гарсан. Учир нь, талуудын маргаан бол мөнгө өгсөн авсан өсгөсөн үгүйгээс бус хариуцагчаар сонгино заруулах, муудсан хөлдүү сонгиноо ав, авсангүй хаясан гэх үүднээс л өсөрхөх маягтай мөнгө нэхэж буй үйлдлээс үүдэлтэй маргаан гэж харагддаг.

6. Мөн шүүх хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж үнэлэхгүй орхисон нь хариуцагч *******ын чин үнэнчээр сэтгэл гаргаж хүнд үеийг давж, олдохгүй байсан ам долларыг /тухайн үед ковид гээд долларын гүйлгээ хязгаарлагдсан байсан/ бэлэн авах гэж хэд хэдэн хүний нэрээр гүйлгээ хийж аваад, баярт үйл явдлын өдрөө амжуулан байж, цаг хугацаа хожиж, гэрчийн дэргэд гэрчлүүлэн өгсөн мөнгийг үнэлэлгүй, хүн чанаргүй зан гаргаж, увайгүй загнаж буй этгээдийн талд шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Зээлийн гэрээнд талууд өөрсдийн хүсэл зоригийг тусгасан бөгөөд гэрээг нотариатаар баталгаажуулсан. Гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй бөгөөд гэрч ******* нь өөрөө мөнгийг тоолж үзээгүй гэдгээ мэдүүлсэн. 10,000 ам.доллар байсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд барагцаагаар 10,000 ам.доллар байсан гэж гэрч тайлбарласан. Мөн нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн гэх нотлох баримт байхгүй тул нотлогдох боломжгүй гэж үзэж байна.

Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг нь эргэлзээтэй байсан тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй гэж үзэж байна.

...Гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж болох хэдий ч 10,000 ам.доллар өгсөн гэдгийг баталгаатай нотолж чадаагүй учраас шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлтэй. Мөн хариуцагч тал давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх талуудын тэгш байдлыг хангаж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хоорондоо зөрүүтэй болохыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, 10,000 ам.доллар өгсөн гэдгээ нотолж байгаа боловч Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,281,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлага гаргаж маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй хуулийг баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч *******той зээлийн гэрээ байгуулж, түүнд 120,000,000 төгрөгийг хүүгүйгээр 3 сар, 9 хоногийн хугацаагаар зээлдүүлж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. /х.х-ийн 7/

 

3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

3.2. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 116,008,000 төгрөгийг хариуцагч *******од өгсөн бөгөөд үлдэх 3,992,000 төгрөгийг хариуцагч нь аваагүй, мөн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 103,820,220 төгрөгийг буцаан төлсөн талаар зохигч маргаагүй, харин хариуцагч нь нэхэмжлэгчид үүнээс гадна 10,000 ам.долларыг бэлнээр өгсөн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

4. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

 

Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ыг түүнд 120,000,000 төгрөг зээлдүүлсэн учир 30,000,000 төгрөгийг нэмж төлнө гэж тохирсон гэсэн боловч зохигч энэ талаар тухайлан бичгээр гэрээ байгуулаагүй, мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн эрхлэн явуулдаг бизнесийн үйл ажиллагааг хамтран явуулахаар хураамж төлөөгүй, хамтын үйл ажиллагаанд оролцоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг дээрх үндэслэлээр 30,000,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

5. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь өөрийн данснаас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 24,470,453 төгрөг, 9,999,747 төгрөгийг тус тус ******* гэх утгаар, мөн 1,297 ам.доллар буюу 4,470,759 төгрөгийг // гэх утгаар, 2,901 ам.доллар буюу 9,999,747 төрөгийг // гэх утгаар, 2,901 ам.доллар буюу 9,999,747 төгрөгийг // гэх утгаар тус тус авсан байна. /х.х-ийн 23-28/

 

Зохигчийн тайлбараар үүнээс нэхэмжлэгч нь хариуцагчаас 7,000 ам.доллар буюу 24,440,220 төгрөгийг бэлнээр авсан талаар маргаагүй. Гэвч хариуцагчийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4 удаа /*******- , Эрболат, , гэсэн утга/-ийн зарлагын баримтаар авсан 10,000 ам.долларыг нэхэмжлэгчид өгсөн гэж шууд дүгнэх боломжгүй юм.

 

Тодруулбал, хариуцагч ******* нь өөрийн данснаас уг 10,000 ам.долларыг бусад этгээдийн нэр зааж авсан байхад үүнийг нэхэмжлэгч *******ыг авсан гэж үзэхгүй, энэ тохиолдолд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчид өгсөн гэдгээ баримтаар нотлох ёстой.

 

6. Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* гэрчээр мэдүүлэхдээ ...Би, *******оос чи ямар хүнд мөнгө өгөх гэж байгаа юм бэ гэж асуухад би хүнд ам.доллар өгөх гэж байгаа юм гэсэн, тухайн үед 1 боодол 100-тын дэвсгэрт ам.доллар байсан, ******* зогсоод саарал куртик өмссөн хүнд ам.доллароо өгсөн, Хараагүйчүүдийн төвийн урд талд байдаг автомашины зогсоолд зогсоод ******* 4-5 метр яваад хүнтэй уулзаад мөнгөө өгсөн... гэж мэдүүлсэн боловч уг мэдүүлэг нь дээрх баримттай зөрүүтэй, нэгнийгээ дэмжихгүй, гэрчийн мэдүүлэг нь өөр баримтаар нотлогдохгүй байх тул эргэлзээтэй гэж үзсэн анхан шатны дүгнэлтийг буруутгахгүй.

 

7. Түүнчлэн нэхэмжлэгч *******ын данс руу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 31,140,000 төгрөг батхүү гэх утгаар орж ирснийг маргаан бүхий 10,000 ам.доллар гэж үзэх боломжгүй юм. Учир нь,

 

хариуцагч нь нэхэмжлэгчид 10,000 ам.долларыг бэлнээр өгсөн болохоо баримтаар нотлоогүйн сацуу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол банк ХХК-аас зарласан валютын ханшаар 1 ам.доллар 3,426.67 төгрөг байсан тул тухайн үеийн 10,000 ам.доллар 34,266,700 төгрөг /10,000 х 3,426.67/ болж байгаа нь н.*******гээс шилжүүлсэн гэх 31,140,000 төгрөг нь зөрүүтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10,000 ам.долларыг бэлнээр аваад түүнийг н.*******д өгч, улмаар н.******* нь нэхэмжлэгчийн данс руу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буцаан шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг нотлох баримтаар үнэлээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын субъектив талыг үнэлж чадаагүй, маргаан гарах болсон нөхцөлийг буруу дүгнэсэн гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

8.1. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах явцад нэхэмжлэгч ******* нь хохирогчоор мэдүүлэхдээ хариуцагчаас 7,000 ам.долларыг авсан талаараа мэдүүлж байснаас гадна иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ талаар маргадаггүй.

 

Харин хариуцагч ******* нь эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт ...10,000 ам.долларыг нэхэмжлэгчид бэлнээр өгсөн... гэсэн боловч түүний энэхүү мэдүүлэг нь эрүү болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлогдоогүй тул уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй.

 

8.2. Талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд тус зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжсэн, хариуцагч нь хариу төлбөр төлсөн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар энэхүү магадлалын 3 дахь хэсэгт дүгнэсэн.

 

Хариуцагчийн дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзлын шинжтэй байх тул үүнийг сөрөг нэхэмжлэл бус хариуцагчийн хариу татгалзал гэж үзэхээр байна.

 

Иймд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

 

8.3. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчаар сонгино заруулах, муудсан хөлдүү сонгиноо ав, авсангүй хаяснаас болж өсөрхөх маягтай мөнгө нэхэж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.

 

Зохигчийн байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэх тохиролцоо нь дээрх хуулийн заалтад нийцсэн байх тул хариуцагчаас алдангид 6,093,890 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

10. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад шийдвэрийн тогтоох хэсэгт хамтран ажиллах гэрээний болон нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд залруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад 232 дугаар зүйлийн 232.4, ...476 дугаар зүйлийн 476.3.5 гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчөөс төлсөн 987,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Б.МАНДАЛБАЯР