| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 197/2025/17760/И |
| Дугаар | 210/МА2025/01829 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01829
******** нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/10753 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******** нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
9,874,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
1,220,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******* холбогдуулан дундын өмчлөлийн эд зүйлийн гэмтээсний засвар, үйлчилгээний төлбөрт 9,874,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 1,220,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2.1. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болсон боловч маргаанд хамаарах хуулийг буруу тайлбарласан, сөрөг нэхэмжлэлд хамаарах тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.
3. ******* нь өөрийн нөхөр *******ын эзэмшлийн * улсын дугаартай Тоёота седан маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13.30 цагт автогражаас гарах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дүгээр заалтыг зөрчиж ухрах үйлдэл хийсний улмаас Алтанбогд хотхоны 16 дугаар байрны Б2 давхрын хойд хэсгийн гражийн хаалгыг мөргөж зам тээврийн осол гаргажээ.
3.1. Уг осолд ******* буруутай болох нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсаар тогтоогдсон. Шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч ******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар шүүхэд гомдол гаргаагүй.
3.2. Ослын улмаас ******** хариуцаж буй орон сууцны дундын өмчлөлийн автогражийн хаалга эвдэрч 9,874,000 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ хохирлыг эс зөвшөөрч буй хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Учир нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эрх бүхий этгээдээс *******д холбогдох зам тээврийн осол гаргасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ хохирлын хэмжээг 9,874,440 төгрөг болохыг заасан. Ингэхдээ зөрчил шалгах явцад авагдсан ********-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үнийн санал, оношилгооны актыг үндэслэжээ.
Хариуцагчийн гаргасан гражийн хаалганы сэлбэгийг шинжээчээр үнэлүүлэх хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх зөрчилд хамаарахгүй. Учир нь зөрчил шалгах ажиллагааны явцад автогражийн хаалганд учирсан гэмтлийг засах сэлбэг, засварлах зардал, үйлчилгээг цогцоор нь үнэлсэн байх бөгөөд үүнээс зөвхөн сэлбэгийн үнийг дахин шинжээчээр тогтоолгох нь хохирлын нийт хэмжээг тодорхойлохгүй юм.
3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.
4. Нэгэнт зам, тээврийн осол болон түүнтэй шалтгаант холбоотойгоор автогражид учирсан эвдрэл, гэмтэлд *******гийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тул уг үйлдлийн улмаас үүссэн хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч ******* нөхөн төлөх үүрэгтэй.
Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 9,874,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ
Харин анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн эзэмшигчид гэм хорыг нөхөн төлөх үүрэг ногдуулсан хуулийн зохицуулалтын талаар эрх зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байгааг дээрх байдлаар залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.1. Хэрэгт авагдсан баримтаар хохирлын хэмжээ тогтоогдсон учир нэхэмжлэгчээс ********-нд шилжүүлсэн 2,477,100 төгрөгөөр хохирлыг тогтоох үндэслэлгүй. Учир нь гэм буруутай этгээд нь бусдад учирсан хохирлыг бүрэн төлөх, ослоос өмнөх байдалд сэргээх үүрэгтэй.
Түүнчлэн зам тээврийн осол гарахад хохирогч буюу ******-ийн автогражаас гарах замын цас мөсийг цэвэрлээгүй байдал нөлөөсөн гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Энэ нөхцөл байдал нь зөвхөн гар утасны бичлэгээр тогтоогдох үйл баримт биш бөгөөд зам тээврийн ослыг шалгах явцад тогтоогдох ёстой байсан. Үүнтэй холбогдуулаад анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан гар утсанд үзлэг хийлгэх хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 197/ШЗ2025/53519 дүгээр захирамжаар хангахгүй орхисныг буруутгахгүй.
Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хэмжээг багасгах үндэслэлгүй.
5. Хариуцагч талын буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдсон ба осол гаргасан гэм буруутай этгээд өөрт учирсан хохирлоо хохирогчоос шаардах эрх байхгүй.
Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.
Харин шүүхээс сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хуулийн зохицуулалт баримтлаагүй, сөрөг нэхэмжлэлийн хэмжээг заагаагүй, хариуцагчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг хуваарилалгүй орхигдуулсан алдаа гаргасныг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.
5.1. Анхан шатны шүүх тэмдэгтийн хураамж хуваарилахдаа хууль буруу баримталсан, тогтоох хэсгийн дугаарлалтад техникийн шинжтэй алдаа гаргасныг мөн залруулна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/10753 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад 497 дугаар зүйлийн 497.1 гэснийг 499 дүгээр зүйлийн 499.1 гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 172,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 33,830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 172,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж,
3 дахь заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ******-нд холбогдох 1,220,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,
4 дэх хэсгийн дугаарлалтыг 4.3. гэснийг 4. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Т.БАДРАХ