| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 309/2025/00202/И |
| Дугаар | 201/МА2025/00027 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 201/МА2025/00027
******* сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 309/ШШ2025/00664 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох
“22 985 802 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Наранбаяр, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
“...Тус сумын Засаг даргын тамгын газрын нэгжид хамаарах 5 дугаар багийн Засаг даргын ажлыг хашиж байсан ******* нь 2022 оны 07 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт илэрхийлэн, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байдаг. Уг хүсэлтийн дагуу ******* сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 тоот захирамжийн дагуу “Ажлаас чөлөөлөх тухай” шийдвэрийг тухайн хугацаанд сумын Засаг даргын ажил үүргийг хашиж байсан ******* холбогдох хуулийн дагуу гаргасан байдаг. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б/38 тоот захирамжаар *******ыг ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг мөн тухайн хугацаанд сумын Засаг даргын ажил үүргийг хашиж байсан ******* гаргаж томилгоог шууд хийсэн үйлдэл гаргасан.
...Уг асуудал нь илтэд хууль зөрчсөн томилгоо гэж үзэж, Авлигатай тэмцэх газраас уг асуудлыг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар албан бичиг хүргүүлсний үр дүнд ******* сумын Засаг дарга ******* нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 тоот захирамжаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/38 тоот захирамжаа хүчингүй болгож, шийдвэрийг гаргасан байдаг.
******* 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 19 сар ажилласан бөгөөд тухайн хугацаанд 22 985 802 төгрөгийн цалин хөлсийг тус сумын Засаг даргын тамгын газрын цалин хөлсний зардлаас олгосон байдаг.
******* нь зохих журмаар томилогдоогүй, иргэдийн Нийтийн Хурлаар нэр дэвшиж, өрсөлдөж, санал хураалтад оролцоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд ******* сумын Засаг дарга ******* нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 тоот захирамжаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/38 тоот захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гарсантай холбоотойгоор ямар нэгэн гомдол гаргаагүйгээр нотлогдож байна.
Тодруулбал, уг албан тушаалыг эрхлэх үндэслэлгүй байсан учир гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин авах Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар хариуцагчийн эрх ашиг хамгаалагдах үндэслэлгүй. Иймд *******ын хууль бусаар томилогдон ажилласан хугацааны цалинг буцаан гаргуулж ******* сумын төсөвт төвлөрүүлэх нь зүйтэй юм.
... Иймд төрд учруулсан хохирол болох 22 985 802 төгрөгийг иргэн *******аас гаргуулж ******* сумын төсөвт төвлөрүүлж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчлөн тодорхойлохдоо: “…Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан авах шаардах эрхтэй гэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсвэл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх заалтыг үндэслэн хариуцагч *******ын үндэслэлгүй хөрөнгөжсөн 22 985 802 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна…” гэжээ.
2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: “...Миний бие нь 2022 оны 7 сарын 28-ны өдөр ******* сумын Засаг даргын захирамжаар чөлөөлөгдсөн.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.5-д Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж заасан байдаг бөгөөд баг, хорооны засаг даргыг огцроход дараагийн Засаг дарга томилогдох хүртэл ажлаа хийж байна гэж ойлгон төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг баримтлан түр эргүүлэн ******* сумын Засаг дарга томилсон.
Баг хорооны Засаг даргыг дэвшүүлж сонгох бүрэн эрх нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 32.8.4-д зааснаар Багийн Иргэдийн Нийтийн Хурал гэж ойлгодог. ******* сумын 5-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл нь 2024 оны 02 сарын хугацаанд нэг ч удаа багийн Засаг даргыг сонгох хурлыг товлож зарлаагүй. Хэрвээ товлоод хурлаа зарлаад дараагийн Засаг дарга сонгогдсон бол ажлаа хуулийн дагуу хүлээлгэн өгөхөд бэлэн байсан.
...Уг нь энэ асуудал нь 5-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн дарга *******ын хариуцлагагүй байдлаас болж ард иргэд, төр, миний бие хохирсон. Учир шалтгаан нь ******* сумын Засаг даргын орлогч *******аас болсон байхад хуулийн дагуу төрийн ажлыг тасралтгүй хийсэн надаас төлбөр нэхэмжилсэнд харамсаж байна.” гэжээ.
3. Анхан шатны шүүхийн хэргийг хянан хэлэлцээд:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 12 965 802 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч Дорнод аймаг ******* сумын Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 020 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас 222 402 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч******* давж заалдах гомдолдоо: “… Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
... Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс авах эрхтэй...” гэж заасан. Гэвч энэ нь иргэний субьектив эрх бөгөөд тухайн цалин хөлсөнд тохирох үнэ цэнэ бүхий хөдөлмөрийн шударга солилцоо явагдсаны үндсэн дээр тухайн ажилтны цалин хөлс авах обьектив эрх үүсэх зарчимтай. Төрийн албанд, тэр тусмаа улс төрийн албан тушаалд хууль бусаар томилогдох явдал нь Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан “ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд ноцтой харшилсан үйлдэл бөгөөд хариуцагч нь сонгуулийн зарчмаар нэр дэвшин томилогдох хуулийн зарчмыг мэдсээр байж, уг зарчмыг санаатай зөрчин хууль бусаар томилогдсоны үндсэн дээр Засаг даргын ажил үүргийг хэрэгжүүлж байсан тул түүнийг “цалин хөлс авах үнэ цэнэ бүхий хөдөлмөрийг Монгол Улсын төрийн албанд солилцсон” гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, уг албан тушаалыг эрхлэх эх үндэслэлгүй байсан учир гүйцэтгэсэн цалин хөлс авах Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар хариуцагчийн эрх ашиг хамгаалагдах үндэслэлгүй болно.
Хууль бусаар төрийн албанд ажилласан хугацааны цалин хөлсийг буцаан төлүүлэхдээ хариуцагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон шийдвэрлэсэн шүүхийн практикт байдаг боловч үндэслэлийн хувьд хариуцагчийг “цалин хөлс авах эрхтэй” гэж үзээгүй, зөвхөн тухайн хүний өөрийн болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээг харгалзах шаардлагаар ингэж шийдвэрлэсэн байдаг.
Гэвч хариуцагч *******ын хувьд ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэр олгосон учир 2022.08.10-наас 2024.02.15-ны хооронд өндөр насны тэтгэвэр болон багийн Засаг даргын албан тушаалын цалинг давхар авч байсан. Хариуцагч нь тухайн хугацаанд амьжиргааны зайлшгүй хэрэгцээндээ өндөр насны тэтгэвэр сар бүр авч байсан тул үндэслэлгүй хөрөнгөжсөн цалин хөлсийг бүхэлд нь буцаан төлүүлэхэд түүний амьжиргааны зайлшгүй хэрэгцээнд нөлөөлөхгүй болно.
Шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгөөс зарим хэсгийг хариуцагчид үлдээснээрээ төрийн байгууллага буюу цаад утгаараа татвар төлөгчдийн алдагдсан хөрөнгийг бүрэн нөхөн төлүүлж, хохиролгүй болгохоос татгалзаж, эрх мэдэл, албан тушаалтны хууль бус үйлдлийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн мэт хандлагыг илэрхийлсэн шийдвэр болж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: “…Би шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
...Миний хувьд өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн, ажлаас чөлөөлөгдсөн, дахин ажиллах хүсэлтээ илэрхийлсэн хүсэлт гаргасан боловч тушаал шийдвэрийг би өөрөө гаргаагүй. Хэрэв хуульд нийцэхгүй бол эрх бүхий албан тушаалтан ажилд томилох тушаал шийдвэрийг гаргахгүй байж болно. Манай баг ажиллах хүнгүй болохоор төрийн ажлыг цалгардуулахгүй байх үүднээс сумын Засаг дарга санал тавьсан. Ингээд ажилд орох өргөдөл гаргаад эцсийн шийдвэрийг би гаргаагүй.
Хэрэв хуульд нийцэхгүй бол тушаал шийдвэр гаргаж болохгүй гэдгээ эрх бүхий албан тушаалтан судлаад болохгүй бол өргөдөлийг хангахгүй байж болох л байсан. Би өөрийнхөө төлөө гэхээс тухайн үед багийн ажлын албанд ажиллах хүнгүй байсан тул Засаг даргын санал тавьсанаар өргөдөл гаргасан. Гэхдээ сумын Засаг дарга өөрийнхөө гаргасан тушаалыг хүчингүй болгохдоо захирамж дээрээ өмнөх захирамжийн хүчингүй болох хугацааг заасан байдаг. Энэ нь 2024 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай гэсэн байгаа нь өмнөх цаг хугацаанд тухайн захиргааны актын үйлчлэл хэвээр байна гэж ойлгож байна.
Ажилд томилсон шийдвэрт *******ын албан тушаалын цалинг тогтоож зааж өгсөн байдаг ба энэ тушаалтай холбогдуулан захиргааны актыг өөрчилсөн хүчингүй болгосон шийдвэр байхгүй.
Шүүхээс Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Миний зүгээс төрийн албыг гүйцэтгэж ажилласан болохоор ямар нэгэн байдлаар төр намайг цалин хөлсөөр хангах нийгмийн баталгааг хариуцах үүрэгтэй. Хөдөлмөрийн харилцаанд орсон болоход маргах зүйлгүй гэдгийг шүүх өөрөө тогтоосон. Тэгэхээр шударга ёсны зарчмын үүднээс би тодорхой цаг хугацаанд хөдөлмөрийн харилцаанд орсон цалин хөлсөө Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль, тогтоомжийн хүрээнд эрхэлсэн ажлынхаа цалин хөлсөө авах нь зүй ёсны асуудал.
Шүүхийн шийдвэр нь намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр нь үйлчлэх цаг хугацаагаа заагаад өгсөн байгаа нь маш ойлгомжтой тодорхой байгааг шүүхээс хэрхэн яаж дүгнэсэн гэдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй, эргэлзээтэй байна. Энэ тал дээр өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтийг шүүхээс шийдвэртээ дурьдаагүй. Багийн Иргэдийн нийтийн хурал өнгөрсөн хугацаанд зохион байгуулалтын асуудал хийхээр Багийн Засаг даргыг сонгох томилуулахаар огт ажиллаагүй. Гэтэл энэ бүхний хариуг эцсийн үр дүндээ ажил хийсэн хүн нь буруутай гэж үүрч байгааг хэрхэвч зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн харилцаанд орсон гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс олгоно гэдэг нь өмнөх захирамжийн хэрэгжилтийг хангасан шийдвэр байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. *******ын хувьд тэтгэвэрт гарах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч чөлөөлөгдсөн даруйдаа “эргэж ажилд минь аваач” гэх хүсэлт гаргасныг ******* сумын Засаг дарга хүлээн авч нэн даруй шийдвэрлэсэн нь хууль зөрчиж хуйвалдах маягаар энэ албан тушаалд томилогдсон нь илэрхий харагдаж байна. Тухайн албан тушаалд яаж томилогддог болохыг ******* өөрөө сайн мэдэж байгаа. Хэдийгээр үндэслэлгүйгээр ажилд томилогдсон хэдий ч ажил хийж байсан учраас шүүхээс цалин хөлс авах эрхтэй гэж үзээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгосон нь өөрийн гаргасан дүгнэлтээ үгүйсгэсэн дүгнэлт болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх ёстой. Тиймээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
7. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ тасралтгүй явах ёстой. Тиймээс миний бие өргөдөл өгч дахин ажилдаа томилогдож ажилласан. 6 жилийн хугацаанд нийгмийн ажилтангүйгээр ажиллаж ирсэн. Миний хувьд төрийн ажлыг тасралтгүй л үргэлжлүүлэх ёстой гэж бодсон. Би ажил хийж байсан. Тиймээс л үүнийхээ хариуд цалин хөлс авсан гэж бодож байгаа. Миний хувьд анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Засаг даргаас 2025 онд намайг ажлаас чөлөөлсөн. Энэ хүртэл би ажиллаж байсан учраас цалин хөлс авах эрхтэй гэж үзэж байна.” гэв.
8. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримталсан байгаа. Хариуцагч нь хэдийгээр хууль бусаар цалин хөлс авсан нь тогтоогдож байгаа боловч цалингийн доод хэмжээгээр цалин авах эрхтэй гэж шүүхээс шийдвэрээ тайлбарласан. Бид харин энэ хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 тоот захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийн үйлчлэлийн хугацаан дээр шүүхээс ямар нэг дүгнэлт өгөөгүй. Засаг даргын зүгээс *******ыг ажилд нь эргүүлэн томилсон. Б/04 тоот захиргааны акт дээр 02 дугаар сарын 15-ны өдрөөс гэж хугацааг тогтоож бичсэн. Тэгэхээр тухайн захирамж дээр 02 дугаар сарын 15-ны өдрөөс гэж хугацааг зааж өгч байгаа нь өөрөө тухайн хугацаанаас өмнөх хэсэг нь хүчинтэй хэвээр байгааг харуулж байгаа юм. Буцаан үйлчлэхгүйгээр хүчингүй болгосон байгаа учраас 2022 оны 08 сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан цалин хөлсөө бүрэн авах ёстой юм. Цаг хугацаа нь тодорхой байгаа учраас төр өөрөө хохирсон гэж үзэх үндэслэл байхгүй. Төрийн ажил үйлчилгээ эрхэлсэн л бол тухайн ажилласан хугацааны цалин хөлс, урамшууллыг авах эрхтэй талаар Төрийн албаны тухай хуульд заасан байгаа. Засаг дарга өөрөө хугацаа зааж хүчингүй болгож байхад шүүхээс шууд хүчингүй болгох үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч талаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байгаа боловч яг яаж гэдгээ тайлбарлаагүй. Хууль бус шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан гэж үзэж байгаа бол тухайн албан тушаалд томилсон албан тушаалтанд холбогдуулж нэхэмжлэл гаргах ёстой. ИХШХШТХ-д заасны дагуу тухайн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна. Үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг заалтыг тайлбарлаж хэрэглэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж байна.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн маргааныг хянан хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан “Хууль бусаар томилогдож багийн Засаг даргаар ажиллаж авсан цалин хөлс 22,985,802 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 22,985,802 төгрөг гаргуулах” гэж өөрчилсөн ба хариуцагч ******* “ ...энэ хугацаанд хөдөлмөр эрхэлсэн тул цалин хөлсийг буцааж төлөх үндэслэлгүй. ...” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
4. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ******* сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/48 тоот “*******ыг багийн Засаг даргаар томилох тухай” захирамж, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/38 тоот “*******ыг ажилд нь эргүүлэн томилох тухай” захирамж, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 тоот “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж, *******д олгосон цалин хөлсний тооцоолол, *******аас ******* сумын Засаг даргын тамгын газарт гаргасан хүсэлт, *******ын ажлын цагийн ирцийн хүснэгт зэрэг нотлох баримтуудын хуулбарт өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” тэмдэг дарж нотлох баримтаар хавсарган ирүүлжээ.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй бичмэл нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөхдөө хуульд заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй байхад дээрх баримтуудын хуулбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. ...” гэж, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.” гэж тус тус заасан.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд хамаарахгүй бөгөөд энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн 2009.10.28-ны өдрийн 30 дугаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тайлбарлах тухай тогтоолын 1 дэх хэсэгт “...хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хэргийн оролцогч хамаарахгүй, энэ хэсэгт заасан “өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэдгийг тухайн байгууллага, хуулийн этгээдийн албан хэрэг хөтлөлтийн талаар дотооддоо баримталдаг болон нийтээр даган мөрддөг дүрэм, журмын дагуу баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг тодорхойлсон архив буюу бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэгээ бүхий дардас дарж, гарын үсгээ зурсан байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох баримтыг өөрөө баталгаажуулан шүүхэд гаргаж өгөх боломжгүй юм.
Түүнчлэн талууд шүүх хуралдааны явцад дээрх баримтуудын үйлчлэх цаг хугацааны талаар харилцан маргасан байх ба энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бичмэл баримтын хуулбарын жинхэнэ эхийг шаардан авах байтал уг ажиллагааг явуулалгүйгээр хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ.
8. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул маргааны үйл баримт болон талуудын давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.
9. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 309/ШШ2025/00664 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Ц.ЭРДЭНЭЗУУ