| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0780/Э |
| Дугаар | 790 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 790
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Х.Нарангуа, шүүгдэгч/хохирогч Ч.О, Б.М-ыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө овогт Ч-ийн О, Х овогт Б-ийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908021660840 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Ө овогт Ч-ийн О , Монгол Улсын иргэн, 1975 оны11 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “"""” ХХК-д жолооч ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7дугаар хороо, Баянхошууны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
2. Х овогт Б-ийн М, Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, эмэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “ЭЙ ЖИ ТИ МЕБЕЛЬ” ХХК-д оёдолчин ажилтай, ам бүл тав, нөхөр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7дугаар хороо, Баянхошууны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ч.О нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11-52 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.М-г нүүрэн тус газарт нь мөргөж, эвдэрхий сандлын хөлөөр гар болон бие хэсэгт цохиж, цээж рүү нь 1 удаа өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх,
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11-52 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох нөхөр Ч.О-ыг эвдэрхий сандлын хөлөөр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт тус бүр холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ө овогт Ч-ийн О нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны *** тоотод “найз нартайгаа уулзлаа, надад хэлэхгүй гадуур гадуур явлаа” гэсэн шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.М-г нүүр лүү нь мөргөж, эвдэрхий сандлын хөлөөр гар болон бие рүү нь цохиж, цээж рүү нь нэг удаа өшиглөн зодож,бие махбодод нь“баруун зовхи, баруун хацар, хамрын нуруу, зүүн зовхины дотор буланг хамарсан цус хуралт, баруун нүдний алимын салстад цус хуралт, цээж баруун бугалга, баруун тохой, баруун гуя, баруун өвдөг, хэвлий, 2 шилбэнд цус хуралт”бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, харин шүүгдэгч Б.М нь шүүгдэгч Б.О-ын хүчирхийллийн шинжтэй үйлдэл идэвхтэй үргэлжилж байх үед таслан зогсоох зорилгоор сандлын хөлөөр Б.О-ын толгой руу сандлын хөлөөр нэг удаа толгой руу нь цохиж, бие махбодод нь “...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1.Шүүгдэгч Ч.О-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Ч.О-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Намайг эхнэрээ сандлын хөлөөр зодож байх үед эхнэр сандлын хөлийг булааж аваад, миний толгой руу нэг удаа цохиж, надад гэмтэл учруулсан юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эхнэрээ зодсоноос болж ийм зүйл болсон...” гэсэн мэдүүлэг;
3. Шүүгдэгч Б.М-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Ер нь бол манай нөхөр намайг зодоод байхаар нь би өөрийгөө хамгаалж, намайг зодож байсан сандлын хөлөөр нөхрийнхөө толгой руу нэг удаа цохисон. Тэгсэн нөхөр маань намайг зодохоо больсон бөгөөд гэрээс гарахдаа цагдаа дуудах гэлээ гээд цээж рүү нэг удаа өшиглөсөн... Би тухайн үед маш их айсан байсан тул арга буюу нөхрөө цохиж гэмтээсэн юм.Хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
4.Хохирогч Б.М-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн бөгөөд миний биед учирсан хохирлыг манай нөхөр намайг мөргөж, сандлын хөлөөр зодож, цээж рүү өшиглөж учруулсан юм. Гэхдээ надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;
5.Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нөхөр О, Г, О нарын хамт дүүргийн хажууд байдаг “Од” нэртэй караокед орсон. Тэгээд 07-ны шөнө 04 цаг 30 минутын орчимд нөхөр О-ын хамт гэртээ ирсэн. Тэгээд манай нөхөр гэртээ ирээд агсан тавиад унтахгүй байсан. Намайг найз нөхөдтэйгөө уулзлаа, надад хэлэхгүй гадуур явдаг гээд хэрүүл өдсөн. Би хөнжил дотор хэвтэж байхад О сандал аваад шидсэн нь миний дээр оносон. Тэгэхээр нь би чи яагаад байгаа юм. Хүүхэд унтаж байхад сэрээчих юм. Галзуу юм шиг гэхэд хүүхдүүд уйлаад байсан. Тэгснээ миний өөдөөс хүрч ирснээ духаараа нүүрний яс руу нэг удаа мөргөсөн. Тэгээд намайг манараад байж байхад над руу шидсэн сандлын эвдэрсэн хөлөөр нь “...чамайг ална...” гээд хөл, гар луу цохиод байсан. Намайг цагдаа дуудлаа шүү гэхэд яасан их цагдаа дууддаг юм, цагдаа дуудаад өг өг гэж хэлээд гутлаа өмсөж дуусаад над руу хүрч ирээд цээж рүү нэг удаа өшиглөхөд нь би хойш саваад унасан. Тэгэхээр нь би хүүхдээ дүүгийнхээ гэр лүү гүйлгэсэн. Манай дүү Г орж ирээд О-ыг болиулсан ба тэгээд цагдаа ирсэн. Миний гар, цээж, нүүр тэр чигтээ хөхөрсөн, хөндүүртэй явж болохгүй, амьсгалж чадахгүй, босохоор толгой эргээд байсан. Би О-тай 18 жил хамт амьдарч байна. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...“ гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 дугаар хуудас);
6. Хохирогч Ч.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...” гэсэн мэдүүлэг (хх-ийн ....... дугаар хуудас);
7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4449 дугаартай дугаартай: “...Б.М-ын биед баруун зовхи, баруун хацар, хамрын нуруу, зүүн зовхины дотор буланг хамарсан цус хуралт, баруун нүдний алимын салстад цус хуралт, цээж баруун бугалга, баруун тохой, баруун гуя, баруун өвдөг, хэвлий, 2 шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 35 дугаар хуудас);
8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4527 дугаартай: “...Ч.О-ын биед дагзны хуйхны шарх, нүүрэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 35 дугаар хуудас);
9. Шүүгдэгч Ч.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 71 дүгээр хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хх-ийн 73 дугаар хуудас), “ЭЙ ЖИ ТИ МЕБЕЛЬ” ХХК-ийн тодорхойлолт (хх-ийн 74 дүгээр хуудас), үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 75 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 76 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 77 дугаар хуудас),
10. Шүүгдэгч Ч.О-ын яллагдагчаар өгсөн: ”...2019 оны 04 дүгээр сарын 06-ны орой эхнэр М, эхнэрийн хамаатан Г, түүний найз О нарын хамт караокед орж пиво уугаад 07-ны шөнө 03 цагийн орчим караокеноос гараад гэртээ ирсэн. Би банкны мөнгө төлнө, хүүхдээ харна, эхнэр найз нартайгаа гарч явахаараа 3-4 цаг алга болчихдог байсан учраас би жаахан бухимдаад байдаг байсан. Тухайн үед манай эхнэр орондоо ороод хэвтчихсэн байсан ба би маргалдаж байгаад эхнэр лүүгээ сандал аваад шидсэн чинь сандал хөлөн дээр нь оноод шалан дээр унахдаа эвдэрсэн. Тэгтэл манай эхнэр босож ирээд хумсаараа миний нүүрийг маажсан. Тэгэхээр нь би нүүр лүү нь нэг удаа мөргөсөн, мөн сандлын хөл аваад гар болон бие рүү нь хэд хэдэн удаа цохисон чинь эхнэр миний барьж байсан сандлын хөлийг аваад миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд миний толгойноос цус гарсан баби маргалдаж байхдаа цээж рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Удалгүй эхнэрийн дүү Г орж ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 100-101 дүгээр хуудас);
11. Шүүгдэгч Б.М-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би тухайн үед хөнжил дотор хэвтэж байсан бөгөөд О над руу сандал аваад шидсэн нь миний хөлийг оноод газар унахдаа эвдэрсэн. Тэгэхээр нь би босоод “хүүхэд унтаж байхад сэрээчих юм, галзуу юм шиг” гэж хэлэхэд хүүхдүүд уйлж байсан. Тэгснээ миний өөдөөс хүрч ирээд нүүр лүү нэг удаа мөргөсөн. Тэгээд над руу шидсэн сандлын хөл эвдэрсэн байсныг барьж аваад “чамайг ална аа” гээд миний хөл, гар луу цохиод байсан. Тэгэхээр нь би намайг цохиод байсан сандлын хөлийг нь булааж аваад толгой руу нь цохисон. Тэгээд би “намайг битгий зод л доо” гээд гуйхад “яадаг юм чамайг алчхаад үхнэ” гээд миний цээж рүү дахин өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 88-92 дугаар хуудас)зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.М-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Ч.О-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.М-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүгдэгч Ч.О, хохирогч Б.М нар албан ёсны гэр бүлийн баталгаатай эхнэр, нөхөр байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж заасны дагуу тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Ч.О нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Ч.О “...найз нартайгаа уулзлаа, надад хэлэхгүй гадуур явлаа...” гэсэн шалтгаанаар эхнэрээ зодсон байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх субьектив шинж болохын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтад“улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ” хэмээн хүний суурь эрхийг баталгаажуулан хуульчилсныг зөрчсөн явдал болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Ч.О-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.М нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, мөн шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Ч.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Б-ийн М-г 2019 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох нөхөр Ч.О-ыг эвдэрхий сандлын хөлөөр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж,яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Б.М нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, айдас түгшүүрт автаж, нөхөр Ч.О-т зодуулж байх үедээ нөхрийнхөө довтолгоондоо ашиглаж байсан сандлын хөлийг булаан авч, толгой руу нь нэг удаа цохисны улмааснөхрийнхөө эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн шинжтэй Б.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтад хамаарах гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох тул гэмт хэрэгт тооцохгүй.
Аргагүй хамгаалалт гэдэгт өөрийн болон ойр дотнын хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хамгаалалт хийхдээ эрүүгийн хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд хохирол, хор уршиг учруулсан үйлдлийг хамааруулах бөгөөд хамгаалалтыгхууль бус халдлага эхэлсэн, эсхүл эхлэх гэж байгаа нь тодорхой болсон бөгөөд төгсөөгүй үед хийсэн байхын зэрэгцээтухайн халдлагын эсрэг эсэргүүцэл үзүүлэхээс өөр арга замаар зайлах аргагүй байхыг ойлгоно.
Шүүгдэгч Ч.О нь эхнэрийнхээ эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар шүүх дүгнэсэн тул түүний үйлдлийг хууль бус халдлага гэж үзэх бөгөөд уг халдлага үргэлжилж байгаа үед хэнд ч өөрийгөө хамгаалах эрх бий.
Нөгөөтээгүүр, прокурор гэр бүлийн гишүүд болох эхнэр, нөхөр нэг цаг хугацаанд харилцан бие биедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж зүйлчилсэн нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төрийн бодлогыг гажуудуулсан гэж үзэхээр байх бөгөөд бие бялдрын хувьд давуу байдалтай нөхрийнхөө сандлын хөлөөр зодож буй гэр бүлийн хүчирхийллээс өөрийгөө хамгаалсан эмэгтэйн үйлдэлд зөв дүгнэлт өгөлгүй яллаж буй нь хууль тогтоогчийн гэр бүлийн хүчирхийллийг эрүүжүүлсэн үндсэн зорилгод нийцэхгүй байгааг цаашид анхаарвал зохино.
Шүүгдэгч Б.М нь прокурорын яллах дүгнэлтэд тусгасан үйл баримт, хэргийн зүйлчлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг болон 8.3 дахь заалтад тус тус зааснаар түүний хэргээ хүлээсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, мөн шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирлын асуудал байхгүй тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулсан бөгөөд ийнхүү нэг үе шаттай явуулсан нь хуульд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх болон шүүгдэгчийг цагаатгах зэрэг шүүхийн эрх хэмжээг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг үгүйсгэх аргагүй хамгаалалтын нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.О нь бусдад төлөх төлбөргүй байгаагэрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.О, Б.М нарт тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүх шүүгдэгч Б.М-ийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамааруулж гэмт хэрэгт тооцоогүй тул түүнд ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг тавансарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.О бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ч.О, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг үгүйсгэх аргагүй хамгаалалтын нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.Ө овогт Ч-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-т оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
5.Шүүгдэгч Ч.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.О нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ч.О, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.О, Б.М нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА