| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0697/Э |
| Дугаар | 713 |
| Огноо | 2019-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 713
2019 09 18 2019/ШЦТ/713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Н.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Н.Б холбогдох эрүүгийн 1911019340877 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Н.Б , 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 43-931 тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн регистрийн дугаар УХ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 43-931 тоотод хамтран амьдрагч М.Солонгод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч М.Солонго нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай хамтран амьдрагч Баасандорж бид хоёр гэртээ 2019 оны 07 дугаар сарын 08-ний өдрөөс 09-нд шилжих шөнө 01:00 цагт гэртээ унтаж байх үед хамтран амьдрагч Баасандоржийн утсанд дуудлага ирсэн. Манай гэрийн гадаа найз Шижир ирсэн байна гэнээ би уулзаад ирнэ гэж хэлээд гарсан. Эргэж орж ирэхгүй байхаар нь 02:00 цагийн орчимд өөрийнхөө 99208759 дугаараас хамтран амьдрагч Баасандоржийн 99016986 дугаарын утас руу нь залгаад ярихад одоо орлоо гэж хэлсэн. Унтахгүй гэртээ хүлээгээд орж ирэхгүй болохоор нь гарч харсан чинь хашааны гадаа байгаагүй. Дахин утас руу нь залгаад хаана байна, чи гэрийн гадаа алга, архи уучихсан юм уу? Гэхэд Баасандорж би 17-д байна. Машин үзэж байна, тийм ээ би архи уучихсан байна, удахгүй очлоо гэсэн. Хүлээгээд ирэхгүй болохоор нь 03:00 цагийн үед Баасандоржийн өөрийнх нь утас руу залгаад өчнөөн цаг ирж байна гэж хэлчхээд ирэхгүй л байна, би хаалга үүдээ цоожлоод унтлаа шүү гэж хэлсэн. Тэгтэл 30-д минутын дараа гэрийн хаалга цохисон. Эхний цохилтод нь хаалгаа тайлж өгөөгүй. Өрөөний цонх нүдээд байхаар нь хүүхдээ сэрээхгүй гээд хаалганы орчимд очиход Баасандорж чи наад хаалгаа тайл гээд их ууртай хэлсэн. ...Баасандорж чи миний аавын ясыг дандаа өндөлзүүлдэг, миний нас барсан аавыг яахаараа ярьдаг юм бэ гээд уурлаад миний зүүн шанаа руу гараа зангидаад цохисон. Би дахин цохихдоо нүдний шил хагалчихвий гэж айгаад нүдний шилээ аваад чи яахаараа надад байнга гар хүрдэг юм бэ гэж хэлээд зөрүүлээд би гар далайсан чинь миний гарыг барьж аваад ор луу түлхээд унагаасан. Намайг унахад миний гар, мөр, нүүр орчимд гараа зангидаж байгаад цохиод байсан. Би цохиулж байхдаа хөлөөрөө цээж рүү нь түлхсэн. Миний хоёр хөлөөс барьж аваад татаж орон дээрээс унагаахад би бөгсөөрөө шалан дээр унасан. Газар унаад хөлөөс нь тэврээд авахад миний толгойны арын хэсэгт гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх 17-19/,
Гэрч Ж.Уранцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Энэ хэрэг явдал болохоос өмнө М.Солонго нэг удаа над руу залгаад танай хүүхэд согтуу ирлээ хүүхдээ ирж ав гэж байсан. Өөрөөр манай хүүхэд М.Солонготой маргалдаж муудалцаж байсныг би мэдэхгүй байна. Энэ хэргийн тухайд М.Солонго над руу залгаад танай хүүхэд намайг зодлоо гэж хэлсэн. Би айлын хүүхдийг зодчихсон бол цагдаад өг гэсэн. Би хүүтэйгээ утсаар яриад чи чинь ямар муухай амьтан бэ эмэгтэй хүн зодоод, би чамайг ийм болгож өсгөж хүмүүжүүлээгүй гэж хэлэхэд манай хүү Баасандорж ээжээ би архи бага зэрэг уугаад хүрч ирэхэд намайг архичин, таныг болон нас барсан аавыг минь оролцуулаад байсан юм гэж надад хэлсэн. ...Солонго хэрүүл хийгээд өөрөө манай хүүхдийг байж суух газаргүй болгодог бөгөөд урьд нь нэг удаа аавыг нь амьд байхад маажаад шалны модоор цохисон гээд хөхөрчихсөн ирж байсан. Манай бэр М.Солонго огцом ууртай санагддаг. Над руу залгаад хүүхэд чинь ингээд байна, тэгээд байна гэдэг. Хэл амаа ололцохгүй муудалцаж хэрэлдэхээрээ над руу залгадаг. Би тэр болгон энэ хоёрын асуудалд оролцдоггүй...” гэх мэдүүлэг. /хх 27-28/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 8489 дугаар дүгнэлтэд: “...М.Солонгын биед дээд уруулд зулгаралт, доод уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний доод хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 30/,
Шүүгдэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 08-ни 0й өдөр би эхнэр хүүхдийн хамт гэртээ байсан бөгөөд 09-нд шилжих шөнө буюу 01 цаг өнгөрч байхад манай найз Шижир манай гэрийн гадаа машинтайгаа ирээд би түр гарч уулзсан. Шижир бид хоёр 17-н уулзварын хажуу талд байдаг кузов засварт очиж машиныг нь үлдээсэн. ...Энэ үед манай эхнэр Солонго байн байн залгаад хаана байгаа юм бэ, хурдан ир хайччихдаг юм бэ гээд намайг гарснаас хойш гэртээ харих хүртэл буюу 02 цаг өнгөртөл 3-4 удаа залгасан. Би залгах бүрт нь одоохон очлоо гээд л хариулаад байсан. 02:30 болж байхад найзтайгаа пиво ууж дуустал нь хамтдаа байж байгаад такси бариад харьсан. ...Би удалгүй гэртээ ортол Солонго намайг архичин минь аав, ээж чинь чамайг архиар угжсан юм уу гэхээр нь чи энэ асуудалд битгий миний аав, ээжийг оролцуулаад бай гэж хэлсэн тэгтэл дахиад л Солонго аав ээж чинь чамайг архиар угжсан болоод л чи ийм байгаа биздээ гэж хэлсэн. Чи одоо болилдоо аав минь өнгөрөөд 1 жил ч болоогүй байхад аавыг минь битгий энэ асуудалд оролцуулаад бай гэж би нэлээн ууртай хэлсэн. Солонго ч миний үгийг авахгүй нэлээн чанга орилоод бид хоёр хэрэлдсэн. Энэ үед миний уур хүрээд Солонгын нүүрний уруул хэсэгт нэг удаа цохиод авахад Солонго орон дээр хойшоо унасныхаа дараа Солонго хөлөөрөө намайг өшиглөөд байхаар нь би хөлөөс нь татаад орноос унагаасан...” гэх мэдүүлэг /хх 37-38/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 40/, шүүгдэгч Н.Б ид холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 47-49/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 11/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 239 дугаар тогтоол /хх 69/, шүүгдэгч Н.Б ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 60/, хохирогч М.Солонгын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 59/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 43-931 тоотод хамтран амьдрагч М.Солонготой маргалдаж улмаар түүний дээд уруулд зулгаралт, доод уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний доод хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.Солонгын “...миний гарыг барьж аваад ор луу түлхээд унагаасан. Намайг унахад миний гар, мөр, нүүр орчимд гараа зангидаж байгаад цохиод байсан. Би цохиулж байхдаа хөлөөрөө цээж рүү нь түлхсэн. Миний хоёр хөлөөс барьж аваад татаж орон дээрээс унагаахад би бөгсөөрөө шалан дээр унасан. Газар унаад хөлөөс нь тэврээд авахад миний толгойны арын хэсэгт гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх 17-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 8449 дугаартай дүгнэлт /хх 30/, шүүгдэгч Н.Б ийн “...миний уур хүрээд Солонгын нүүрний уруул хэсэгт нэг удаа цохиод авахад Солонго орон дээр хойшоо унасныхаа дараа Солонго хөлөөрөө намайг өшиглөөд байхаар нь би хөлөөс нь татаад орноос унагаасан...” гэх мэдүүлэг /хх 37-38/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч М.Солонго нь “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Н.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Н.Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Н.Б ид ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан шүүгдэгчийн байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Н.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б ид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН